| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2018/0977/З |
| Дугаар | 206 |
| Огноо | 2019-03-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 206
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ж, Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, Б.Б нарыг оролцуулан “А.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.О.А.Ж.С-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: “А.Т” ХХК
Хариуцагч: Б.О.А.Ж.С
Нэхэмжлэлийн шаардлага: Б.О.А.Ж.С-ын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 тоот “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” тушаалын хавсралт хүснэгтийн 9 дэх мөрөнд "А.Т" ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсныг хүчингүй болгуулах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А.Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “А.Т” ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших, Богдхан уулын дархан цаазат газрын Ч******* хэмээх газарт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/27 тоот тушаалаар 1.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглахаар 2016/146 тоот гэрчилгээ авсан.
Дээрх газар ашиглах эрхтэй холбогдуулан Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 320 тоот газар ашиглах эрх цуцлах тухай хуулийн үндэслэлгүй албан тоот ирүүлсэн. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 320 тоот Газар ашиглах эрх цуцлах тухай албан бичгийг тухайн үед манай байгууллага хүлээн авсан боловч энэхүү тоотоор газар ашиглах эрх цуцлагдахгүй тул гомдол гаргаагүй.
Өнөөдрийг хүртэл энэхүү албан тоотын дагуу ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байсан төдийгүй Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь манай газар ашиглах эрхийг цуцлах эрх бүхий этгээд биш тул манай компани 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 014/10 тоот “Хүсэлт гаргах тухай” албан тоотоор "манай компанийн газар ашиглах гэрчилгээ хүчинтэй байгаа талаарх тодорхойлолтыг бидэнд гаргаж өгнө үү'' гэсэн бичиг явуулсан.
Гэтэл 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10/6461 тоот албан бичгээр “Б.О.А.Ж.С-ын 2018 оны А/76 дугаар газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай тушаалаар танай газар ашиглах эрх хүчингүй болсон байна” гэсэн хариу ирүүлсэн.
Тус компанийн зүгээс Газрын тухай хууль болон Газар ашиглах гэрээнд заасан үүргээ биелүүлж газрын төлбөрийг улирал бүр төлж, зориулалтыг нь өөрчлөхгүйгээр үйл ажиллагаа явуулахаар зохих ажлуудыг төлөвлөж байсан боловч ийнхүү үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан байна.
Манай компани Б.О.А.Ж.С-ын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаал гарсныг мөн яамны 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10/6461 тоот албан бичгээр хариу ирсний дагуу мэдсэн болно. Энэхүү А/76 дугаар тушаалтай холбогдуулан Байгаль орчны сайдад өөрт нь гомдол гаргахгүйгээр шууд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Б.О.А.Ж.С-ын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 тоот “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” тушаалын хавсралт хүснэгтийн 9 дэх мөрөнд байгаа "А.Т" ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.О.А.Ж.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.3-д ”... Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно”, мөн Тусгай хамгаалалттай газар нутаг дахь, эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага “MNS 6426:2013” ерөнхий шаардлагын 5.1.2-т “Эдэлбэр газрын байршлыг сонгохдоо гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсээс гадагш хамгаалагдсан ойн сан бүхий газраас 200 метрээс гадагш сонгоно” гэж заасныг, мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 50 дугаартай тогтоол зэргийг тус тус зөрчиж “А.Т” ХХК-д ашиглуулахаар олгосон 1.4 га газрын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан 2018 онд газрын төлбөр төлөөгүй, тухайн газар дээр үл хөдлөх хөрөнгө байхгүй зэрэг үндэслэл бүрдсэн.
2. Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу хэвлэлийн бага хурал зарлан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан ба 04 дүгээр сарын 03-ны өдрийн Т\/5 телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр цацагдсан мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 43 дугаар зүйлд заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 320 албан бичгээр мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор шууд шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан ба нэхэмжлэгч “А.Т” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд хандсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдүүлсэн байна.
Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А.Т” ХХК-иас “Б.О.А.Ж.Сын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 тоот “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” тушаалын хавсралт хүснэгтийн 9 дэх мөрөнд байгаа "А.Т" ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Маргаан бүхий А/76 тоот тушаалын нэмэлт өөрчлөлт болох 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/427 тоот тушаал нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчаас гаргасан бөгөөд нэмэлт өөрчлөлт орсноор А/76 тоот тушаал хүчингүй болоогүй тул А/427 тоот тушаалтай маргахгүй тухай тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд хийсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар болон бодит нөхцөл байдал зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс маргаж буй А/76 дугаар тушаалаар дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон бөгөөд “А.Т” ХХК-иас захиргааны актын үндэслэл болсон хууль тогтоомжийг бодит байдалд зөрчөөгүй, байгалийн унаган төрхийг алдагдуулах үйл ажиллагаа явуулаагүй, хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх гэсэн зарчмыг зөрчсөн, сонсох ажиллагааг хууль журмын дагуу хийгээгүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Б.О.А.Ж.С-ын тушаалаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцлах эрхтэй субъект биш, зөвхөн яаманд шууд харьяалагддаг байгууллага тул тэдний албан бичгээр бидний эрх зөрчигдөнө гэж үзээгүй тул гомдол гаргаагүй гэж,
Хариуцагчаас холбогдох хууль журам, тогтоолын дагуу газар ашиглах эрхийг дуусгавар болгосон, маргаан бүхий тушаалтай холбоотойгоор сонсох ажиллагаа хийсэн, нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн гэж тус тус маргасан.
“А.Т” ХХК нь Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Чандманы аманд 1,4 га га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах 2016/146 тоот гэрчилгээг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр авч, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулжээ.
2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний 1.4в-д “Голын хамгаалалтын бүсэд хамааралгүй” гэж зааснаар гэрээг баталсан хирнээ хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахдаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 тоот тушаалыг баримталсан байна.
Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага “А.Т” ХХК-д тухайн газрыг ашиглах эрх олгож, гэрээ байгуулах шийдвэр гаргахаас өмнө үүсч болзошгүй үр дагаврыг урьдчилан судалж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрээ гаргах ёстой байтал хариуцагч анх тухайн газрыг ашиглуулах боломжтой гэж үзэж, гэрээ байгуулж, нэхэмжлэгчээр тодорхой төлбөрийг төлүүлсэн хирнээ үйл ажиллагаа явуулах боломжийг нь олголгүйгээр түүний газар ашиглах эрхийг цуцалсныг зөвтгөх боломжгүй.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлүүдийг тодорхой зохицуулсан бөгөөд маргаан бүхий А/76 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” тушаалыг гаргахад нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдээгүй буюу дээрх хуулийн аль нэг заалт хангагдаагүй байхад дуусгавар болгосон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч компани дээр дурдсан хуульд заасан хориглох үйл ажиллагааг явуулаагүй болох нь шүүхийн газрын үзлэгийн зургаар нотлогддог.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгоно”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж зааснаар “А.Т” ХХК нь газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу тухайн газрыг ашиглахдаа зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй байна.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, ... газраас ... тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор ... гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 34 дүгээр зүйлийн 1-д “... газар ашиглах гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна.”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ ... газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, ... Засаг даргатай байгуулах ... газар ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ” гэж тус тус заажээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ -ний 2.4-т газрын төлбөрийн хэмжээг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар тогтоолоор тогтоож, нэгжийн үнийг 1320 төгрөг, 1.4 га газарт 1 жилд 18,480,000 төгрөг байхаар заажээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг дахин шнэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй А/76 тоот тушаал 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гарсан болохыг дурдах нь зүйтэй юм.
Нэхэмжлэгчээс тухайн үед Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол батлагдаж газрын төлбөрийн хэмжээ бусад дүүргүүдээс илүү өндөр байсан учраас газар эзэмшигч нар хүлээн зөвшөөрөхгүй маргаантай байсан тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 440 дүгээр тогтоолд заасны дагуу жилд 6,160,000 төгрөг газрын төлбөрт төлж, илүү төлөлттөй байсан гэх тайлбарыг шүүх хуралдаанд хийсэн бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 7,000,000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны 2611184321 тоот дансанд, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр газрын төлбөр 4,000,000 төгрөгийг тус банкны 11100000 тоот дансанд, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр газрын төлбөр 10,000,000 төгрөгийг тус банкны 2603007906 тоот дансанд нийт 21.000.000 төгрөг төлсөн нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16/16 тоот албан бичиг болон банкны төлбөрийн баримтаар нотлогдож байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” тогтоолоор иргэн аж, ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг эзэмшүүлж ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утга, бүсчлэл бүрийн төлбөрийн хэмжээг тогтоосон нь хавтаст хэрэгт авагдсан байна.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот санал гэх албан бичгээр хүргүүлсэн Монгол улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалын хэрэгжилт, Усны нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлэх, голын бургас сүйтгэх, уулын өндөр налуу газарт байгалийн унаган төрх алдагдуулах эрсдэл бүхий иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтад “А.Т” ХХК-ийн нэр дурдагдсан боловч хариуцагч байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дээрх асуудлыг хэрхэн тодруулж, баталгаажуулсан нь тодорхойгүй.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” гэж заасан.
Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд байгаль орчны ерөнхий үнэлгээг жилийн өмнө өгсөн, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг батлуулахад нэлээн хугацаа шаардагддаг, хэрэв газар ашиглах эрхийг цуцлах байсан бол эдгээр үнэлгээг батлуулах шаардлагагүй гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хариуцагч яамны 2019 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 13/1150 тоот албан бичгээр “А.Т” ХХК-ийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хүргүүлж, ерөнхий үнэлгээний дүнгээр уг төсөлд батлагдсан аргачлалын хүрээнд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2019 оны 02 дугаар улиралд багтаан ирүүлэхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь тогтоогдож байна.
Дээрх байдлаар хариуцагч Б.О.А.Ж.С нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.”Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан зарчмыг баримталж ажиллаагүй процессын алдааг шүүх зөвтгөх боломжгүй байна.
Тодруулбал, Захиргааны ерөнхий хууль нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.2-т “оролцогчийг сонсох тайлбар гаргуулах”, 25.1.7-д “оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ.” зэргээр хуульчилсан.
Хариуцагчийн хариу тайлбарт 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 320 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч уг албан бичигт “ ... дархан цаазат газрын Чандманы аманд ашиглахаар авсан 1,42 га газрын эрхийг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн нь сонсох ажиллагааны мэдэгдэл биш, харин цуцлах болсныг мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс уг албан бичгийг авснаар тус компанийн эрх ашиг хөндөгдөнө гэж үзээгүй тул гомдол гаргаагүй гэж тайлбарладаг.
Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т иргэн, хуулийн этгээд тухайн газартаа үйл ажиллагаа явуулснаас хойш тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа эсвэл ноцтой зөрчсөн байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч уг газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь газрын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн лавлагаагаар “А.Т” ХХК-ийн газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс болон бусад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн газартай давхцалгүй байна.
Түүнчлэн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т ”Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”, 22.4-т ”Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг ... батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно”, 22.6-д ”Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэсэн хуулийн зохицуулалттай.
Мөн хариуцагчийн хариу тайлбарт маргаан бүхий захиргааны актыг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ТВ5 телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр цацагдсан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05а/1612 тоот албан бичигт дурдсан 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус мэдээлэл тавигдсан гэх тухайд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд сонсгох ажиллагаа явуулах нь захиргааны байгууллагын үүрэг бөгөөд энэхүү үүргээ захиргаа биелүүлээгүй, шийдвэр гаргасныхаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгджээ гэж үзэхээр байна.
Хариуцагч газар ашиглах эрхийг дуусгавар болгосон захиргааны акт гаргахдаа зайлшгүй Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулиар тогтоосон газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдсон байх, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож, маргаан бүхий актын үндэслэлүүд няцаагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А.Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Б.О.А.Ж.С-ын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 тоот тушаалын "А.Т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.Д