Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 409

 

О.Баярсайханы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч О.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Долгоржав, гуравдагч этгээдийг төлөөлж О.Сайнбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 517 дугаар магадлалтай, О.Баярсайханы нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст /хуучнаар/ холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Баярсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Дархан-Эрдэнэбүрэн” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 517 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Баярсайханы гаргасан ““Дархан-Эрдэнэбүрэн” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийджээ.

Нэхэмжлэгч О.Баярсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж би үзэж байна. О.Сайнбаяр бид хоёр хамтран “Дархан-Эрдэнэбүрэн” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2003 оны 2 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 2736624 регистртэй 19/753 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг авч байсан. Гэтэл О.Сайнбаяр нь 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулж, миний нэрийн өмнөөс, надад мэдэгдэлгүй өргөдөл бичин нотариатаар гэрчлүүлж, уг өргөдлийг үндэслэн гишүүнчлэлээс намайг хассан байсан.

Энэ хууль бус үйл явдал болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Хариуцагч тал болон гуравдагч этгээдүүдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан байдлаар тайлбар гаргаж маргадаг. Би “Дархан-Эрдэнэбүрэн” ХХК-ийг үүсгэн байгуулсан талаар болон, хувьцаа эзэмшигч мөн эсэх талаар огт маргаагүй билээ. О.Сайнбаяр нь компани үүсгэн байгуулсан, 2 гишүүнтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Намайг компанийн хувьцаа эзэмшдэггүй гэвэл Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “...компанийн үүсгэн байгуулагч нь тухайн компанийн хувьцаа эзэмшихгүй байж болно” гэж заасныг шүүх анхааран үзэх нь зүйтэй юм.

Гэтэл хариуцагч, гуравдагч этгээдүүд энэ талаар тайлбар хийж маргаад байгаа нь миний нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй байхад давж заалдах шатны шүүх энэ хамааралгүй зүйл дээр үнэлэлт дүгнэлт өгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод байгаа нь ойлгомжгүй байна. 2005 онд аж ахуйн нэгжийн бүртгэл нь Татварын албанд бүртгэгдэж байгаад хуулийн шинэ зохицуулалтаар уг бүртгэл Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдэхээр болж шинэчилсэн бүртгэл нь 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн байдаг. Компанийн үүсгэн байгуулсан анхны бүртгэл нь хүчинтэй байна.

Тэгэхээр аж ахуйн нэгжийн бүртгэл анх Татварын хэлтэс дээр үнэн зөв бүртгэгдсэн эсэхийг үнэндээ Улсын бүртгэлийн хэлтэс сайн мэдэх боломжгүй байсан атал бүртгэл үнэн зөв хийгдсэн талаар маргаж, компанийн үүсгэн байгуулах үеийн явцын асуудлаар хамааралгүй зүйл дээр тайлбар хийж, гомдол гаргаад байгаа нь хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байгаа нь илэрхий байгаа юм. Давж заалдах шатны шүүх хариуцагч болон гуравдагч этгээдийн үндэслэлгүй гаргасан гомдлыг хүлээн авч, гишүүнчлэлээс хасагдах өргөдлөө би өөрөө гаргаагүй байхад хууль бусаар тус компанийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж нэхэмжлэгч миний эрх ашгийг хохироосон байхад миний эрх ашгийг зөрчигдөөгүй байна гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна.

Гишүүнчлэлээс гарах өргөдлөө би өөрөө гаргаагүй болох нь гэрч нотариатч н.Алтанцэцэгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудалд дүгнэлт хийж нэг талыг барьсан шийдвэр гаргаад байгаа нь нэхэмжлэгч миний эрх ашгийг хохироосон үйлдэл болж байна. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр хоёр дахь удаагаа хэлэлцэгдэж хоёуланд нь нэг талыг барьсан, илтэд эрх ашгийг минь хохироосон, үндэслэлгүй дүгнэлт хийсэн магадлал гаргаад байгаа нь ашиг сонирхлын зөрчил байгаагийн илрэл гэж би хувьдаа үзэж байна. Мөн магадлалын тогтоох хэсэгт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.3-т заасныг барьж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Энэ заалтууд нь тухайн үеийн бүртгэл хийх үед хэрэгжээгүй, шинэ хуулийг баримталсан нь хууль зөрчсөн байна. Компанийн тухай хуулийн заалт нь дүрэмд өөрчлөлт оруулахад холбогдолтой заалт болохоос компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой заалт биш байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй байхад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Дархан-Уул аймгийн Татварын алба нь /тухайн үед компанийн бүртгэлийг хариуцаж байсан/ иргэн О.Баярсайханы “Дархан-Эрдэнэбүрэн” ХХК-ийн гишүүнчлэлээс гаргах тухай өргөдөл, “гишүүнээс чөлөөлөх, оруулсан хөрөнгийг нь компанид үлдээх” агуулгатай тус компанийн захирал О.Сайнбаярын тушаал, “гарах тухай” асуудлыг хэлэлцсэн компанийн гишүүн О.Сайнбаяр, О.Баярсайхан нарын оролцоотой хийсэн хурлын тэмдэглэл зэрэгт үндэслэн компанийн үүсгэн байгуулагчаас О.Баярсайхан хасагдсаныг болон компанийн шинэчилсэн дүрмийг 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгэжээ.

Нэхэмжлэгч О.Баярсайхан “би өргөдөл гаргаагүй, миний нэрийн өмнөөс гишүүнчлэлээс хасагдах өргөдлийг ах О.Сайнбаяр бичиж, гарын үсэг дуурайлган зурж, хууль бус үйлдлээр уг бүртгэлийг хийлгэсэн, хуурамч баримтад үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгохгүй байна” гэж маргасан байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5458 дугаар  дүгнэлт, гэрчээр асуугдсан нотариатч Ш.Алтанцэцэгийн мэдүүлгээр “...гишүүнчлэлээс гаргах тухай” өргөдлийг О.Баярсайхан бичээгүй, түүний өмнөөс О.Сайнбаяр бичсэн гэдэг нь тогтоогдсон, гуравдагч этгээд О.Сайнбаяр нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “дүү О.Амартуяагаар бичүүлж, өөрөө гарын үсэг зурж, дүүтэй нэг өрөөнд хамт суудаг нотариатчаар батлуулсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд компаниас гарах өргөдөл, гишүүнчлэлд өөрчлөлт оруулах тухай хувь нийлүүлэгчдийн хурал, гишүүнээс чөлөөлөх шийдвэр зэрэг нь бүгд нэг өдөр буюу 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр огноологдсон байна.

Эндээс үзвэл, нэг үүсгэн байгуулагчтай болсон “Дархан-Эрдэнэбүрэн” компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болгосон баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон тул уг бүртгэлийг хууль ёсны гэж үзэхгүй.

Түүнчлэн О.Баярсайханы өргөдөл гаргасан гэх өдөр нь компаниас гарах хүсэлтийг хэлэлцсэн зэрэг баримтууд нь тухайн үед дагаж мөрдөж байсан Компанийн тухай /1999 оны/ хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.16 “энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудлууд”-ыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх, “Дархан-Эрдэнэбүрэн” компанийн дүрмийн “зургаа”-ийн 10-т “хувь нийлүүлэгч компанийн гишүүнээс гарах тухай өргөдлөө хувь нийлүүлэгчдийн хуралд нэг сараас доошгүй хугацааны өмнө гаргана...” гэж заасантай илэрхий зөрчилтэй байхад үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн нь үнэн зөв, бодитой байх бүртгэлийн зарчимд нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 30, 31 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан эрх зүйн зохицуулалтын шаардлагыг хангажээ.

Харин давж заалдах шатны шүүх нь “...2003 онд компанийг бүртгүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлж, О.Баярсайханы нэрийг үүсгэн байгуулагчаар оруулсан, ингэхдээ төрсөн дүү О.Амартуяа нь бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсныг далимдуулсан, О.Баярсайхан хөрөнгө оруулаагүй нь тогтоогдсон” гэх зэргээр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтад үндэслэн, хэргийн оролцогчдын маргаагүй буюу 2003 оны бүртгэлийн асуудлаар дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “...шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 517 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ           

ШҮҮГЧ                                                               Ч.ТУНГАЛАГ