Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1621

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Монретранс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/01241 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Монретранс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч”Бужгар орд” ХХК, Г.Нинжгаваа нарт холбогдох,

Тээвэрлэлтийн төлбөрт төлсөн 16 665 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандорж,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Гарьд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бужгар Орд” ХХК-ийн захирал Г.Нинжгаваа нь “Монретранс” ХХК-иар Дорноговь аймгийн Айраг өртөөнөөс ОХУ-ын Нуашки өртөө хүртэл 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 11 вагоноор 5 удаагийн тээвэрлэлтээр хайлуур жонш тээвэрлүүлсэн. Манай компани тээвэрлэлтийг зохих ёсоор бүрэн бүтэн гүйцэтгэж, тээвэрлэлтийн хөлс 16 665 000 төгрөгийг Г.Нинжгаваагаас гаргуулахыг хүсэхэд худалдан авагч ОХУ-ын “Новошпат” ХХК төлнө гэж биднийг төөрөгдүүлэн төлбөрийг Улаанбаатар төмөр замын санхүү нягтлан бүртгэлийн албанд төлүүлсэн.

Г.Нинжгаваа нь ОХУ-ын “Новошпат” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Жонш бэлтгэн нийлүүлэх гэрээ хийсэн байсан бөгөөд уг гэрээндээ олон улсын худалдааны /Инкотермс 2010/ дүрмийг заавал дагаж мөрдөхөөр заасан байсан ба ОХУ, Нуашки өртөөнд DАР нөхцлийн дагуу хүргэгдэхээр заасан байдаг. Уг гэрээ ёсоор бол Айраг өртөөнөөс ОХУ-н Нуашки хүртэл худалдагч буюу Г.Нинжгаваа нь тээвэрлэлтийн зардлыг бүрэн хариуцахыг мэдсээр байж манай компаниар төлүүлж 16 665 000 төгрөгийн хохирол учруулсан атал өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй хохироосон. Г.Нинжгаваа нь ОХУ-ын “Новошпат” ХХК төлбөрөө дутуу хийсэн эхлээд тус компанитай төлбөр тооцоо хийж дуусаад дараа нь танай тооцоог хийнэ гэх шалтгаанаар төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа болно. Иймд “Бужгар Орд” ХХК болон Г.Нинжгаваа нараас тээвэрлэлтийн төлбөрт төлсөн дээрх 16 665 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бужгар Орд” ХХК нь “Монретранс” ХХК-тай олон улсын ачаа тээвэрлэлтийн болон өөр ямар нэгэн гэрээ байгуулаагүй байхад тээвэрлэлтийн төлбөрт 16 665 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иргэний эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар үүснэ гэж хуульчилсан. Хэлцэл гэдэгт эрх зүйн үр дагаварт чиглэсэн хүсэл зоригийн илэрхийллийг ойлгох ба энэ нь гэрээ байгуулах замаар илэрнэ. Харин “Бужгар Орд” ХХК болон тус компанийн менежер Г.Нинжгаваа нар нэхэмжлэгч байгууллагатай ямар ч гэрээ хийж байгаагүй, гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн санал болон хүлээн зөвшөөрсөн санал явуулж байгаагүй, талуудын хооронд үүргийн болон иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд эрх, үүрэг хүлээсэн, гэрээний агуулга, тохиролцоо, гэрээний үнийн дүн хэзээ, хэрхэн гэрээ дуусгавар болох гэрээний хариуцлага зэрэг тохиролцоо хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй. Иймд Иргэний хуулийн 8.1.1, 39.1, 186.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд гэрээ хэлцэл, байгуулагдаагүй үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх үүсээгүй байна.

Харин “Бужгар Орд” ХХК болон “Новошпат” ХХК-ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр нэг тал нь хайлуур жоншны баяжмал бэлтгэн нийлүүлэх, нөгөө тал гэрээний зүйлийг хүлээн авч гэрээний үнийг төлөх үүрэг хүлээсэн. Талууд гэрээндээ үнийн талаар тохирсон байдаг. Үнийн дүнд барааны үнэ, чингэлэг ба баглаа боодол, тэмдэглэгээ, тээврийн зардал, гаалийн зардал болон татвар орно гэж зарагдаж байгаа барааны үнийн дүнд тээврийн зардал нь шингэсэн нөхцөлтэй байгуулсан. Талууд гэрээгээр тээврийн асуудлаа шийдсэн байх тул тээврийн зардал төлөх үүрэг үүсээгүй.

Тээврийн Прокурорын газрын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 44 тоот мэдэгдэх хуудсанд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалыг хянавал, дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан ...бусдын эд хөрөнгийг мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул.., хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг “Монретранс” ХХК-д мэдэгдсэн байна. Хавтас хэрэгт нэхэмжлэлийг хэн гаргаж байгаа нь тодорхойгүй, Ерөнхий захирал А.А.Черных гэдэг хүн гаргасан. Харин компанийн гэрчилгээнд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс Дмитрий Кохоловыг захирлаар бүртгүүлж “Монретранс” компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болсон.

Уг хэрэгт хариуцагч нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг “Бужгар Орд” ХХК болон тус компанийн менежер Г.Нинжгаваа нарт холбогдуулж гаргасан. “Бужгар Орд” ХХК-ийн хуулийн этгээдийн албан ёсны хаяг Баянгол дүүрэгт байдаг, харин менежер Г.Нинжгаваагийн гэрийн хаяг Хан-Уул дүүрэгт байдаг ба хуулийн этгээдийн ажилтны гэрийн хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Дээрх гэрээний 10-р зүйлд маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар талууд тохиролцсон бөгөөд 10.2-т ... энэхүү гэрээнээс эсвэл түүнтэй холбоотой гэрээний гүйцэтгэл, зөрчил, гэрээг цуцлах болон хүчингүй болгохтой үүссэн бүх зөрчил маргааныг Свердловск мужийн /ОХУ/ Арбитрийн шүүхээр шийдвэрлүүлнэ. Арбитрийн шүүхийн шийдвэр нь талуудын хувьд эцсийн болоод заавал биелэгдэх шинжтэй байна. Энэхүү гэрээ нь ОХУ-ын хууль тогтоомжийг удирдлага болгоно гэж зохицуулсан. Иймд талуудын хооронд гэрээ байгуулаагүй, үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Монретранс” ХХК-ийн тээвэрлэлтийн төлбөрт төлсөн 16 665 000 төгрөг гаргуулах тухай “Бужгар Орд” ХХК болон Г.Нинжгаваа нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241 275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх нэг талыг баримталсан, нотлох баримтыг буруу үнэлсэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Манай “Монретранс” ХХК-тай өөрийгөө “Бужгар Орд” ХХК-ийн захирал гэж танилцуулсан Г.Нинжгаваа нь 11 вагон хайлуур жоншийг Дорноговь аймгийн Айраг өртөөнөөс ОХУ-ын Наушки өртөө хүртэл ачуулах хүсэлт тавьсны дагуу 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 5 удаагийн тээвэрлэлтийг зохих ёсоор бүрэн бүтэн гүйцэтгэж, хөлс болох 16 665 000 төгрөгийг хариуцагчид хэлэхэд ОХУ-ын “Новошпат” ХХК төлнө гэж итгүүлэн үнэмшүүлж, төөрөгдүүлэн Улаанбаатар төмөр замд манай компаниар төлүүлсэн.

“Бужгар Орд” ХХК нь ОХУ-ын “Новошпат” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Жонш бэлтгэн нийлүүлэх гэрээ хийсэн байдаг ба уг гэрээний 4.1-д “...гэрээнд заасан бараа нь ОХУ, Наушки өртөөнд DAP нөхцлийн дагуу төмөр замын тээврийн хэрэгслээр хүргэгдэнэ” гэж заасан байна. DAP гэдэг нь олон улсын худалдааны “Инкотермс” дүрэмд зааснаар худалдагч тал болох “Бужгар Орд” ХХК нь хайлуур жоншийг Айраг өртөөнөөс ОХУ-ын Наушки өртөө хүртэл тээврийн зардлыг хариуцах ба ОХУ-ын “Новошпат” ХХК нь ОХУ-ын Наушки өртөөнөөс цааш тээвэрлэлтийн зардлыг хариуцах зохицуулалтыг зааж өгсөн баримт бичиг болно.

Шүүх “Монретранс” ХХК-ийн толгой компани болох ОХУ-ын Иркутск хотод үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын “Монретранс” ХХК болон ОХУ-ын “Новошпат” ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэн Дорноговь аймгийн Айраг өртөөнөөс ОХУ-ын Наушки өртөө хүртэлх тээврийн зардлыг ОХУ-ын “Новошпат” ХХК нь үйлчилгээний хөлсийг төлөх үүрэг хүлээсэн байна, мөн “Новошпат” ХХК болон “Бужгар орд” ХХК хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Бэлтгэн нийлүүлэх гэрээгээр худалдан авагч хүлээн авч байгаа барааны үнэ болон тээврийн зардлыг төлөхөөр тохиролцсон байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэтэрхий нэг талыг барьсан, буруу дүгнэлт болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Монретранс” ХХК нь хариуцагч “Бужгар орд” ХХК, Г.Нинжгаваа нарт холбогдуулан тээвэрлэлтийн төлбөрт төлсөн 16 665 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

“Монретранс” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Новошпат” ХХК-тай Олон улсын тээвэр зохион байгуулахад тээвэр экспедицийн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр Экспедитор “Монретранс” ХХК нь улс хоорондын ачаа тээврийн зохион байгуулах үед тээвэр экспедицийн үйлчилгээг төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан үзүүлж, үйлчлүүлэгч “Новошпат” ХХК үйлчилгээний хөлс төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Мөн “Новошпат” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Бужгар орд” ХХК-тай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр бэлтгэн нийлүүлэгч “Бужгар орд” ХХК нь хайлуур жоншны баяжмалыг бэлтгэн нийлүүлж, худалдан авагч “Новошпат” ХХК хүлээн авч үнийг төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогджээ. /хх29-37, 41-43/

 

Нэхэмжлэгч нь “тээвэр экспедицийн үйлчилгээг төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн вагоныг ашиглан үзүүлсэн бөгөөд хариуцагч нар тээвэрлэлтийн зардлыг хариуцах ёстойг мэдсэн байж манай компаниар төлүүлсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан мэтгэлцэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг татгалзлын үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монретранс” ХХК нь өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн үндэслэлээр “Бужгар орд” ХХК-иас 16 665 000 төгрөгийг шаардах эрхгүй талаар шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Түүнчлэн шүүхээс хэргийн оролцогч нарын эрх зүйн байдал, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх болон хэргийн харъяалал зэрэгт хамаарах хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах гомдолд дурдснаар хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/01241 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 241 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА