Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/275

 

 

 

 

 

 

 

 

    2021       05           24                                         2021/ШЦТ/275

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,   

улсын яллагч Б.Одонтуяа,

хохирогч Б.Г,

шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Дт холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1980 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ............................ тоотод оршин суух хаягтай, урьд

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1419 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Н.Д /РД:00000000/.

 

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 6 дугаар сарын 29, 2018 оны 7 дугаар сарын 06, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч мэхэлж 3 удаагийн нийтдээ 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

мөн иргэн Н.Ад хямд байр авч өгнө гэж хуурч мэхэлж 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 5 удаагийн үйлдлээр 13.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

мөн иргэн М.Ст хямд байр авч өгнө гэж хуурч мэхэлж 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр 21.000.000 төгрөг шилжүүлэн авч тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 6 дугаар сарын 29, 2018 оны 7 дугаар сарын 06, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч мэхэлж 3 удаагийн нийтдээ 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

мөн иргэн Н.Ад хямд байр авч өгнө гэж хуурч мэхэлж 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 5 удаагийн үйлдлээр 13.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

мөн иргэн М.Ст хямд байр авч өгнө гэж хуурч мэхэлж 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр 21.000.000 төгрөг шилжүүлэн авч тус тус залилсан болох нь:

1.   Шүүгдэгч Н.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Б.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Н.Даас хохиролд 3.200.000 төгрөг авсан. Одоо Н.Даас 6.800.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3.   Хохирогч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сард БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр явахаар бүртгүүлж хэлний шалгалт өгсөн боловч тэнцээгүй. Тэгээд 2018 оны 6 дугаар сард ажлын газрын Б-ээр дамжуулан Н.Д гэх хүнтэй танилцсан. Тухайн Н.Д шалгалтад тэнцүүлж виз гаргаж хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-руу явуулж өгнө, ажлын хөлс 10 сая төгрөг болно гэхээр нь найдвартай юу гэж асуухад найдвартай  гэхээр нь итгээд 2018 оны 7 дугаар сард 10 сая төгрөгийг 2.000.000 төгрөгийг утаснаасаа 19-р хороололд явж байхдаа шилжүүлж дараагийн 6 сая төгрөгийг офицеруудын ордны тэндээс шилжүүлсэн. Дараа нь Улаанбаатар их дэлгүүрийн урд талын голомт банкнаас үлдэгдэл 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед миний визийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор гаргаж өгнө гэж хэлсэн боловч хэлсэн хугацаандаа виз гаргаж өгөөгүй. Асуухаар болоогүй жаахан удаашралтай байна, санаа зоволтгүй хүлээж бай гэж хэлсээр сүүлдээ утсаа авахгүй утас нь холбогдохгүй алга болчихоор нь цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37/

4. Хохирогч Э.Н.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Д надад хэлэхдээ манай дүү төрийн өмчийн хороонд ажилладаг. Жуковын хоёрдугаар байранд хямд байр зарж байна гээд 72 тоот 3 өрөө байрыг үзүүлсэн. Тэгээд надад энэ байрыг аваад өгнө урьдчилгаа 11.400.000 төгрөг гэж анх хэлсэн. Тэгээд 3.500.000 төгрөгийг үйлчилгээний үнэ гэж хэлээд авсан. Тэгээд нийт надаас 13.500.000 төгрөг авсан ба дараа нь нэмээд 1.400.000 төгрөг нэхээд байхаар нь би өгөөгүй. Тэрнээс хойш байрны талаар Н.Даас асуухаар Энх үүд гэх нэртэй компани байрын талаар шүүхдэж байгаа, энэ шүүх хурлын дараа байрыг гаргаж өгнө. Шүүх хурал нь хойшлоод удаад байна гэж хэлдэг. Тэгээд 2018 оны 02 дугаар сараас хойш ямар ч ор сураггүй алга болчихсон.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 22/   

5.  Хохирогч М.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 7 дугаар сард Н.А найзынхаа гэр болох олимп хороололд байхад Н.А надад Жуковын музейн хойно байрлалтай оросууд амьдарч байсан хороололд байрлах байруудыг төрийн өмчийн хороо хувьчилж байгаа юм байна. Энэ хүнд мөнгө өгчихвөл хямд байр олдох боломжтой гэж байна гэж хэлсэн. Тухайн үедээ 3 өрөө байрыг 40 сая төгрөгөөр авч болох юм ярьсан. Тэгэхээр нь лавшруулаад асуулгахад урьдчилгаа болох 13.000.000 төгрөгийг эхлээд өгчих, байрандаа орсныхоо дараа үлдсэн мөнгөө өгөх боломжтой гэж хэлсэн. Тэгээд би Н.Аы 0000000000 тоот дансанд мөнгөө 4 хувааж хийсэн бөгөөд 2017 оны 7 сарын 19-ний өдөр 10 сая төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 3 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн. Үүний дараа жилийн хугацаанд хүлээгээд бараагүй тул Н.Ааар асуулгахад Төрийн өмчийн хороо, Энхүүд ХХК нь шүүх дээр маргаантай явж байгаа, энэ асуудал шийдэгдэхэд байрны асуудал шийдэгдэнэ гэж хэлсэн. Ингээд итгээд хүлээсэн боловч 2018 оны г хүртэл шийдэгдээгүй. 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр би Н.Дтай Их дэлгүүрийн гадна АТМ дээр уулзахад ажил бүтэх гэж байна, одоо 8 сая төгрөг өгчихвөл боллоо гээд байхаар нь 000000000 тоот И-ийн данс руу 8 сая төгрөг шилжүүлсэн. Тэр И гэх хүнийг манай ээжийн данс гэж хэлсэн. Тухайн өдөр л Н.Дтай анх удаа уулзсан. Ингээд би нийтдээ 21.000.000 төгрөг өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд байрандаа ч орж чадалгүй залилуулсан байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 27-28/

6.  Гэрч А.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сард манай гар утас худалдааны төвд хамт ажилладаг зүс таних Н.Д ахтай уулзаад манай дүү БНСУ-руу явуулахаар бүртгүүлсэн хүмүүсийн нэрийг Солонгос улсаас яаралтай сунгуулдаг ажил хийдэг гэж хэлсний дагуу би өөрийн хүргэн ах У-ын визийг гаргуулахаар Н.Дтай очиж уулзахад 10 сая төгрөг өгвөл виз гаргуулж өгнө гэж хэлэхээр нь итгээд цувуулаа 10.000.000 төгрөг өгсөн. Тэгээд хүлээгээд байж байхдаа Аагий эгчид ахыгаа явуулах гэж байгаа болон Н.Дын талаар хэлэхэд манай эгч Б.Г гэдэг эмэгтэй надтай уулзахаар нь Н.Дтай уулзуулж өгсөн. Тухайн үед Б.Г виз гарвал надад 1.000.000 төгрөг өгнө гэсэн виз ч гараагүй. Тухайн үед Н.Дт 10.000.000 төгрөг өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39/

7. Гэрч Л.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Д гэдэг хүн миний утас руу залгаад шалгалтанд унасан хүн аргалдаг хүн чинь найдвартай юм уу У-с чиний дугаарыг чинь авлаа гэж хэлэхээр нь миний хувьд найдвартай гэж бодож байна. нэг хүн аргалж өгөхөд 3.000.000 төгрөг байдаг гэсэн гэхэд надад 2 хүн байна гээд нэг хүний шалгалтанд унасан цагаан хуудсыг өгч дансаар 3.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43/

8.  “Хаан банк” ХХК-иас ирүүлсэн хохирогч Э.Н.Аы 00000000000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 17-20/

9.  Шүүгдэгч Н.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сард У гэх хүнээр дамжуулан П эмэгтэйтэй танилцсан. Тухайн үед БНСУ-руу шалгалтад найдвартай танилцуулдаг хүн байгаа шүү гэж хэлж байсан. Тэгэхээр нь өөрийн танил У-ыг шалгалтад оруулахаар болж материалыг нь бүрдүүлж өгөөд удаагүй байхад Б.Г эмэгтэй надтай уулзаж шалгалтад оруулж өгөөч гээд П уулзахад болно, бүх зүйлийг зохицуулж өгөхөд 8.000.000 төгрөг болно. Урьдчилгаа 3.500.000 төгрөг өгчих гэхээр нь Б.Ггоос 2.000.000 төгрөгийг ээж И-ийн Хаан банкны дансаар үлдсэн 8.000.000 төгрөгийг өөрийн Голомт банкны дансаар шилжүүлэн авч П-д 3.500.000 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл 6.500.000 төгрөгөөс 4.500.000 төгрөгийг виз гарахаар П-д өгөхөөр бэлэн байгаа. 1.000.000 төгрөг хувьдаа хэрэглэсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 236-239/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч Н.Д нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1419 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 67/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-ийн 69-105/-аар тогтоогдлоо. Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д нь нэр бүхий 3 хохирогч нарт Бүгд найрамдах Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж нийт 44.500.000 төгрөгийг аваад Солонгос улс руу виз гаргаагүй, хохирогч нарт мөнгийг нь буцааж өгөөгүй, хохирогч нараас шилжүүлсэн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан үйл баримт тогтоогдлоо.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.Д нь Бүгд найрамдах Солонгос улс руу виз мэдүүлэх иргэдийн материалыг хүлээж авах, цаашлаад виз гаргах эрх бүхий албан тушаалтан биш болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Улмаар шүүгдэгч Н.Д нь бодит байдал дээр виз гаргах эрхгүй этгээд гэдгээ мэдэж байсан хэдий ч уг байдлыг хэлэлгүй нууж, шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олохоор хохирогч нарыг хуурч өөрийн данс руу нийт 44.500.000 төгрөг шилжүүлэн авч, хохирогч нарын эд хөрөнгийг буцааж өгөлгүй цааш хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзнэ.   

Иймд шүүгдэгч Н.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. 

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал /...41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг.../, хохирогч Б.Гд хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан, бусад хохирогч нарт хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв. 

            Мөн тэрээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1419 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдлэж дуусаагүй болох нь ялын тооцоо /2хх-ийн 249/-оор тогтоогдлоо.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 

зааснаар шүүгдэгч Н.Дт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан

шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1419 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 09 хоног дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх нийт ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сар, 09 /ес/ хоногоор тогтоож шийдвэрлэсэн болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 112 /нэг зуун арван хоёр/ хоногийг түүний биечлэн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

            Шүүгдэгч Н.Дт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

            Энэ хэргийн улмаас хохирогч Б.Гд 10.000.000 төгрөгийн, хохирогч Э.Н.Ад 13.500.000 төгрөгийн, хохирогч М.Ст 21.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Б.Гд 3.200.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Харин бусад хохирогч нарт хохирол төлбөр төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Даас нийт 41.300.000 /дөчин нэгэн сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Б.Гд 6.800.000 төгрөг, хохирогч Э.Н.Ад 13.500.000 төгрөг, хохирогч М.Ст 21.000.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Н.Дын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Н.Дыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт

заасныг журамлан Н.Дын эдлэх 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н.Дт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1419 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 09 хоног дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 6 сар, 09 хоногоор тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 112 /нэг зуун арван хоёр/ хоногийг түүний биечлэн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.
  2. Н.Дт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Даас нийт 41.300.000 /дөчин нэгэн сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Б.Гд 6.800.000 төгрөг, хохирогч Э.Н.Ад 13.500.000 төгрөг, хохирогч М.Ст 21.000.000 төгрөгийг тус тус олгосугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  5.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай. 

 

  1. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР