Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/379

 

 

 

 

 

 

 

   

    2021        07           05                                          2021/ШЦТ/379

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Б.Хурц /томилолтоор/, 

шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Мд холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

шүүг

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “.........” ХХК-д хуулийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ч.М /РД:00000000000/.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.М нь “газар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хохирогч М.Т-аас 18.050.68 доллар буюу 50.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 0000000000 тоот данс руу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч М.Т-д 18.050.68 долларын буюу 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ч.М нь “газар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хохирогч М.Т-аас 18.050.68 доллар буюу 50.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 0000000000 тоот данс руу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч М.Т-д 18.050.68 долларын буюу 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ч.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          2. Хохирогч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сар, яг хэдэнд гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Эхнэр бид хоёр газар байвал худалдаж аваад барилга барих санаатай танил дүү Э-тай уулзаад зарах газар байвал хүнээс асууж байгаарай гэж хэлсэн чинь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү Молл худалдааны төвийн хажууд 500 метр боломжийн газар байна, та очиж үзээд сонирхвол зарах гэж байгаа хүнтэй нь уулзъя гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Ж-ийн хамтаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү Моллын ертөнцийн зүгээр баруун талд нь очсон чинь дүү Э түүний найз нь гэх Ч.М гэдэг залуу байсан. Зарах газар чинь энэ юм уу гээд асуусан чинь надад кадастрын бичиг үзүүлээд манай найз нийслэлийн захиргааны байгууллагад ажилладаг. Тэнд байгаа бүх асуудлыг шийддэг. Энэ газрын гэрчилгээ хурдан шуурхай гаргаж өгнө гэж хэлсэн. Техникийн нөхцөлийг нь нийслэлээс гаргаж өгнө гэж хэлсэн. Тэр үед зарна гэж байсан газар нь эхнэр бид хоёрт таалагдсан, дүү Э-ын танилцуулсан хүн учраас Э-т итгээд энэ газрыг чинь авъя гэж хэлсэн. 2020 оны 6 дугаар сард гэрчилгээ болон бусад бичиг баримт нь бэлэн болно, энэ газрыг 120.000.000 төгрөгөөр зарна гэж хэлээд урьдчилгаа 50.000.000 төгрөг өгөөрэй гэж хэлэхээр нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Ж нь өөрийн худалдаа хөгжлийн банкны долларын данснаас 18.050.68 доллар шилжүүлсэн. Тэр үеийн 1 долларын ханш 2.770 төгрөг байсан. Ингээд 50.000.000 төгрөгт бодож, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван богдын Худалдаа хөгжлийн банкнаас шилжүүлсэн. ...Мөнгө өгсөнөөс хойш Ч.Мгаас газар юу болж байна гэж асуухаар одоо гарын үсэг зуруулах гэж байна гэх мэт худлаа зүйлүүдийг ярьдаг. ...Манай эхнэр Ж 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ч.Мтай зээлийн гэрээ хийсэн. Гэрээ хийх шалтгаан нь гэвэл мөнгө өгч байгаа юм чинь ямар нэгэн баримттай үлдэхээр гэрээ хийсэн. 2021 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр 10.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. ...Би Ч.Мд өгсөн мөнгөө буцааж авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 24/

          3.  Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сард миний танил ах М.Т адаас хямдхан аятайхан зарах газар байна уу, чи олоодох гэж хэлсэн. Би өөрөө барилгын хүн учраас хүмүүсээс асууж үзье гэж хэлсэн. Тэгээд би найз Ч.М руу яриад зарах газар байна уу, би ахтайгаа нийлж барилга барих гэж байгаа юм гэж хэлсэн чинь Ч.М над руу яриад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү Молл худалдааны төвийн хажууд зарах газар байна гэж хэлсэн. Ингээд би Т-ын хамтаар Хүннү Моллын хажууд байрлах Ч.Мгийн зарна гэсэн газарт очсон чинь Т болж байна зөвшөөрч байна гэж хэлээд миний хажууд зогсож байгаад Ч.Мгийн данс руу 50.000.000 төгрөг шилжүүлсэн. Би Ч.Мгаас энэ газар ямар учиртай газар юм бэ гэж асуухад энэ газар одоо гэрчилгээ нь гарахад бэлэн болсон гээд кадастрын зураг үзүүлсэн. Кадастрын акт дээр Ч.М гэсэн нэр байсан учраас Тд үзүүлсэн. Удалгүй газрын гэрчилгээ гарахгүй байхаар нь би бас хүмүүсээс асуусан чинь шинээр Нийслэлийн тамгын газар баригдаж байгаа барилга руу шугам явах учраас Нийслэлийн газрын албанаас олгохгүй гэсэн зүйлийг сонссон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/

          4. Гэрч О.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын хэдэн гэдгийг санахгүй байна. Нөхрийн хуурай дүү Э Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү Молл худалдааны төвийн баруун талд зарах газар байна. Энэ газрыг манай найз Ч.М зарна гэж байна, та үзэх үү гэж нөхөр Т руу утсаар ярьсан байсан. Тэгээд нөхөр бид хоёр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү Молл худалдааны төвийн хажууд зарах газарт нь очсон чинь Э болон түүний найз Ч.М гэх залуу зогсож байсан. Тэр үед Ч.М гэх залуу би газрын албанд ажилладаг. Энэ газар кадастрын зураг нь гарсан байгаа гээд нөхөр бид хоёрт үзүүлсэн. Энэ газрын гэрчилгээ удлаа гэхэд 3 сарын дараа гарна, энэ жил сонгууль болж байгаа учраас урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэж байсан. Тэгээд нөхөр бид хоёрт зарна гэж хэлж байсан газар нь таалагдаад энэ газрыг чинь авъя гэж нөхөр маань хэлсэн. Ингээд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван богдын хажуугийн худалдаа хөгжлийн банкинд урьдчилгаа мөнгө болох 50.000.000 төгрөгийг Ч.Мгийн Хаан банкны 0000000000 тоот данс руу би 1 долларыг тухайн үеийн ханш нь 2.770 төгрөг байсан. Тэгээд нийт 18.050.68 ам доллар шилжүүлж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/

          5. Гэрч Г.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сард Ч.М надаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү Молл худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талд буюу замын хойд талд кадастрын зураг хийлгэж байсан. ...Ч.М над дээр ирээд Яармагт нэг кадастрын зураг авахуулж хэмжилт хийлгэх гэсэн юм гээд намайг дагуулж авч яваад би кадастрын зураг хийж хэмжилт хийж өгч байсан. ...Геодези газар зүйн зураглал гаргах журам дээр өмчлөгч эзэмшигч гэж захиалга өгсөн хүний нэрийг бичдэг. ...Ч.М тухайн үед ямар нэгэн газар авах гэж байгаа талаар надад яриагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/

          6. Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн: “...Тус албанд Ч.М /000000000/ нь ажиллаж байгаагүй болно” гэсэн албан тоот /хх-ий 114/

          7. Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн: “...иргэн Ч.Мн нэр дээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар ашиглуулж, эзэмшүүлж, өмчлүүлсэн эрхийн бүртгэл 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” программд бүртгэлгүй байна.” гэсэн албан тоотын хуулбар /хх-ий 117/

          8. Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн: “...иргэн Ч.Мн нэрээр тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар хүссэн өргөдөл гаргасан гэх бүртгэл тус албаны өргөдөл, гомдол бүртгэлд бүртгэгдээгүй байна. Харин дээрх иргэний нэрээр шалгаж үзэхэд тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 мкв газар хүссэн өргөдөл гаргаж, өргөдлийн 000000000000000 дугаарт бүртгэгдсэн байна.” гэсэн албан тоотын хуулбар /хх-ий 119/

          9.  Шүүгдэгч Ч.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын эхээр найз Э надаас зарах газар байна уу гэж асуусан. Би хүнээс асууж үзье гэж хэлсэн. Тэгээд би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү Молл худалдааны төв ертөнцийн зүгээр баруун урд талд нь хоосон газар байхаар нь би кадастрын зураглал хийдэг хүнд 40.000 төгрөг өгөөд зураглал гаргасан. Ингээд би Эт зарах газар байна гээд хэлсэн чинь үзмээр байна, манай хуурай ах авах юм гэж хэлэхээр нь би байршлаа зааж өгсөн чинь Э хохирогч М.Т, О.Ж нарын хамтаар ирсэн. Ирээд энэ газрыг зарна би хөөцөлдөж өгнө гэж хэлээд кадастрын зургаа үзүүлсэн чинь болж байна  гээд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр М.Т ахын эхнэр Ж Худалдаа хөгжлийн 000000000 тоот данснаас миний хаан банкны 0000000000 тоот данс руу 50.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэр үед Ж эгч эргээд чамтай яаж холбогдох билээ, ямар нэгэн барьцаа хэрэгтэй гээд надтай гэрээ хийсэн. Би газрын албан дээр очоод асуусан чинь тэр газрыг өгөх боломжгүй, шугам явж байгаа гэж хэлж байсан. Тэгээд би М.Т ахаас авсан мөнгөө өгч чадахгүй байсаар байгаад 2021 оны 4 дүгээр сарын эхээр 9 сая төгрөг өгсөн. Дараа нь 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 10 сая төгрөг шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

  Шүүгдэгч Ч.М нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг.

Уг гэмт хэргийг “бусдад ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зохицуулсан..

               Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ч.М нь газрын гэрчилгээ гаргах эрх бүхий этгээд биш, мөн тухайн Хүннү Молл худалдааны төвийн хажууд байх гарыг эзэмших талаар холбогдох байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй болох нь Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн: “...Тус албанд Ч.М /0000000000/ нь ажиллаж байгаагүй болно” гэсэн албан тоот /хх-ий 114/, мөн “...иргэн Ч.Мн нэр дээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар ашиглуулж, эзэмшүүлж, өмчлүүлсэн эрхийн бүртгэл 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” программд бүртгэлгүй байна.” гэсэн албан тоотын хуулбар /хх-ий 117/ зэргээр нотлогдож байна.

              Улмаар шүүгдэгч Ч.М нь бодит байдал дээр ийнхүү газар зарах боломжгүй, газрын гэрчилгээ олгох эрхгүй этгээд гэдгээ мэдэж байсан хэдий ч уг байдлыг хэлэлгүй нууж, шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олохоор хохирогч М.Тд газар зарна гэж хуурч өөрийн данс руу нийт 50.000.000 төгрөг шилжүүлэн авч, хохирогчийн эд хөрөнгийг буцааж өгөлгүй цааш хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

               Иймд шүүгдэгч Ч.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

               Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

              Энэ хэргийн улмаас хохирогч М.Тд 50.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт хохирогчийн “...2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ч.Мгаас хохирлын мөнгө болох 50.000.000 төгрөгийг бүрэн гүйцэд авч хохиролгүй болсон тул ямар нэгэн гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн бичгээр гаргасан хүсэлт байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, түүний хувийн байдал /...34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “..........” ХХК-д хуулийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../, “...........” ХХК-д хуулийн мэргэжилтэн ажилтай, тогтмол цалин орлоготой зэргийг харгалзан Ч.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой байна.

              Ч.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

              Мөн шүүгдэгч Ч.Мгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ч.Мг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Мд оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Ч.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ч.Мд сануулсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.  

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ү.Ч.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

.          

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР