Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/377

 

 

 

 

 

 

 

 

    2021       07             05                                        2021/ШЦТ/377

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

          улсын яллагч Б.Хурц, 

          шүүгдэгч С.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Чд холбогдох эрүүгийн 000000000000000 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “............” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт ......................... тоотод оршин суух хаягтай, урьд

          -Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял,

          -Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1488 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сар хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай захирамжаар Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалттай дүйцүүлэн эдлээгүй үлдсэн 01 жил 10 сарын хорих ялаас чөлөөлсөн, С.Ч/РД:0000000000/.

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Шүүгдэгч С.Чнь 2021 оны 5 дугаар сарын 08-ны шөнө 03 цагийн орчим ........................... тоотод хашаанд байх монгол гэрт нэвтэрч, ширээн дээр ил байсан иргэн Т.Нийн өмчлөлийн i phone xs маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Т.Нэд 990.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Чнь 2021 оны 5 дугаар сарын 08-ны шөнө 03 цагийн орчим ................................................ тоотод хашаанд байх монгол гэрт нэвтэрч, ширээн дээр ил байсан хохирогч Т.Нийн өмчлөлийн i phone xs маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Т.Нэд 990.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

  1. Шүүгдэгч С.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          2. Хохирогч Т.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 07-ны орой Гын гэрт нь 23 цаг өнгөрөөгөөд очсон ба шөнө 03 цагийн үед Гын найз нь гэх С.Чорж ирээд Г-аас тамхи асуугаад тэгээд удаагүй буцаад гэрээс гараад явсан. Тэгээд өглөө нь буюу 2021 оны 5 дугаар сарын 08-ны 9 цаг болж байхад босоход миний гар утас алга болсон байсан. Тэгээд өөрийнхөө гар утас руу залгасан чинь дуудаж байгаад салсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/

          3. Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 08-ны шөнө санагдаж байна. Гэртээ унтаж байхад хашааны хаалга нэг нүдсэн. Тэгэхээр нь гараад очтол манай арын гудамжны танил Т.Н ганцаараа зогсож байсан бөгөөд гэр лүүгээ орох гэсэн эмээгээс айгаад орж чадахгүй байна, танайд хоёулаа юм ярьж сууж байгаад өглөө эрт гэр лүүгээ ормоор байна гэхээр нь би зөвшөөрч, манай гэрт орсон. Тэгэхэд 00 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тэгээд бид хоёр хэсэг юм ярьж сууж байгаад 02 цагийн үед би унтаад өгсөн. Т.Н миний хажуугаар унтсан. Тэгтэл шөнө дунд унтаж байхад 03 цагийн үед байх гэрт дуу гараад сэрээд хартал гал асаагуурын гэрэл ассан байхаар нь би гайхаад хэн бэ чи гээд асуусан чинь Ч байна аа тамхи байна уу гээд манай гэрт ороод ирчихсэн байсан. Тэгэхээр нь би орноосоо босоод Чд чи яахаараа шөнө дунд манай гэрт орж ирдэг юм, манай хаалга үүд цоожтой байхад чи яаж орж ирдэг юм гээд уурласан. Тэгсэн чинь гэрийн чинь хаалга онгорхой байсан тамхи байна уу гэж асуусан. Би тамхи байхгүй гээд гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгээд хашааны хаалгаа түгжиж, гэрийн амбаарын хаалгаа бас түгжээд унтаж амарсан. Тэгээд өглөө 8 цагийн үед Т.Н сэрээд миний утас яасан бэ гэж асуусан. Би мэдэхгүй ээ, чи хаана тавьсан байсан юм бэ гэхэд ширээн дээр тавьсан байсан гээд гэрийнхээ бүх зүйлийг нэгжээд хайхад утас нь гарч ирээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/

          4. “Дамно” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №ХУ2-21-180 дугаартай: “...I Phone xs маркийн гар утсыг 990.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19/

          5. Шүүгдэгч С.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Д гэх ахындаа архи ууж байгаад шөнө дунд Га гэх найзаасаа тамхи асуух  гээд гэрийнх нь гадна очсон. Тэгээд гэрт нь ороход Га, Т.Н хоёр унтаж байсан. Тэгээд би Гыг сэрээгээд тамхи байгаа эсэхийг асуутал нэг ширхэг тамхи өгөөд хамт тамхи татаж сууж байгаад Га унтлаа гээд орон дээрээ унтаад өгсөн. Тэгээд би нилээн согтуу байсан ба гарахдаа ширээн дээр байсан утсыг аваад явсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч С.Чнь урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1488 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сар хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай захирамжаар Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалттай дүйцүүлэн эдлээгүй үлдсэн 01 жил 10 сарын хорих ялаас чөлөөлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 26-37/-аар тогтоогдлоо. Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

             Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

             Учир нь “хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зохицуулсан.

             Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, хамгаалсан байр, агуулах зэрэг нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд уг гэмт хэргийн тухайд шүүгдэгч С.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Гын амьдардаг монгол гэрт гэрийн эзний зөвшөөрөлгүй орсон болох нь гэрч Б.Га, хохирогч Т.Нэ нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд дээрх зөвшөөрөлгүй гэрт орж буй үйлдэл нь хууль бус нэвтрэлтийн шинж чанарыг илт агуулсан байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэрэг нь хууль ёсны өмчлөгчийн эзэмшлээс түүний эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар төгсдөг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэр лүү хууль бусаар нэвтэрч гэр дотор байсан хохирогч Т.Нийн I Phone xs маркийн гар утсыг түүнд мэдэгдэлгүйгээр авч, хохирогчид нийт 990.000 төгрөгийн хохирол учруулсан тул гэмт хэрэг төгссөн буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

             Иймд шүүгдэгч С.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Нэд баримтаар 990.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн “...I Phone xs маркийн гар утсыг Т.Нэд хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 4/-ээр шүүгдэгч нь хохирогчид гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал /...29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “................” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг.../, зэргийг харгалзан С.Чд улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсоны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзлээ.  

С.Чд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

            Мөн шүүгдэгч С.Чийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С.Чийг 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.   

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Чийн эдлэх 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

            4. Шүүгдэгч С.Чд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

            5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.    

            6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай. 

            7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Чд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР