Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/254

 

 

 

 

   

 

 

 

    2021         05          17                                        2021/ШЦТ/254

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам, 

улсын яллагч Б.Одонтуяа /томилолтоор/,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү, ах, хүү нарын хамт ........................................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Б /РД:ЦЕ82323256/.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд ....................................... тоотод оршин суух хохирогч С.О-ийн гэрт хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа 61 нэр төрлийн эмэгтэй хүний хувцас, 5 нэр төрлийн цүнх, Монетон ээмэг 2 ширхэг буюу 4 хос, бугуйн цаг, мөнгөн аяга 13 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 19.029.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд ....................................... тоотод оршин суух хохирогч С.О-ийн гэрт хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа 61 нэр төрлийн эмэгтэй хүний хувцас, 5 нэр төрлийн цүнх, Монетон ээмэг 2 ширхэг буюу 4 хос, бугуйн цаг, мөнгөн аяга 13 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 19.029.250 төгрөгийн хохирол учруулсан болох нь:            

1.Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

2. Хохирогч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б нь манайд 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчээр ажилласан. Манай гэрээс ер нь миний өмсөж хэрэглэсэн болон хэрэглээгүй байсан 90 орчим хувцас хунар алдагдсан. Үүнээс Б.Б-гаас 67 орчим цүнх, хувцас хунарыг өөрөөс нь хүлээн авсан. Уг 67 ширхэг хувцаснаас 10 хувцас нь шинэвтэр, харин 57 ширхэг хувцас нь огт өмсөөгүй цоо шинэ хувцас байсан. 13 ширхэг мөнгөн аяга, монетон шар цагаан шигтгээтэй ээмэг, хуучин нэг хос, монетон ногоон шигтгээтэй, цагаан шигтгээтэй хос ээмэгнүүд, мөн logines нэртэй бугуйн цаг зэрэг зүйлүүд алдагдсан. Би уг хувцаснуудыг 2011-2013 онд Испанийн Мадрид хотын НҮБ-ын аялал жуулчлалын мэргэжилтнээр ажиллаж байхдаа чанартай зүйлүүдийг нь худалдаж аваад хэсэг хугацаанд цуглуулсан зүйлүүд байгаа юм. Харин манай гэрт нийтдээ 43 ширхэг мөнгөн аяга байснаас 13 ширхэг мөнгөн аяга алдагдсан. Манай аав худалдаж авсан болон бэлгээр ирсэн янз бүрийн мөнгөн аяга байсан. Би Б.Бгаас нийтдээ 67 ширхэг хувцас хунар, цүнх зэрэг эд зүйлүүдийг болон монетон ногоон шигтгээтэй шаргал өнгийн хос ээмэг, шаргах өнгийн цагаан шигтгээтэй хос ээмэг, logines гэсэн нэртэй бугуйн цаг зэрэг зүйлүүдээ буцаан авсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-52/

3. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан: “...Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Орбитын тойрог гэх газраас эхлүүлэн яллагдагч Б.Бгаар газар заалгуулан явахад Орбитын тойргийн ертөнцийн зүгээр зүүн талд замын хажууд 2 давхар улаан тоосгон авто сургууль гэсэн хаягтай газарт ирж уг газрын 2 давхарт миний ээмэг тавьсан газар байгаа гэх тул 2 давхарт гарахад ломбард 2 жилийн өмнө нүүсэн байсныг тэмдэглэл болгон үйлдэв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-44/

4. “Мөнх Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №18/63 дугаартай Эд зүйл түр хураан авсан тухай: 69 төрлийн хувцас, эд зүйлсийг 18.909.250 төгрөгөөр үнэлсэн ...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 66-80/

5. Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед хэдэн хувцас хулгайлан авснаа мэдэхгүй байна. харин цагаан шигтгээтэй монетон ээмэг, ногоон шигтгээтэй ээмгийг нь орбитод байрлах ломбардад тавьсан байснаа аваад өгсөн, 1 ширхэг мөнгөн аягыг Драгон төвд байрлах ломбардад тавиад алдсан юм. Би хувцас, 1 ширхэг мөнгөн аяга, цагаан шигтгээтэй монетон ээмэг, ногоон шигтгээтэй ээмэг зэргийг хулгайлж авснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.     

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд хууль ёсны өмчлөгчийн эзэмшлээс түүний эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар гэмт хэргийн бүрдэл төгсдөг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээнээс дээш хохирлыг хохирогчид учруулсан байх субъектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б нь хохирогч С.О-ийн гэрт гэрийн үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хувцас болон бусад эд зүйлсийг гэрийн эзнийх буюу бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар, түүнд мэдэгдэлгүйгээр авч бусдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөс дээш /бага хэмжээнээс дээш/ 18.909.250 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.    

Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.О-д баримтаар 18.909.250 төгрөгийн, мөн 120.000 төгрөгийн, нийт 19.029.250 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт хохирогч С.О-ийн “...Б.Бгаас нийтдээ 67 ширхэг хувцас хунар, цүнх зэрэг эд зүйлүүдийг болон монетон ногоон шигтгээтэй шаргал өнгийн хос ээмэг, шаргах өнгийн цагаан шигтгээтэй хос ээмэг, logines гэсэн нэртэй бугуйн цаг зэрэг зүйлүүдээ буцаан авсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-52/ авагдсан бөгөөд эдгээр эд зүйлсийн үнэлгээ нь хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 66-80/-аар 17.781.250 төгрөг болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид учруулсан хохирлоос 17.781.250 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин үлдэгдэл 1.248.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдлоо.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгаас 1.248.000 төгрөг гаргуулж хохирогч С.О-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан хэдийгээр улсын яллагчийн зүгээс 1 жилийн хугацаагаар хорих ялын саналыг гаргасан боловч шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын ихэнх хэсгийг төлж барагдуулсан буюу биет байдлаар буцаан өгсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн түүний хувийн байдал /...1985 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү, ах, хүү нарын хамт амьдардаг/ бага насны буюу 1 настай хүүхэдтэй /хх-ийн 113/, өрх толгойлсон ганц бие эмэгтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авах нь зохимжтой гэж үзлээ.

            Шүүгдэгчид үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж буйтай холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Бд сануулах нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасныг журамлан Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх эсэгт зааснаар шүүгдэгч Б.Б хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгаас нийт 1.248.000 төгрөг гаргуулж, хохирогч С.О-т олгосугай.
  5. Шүүгдэгч Б.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Бд сануулсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай. 
  10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР