Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 00047

 

                  

 

                                           

 

 

 

 

 

 

                                          

                                             С.Г, Б.П нарт

        холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

       Шүүх хуралдаанд:        

 

                   Прокурор                                              Г.Эрдэнэбаатар

                   Шүүгдэгч                                             С.Г, Б.П

                 Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Д.Оюунчимэг, Ж.Шинэжаргал

                   Хохирогч                                           Б.Ү,

                   Иргэний хариуцагч                           М.Ариунзул

                   Нарийн бичгийн дарга                       Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

   Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолтой С.Г, Б.П нарт холбогдох, 1725003440243 дугаартай эрүүгийн хэргийн шүүгдэгч Б.П, шүүгдэгч С.Гын өмгөөлөгч Ж.Шинэжаргал болон  дээд шатны прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 7, эх, эгч дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Б овгийн Б-ын П,

 

Монгол Улсын иргэн Булган аймгийн Могод суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, трактор комбайнч, жолооч мэргэжилтэй, “ХХ” ХХК-ний нийтийн тээврийн үйлчилгээнд автобусны жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах,  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран оршин суух, урьд  нь 1997 онд Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.2.д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж байсан,  Ш овгийн С-ын Г,

            .

Шүүгдэгч С.Г нь 24-77 ОРХ улсын дугаартай “Хюундай Каунти” маркийн машин  жолоодож,  шүүгдэгч Б.П нь улсын дугааргүй мотоцикль жолоодож яваад 2017 оны 10 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 26 дугаар гудамжны баруун талд төв зам дээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж мөргөлдсөний улмаас зорчигч Ж.Б-ын амь насыг нь хохирсон  гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч БП-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш овгийн С-ын Гыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.д  зааснаар шүүгдэгч Б.П-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар  хорих ялаар, шүүгдэгч С.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэн,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 6.д  зааснаар шүүгдэгч Б.П, М.Г нарт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г, Б.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.П нь хохирогчид 1 600 000 төгрөгийг төлсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Ү нь амь хохирогчийн оршуулгын зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

 

Шүүгдэгч Б.П давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.27-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаж байна.

 

Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Талийгаач бол миний ээжийн төрсөн дүү бөгөөд миний нагац ах юм. Ээжийн буюу миний нагац ах талийгаач Б-ын аав, миний өвөө Ж маань Архангайд нас бараад бид ажил явдалд нь оролцоод 2017 оны 10 дугаар сарын 25-нд Эрдэнэтэд ирээд түүнийг гэрт нь хүргэж өгөх гээд өөрийнхөө гэрээс гараад тэднийх  рүү явах замд осол гарсан юм. Уг нь манай хоёр гэр хоорондоо ойрхон боловч Б ах бага зэрэг халамцуу зовлон ярьж уйлаад хэцүү байсан тул хүргэж өгөх гээд явж байгаад ийм харамсалтай явдал болсон. Би маш их харамсаж байна. Бас ээж минь маш их зовж байгааг бодохоос их хэцүү байна. Нэг зэрэг гурван хамарсалтай явдал болж, сэтгэлийн зовлонд ээжийгээ унагаачихлаа. Би урьд нь хэрэгт холбогдож байгаагүй анх удаа хэрэгт орлоо.

 

Надад шүүхээс нэг жил 6 сар хорих ял оногдуулсныг би уг нь хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би багаасаа сургуульд суралгүй, хар ажил хийж өссөн болохоор нуруу татдаг өвчтэй болсон. Өөрөө халуун жин тавьж, өвчин намдаах эм ууж байгаад гамгүй болгочихдог зуршилтай болсон. Одоо тэгж чадахгүй болохоор нуруу минь татаад тун хэцүү байна. Би уг нь жолоочийн эрхтэй боловч мотоцикль жолоодох эрхгүй юм. Энэ миний буруу. Иймд оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал давж заалдах гомдолдоо:

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. С.Г нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт 24-77 ОРХ улсын дугаартай, “Хюундай Каунти” маркийн   машинаар  ажил үүргээ гүйцэтгэж явахдаа улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж үүний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдсон. Прокурорын газраас Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхээс түүнд 1 жил 6 сар хорих ялаар шийтгэсэн. Хохирогчийн зүгээс гэм хорын хохиролд 2.205.700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

С.Г одоо цагдан хорих ангид хоригдож байгаа. Түүний хувьд санамсар болгоомжгүйгээр үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж гэм буруугаа хүлээж байна. Хохирогч Үд гэм хорын хохиролд 2.205.700 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс нэхэмжлэх санал гомдол байхгүй байгаа.

 

Иймд дээрхи байдлыг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон С.Гт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэн харгалзаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд оролцоно гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхэд бичсэн дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

 

С.Г нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 24-77 ОРХ улсын дугаартай “Хюндай Каунти” маркын машин, Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй мотоцикль жолоодож яваад Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 26 дугаар гудамжны баруун талд төв зам дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж мөргөлдсөний улмаас зорчигч Ж.Б-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч БП, С-ын Г нарыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 .д зааснаар тус бүр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сар  хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Б.П нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн өөрөөр хэлбэл согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний согтуурлын зэргийг шалгасан тухай баримт /хх-ийн 59-60-р тал/, гэрч С.Сүнжидмаагийн мэдүүлэг / хх-ийн 62-р тал/, шүүгдэгч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / хх-ийн 75-75-р тал / зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 .д “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 4.1 .д согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол гэж хүндрүүлэн зүйлчилсэн байтал улсын яллагч Т.Ганзориг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 .д зааснаар Б.Пг ялласан, анхан шатны шүүх мөн улсын яллагчийн ялласан зүйл, хэсгийн дагуу ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичлээ.., давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоно гэжээ.  

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Эрдэнэбаатар дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна.., шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

        

           Орхон аймгийн Прокурорын газраас:

 

           Шүүгдэгч С.Гыг 24-77 ОРХ улсын дугаартай “Хюундай Каунти” маркийн машин  жолоодож, шүүгдэгч Б.Пг  улсын дугааргүй мотоцикль жолоодож яваад 2017 оны 10 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 26 дугаар гудамжны баруун талд төв зам дээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж мөргөлдсөний улмаас зорчигч Ж.Б-ын амь насыг нь хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Б.П, С.Г нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.д зааснаар шүүгдэгч Б.Пгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар хорих ялаар, шүүгдэгч С.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэн, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

 

           Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.П болон шүүгдэгч С.Гын өмгөөлөгч Ж.Шинэжаргал мөн дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэнийг үндэслэн хэргийг хянаж үзвэл шүүгдэгч Б.П архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байхад прокурор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.., анхан шатны шүүх энэ зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчид ял оногдуулжээ.

 

           Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байхад түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.3.д зааснаар зүйлчилж, ял оногдуулах  нь зүйтэй байна.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

           Шүүгдэгч Б.П болон шүүгдэгч С.Гын өмгөөлөгч Ж.Шинэжаргал нарын давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.П, С.Г нарт холбогдох, 1725003440243 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

        2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Б.П болон шүүгдэгч С.Гын өмгөөлөгч Ж.Шинэжаргал нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

        3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч  Б.П, С.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

        4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                    

 

 

                       

                       ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                      С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                            Ц.ТУЯА