Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0455/З |
Дугаар | 221/МА2016/0374 |
Огноо | 2016-06-15 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2016/0374
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Зам, тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, Б.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 150 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн Яам, Зам, тээврийн яам, Зам, тээврийн яамны Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “БӨА-051/2014 дүгээр тендерийг хүчингүй болгосон Сангийн яамны 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6/1449 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээг “*******” ХХК-тай байгуулахыг Зам, тээврийн яаманд даалгуулах, Баян-Өлгий аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БӨА-051/2014 дүгээр тендерт “*******” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Сангийн яам шүүхэд гаргасан тайлбартаа: “Тендер хүчинтэй байх хуулийн хугацаа 45 хоног бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлж байгаа ба анхан шатны шүүхээс тендерийг түдгэлзүүлсэн. 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 18 хоног, Улсын Дээд шүүхийн тогтоолыг Баян-Өлгий аймгийн Худалдан авах ажиллагааны алба 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр авснаар тооцоход 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тендерийн хүчинтэй байх 45 хоногийн хугацаа дуусах ёстой байсан. Сангийн яамны 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6/1449 дүгээр албан бичигт тендер хүчинтэй байх хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэж зөрүүтэй тодорхойлсон. Хүчингүй болгуулахыг хүссэн албан бичиг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гарсан бөгөөд тендер хүчинтэй байх хугацаа дууссан байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Зам, тээврийн яам, тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хороо үнэлгээ хийх явцад “*******” ХХК нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай 82 дугаар тушаал, Үнэлгээний хорооны 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нээлттэй тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг 3 шатны шүүх хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3-02/199, мөн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3-02/571 дүгээр албан бичгээр Үнэлгээний хорооноос гарсан шийдвэр, гэрээ байгуулах мэдэгдэл болон 3 шатны шүүхийн шийдвэрийг ирүүлсэн боловч уг Үнэлгээний хорооны шийдвэртэй холбогдуулан Сангийн яаманд тендерт оролцогч компани гомдол гаргасан байсан тул гэрээ байгуулагдаагүй, хүлээгдэж байсан.
Түүнчлэн Сангийн яамны зүгээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын зарласан тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан талаар 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6/1449 дүгээр албан бичгээр мэдэгдсэн тул Зам, тээврийн яамны зүгээс “*******” ХХК-тай гэрээ байгуулаагүй.
Зам, засвар арчлалтыг хариуцсан компани байхгүй байх нь аваар осол гарах, зам харгуй хаагдах, хор нөлөөтэй бөгөөд байнгын арчилгаа шаардаж байсан ажил учир тендер шалгаруулалт зогссон тул тендер сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуулж, зам хариуцагчийг яаралтай тогтоох талаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт хандаж 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 031419 дүгээр албан бичиг хүргүүлсэн боловч тендер яаралтай зохион байгуулах ажлыг хийгээгүй тул Авто замын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу зам эзэмшигчийн хувьд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-д заасны дагуу тендер сонгон шалгаруулалтыг явуулж, “*******” ХХК-г шалгаруулсан. Зам, тээврийн яам “*******” ХХК-г тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг мэдээгүй, тендер зарлахад уг захиргааны хэрэгт оролцоогүй байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг тендертэй холбоотой асуудлаар дахин тендер зарласан талаар тухайн үед гомдол гаргасан бол асуудал шийдвэрлэгдэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Тендерийн баримт бичгийн 3.3-ын 2-т Санал болгож байгаа голлох мэргэжилтнүүд нь тухайн компанийн үндсэн ажилтан байна гэж заасан. Гэтэл “*******” ХХК-ийн ерөнхий инженерээр ажилладаг гэж оруулсан Аманкелдийн Берденбек нь 2011 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс Авто зам, гүүрийн барилга байгууламжийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Мөнхөд ашдын зам ХХК-д хяналтын багийн ахлагчаар ажилладаг. Мөн механик инженерээр ажилладаг гэж нэрийг нь оруулсан Сояны Зейнел нь манай “*******” ХХК-д 40 гаруй жил механик инженерээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, одоо 68 настай, тус компанийн ахмадын хорооны даргаар ажилладаг. Эдгээр 2 баримтаас үзэхэд “*******” ХХК-ийн санал болгож буй мэргэжилтнүүд нь тухайн компанийн үндсэн ажилтан биш болох нь нотлогдож байна. Түүнчлэн тендерийн баримт бичгийн 3.3-ын 1-д Түрээсээр болон лизингээр тоног төхөөрөмж авахаар гэрээ байгуулж болно гэж заасан боловч “*******” ХХК нь Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг Зам барилгын компанийн асфальт, бетон заводыг ашиглахаар гэрээ байгуулсан мэтээр баримт бүрдүүлсэн нь тендерийн шаардлага хангахгүй гэж үздэг.
Мөн ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлагад тухайн хариуцах багууд байнгын болон шуурхай хэсэг байгуулах тоног төхөөрөмж, мэргэжлийн ажилчдын нөөц чадвартай байна гэж заасан. “*******” ХХК нь өөрийн гэсэн асфальт, бетон заводгүй, зуурмаг зуурагч, чулуу бутлагч, тоног төхөөрөмжгүй, хүн хүч, техник хэрэгсэлгүйгээр улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг тасралтгүй явуулах, хариуцан ажиллах ямар ч боломжгүй атлаа тендерт шалгарсан, гэрээ байгуулах эрхийг зөрчсөн мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь зохимжгүй.
... Тендер хүчинтэй байх хугацаа 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дууссан байхад Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Манкей нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 3-02/572 дугаар албан бичгээр уг тендерт манай компанийг шалгараагүй талаар мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын хүргэн нь “*******” ХХК-д ажилладаг, төрөл садангийн холбоотой учраас шалгарсан. Мөн “*******” ХХК-ийн авто замын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 03 дугаар сарын 12-нд дууссан. Замын ажил нь тусгай зөвшөөрөл шаарддаг, хүний амь амьдрал, амь настай холбоотой учраас тусгай зөвшөөрөлгүй компани зам засна гэсэн ойлголт байхгүй.
Нөгөөтээгүүр Зам, тээврийн яам нь улсын хэмжээнд зам тээврийн бодлогыг хариуцан ажилладаг учраас өвлийн улирал эхэлж, цаг агаар хүндрэх төлөвтэй байсан учир холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерийг нээлттэй зарлаж, вэб сайт болон сонинд хэвлэн нийтэд хүргэж, тендерт компаниуд оролцож, хуульд заасны дагуу тендер сонгон шалгаруулалт явагдан, “*******” ХХК шалгарч, гэрээ байгуулан, ажил үүргээ 70-80 хувийг гүйцэтгээд 6 сар болж байна.
“*******” ХХК нь 1960 онд анх Зам анги болж байгуулагдсан цагаас авто зам гүүр барих, зам засвар арчлалтын ажлыг тасралтгүй 55 жил найдвартай гүйцэтгэж байгаа туршлагатай компани бөгөөд аймагтаа бэлэн материаллаг баазтай, зам засвар арчлалт, замын байгууламж барих, засварлах арчлан хамгаалахад зориулагдсан машин механизм, тоног төхөөрөмж багаж хэрэгслээр бүрэн хангагдсан компани юм” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 150 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.3, 55 дугаар зүйлийн 55.3.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн БӨА-051/2014 дүгээр тендерийг хүчингүй болгосон Сангийн яамны 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6/1449 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээг “*******” ХХК-тай байгуулахыг Зам тээврийн яаманд даалгуулах, Баян-Өлгий аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БӨА-051/2014 дүгээр тендерт “*******” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэг. “БӨА-051/2014 дүгээр тендерийг хүчингүй болгосон Сангийн яамны 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6/1449 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах“ шаардлагын тухайд шүүх тендерийн хүчинтэй байх хугацаа дуусан гэж үзсэн нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталсан, нотлох баримтыг бүрэн гүйцэд шинжлэн судлалгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн дүгнэснээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх боловч энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас болоогүй бөгөөд хариуцагчийн үйл ажиллагаанаас энэ нөхцөл байдал үүссэнийг огт анхаарч үзсэнгүй.
Хоёр. “Олон улс, улсыг чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээг “*******” ХХК-тай байгуулахыг зам тээврийн яаманд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ захиалагч нь гэрээ байгуулаагүй тул сонгон шалгаруулалтад тэнцсэн гэж үзэх үндэслэлгүй гэх мэтээр дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулах саналыг удаа дараа захиалагчид хүргүүлж байсан бөгөөд тухайн үед тендерт оролцсон “*******” ХХК-ийн гаргасан гомдлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор гэрээ байгуулах үйл ажиллагаа саатсаныг анхаарч үзсэнгүй.
Гурав. Мөн түүнчлэн шүүхийн шатанд хэрэг маргаантай байсан тендерийг дахин зарлаж маргаантай байсан “*******” ХХК-ийг шалгаруулсан бөгөөд энэ нь үүнийг нэхэмжлэгчийн зүгээс хууль бус үйл ажиллагаа болсон гэж үзэж байгаа билээ. Иймд, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцдаа нотлох баримтыг буруу үнэлэн дүгнэсэн, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 50 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагад нийцжээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 82 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БӨА-051/2014 дүгээр тендерийг зарласан, уг тендерийн сонгон шалгаруулалтын явцад 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “*******” ХХК-аас тендер сонгон шалгаруулалт зарласантай холбоотой шийдвэрт захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 71 дүгээр захирамжаар маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлснээр БӨА-051/2014 дүгээр тендер сонгон шалгаруулалт явагдах боломжгүй болжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүх уг захиргааны хэргийг хянан хэлэлцээд 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 435 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан анхан шатны шүүх маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 71 дүгээр захирамж гарсан өдрөөр тендерийн хүчинтэй байх хугацаа тасалдсан гэж үзэж Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс тендерийн хүчинтэй байх хугацааг тоолж, тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон гэж үзсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 /Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ/-т нийцсэн байна.
Иймд, “хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь нэхэмжлэгчийн буруутай ажиллагаанаас болоогүйг шүүх анхаарч үзсэнгүй” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж, дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж заасан бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар тендер хүчинтэй байх хугацаа өнгөрсний дараа Баян-Өлгий аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хийх, үйлчилгээ үзүүлэх БӨА-051/2014 дүгээр тендерт “*******” ХХК-ийг шалгарсан гэж үзэж гэрээ байгуулах эрх олгосон, улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3-02/195 дугаар албан бичгээр “*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн зэрэг нь үндэслэлгүй бөгөөд энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.
Харин, Сангийн яам хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д зааснаар тендер хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон гэж үзэн, Баян-Өлгий аймгийн Худалдан авах ажиллагааны албаны тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах тухай хүсэлтээс 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 5/310 дугаар албан бичгээр татгалзаж, тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон, улмаар Зам, тээврийн яамнаас Сангийн яамны тендерийг хүчингүй болгосон тухайн шийдвэрийг үндэслэн Авто замын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 “Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь /цаашид ”авто замын эзэмшигч” гэх/ авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто замын өмчлөгч, эзэмшигч нь тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн байна” гэснийг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн бэлэн байдлыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцжээ. Тиймээс тухайн сонгон шалгаруулалтад оролцоогүй “*******” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй тул Зам тээврийн яаманд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
Эдгээрээс үзвэл “*******” ХХК-ийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан тендерт оролцож шалгарсан, тендер шалгаруулалт хуульд заасан журмаар явагдаж дууссан гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн ““*******” ХХК-ийн гаргасан гомдлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор гэрээ байгуулах үйл ажиллагаа саатсныг анхаарч үзээгүй” гэх гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн, Баян-Өлгий аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БӨА-051/2014 дүгээр тендерт “*******” ХХК-ийг шалгаруулсан хариуцагчийн шийдвэрийн улмаас тендерт оролцоогүй нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР