Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 23

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

улсын яллагч П.Энхболд,

шүүгдэгч Б.Амартүвшин, түүний өмгөөлөгч Б.Золзаяа /ҮД: 0-648/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Уранборжигон овогт Баярхүүгийн Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201501000189 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дорноговь аймаг дахь газрын шалгагч ажилтай байсан,  ам бүл 3, 5-аас 15 насны 2 хүүхдийн хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2-р баг шнб 1/8 дугаар байрны 06 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Уранборжигон овогт Баярхүүгийн Амартүвшин /РД: ЕН76062003/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Амартүвшин нь Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дорноговь аймаг дахь Замын-Үүд автозамын боомтоор гарах чиглэлд шалгагчийн албан үүрэг гүйцэтгэж байхдаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хил нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн БНХАУ-ын иргэн Жан Шуай /Zhang Shuai/-г 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хил нэвтрэлтийн Борекс программын бүртгэлд бүртгэлгүйгээр түүний гадаад паспортанд штамп дарж Монгол Улсын хилээр гарган албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, иргэн В.Алтанцэцэгээр зуучлуулан 2,000,000 /хоёр сая/ төгрөг хээл хахуульд авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Амартүвшин: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. ...Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Гэрч Б.Ариунцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...14280428 дугаартай Жан Шуайд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг ажил хүлээлцэх комиссоос хүлээж авсан. ...Энэ хэргийг хүлээж авахад Жан Шуай олдохгүй байсан бөгөөд хэрэгт хилийн хориг тавьсан байсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Жан Шуайг шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн үндэслэлээр шалгуулахаар хандсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгээд Монгол Улсын хилээр гарсан байна гээд хэргийг түдгэлзүүлсэн. Жан Шуай нь БНХАУ-ын Эрээн хотод 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өмгөөлөгч Үлэмжид итгэмжлэл олгосон байгаа юм...” /1хх-ийн 231-233/ гэсэн,

 

Гэрч Ж.Пүрэврагчаа  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Монгол улсын иргэн В.Ганзориг, түүний хамтран амьдрагч БНХАУ-ын иргэн Жан Шуай нараас төлбөр гаргуулахаар шүүхэд хандсан. ...540,0 сая төгрөг авахаар шүүхийн шийдвэр гарсан. ...2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээг байгуулж ажиллагаа эхэлсэн. Манай хэрэг нь шийдвэр гүйцэтгэгч Ч.Батбилэг дээр хуваарьлагдсан. 2014 оны 8 дугаар сарын дундуур манай зүгээс хүсэлт гаргаад шийдвэр гүйцэтгэх алба Жан Шуайг хилээр нэвтрэхийг хориглосон. Хилийн хориог тавьснаас хойш хилийн хоригоо цуцлуулах талаар надаас болон шийдвэр гүйцэтгэх албанд олон удаа хүсэлт тавьсан. Жан Шуай нь надад би Монголоос мөнгө олж чадахгүй байна, Хятадаас мөнгө олж ирье гээд байсан. Миний зүгээр төлбөрийн 50 хувийг төлөх юм бол хил нэвтрэх эрхийг чинь зөвшөөрч болох юм гэж хэлсэн. ...Хилийн лавлагаа авахаар 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсад орж ирсэн байна. Монгол Улсын хилээр гаргаагүй тухай лавлагаа ирээд байдаг. ...Эрүүгийн цагдаагийн газраас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 109/3809 албан бичгээр 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 09 цаг 35 минутад Эрээн хотын боомтоор хил нэвтэрсэн болохыг мэдэгдсэн...” /2хх-ийн 2-3/,

 

Гэрч Ч.Мөнхтамир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хилийн хориг нууцлалтай учраас би дангаараа хариуцдаг. ...Шалгагч бүрт хилээр нэвтрэхийг хориглосон хүмүүсийн нэрийг компьютерын файл хэлбэрээр болон цаасан хэлбэрээр өгдөг. ...Хилийн лавлагааг нь программаас шүүж үзэхэд Жан Шуай нь 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсад Буянт-Ухаа боомтоор орж ирсэн, буцаж гарсан талаар мэдээлэл байдаггүй. Энэ хүнийг Шийдвэр гүйцэтгэх газраас 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн бичгээр хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн байна. Одоо ч түдгэлзүүлсэн хүний нэрсэд хэвээр байна. Хил нэвтрэх эрхийг нь сэргээгээгүй байна...” /2хх-ийн 10-11/ гэсэн,

 

Гэрч Д.Нямсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Амартүвшинг сайн танихгүй, харин түүний аав С.Баярхүү, ээж Х.Чулуунцэцэг нарыг сайн танина.  Б.Амартүвшинд Замын-Үүд суманд байх байраа түрээсэлж байсан. 2014 оны 7 дугаар сарын сүүлээр байраа түрээслүүлж эхэлсэн. 2014 оны 12 дугаар сарын дундуур Б.Амартүвшингээс 9, 10, 11, 12, 1 дүгээр сарын нийт 5 сарын байрны хөлс болох 1,750,000 авсан. Манай охин Завхан аймгаас ирээд байраа түрээслүүлэхээ больсон. Албан ёсоор гэрээ байгуулсан зүйл байхгүй. Амаар ярьж тохирсон...” /2хх-ийн 102-103/ гэсэн,

 

В.Алтанцэцэг мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 12 дугаар сарын эхээр бараа татах гээд Замын-Үүдэд очсон байхдаа Жан Шуайтай тааралдсан. Жан Шуай нь орчуулагч Оргил гэх залуутай хамт түүний Бенз жийп маркийн автомашинтай явж байсан. ...2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн өглөө Жан Шуайг Монгол Улсын хилээр гарсаны дараа орой ажил тарсан байхад Амартүвшинтэй уулзаж 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг 20,000 төгрөгийн дэвсгэртээр орчуулагч Оргилын Бенз Жийп маркийн автомашин дотор өгсөн. Би Жан Шуайгаас 2,000,000 төгрөгийг өглөө нь Монгол Улсын хилээр гарахаас өмнө бэлнээр авсан байсан. Энэ мөнгийг хил гарсаны дараа шалгагч Амартүвшинд өгсөн. Би хээл хахуульд зуучилсан гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” /2хх-ийн 226/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Амартүвшин мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Алтанцэцэг эгч над руу 99117837 дугаараас залгасан. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өглөө ажил цуглахаас өмнө над руу ахиж залгаад уулзая гээд вокзал дээр машинтай зогсож байхад нь би машинд орж суусан. Би Алтай эгчид та хүнээс мөнгө авчихаад алга болчихсон гэдгийг нь хэлэхэд эгч нь мөнгийг нь одоо  өгнө, харин Жан Шуайгаас мөнгө авах ёстой юм, энэ хүнийг Хятад руу гаргах хэрэгтэй байна Монголд жоохон асуудалтай байгаа, гэхдээ зүгээрээ буцаад ороод ирнэ. Компьютерын бүртгэлд хилийн хориг тавьсан байгаа байх гэсэн. Би  ажил руугаа ороод байж байхад 09 цаг өнгөрч байхад Жан Шуай нь орчуулагч Оргилын хамт ирсэн. Би Оргилыг бүртгээд Жан Шуайг компьютерт бүртгэлгүйгээр штампаа дараад гаргасан. Тэр орой ажил тарсаны дараа Алтай эгчтэй вокзал дээр машин дотор нь уулзаад 2,0 сая төгрөгийг бэлнээр авсан. ...Би тэр мөнгөөр 5 сарын байрны түрээсийн төлбөр 1,750,000 төгрөг өгсөн. Үлдсэн 250,000 төгрөгийг өөрийн хэрэглээндээ зарцуулсан. ...Бичиг баримт нь хүчин төгөлдөр бус, эсвэл хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй. Би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үедээ 2,0 сая төгрөг өгөн гэхээр нь гаргасан. Энэ үйлдэлдээ гэмшиж байна...” /2хх-ийн 162-163, 165-167/ гэсэн мэдүүлгүүд,

- Иргэний харьялал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 06/4106 дугаар албан тоот,

- Иргэний харьялал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03/7611 дугаар албан тоот, хавсралт /1хх-ийн 179-180/,

- Иргэний харьялал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06/1879 дугаар албан тоот, хавсралт /2хх-ийн 112-113/,

- Эрүүгийн цагдаагийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10д/3809 дугаартай албан тоот /1хх-ийн 98, 2хх-ийн 04/,

- Архивын баримт болон хил нэвтрэгстийг бүртгэх программд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 187-194/,

- Шүүгдэгч Б.Амартүвшингийн иргэний үнэмлэхийн хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 171,172/,

- Тодорхойлолт /2хх-ийн 173, 175/,

- Орон нутаг дахь газрын шалган нэвтрүүлэх хэлтсийн шалгагчийн ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 221-223/,

- Шүүгдэгч Б.Амартүвшингийн хувийн байдалтай холбоотойгоор түүний хувийн хэргийн хуулбар /2хх-ийн 232-250, 3хх-ийн 1-3/,

- Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3хх-ийн 4-7, 8-10/ зэрэг болно.  

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Б.Амартүвшин нь Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дорноговь аймаг дахь Замын-Үүд авто замын боомтоор гарах чиглэлд шалгагчийн албан үүрэг гүйцэтгэж байхдаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хил нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн БНХАУ-ын иргэн Жан Шуай /Zhang Shuai/-г 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хил нэвтрэлтийн Борекс программын бүртгэлд бүртгэлгүйгээр түүний гадаад паспортанд штамп дарж Монгол Улсын хилээр гарган албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, иргэн В.Алтанцэцэгээр зуучлуулан 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хээл хахуульд авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Б.Ариунцэцэг, Ж.Пүрэврагчаа, Ч.Мөнхтамир, Д.Нямсүрэн нарын мэдүүлгүүд, В.Алтанцэцэгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Иргэний харьялал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 06/4106, 03/7611, 06/1879 албан тоот, Эрүүгийн цагдаагийн газрын 10д/3809 дугаартай албан тоот, архивын баримт болон хил нэвтрэгстийг бүртгэх программд үзлэг хийсэн тэмдэглэл, ажлын байрны тодорхойлолт, шүүгдэгч Б.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Амартүвшинд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Амартүвшингийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан төрийн  албан тушаалд ажиллах эрхийг хуульд заасан хугацаагаар хасч хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ ...эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана.” гэж заасан ба шүүгдэгч Б.Амартүвшин нь иргэн В.Алтанцэцэгээр зуучлуулан 2,000,000 /хоёр сая/ төгрөг хээл хахуульд авсан болох нь түүний мэдүүлгээр тогтоогдсон байх тул гэмт хэрэг үйлдэж олсон 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Амартүвшин урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь 2 дугаар хавтаст хэргийн 172 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.         

 

Шүүх шүүгдэгч Б.Амартүвшинд ял оногдуулахдаа анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа “...шүүгдэгч Б.Амартүвшинд ондогдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болно” гэсэн заалт нь шүүхэд үүрэг болгосон заалт биш бөгөөд шүүгдэгч Б.Амартүвшингийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж олсон 2,000,000 төгрөг төлөгдөөгүй зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжгүй байна гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг дараахь үндэслэлээр дор дурдсан хугацаагаар түдгэлзүүлнэ: 1/ гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан бол уг хэргийг шийдвэрлэх хүртэл” гэж заасан тул шүүгдэгч Б.Амартүвшингийн гадаадад зорчих эрхийг түр түдгэлзүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлах нь зүйтэй.

 

Эрүүгийн 201501000189 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Амартүвшин цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Уранборжигон овогт Баярхүүгийн Амартүвшинийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар шүүгдэгч Б.Амартүвшинд төрийн албан тушаалд ажиллах эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч,  /02/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

                

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Амартүвшинд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Амартүвшинд оногдуулсан төрийн албан тушаалд ажилах эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Б.Амартүвшинөөс 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. Эрүүгийн 201501000189 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Амартүвшин бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч Б.Амартүвшиний гадаадад зорчих эрхийг түр түдгэлзүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Амартүвшинд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Амартүвшинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР