Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/383

 

 

 

 

 

 

 

 

    2021       07             06                                        2021/ШЦТ/383

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,   

улсын яллагч Б.Хурц /томилолтоор/,

шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Эд холбогдох эрүүгийн 0000000000000000 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ТҮЦ ажиллуулдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ....................... тоотод түр оршин суух хаягтай, урьд

-Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э/РД:00000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Энь Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутагт байх ТҮЦ-д худалдаа хийж байхдаа иргэн Н.Эын үйлчлүүлээд гарахдаа үлдээсэн байсан “...............” банкны 0000000000 дугаартай картыг олж аван, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 2021 оны 4 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутагт байх Яармаг худалдааны төвд байрлах “Хаан банк”-ны АТМ-д картыг уншуулан нийт 4.395.000 төгрөгийг авч бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Энь Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутагт байх ТҮЦ-д худалдаа хийж байхдаа иргэн Н.Эын үйлчлүүлээд гарахдаа үлдээсэн байсан “...............” банкны 0000000000 дугаартай картыг олж аван, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 2021 оны 4 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутагт байх Яармаг худалдааны төвд байрлах “Хаан банк”-ны АТМ-д картыг уншуулан нийт 4.395.000 төгрөгийг авч бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан болох нь:

  1. Шүүгдэгч С.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ТҮЦ-д орж хүнсний зүйл худалдан авч алдсан картаараа 2021 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө 03 цаг 31 минутад 18.500 төгрөгийн зарлагын гүйлгээ, 2021 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө 03 цаг 32 минутад 3000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Тэгээд буцаад машиндаа суусан эсэхээ санахгүй байна. ...Би маргааш орой 17 цагийн орчим ............... банкны интернет банкаар гүйлгээ хийх гээд ороход миний “............... банк”-ны 0000000000 дугаартай данснаас 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өглөө 06 цагаас 12 цагийн хооронд 11 удаагийн үйлдлээр 4.390.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/
  3. Гэрч Н.А-ын мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ярьсан юм. Танай ТҮЦ-нд 50.000 төгрөгийн үнэтэй зүйл байдаг уу иргэнээс ирсэн гомдлын дагуу ярьж байна. Данснаас нь мөнгө гарсан байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би манайд 50.000 төгрөгийн эд зүйл байлгүй яахав дээ, ямар хүнээс яаж ирсэн юм бол тэр хүндээ миний дугаарыг өгчих өө гэж хэлсэн юм. Миний хувьд болохоор 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр бол өөрөө гарч байсан бөгөөд сайн лавлаад байсан чинь 2021 оны 4 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнийн үүрээр л авчихсан юм шиг байна лээ. Миний хувьд болохоор 2021 оны 4 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө бол ТҮЦ дээрээ ажиллаж байсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/
  4. Шүүгдэгч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цагийн орчим ТҮЦ дотроо байхад хаалгаа хаах гээд арай хааж амжаагүй байх үед Н.Э гэх залуу нилээн согтолттой ороод ирсэн юм. Тухайн үед Түргэн үйлчилгээний цэгт ганцаараа байсан юм. Тэгээд орж ирээд миний одоо санаж байгаагаар 10.000 орчим төгрөг баахан идэх зүйл авсан юм. Ингээд тооцоо хийхдээ ............... банкны цэнхэр өнгийн карт өгч тооцоогоо хийсэн бөгөөд одоо пин кодыг нь мартсан байна. ...Ингээд Н.Э гэх залууг ТҮЦ-с гараад явсны дараа 30 орчим минутын дараа өөрийн пос машин дээр тухайн картаар 50.000 төгрөгөөр уншуулж үзэхэд болж байсан юм. Тэгээд би унтаж амарсан бөгөөд маргааш өдөр нь ажлаасаа өдрийн 12 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Яармаг худалдааны төвийн дотор байх Хаан банкны АТМ дээр тухайн ............... банкны картыг уншуулж гүйлгээ хийхэд 500.000 төгрөгөөр зарлага гарч байсан бөгөөд тухайн үед хүн багатай, хөл хорио тогтоосон байсан учраас миний хувьд тухайн АТМ дээр яг нийт хэдэн удаагийн үйлдлээр гүйлгээ хийсэн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн цэнхэр өнгийн ............... банкны виза картаас 4.890.000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг би өөрөө буруу зүйл хийсэн учраас тэгээд шилжүүлчихсэн юм. Ингээд би тухайн картаас авсан мөнгөнөөсөө 2.000.000 төгрөгийг нь хадгалж байсан учраас хохирогчид тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн. Үлдсэн өөрийнхөө үрсэн мөнгө буюу 2.890.000 төгрөгийг буцаан дансаар 2 хувааж шилжүүлж хохирлыг барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч нь урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 31-33/-аар тогтоогдлоо. Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.     

          Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

          Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл хөрөнгө” гэдэгт эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйл хамаарах бөгөөд өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж, ашигласан шууд санаатай үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг завших” гэж ойлгоно.

          Мөн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт тооцно.

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч С.Энь ТҮЦ-д худалдаа хийж байхдаа иргэн Н.Эын үйлчлүүлээд гарахдаа үлдээсэн байсан буюу гээгдэл эд хөрөнгө болох “...............” банкны 0000000000 дугаартай картыг олж аван, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 2021 оны 4 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутагт байх Яармаг худалдааны төвд байрлах “Хаан банк”-ны АТМ-д картыг уншуулан нийт 4.395.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж үнэ төлбөргүйгээр авч, хохирогчид буцааж өгөлгүйгээр цааш өөрийн хэрэгцээнд ашигласан үйл баримт тогтоогдлоо.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилжээ.

          Гэмт хэргийн улмаас хохирогчид баримтаар 4.395.000 төгрөгийн хохирол учирсан ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хохирлын бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.       

          Иймд шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Эт баримтаар 4.395.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “Н.Эт 2.000.000 төгрөгийг хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /хх-ийн 8/, хохирогчид 2.890.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 34-35/ авагдсан буюу 4.890.000 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал /...36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ТҮЦ ажиллуулдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг.../, тогтмол орлоготой зэргийг харгалзан С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.   

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж,

Мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.Эын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан ял өршөөн хэлтрүүлэх заалтад хамаарч байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон, бусдад төлөх төлбөргүй байх тул шүүхээс шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

            Мөн шүүгдэгч С.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй. 

            4. Шүүгдэгч С.Эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР