Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/381

 

 

 

 

 

 

 

 

    2021       07             06                                        2021/ШЦТ/381

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,   

улсын яллагч Б.Хурц /томилолтоор/,

шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Ст холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, “...........” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ........... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г.С /РД:00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.С нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр .......................... дүгээр байрны эсрэг талын автомашины зогсоол дээр иргэн Г.Гын гээгдүүлсэн “Хуавэй пи-30 лайт” маркийн гар утсыг олж аван, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.С нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ................................ дүгээр байрны эсрэг талын автомашины зогсоол дээр иргэн Г.Гын гээгдүүлсэн “Хуавэй пи-30 лайт” маркийн гар утсыг олж аван, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  1. Шүүгдэгч Г.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Голден вилл хотхон руу таксигаар яваад буухдаа гар утсаа гээгдүүлсэн. ...миний гар утсанд өөрчлөгдсөн зүйл алга, гадна тал болон дотор талд байсан бүх юм хэвээрээ байна ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/
  3. Гэрч Г.Г-ийн мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын эхээр Г.С бид хоёр миний ажлыг хийж явсан юм. Ерөнхийдөө амардаг өдрөө надад тусалж миний машиныг барьж явдаг юм. Тэгээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн Голден вилл хотхоны хажуу талаас тамхи авах гэж дэлгүүр орох үедээ замын хажуугаас хар өнгийн Хуавэй маркийн гар утсыг олсон. Тэгээд дэлгүүр ороод юмаа авчихаад машиндаа суугаад надад гар утас оллоо гэж хэлсэн. Тэгээд тэр гар утсаа нилээн хэд хоногийн дараа бараг сарын дараа кодыг нь гаргаад хүүхдийнхээ дугаар хийгээд охин Н-д нөгөө олсон гар утсаа өгөөд бариулсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/
  4. “Дамно” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №ХУ1-21-143 дугаартай: “Хуавэй пи-30 лайт гар утсыг 550.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29/

5. Шүүгдэгч Г.Сын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би эхнэр Г.Г-ийн хамтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Голден вилл хотхонд хүргэлтээр памперс хүргэж явж байгаад хотхоны эсрэг талд байрлах дэлгүүрийн харалдаа машинаа зогсоогоод дэлгүүр лүү яг орох гээд хаалгаа онгойлтол газарт нэг хар өнгийн утасны кэйс байсан юм. Тэгэхээр нь ямар утас юм бол доо гээд авсан чинь нэг Хуавэй маркийн хар өнгийн гар утас байхаар нь аваад халаасалчихсан. Тэгээд дэлгүүрээс авах гэж байсан юмаа аваад нөгөө айлын барааг өгөөд шууд гэртээ харьсан. Замдаа эхнэртэйгээ гар утас олсон талаараа хэлсэн чинь гоё утас байна гэж хэлсэн. Тэгээд гэрт нөгөө утсыг яахаа мэдэхгүй нэлээд хэд хонож байгаад кодыг нь гаргуулаад охиныхоо *********** гэх дугаарыг нөгөө олсон гар утсандаа хийгээд охинд өгсөн юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

  Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.     

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, эд хөрөнгийн үнэлгээний тайлан /№21-143/-г хэрэгт хувийн сонирхолгүй, зохих зөвшөөрөлтэй байгууллага гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

          Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл хөрөнгө” гэдэгт эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйл хамаарах бөгөөд өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж, ашигласан шууд санаатай үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг завших” гэж ойлгоно.

          Мөн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт тооцно.

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.С нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Голден вилла” хотхоны 201 дүгээр байрны эсрэг талын автомашины зогсоол дээр иргэн Г.Гын гээгдүүлсэн “Хуавэй пи-30 лайт” маркийн гар утас буюу эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа гар утсыг олж аван, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж үнэ төлбөргүйгээр авч, хохирогчид буцааж өгөлгүйгээр цааш өөрийн охинд дамжуулан эд хөрөнгийн ашиг олсон үйл баримт тогтоогдлоо.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилжээ.

          Хэрэгт шинжээчээр томилогдон ажилласан Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээний 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №ХУ1-21-143 дугаартай хохирогч Г.Гын гээгдүүлсэн “Хуавэй пи-30 лайт” маркийн гар утсыг 550.000 төгрөг гэж үнэлгээг тогтоосон ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хохирлын бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.       

          Иймд шүүгдэгч Г.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гад баримтаар 550.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт хохирогчийн “...2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өөрийн гар утсаа тус хэлтсээс гадна болон дотор сүлжээ асуудалгүй, бүрэн бүтэн хүлээн авсан. Цаашид гомдол санал байхгүй тул хэргийг хааж өгнө үү “гэсэн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 62/ байх тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал /...32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, “...........” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг.../, тогтмол орлоготой зэргийг харгалзан Г.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно. 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж,

Мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Сын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан ял өршөөн хэлтрүүлэх заалтад хамаарч байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон, бусдад төлөх төлбөргүй байх тул шүүхээс шүүгдэгч Г.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Ст холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

            Мөн шүүгдэгч Г.Сын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч Г.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Сыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй..  

            4. Шүүгдэгч Г.Ст холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР