Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 72

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж, нарийн бичгийн дарга С.Шинэбаяр, улсын яллагч Д.Дэлгэрбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын  ажиллагаа явуулж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ногоон овогт Жаргалын Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201610000138 дугаарт хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1996 оны 04 сарын 09-ний өдөр төрсөн, халх, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар баг, “Үүдийн ам” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ногоон овогт Жаргалын Отгонбаатар /ЕБ96040936/ нь Прокурорын яллах дүгнэлтээр:

 

 Шүүгдэгч Ж.Отгонбаатар нь 2016 оны 05 дугаар сарны 02-ноос 03-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаандөрвөлжийн 11-4 тоотод оршин суух иргэн Д.Эрдэнэбаярын эзэмшлийн хүнсний дэлгүүрийн вакум цонхоор орж 5,6 кг ноолуур хулгайлж, бусдад 319200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Ж.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Айраг сум ороод шөнө нь 4 дүгээр багийн гудамжаар ганцаараа явж байтал замд нэг дэлгүүр таарахаар нь газраас тоосго аваад дэлгүүрийн цонхыг цохиход онгойчихоор нь салхивчаар нь дэлгүүрт ороод асаагуурын гэрэл тусгаад үзтэл лангууных нь хажууд цагаан өнгийн шуудайтай ямааны ноолуур байхаар нь авч тэндээсээ шууд Энхмэнд гэдэг ноолуурын ченжийнд очоод хулгайлсан ноолуураа зарахад 5 кг 500 грамм болоод шороотой байна гээд 275 000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд би мөнгөө өөртөө зарцуулаад дуусгасан гэсэн мэдүүлэг /хх-32-34, 36-37/,

 

Хохирогч Д.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ... Манайх хашаандаа гудамж руу харсан хаалга, цонхтой нэг давхар шавар хүнсний дэлгүүртэй юм. Манай эхнэр дэлгүүртээ худалдагч хийдэг бөгөөд 08-22 цагийн хооронд ажилладаг. ...2016 оны 5 сарын 2-ны орой би хөдөөний нэг хүнээс 5 кг 600 грамм ямааны ноолуур 1 кг- ийг нь 58.000 төгрөгөөр бодож 324.800 төгрөгөөр худалдаж авсан юм. Авсан ноолуураа дэлгүүр дотор хөлдөөгчний ард шуудайнд хийгээд орой 21 цагийн үед эхнэр дэлгүүрээ хаагаад 23 цаг өнгөрөөгөөд манайхан унтсан юм. Ингээд шөнө унтаж байтал 02 цагийн үед гадаа тас гээд явчихаар нь би гэрээсээ гарч харахад юм мэдэгдээгүй, ...өглөө босоод 7 цаг 30 минутанд хүүхдээ хичээлд нь явуулахаар гаргаж өгтөл манай дэлгүүрийн хаалган талын вакум цонхны гадна талын цонх нь хагарчихсан доор нь нэг тал тоосго хэвтэж байсан. Мөн тэр цонхны жижиг салхивч нь дотогшоо онгорхой байхаар нь хулгай орсон байна гээд дэлгүүртээ орж юмаа бүртгээд үзтэл урьд орой нь хүнээс аваад хөлдөөгчний ард тавьчихсан байсан 5 кг 600 грамм ямааны ноолуур алга болчихсон, өөр зүйл алдагдаагүй байсан. ...надад Отгонбаатарт гаргах гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй.' Надад хохирлын мөнгө болох 300.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16, 17 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Энх-Мэндийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 02-ны шөнө ...02 цагийн үед гэрийн хаалга хүн нүдээд байхаар нь босч очоод онгойлгоход 21 орчим насны туранхай өндөр нуруутай залуу байсан ба ноолуур авах уу гэж асуусан. Ноолуур авна гэхэд тэжээл хийдэг ногоон шуудайтай ноолуур өгөхөөр нь жигнэж үзэхэд 5 кг 200 грамм болсон шиг санаж байна. Ингээд ноолуур чинь шороотой байна гээд 275.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь бэлэн тоолж өгөөд явуулсан. Маргааш нь манай сумын ноолуурын ченж Эрдэнэбаяр утсаар яриад урьд шөнө танайд хүн ноолуур авчирч өгсөн үү гэхээр нь нэг залуу 5 кг ноолуур тушаасан гэхэд манайх ноолуураа алдчихсан гэсэн. ...Би тэр залуугаас авсан ноолуураа цааш нь зарж борлуулсан. ...Надад хохирсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10/,

            “Ашид билгүүн” ХХК-ний эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хх-24/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч Ж.Отгонбаатар нь 2016 оны 05 дугаар сарны 02-ноос 03-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаандөрвөлжийн 11-4 тоотод оршин суух иргэн Д.Эрдэнэбаярын эзэмшлийн хүнсний дэлгүүрийн вакум цонхоор нэвтэрч 5,6 кг ноолуур хулгайлж 319200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Айраг сум ороод шөнө нь 4 дүгээр багийн гудамжаар ганцаараа явж байтал замд нэг дэлгүүр таарахаар нь газраас тоосго аваад дэлгүүрийн цонхыг цохиход онгойчихоор нь салхивчаар нь дэлгүүрт ороод асаагуурын гэрэл тусгаад үзтэл лангууных нь хажууд цагаан өнгийн шуудайтай ямааны ноолуур байхаар нь авч тэндээсээ шууд Энхмэнд гэдэг ноолуурын ченжийнд очоод хулгайлсан ноолуураа зарахад 5 кг 500 грамм болоод шороотой байна гээд 275 000 төгрөгөөр худалдаж авсан. гэсэн мэдүүлэг,

             Хохирогч Д.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ... шөнө унтаж байтал 02 цагийн үед гадаа тас гээд явчихаар нь би гэрээсээ гарч харахад юм мэдэгдээгүй, ...өглөө босоод 7 цаг 30 минутанд хүүхдээ хичээлд нь явуулахаар гаргаж өгтөл манай дэлгүүрийн хаалган талын вакум цонхны гадна талын цонх нь хагарчихсан доор нь нэг тал тоосго хэвтэж байсан. Мөн тэр цонхны жижиг салхивч нь дотогшоо онгорхой байхаар нь хулгай орсон байна гээд дэлгүүртээ орж юмаа бүртгээд үзтэл урьд орой нь хүнээс аваад хөлдөөгчний ард тавьчихсан байсан 5 кг 600 грамм ямааны ноолуур алга болчихсон, өөр зүйл алдагдаагүй байсан. ...надад Отгонбаатарт гаргах гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Надад хохирлын мөнгө болох 300.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Энх-Мэндийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 5 дугаар сарын 02-ны шөнө ...02 цагийн үед гэрийн хаалга хүн нүдээд байхаар нь босч очоод онгойлгоход 21 орчим насны туранхай өндөр нуруутай залуу байсан ба ноолуур авах уу гэж асуусан. Ноолуур авна гэхэд тэжээл хийдэг ногоон шуудайтай ноолуур өгөхөөр нь жигнэж үзэхэд 5 кг 200 грамм болсон шиг санаж байна. Ингээд ноолуур чинь шороотой байна гээд 275.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь бэлэн тоолж өгөөд явуулсан … гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч Ж.Отгонбаатарыг бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Отгонбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Ногоон овогт Жаргалын Отгонбаатарыг бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Отгонбаатарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр / жил 1 /нэг / сар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Отгонбаатарт оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.   

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Отгонбаатарт оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жилийн хянан харгалзах хугацаа тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан  Ж.Отгонбаатарт хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Отгонбаатар нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг анхааруулсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Отгонбаатар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.

 

8.Шүүгдэгч Ж.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА