Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 626

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 3 дугаар гудамж, 24 тоотод оршин суух, АЮ82051966 дугаарын регистртэй, Цагаан яст овогт Лхагвабаярын Оюунсүрэнгийн,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, С.Данзангийн гудамж 5/1, Сангийн яам,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Жуулчны гудамж, Макс цамхаг, 7 давхарт, 701, 702 тоотод байрлах, Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгжид тус тус холбогдох,

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй хохиролд болон ээлжийн амралтын мөнгө 2 799 850 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгжийн, нэхэмжлэгч Л.Оюунсүрэнд холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлд өгсөн 2 016 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигжид, Ж.Оргилсайхан, иргэдийн төлөөлгч Д.Оюунцэцэг, шүүх хуралдаанынарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Оюунсүрэнгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнхөөс гаргасан тайлбартаа: Монгол Улсын Сангийн яам, Засгийн газар болон Дэлхийн банк нарын хооронд байгуулагдсан

санхүүжилтын хэлэлцээрийн дагуу Тогтвортой амьжиргаа-3 төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийг хэрэгжүүлэх хүрээнд Сангийн яам нь Тогтвортой амьжиргаа-3 төсөл хэрэгжүүлэгч нэгжийг байгуулсан. 21 аймаг тус бүрт 5 хүний бүрэлдэхүүнтэй буюу нийт 105 хүний бүрэлдэхүүнтэйгээр Тогтвортой амьжиргаа-3 төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нэхэмжлэгч Л.Оюунсүрэн нь Архангай аймагт олон нийт хариуцсан мэргэжилтнээр сард 1 200 000 төгрөгийн цалинтайгаар 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ныг хүртэл буюу нийт 8 сар ажилласан байдаг. Ингэхдээ хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний агуулгыг харвал уг гэрээ нь хөдөлмөрийн гэрээ байдаг. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл нь байнгын ажлын байр байдаг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д зааснаар ажил олгогч нь ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин, хөлс авч, ажлын өдөр ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг байнгын ажлын байр гэж нэрлэхээр заасан. Тэгэхээр нэхэмжлэгчийн ажлын байрыг харвал ажлын 5 өдөр ажиллаж, 2 өдөр амардаг буюу ажлын өдрийн ээлжийн давтамж нь адилхан, мөн 1 удаагийн шинжтэй бус байнгын тогтмол шинжтэй бөгөөд энэ төсөл хэрэгжиж байх хүрээнд уг ажлын байр хадгалагдана гэсэн утгыг агуулсан. Мөн үүнээс гадна хөдөлмөрийн гэрээ заавал байгуулах ёстой байдаг бөгөөд үүнд заавал байх гол нөхцөл нь ажлын байр, ажлын байрны тодорхойлолтод ажил үүрэг, хөдөлмөрийн хөлсийг тусгадаг. Хөдөлмөрийн хөлс гэдэгт ажил үүрэг, амралт, цалин хөлс, ээлжийн амралт зэргийг хөдөлмөрийн нөхцөлд тусгаж өгдөг. Дээрх хөлсөөр ажиллах гэрээнд мөн ажил үүрэг, амралт, цалин хөлс, ээлжийн амралт зэргийг зохицуулсан. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж хөдөлмөрийн гэрээг цуцлах эсэх харилцааг зохицуулах ёстой байсан. Гэтэл ажил олгогч нь хөлсөөр ажиллах гэрээг хугацаа нь дууссан гэсэн үндэслэлээр цуцалсан байдаг. Мөн хөлсөөр ажиллах гэрээнд туршилтын хугацаа 6 сар болсонтой холбогдуулж, захиалагч нь ажилтантай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж, гэрээг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болох талаар заасан байдаг. Хэрэв гэрээг цуцалж байгаа бол ямар нэгэн байдлаар гэрээг дүгнэх асуудал яригддаг. Гэтэл гэрээг дүгнэсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл шууд гэрээг цуцалсан байна. Тийм учраас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 албантоот нь үндэслэлгүй шийдвэр болсон тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргасан. Үүнээс гадна нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд ажилгүйдлийн тэтгэмжид авах ёстой байсан 1 935 850 төгрөг, хөлсөөр ажиллах гэрээнд заагдсан ээлжийн амралтын олговорт 864 000 төгрөг, нийт 2 799 850 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч Сангийн яам цалинг тооцохдоо хүн амын орлогын албан татварыг суутгаж авсан атлаа нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж аваагүй байдаг. Тэгэхээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээнд зайлшгүй нийгмийн даатгалыг албан журмаар даатгуулах ёстой гэж заасан. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийнтэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлд ажилгүй болохоос өмнө 24-с доошгүй сарын хугацаанд үүнээс сүүлийн 9 сарын хугацаанд тасралтгүй төлсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй болдог. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцна гэж заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заавал албан журмаар даатгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх ёстой байтал Сангийн яам болон түүнийг хэрэгжүүлж байгаа нэгж нь ямар нэгэн байдлаар төлөөгүй байсан тул учирсан хохирол гэж үзэн ажилгүйдлийн тэтгэмжид авах ёстой байсан 1 935 850 төгрөгийг гэм хорын хохирлоор нэхэмжилж байгаа юм. Мөн ээлжийн амралтын олговрын хувьд гэрээний 9.1., 9.2-т заасны дагуу ажилтны жилд авах ээлжийн амралтын хугацаа нь ажлын 15 өдөр байх ба гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдсэн. Ажилтны ээлжийн амралтын хугацаанд тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулна гэсний дагуу ээлжийн амралтын олговрыг 1.080.000 төгрөгөөс 20 хувь буруулж 864 000 төгрөг болж байгаа юм. Иймд нийт 2 799 850 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигжид, Ж.Оргилсайхан нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь гэрээг хөдөлмөрийн харилцаа гэж үзэж байна. Гэтэл бид нарын зүгээс анх гэрээ байгуулахад хөлсөөр ажиллах гэрээ гэдгийг нэхэмжлэгч Л.Оюунсүрэнд ойлгуулсан бөгөөд тухайн үед ямар нэгэн маргаан үүсээгүй. Хөлсөөр ажиллах гэрээний загварыг Сангийн сайдынбаталсан журмын дагуу хийсэн. Мөн тухайн төсөл нь тодорхой хугацаатай, гүйцэтгэх ажилтай бөгөөд 2018 онд дуусах хугацаатай. Тиймээс үүнийг байнгын ажлын байр гэж үзэх үндэслэлгүй. Гэрээг хугацаа дууссан гэдэг үндэслэлээр цуцалсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч ярьж байна. Гэрээ дуусгавар болсноор гэрээг цуцалдаг гэсэн ойлголт байхгүй. Төрийн нарийн бичгийн даргын орлон гүйцэтгэгчийн албан бичиг нь гэрээ дуусгавар болсон байна гэдгийг мэдэгдэж байгаа юм. Гэрээ дуусгавар болох, цуцлах гэдэг нь өөр ойлголт юм. Нэг нь гэрээ хэрэгжээд явж байхад аль нэг талын хүсэлтээр цуцалж байгаа асуудал. Харин нөгөө нь тодорхой хугацаа зааж, уг хугацаа дуусгавар болж байгаа харилцаа юм. Дэлхийн банкны батлагдсанжурмын дагуу ажилтнуудыг сонгон шалгаруулж, тодорхой шалгуурыг хангаж байгаа хүмүүсийг ажиллуулдаг. Түүний үндсэн дээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг. Тэгэхээр ажилд эгүүлэн ажилдтогтоох үндэслэлгүй байна. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичих тухай шаардсан. Үүнийг хийлгэх боломж байдаг. Бид гэрээний дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь олгосон цалин хөлсөнд тооцож өгсөн учир уг мөнгийг буцааж аваад нөхөн бичилтийг хийх боломжтой. Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэгч нэгжээс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд захиалагч нь ажилтны ажлын хөлсөнд сар бүр 1 200 000 төгрөгийг цалинд төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтана гэж тодорхой заасан. Хүн амын орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу ажил олгогч нь суутган төлөгч учраас тухайн ажилтны татварын төлбөрийг суутгаж, холбогдох цалинг олгосон. Цалинд эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нь орсон. Тэгэхээр сарын цалин болох 1 200 000 төгрөгөөс хүн амын орлогын албан татварт 10 хувь буюу 120 000 төгрөгийг авч үлдээд улсын төсөвт шилжүүлсэн. Ингээд 1 080 000 төгрөгийг Л.Оюунсүрэнгийн гарт нь олгосон бөгөөд үүнийг банкны хуулгаар баримтжуулан хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Дээрх мөнгөндшимтгэлийн төлбөр багтсан. Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу ажил олгогчийн төлөх хэсэг болон ажилтны өөрийн төлөх хэсэг гэж байдаг бөгөөд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг оруулан тооцоход 21 хувь болдог. Ажил олгогчийн зүгээс 132 000 төгрөг буюу 11 хувиар, харин даатгуулагч буюу Л.Оюунсүрэн төлөх хэсэг нь 10 хувь болох 120 000 төгрөг юм. Ажил олгогч болон ажилтны төлөх ёстой 21 хувь нь нийт 252 000 төгрөг болох ба үүнийг нийгмийн даатгалын санд төлөх ёстой. Гэрээний 4.1-т цалинд даатгалын шимтгэл орсон гэдгийг ажилтан сайн ойлгож, гэрээ байгуулсан гэж үзэж байна. Хэрвээ нэхэмжлэгч өөрөө төлж чадагүй бол бидэнд уг мөнгийг буцааж өгөх хэрэгтэй. Бид нар нөхөн бичилт хийж өгч болно. Нийт 8 сарын нийгмийн даатгалын шимтгэлд цалинд нь оруулан тооцож өгсөн 2 016 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, түүнийгээ дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнхөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл нь нийгмийн даатгалын шимтгэлд төлөх ёстой мөнгө гэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа иргэн албан журмаар заавал даатгуулах ёстой байдаг. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасан.Л.Оюунсүрэнгийн ажиллаж байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Тогтвортой амьжиргаа төсөл хэрэгжүүлэгч нэгж төлөөгүй байдаг. Хариуцагчийн төлөөлөгч нь ажил олгогчийн төлөх ёстой 11 хувь, ажилтны төлөх ёстой 10 хувь гэж ярьж байна. Тийм учраас 10 хувиар ажил олгогч суутгаж авах ёстой байсан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд хариуцлага гэж байдаг. Үүнд ажил олгогч шимтгэлд ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан бол тухайн нуусан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алдангийг ногдуулна гэсэн. Үүнээс үзвэл ажил олгогч нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийн ногдох ёстой орлогыг нууж, шимтгэлийг төлөөгүй байдаг. Тэгэхээр 105 хүний ажилтнаас цалинг тусгай данс нээж, зөвхөн хүн амын орлогын албан татварыг суутгаж аваад нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаагүй байна. Мөн нэхэмжилж байгаа 2 016 000 төгрөгийг ажилтан төлөхгүй. Нийгмийн даатгалын байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй байна гэсэн. Учир нь 24 сар, түүний 9 сард нь тасралтгүй төлөх ёстой байтал төлөөгүй байна гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Сангийн яам нэхэмжлжэгчийн ажилласан 8 сарын цалингаас тооцох шимтгэлийг төлж өгөх ёстой боловч төлөөгүй байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Оюунсүрэн нь хариуцагч Сангийн яам, Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгжид тус тус холбогдуулан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй хохирсон 1 935 850 төгрөг, ээлжийн амралтын олговорт олгоогүй 864 000 төгрөг, бүгд 2 799 850 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ нэмэгдүүлэн шаарджээ.

Хариуцагч Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгж нь Л.Оюунсүрэнтэй Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дуусгавар болсон, захиалагч нь хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгон цуцалж албан бичиг хүргүүлсэн нь хууль тогтоомжийг зөрчөөгүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тул ээлжийн амралтын олговор олгох боломжгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг үл зөвшөөрч, улмаар нэхэмжлэгч Л.Оюунсүрэнд холбогдуулан түүний гарт олгогдох ёстой 828 000 төгрөгийн хөлс дээр нийгмийн даатгалын шимтгэлд төлөх ёстой 252 000 төгрөгийг нэмж 1 080 000 төгрөг сар бүр олгож байсан тул цалин хөлсөнд оруулан тооцож олгосон нийгмийн даатгалын шимтгэлийн 2 016 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх бүрэлдэхүүн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 864 000 төгрөгийн шаардлагыг ханган, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд Тогтвортой амьжиргаа 3 Төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулсан нь Сангийн сайдын 2015 оны 04 дүгээр 30-ны өдрийн 104 тоот Сангийн сайдын тушаал түүний хавсралт, Зээлийн дугаар 5487 MN дугаар бүхий Олон улсын хөгжлийн ассоциаци болон Монгол Улсын Засгийн газрын хоорондын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Тогтвортой амьжиргаа 3 төсөл санхүүжилтийн хэлэлцээр зэргээр нотлогдсон байна.

2.Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ыг баталсан байх ба уг журмын 16.6-д ...Төслийн ...бусад ажилтнууд нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн захирагчтай болон төслийн зохицуулагчтай хөлсөөр ажиллах гэрээг гурвалсан хэлбэрээр байгуулна, 16.7-д Төслийн зохицуулагч, санхүүгийн ажилтан болон бусад ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээг 1 жилээс ихгүй хугацаагаар байгуулах ба аливаа гэрээ нь тухайн хуанлийн жилийн эцсээр дуусгавар болно гэж заажээ.

Үүний дагуу Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгж нь нэхэмжлэгч Л.Оюунсүрэнтэй 2016 оны 02 дугаар сарын 01-нд 04 тоот Архангай аймгийн сум дэмжих багийн олон нийтийн оролцоо хариуцсан мэргэжилтэнтэй байгуулах хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулсан байна.

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч буюу ажилтан нь Архангай аймгийн иргэд, орон нутгийн удирдлагад Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны талаар чадавхи бэхжүүлэх сургалт зохион байгуулах, иргэдийн оролцооны талаар иргэд, орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн санал хүсэлтэд дүн шинжилгээ хийж тайлагнах, Сум дэмжих багийн үйл ажиллагааны төлөвлөгөөг биелүүлэх үндсэн зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг гүйцэтгэх зэрэг гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг, захиалагч буюу хариуцагч нь ажлын үр дүнд үндэслэн ажлын хөлсөнд сард 1 200 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан ажиллагч нь тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

3.Талуудын хооронд байгуулагдсан 04 тоот хөлсөөр ажиллах гэрээний 3.1-д зааснаас үзэхэд уг гэрээг 2016 оны 02 дугаар сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 6 сарын хугацаатай байгуулсан байх ба гэрээний хугацаа дуусахад талууд харилцан тохиролцон гэрээг дахин 2 сарын хугацаагаар буюу 2016 оны 09 дүгээр сарын 30-ныг дуустал хугацаагаар сунгасан болох нь талуудын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 28/04 тоот Хөлсөөр ажиллах гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдсон.

4.Гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх дээрх хугацаанд уг гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ нэхэмжлэгч буюу ажиллагч нь биелүүлсэн талаар, Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга, 2016 оны 02 дугаар сараас 09 дүгээр саруудын сум дэмжих багийн гишүүдийн цалингийн гүйлгээний жагсаалт зэргээр ажиллуулагч буюу хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ныг дуустал хугацаанд ажлын хөлсийг бүрэн төлсөн, Иргэний хуулийн 363 дугаар зүйлийн 363.1.-д заасан үүргээ биелүүлсэн талаар тус тус талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч Л.Оюунсүрэнг төслийн ажилтнаар томилсон, уг ажлаас чөлөөлсөн тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байх бөгөөд 04 тоот хөлсөөр ажиллах гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан ажил олгогч ба ажилтны хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй юм.

5.Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1.-д Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж, талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 8.1.1-д гэрээний хугацаа дууссан... бол гэрээг дуусгавар болгохоор тус тус заасан ба дээрх хөлсөөр ажиллах гэрээ нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дуусгавар болжээ.

6.Иймд нэхэмжлэгч нь Тогтвортой амьжиргаа 3 төсөл-ийн сум дэмжих багийн ажилтнаар эгүүлэн тогтоолгохоор, хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай хариуцагч Сангийн яамны 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, ажилгүй байлгасан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлөлтийн нөхөн бичилт хийлгүүлэхээр тус тус шаардах эрхгүй гэж үзнэ.

7.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлд Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн албанд, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 30-наас хойш, түүнчлэн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаанд ажилгүй болсноо харъяалах нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн, бүртгүүлэхээр хүсэлт гаргасан талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийг дээрх тэтгэмжийг авахаар бүртгүүлэх эрхээ хэрэгжүүлээгүйд нь хариуцагч нарыг буруутгах боломжгүй байх тул хариуцагч Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгжээс ажилгүйдлийн тэтгэмжид олгогдох ёстой гэх 1 935 850 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй юм.

 

8.Талуудын хоорондохь 04 тоот хөлсөөр ажиллах гэрээний 9.1-д ...Гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх эдэлнэ, 9.2-т Ажилтны ээлжийн амралтын хугацаанд тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан ээлжийн амралтын олговрыг олгоно гэж заасан байх ба үүний дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сараас 09 дүгээр сарыг дуустал хугацаанд 8 сар тасралтгүй ажилласан нь зохигчдын тайлбар, бусад баримтуудаар нотлогдсон.

Иймд хариуцагч нь гэрээгээр тохиролцсон сарын ажлын хөлс болох 1 200 000 төгрөгөөс 20 хувиар бууруулан тооцож олгох ёстой мөнгийг олгоогүй гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар 864 000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

9.Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл Иргэний хуулийн 343., 359 дүгээр зүйлд зааснаар иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа ...иргэн...-г нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 хэд хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж ажил олгогчийн үүргийг тус тус заасан байна.

Дээрх 04 тоот хөлсөөр ажиллах гэрээний 4.1-д Захиалагч нь ажилтны ажлын хөлсөнд сард 1 200 000 төгрөг төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно заасан байх ба үүнээс үзэхэд ажиллагч өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр, захиалагч нь уг шимтгэлийг төлөхгүй байхаар харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.

Иймээс хариуцагч нар нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан ажиллагчийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах, төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчээс 2 016 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардах эрхгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа талуудын хороонд үүсээгүй тул Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, хохиролд 1 935 850 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч нарын шимтгэлд төлсөн 2 016 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон, хариуцагч нараас 864 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.,

 

 

60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 59 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 25 286 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийншаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 219 дүгээр зүйлийн 219.1., 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгжээс 864 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Оюунсүрэнд олгож, гэм хорын хохиролд 1 935 850 төгрөг гаргуулах тухай шаардлагыг, хариуцагч Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгжийн, 2 016 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Оюунсүрэнд холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 25 280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаарзохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйгдурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.