Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0565

 

 

 

 

 

 

 

 

            Р.С нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Р.С

Хариуцагч С х д З д

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Р.С холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 478 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б

Хэргийн индекс: 128/2023/0041/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Р.С Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Р.С холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 478 дугаар шийдвэрээр: 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 тоот захирамжийн Р.С холбогдох хэсгийг хүчингүй болгожшийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч П.Б  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ..." шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг үнэлэхдээ бодитойгоор, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-д “Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Р.С нь маргаан бүхий бүрэн хашаалсан газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах талаар "Мод үржүүлгийн газар"-ын зураг, төслийг мэргэжлийн компаниар хийж гүйцэтгүүлсэн, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны тайлан боловсруулах гэрээ байгуулсан, "М н а" ТББ-тай чацаргана 20 ширхэг, үхрийн нүдний 20 ширхэг мод тарих гэрээг байгуулж, 11 ширхэг модыг тарьж, суулгасан болох нь шүүхээс хийсэн газрын үзлэг, холбогдох санхүүгийн баримтаар давхар нотлогдож байна” гэжээ.

Гэвч “Мод үржүүлгийн газар”-ын зураг, төслийг мэргэжлийн компаниар хийлгүүлсэн нь тухайн газрыг зориулалтын дагуу ашигласан гэх ойлголтод хамаарахгүй бөгөөд тухайн зураг төсөл хэрэгжээгүй. Р.С  нь "М н а" ТББ-тай чацарганын 20 ширхэг, үхрийн нүдний 20 ширхэг мод тарих гэрээ байгуулсан энэ гэрээ хэрэгжээгүй. Шүүхийн дүгнээд байгаа 11 ширхэг мод нь чацаргана, үхрийн нүдний мод биш гэдгийг нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдааны явцад асуулт, хариултын шатанд хариуцагчийн асуултад тайлбарлаж хэлсэн. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн санхүүгийн баримтууд нь мод тарьсан зардал биш хашаа барьсан, төмөр худалдаж авсан санхүүгийн баримт байсан. Нэхэмжлэгч Р.С  нь тус дүүргийн Засаг даргын 2015 оны А/48 дугаар захирамжаар жимс жимсгэнэ зориулалтаар маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болж гэрээ, гэрчилгээг тухайн ондоо авсан. Энэ үеэс хойш 8 жил тухайн газраа  зориулалтын дагуу нэг ширхэг ч жимсний мод тариагүй шүүхээс хийсэн газрын үзлэгээр 11 ширхэг өөр мод тарьсан талаар тогтоогдсон.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т зааснаар газрыг үр ашигтай ашиглаагүй 50.000 м.кв газар дээр 3-4 м зайтай жимс жисгэсний мод тарихад багадаа 2500 ширхэг мод таригдсан байх бөгөөд жимсээ өгч эхэлсэн байх хугацаа өнгөрсөн.

3.2.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг “газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй” байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд дээрх нөхцөл байдал үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна” гэжээ.

Шүүхийн дээрх дүгнэлт нь гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ, барилга байгууламж, зам талбай, тариалан эрхэлсэн мэтээр дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг үнэлэхдээ бодитойгоор, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харсангүй. Маргаан бүхий газар дээр хашаатай 11 ширхэг дөнгөж суулгасан модтой. Энэ мод нь жимсний мод биш байхад дээрх нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасан нь буруу гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Угтаа тухайн газар нь анх тус дүүргийн Засаг даргын 2007 оны 116 дугаар захирамжаар төмс, хүнсний ногооны зориулалтаар Р.Н  гэх иргэнд газар эзэмших эрх олгогдсон бөгөөд 2015 онд Р.С руу шилжсэн. Тухайн газар нь 2007 оноос хойш 16 жил, эрх шилжсэнээс хойш 8 жил хашаа барьсан байдалтай. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан зориулалтын дагуу удаа дараа газраа ашиглаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "Газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” гэсэн зарчимтай нийцэхгүй.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.

1.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 дугаар захирамжаар “Р.С  газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа зөрчсөн гэх үндэслэлүүдээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гэтэл нэхэмжлэгч Р.С нь маргаан бүхий газрыг бүрэн хашаалсан, газрын зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах талаар “Мод үржүүлгийн газар”-ын зураг, төслийг мэргэжлийн компаниар хийж гүйцэтгүүлсэн, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны тайлан боловсруулах гэрээг байгуулсан, “М н а” ТББ-тай чацаргана, үхрийн нүдний тус бүр 20 ширхэг мод тарих гэрээг байгуулсан талаарх нотлох баримтын хүрээнд хийгдсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин 11 ширхэг модны суулгац нь дээрх гэрээний дагуу тарьсан чацаргана, үхрийн нүдний мод биш, “Мод үржүүлгийн газар”-ын зураг, төслийг мэргэжлийн компаниар хийлгүүлсэн боловч бодит байдалд хэрэгжиж эхлээгүй зэрэг нөхцөл байдлын талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг баримтаар үгүйсгэх боломжгүй ч, энэ нь давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй.

Учир нь бичиг баримтын хүрээнд дээр дурдсанчлан зохих ажиллагаа хийгдсэн, мөн эзэмшил газраа хашаалсан зэргээр гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар эзэмшил газраа хашаалсан, урьдчилсан бэлтгэл ажиллагаа хийснийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэнд хамааруулж үзэхгүй, энэ талаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д тодорхой дүгнэсэн байна.

2.Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 20/516 дугаар албан бичгээр “тус нэгж талбарт 2015 оноос 2023 оныг дуустал газрын төлбөрт 3.934.419 төгрөг төлөхөөс 4.711.167 төгрөг төлж 776.748 төгрөгийн илүү төлөлттэй байна” гэснээс үзэхэд маргаан бүхий захирамжийн нэг үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “...газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл газрын төлбөрийн хувьд хугацаанд нь төлөөгүй бус, харин ч илүү төлөлттэй байгаа энэ тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр хууль бус байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

        ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

 

        ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН