Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 838

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монос 1-19 тоотод байрлах, Зөв амьдрах ухаан ТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай, Нийслэлийн Засаг даргад холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 214 350 000 төгрөг гаргуулах, Нийслэлийн Засаг даргад 2017 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллахыг даалгах тухай иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарсайхан, өмгөөлөгч Ч.Ням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл, Ц.Энхжаргал, Г.Хандмаа, гэрч М.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Зөв амьдрах ухаан Төрийн бус байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарсайханаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөв амьдрах ТББ нь анх 2006 онд байгуулагдан 11 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг байгууллага юм. Манай байгууллага нь орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, өнчин, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан гээд бүх насны иргэдийг бичиг баримтжуулах, орон байраар хангах, ажил хөдөлмөрт сургах, дадлагажуулах үйлчилгээ үзүүлдэг. Энэ үйл ажиллагааг явуулахдаа бид гадны болон дотны байгууллага, мөн төр засгийн байгууллагаас ямар нэгэн дэмжлэг авч, хамтарч ажиллаж байгаагүй. Гэтэл 2013 оны 02 дугаар сард Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бидний олон жилийн туршлагыг үнэлж, хамтран ажиллах санал тавьж, орон гэргүй 60 иргэнийг манайд байрлуулж, нийгэмшүүлэхэд хамтарч ажиллах хүсэлт тавьсны дагуу гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Эхлээд 2013 оны 02 дугаар сараас 2013 оны 05 дугаар сарыг дуустал Нийслэлийн цагдаагийн газартай 4 сарын гэрээтэй ажилласан. Бид баривчилгаагаар авчирсан 60 иргэнийг усанд оруулах, хувцаслах, хооллох, хэдий бичиг баримтжуулахад зардлын мөнгө өгөөгүй ч гэсэн энэ бүх ажлыг хариуцаж хийсэн. Гэрээ нь дуусахад эдгээр хүмүүсийг хариуцах эзэнгүй 3 сар болсон. Өөрөөр хэлбэл манай байгууллагад өмнө 57 иргэн байсан ба үүн дээр улсаас 60 иргэнийг авчирч өгсөн. Тиймээс нөхцөл байдал хүнд байсан учраас эдгээр хүмүүсийг хаана байлгах эсхүл буцааж өгөх талаар Цагдаагийн газартай уулзахад гэрээ дууссан учраас бид хариуцахгүй Тамгын газартай ярилц гэсэн. Ингээд Нийслэлийн ЗДТГ болон Нийслэлийн халамжийн газар зэрэг олон байгууллагатай уулзсаны үр дүнд 08 дугаар сард нь Нийслэлийн ЗДТГ-аа манай байгууллагатай 2013 оны 05 дугаар сараас үргэлжүүлэн нөхөж 6 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байгаад дахин 3 сар өвлийн хүйтэнд дээрх иргэдийг эзэнгүй хаясан. Нийслэлийн ЗДТГ нь манай хариуцах ажил биш учраас Нийслэлийн халамжийн байгууллага хариуцаж ажиллана гэдэг. Хамгийн сүүлд 2015 оны 03 дугаар сарын 17-нд 3 сараар гэрээг нөхөжбайгуулсан боловч тус гэрээ байгуулсан өдөр нь гэрээний хугацаа дууссан. Бид удаа дараа Нийслэлийн ЗДТГ-ын дарга, халамжийн асуудал эрхэлсэн бүх мэргэжилтэн, албан тушаалтнуудад хэдэн сар хамтарч ажиллаад л эдгээр хүмүүс хаягдаж, хүнд нөхцөл байдалтай үлдэж байна, эдгээр асуудлыг нэг мөр болгох талаар санал гаргаж их цаг хугацааг зарцуулсан. Бидэнд Гэртээ харих зам гэсэн 5 жилийн хугацаатай, үе шаттай, төсөвтэй үндэсний хөтөлбөр батлагдах учраас хамтарч ажиллана гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш 2015 оны 06 дугаар сараас хойш маш их хөөцөлдсөн ба энэ ауудал НИТХ-аар ороод буцлаа, удахгүй сайжруулсан төслийг батлуулна, та нар хүлээж бай, танай мөнгийг батлуулж өгнө, энэ ажилд танай ТББ-ыг сонгож ажиллуулна, төрийн сан хаагдахаас өмнө 10-12 дугаар сарын мөнгийг чинь гаргаж өгнө, даргадаа танилцуулна гэх мэтээр шалтгаан тоочсоор их удсан. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж бид нар хохирох ёсгүй. Бидэнд цаашдаа хамтарч ажиллах боломжгүй, төсөв боломжгүй бол энэ тухайгаа бидэнд танилцуулж албан бичгээр мэдэгдэх хэрэгтэй. 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнд огноо тавиагүй байсан ба хөтөлбөр батлагдахаар огноо тавина гэж хэлсэн. Нийслэлийн халамжийн газраас 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр явуулсан албан бичигт Гэртээ харих зам хөтөлбөр батлагдсан учраас ТББ-ыг нийслэлээс санхүүжүүлэх боломжгүй, дүүрэгтэйгээ хамтарч ажилла, дүүрэг нь төсөв мөнгийг шийдэх ёстой гэсэн байда. Үүний дагуу дүүрэг дээр очиж уулзахад дүүргийн төсөв батлагдсаны дараа хөтөлбөр батлагдсан учраас та нарыг санхүүжүүлэх боломжгүй гэсэн. Ингээд УИХ-ын сонгууль дөхсөн, УИХ, Засгийн газар гээд төрийн бүхий л байгууллагад хандахад Засгийн газраас мөнгийг нь л олгож шийд гэдэг боловч Нийслэлийн ЗДТГ нь хэрэгжүүлдэггүй. Ийм учраас сонгуулийн өмнө Э.Бат-Үүл дарга, М.Отгонбаяр дарга, мөн Нийслэлийн халамжийн газрын хүмүүстэй бид 2 удаа уулзсан. Ингээд хамгийн сүүлийн уулзалт дээр биднийг бичиг баримтаа боловсруулаад аваад ир, ганцхан танай асуудлыг Удирдлагын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэнэ, дэмжвэл санхүүжилт олгоно гэсэн. Үүний дагуу материалыг бүрдүүлээд М.Отгонбаяр даргатай уулзахад энэ асуудлыг би даагаад орно, бүтэхээс бүтэхгүй хүртэл нь явна гэж хэлсэн. Бидэнд уг хурлаар Э.Бат-Үүл дарга ямар нэгэн байдлаар санхүүжилтыг нь олго гэсэн шийдвэр гарсан, захирамжийн төсөл дээр 3 хүн гарын үсэг зурсан, та итгэхгүй байвал хар гэхэд нь 2-3 хүн гарын үсэг зурсан байсан учраас бид итгэсэн. 2016 оны 06 дугаар сарын 23-нд М.Отгонбаяр даргатай уулзахад хуулийн хэлтсийн дарга Ж.Нарантуяа Новосибирск явсан, 29-ний өдөр ирнэ гэсэн. Тэгэхэд бид 29-ний өдөр чинь сонгууль шүү дээ гэхэд ажил үргэлжилдгээрээ үргэлжилнэ, нэгэнт шийдвэр гарсан учраас олгогдоно гэсэн. Тэгээд 30-ны өдөр нь хэлснээр нь Ж.Нарантуяатай уулзахад манай байгууллагыг мэдэхгүй, бүр таних ч үгүй байсан учир М.Отгонбаяр дарга дээр очоод уулзтал Э.Бат-Үүл дарга өөрт нь үүрэг өгсөн шүү дээ, Ж.Нарантуяа дарга Орос руу явахаасаа өмнө Авлигатай тэмцэх газарт танай байгууллагад мөнгө олгоход хуулийн гаргалгааны зөвлөмж хүссэн албан бичиг явуулсан байна, түүний хариуг аваад ир гэсний дагуу Авлигатай тэмцэх газрын ажилтантай уулзахад тус албан бичгийг Нийслэлийн ЗДТГ-аас ирүүлсэн учраас хариуг уг байгууллагад явуулна, гэхдээ яагаад ийм албан бичиг явуулж байгааг ойлгохгүй байна гэсэн хариуг бидэнд хэлсэн. Хариуцагч тал гэрээний хугацаа дууссан, 2016 онд гэрээ байгуулаагүй гэсэн тайлбар хэлдэг. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Засаг дарга н.Батаагийн А/29 тоот захирамжаар Зөв амьдрах ухаан ТББ-д байгаа орон гэргүй 60 иргэнийг гэр оронтой нь Амьдрах ухаан, сургалт үйлдвэрлэлийн төв-д шилжүүл, гаргаж санхүүжүүл гэсэн. Мөн эдгээр хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой 650 000 төгрөгийн зардлыг шийдээд хугацаа заасан байсан. М.Отгонбаяр дарга нь үүнийг тийм асуудал байхгүй гэдэг. Тэгээд эдгээр хүмүүсийг буцааж өгөхөөр саналыг нь асуухад нь явахгүй, эндээ үлдэнэ гэсэн санал өгсөн учраас энд нь нийгэмшүүлэхээр үлдээлээ гэж протоколд бичсэн байсан. Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төв нь жилд тэрбум төгрөгийн төсөвтэй байгууллага ба үүнд хүмүүсийг шилжүүлж өгөх гэхээр 20-ээс дээш насны хүмүүсийг авна гэдэг, гэтэл манайд хүүхэдтэй хүмүүсч их байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бидний гэрээний дагуу хийсэн ажлын тайланг 3 удаа Нийгмийн халамжийн газраас хэлэлцэж тайлан гаргасан байдаг. Одоо манайд 16 хүн байгаа гэж тайлбарладаг бөгөөд эдгээр хүмүүсийг овог нэртэй нь баримтыг гаргаж өгөх хэрэгтэй. Тус 60 иргэнийг ТББ-аар хооллож, хувцаслаж хэрэгцээг нь хангуулж тэжээлгэсэн. Монгол улс Хүний эрхийн конвенцид нэгдэн орсон бөгөөд олон улсын гэрээгээр төр энэ үүргийг хариуцах үүрэгтэй, энэ талаар Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан байдаг. Энэ үүргээ Нийслэлийн засаг дарга биелүүлэхгүй байсан учраас Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөмж хүргүүлсэн байдаг. Манай байгууллага нь Нийслэлийн Засаг даргатай байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн, болон 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний холбогдох заалтын дагуу Нийслэлийн Засаг даргаас орон гэргүй 50 иргэнийг буцаан татаагүй учраас 1 иргэнийг өдөрт 9 000 төгрөгөөр тооцон, 2015 оны 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудын олгоогүй санхүүжилт болох 81 450 000 төгрөгийг, 2016 онд мөн эдгээр 50 иргэнээ буцаан татаж аваагүй, манай байгууллагаар ажил гүйцэтгүүлсэний хөлсөнд нэг ч санхүүжилт өгөөгүй учраас санхүүжилт болох 132 900 000 төгрөг буюу нийтдээ 214 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох 2017 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах шаардлагын хувьд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 55 тоот ажил гүйцэтгэх гэрээг Нийслэлийн ЗДТГ-аас Зөв амьдрах ухаан ТББ-тай тохиролцон 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан учраас энэ нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн гэж үзэж дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Манай байгууллагад амьдарч байгаа иргэдийн судалгааг шүүхэд гаргаж өгсөн, 2013 оны 02 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа хүн болох 3 жил 8 сар гаруй хугацаанд амьдарч байгаа иргэн ч байдаг. Тэдгээр нэр бүхий 60 иргэн нь эхнэр, хүүхэдтэйгээ манай байгууллга дээр нийгэмшин амьдарч байгааг ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, шалгасан Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын зорилтод бүлгийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Ц.Энхжаргал, Санхүү бүртгэлийн халамжийн хэлтсийн дарга н.Гэрэлтуяа гарын үсэгтэй, Зөв амьдрах ухаан ТББ-ын ажлыг дүгнэсэн 2014, 2015, 2016 онуудын илтгэх хуудсаар нотлогдсон. НИТХ-аас нийслэл болон орон нутгийн төсвөөс энэ санхүүжилтийг гарахаар зааж өгсөн, Засаг даргад эрхийг нь олгосон байхад уг ТББ-ыг санхүүжүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. 2015 оны 03 дугаар сард байгуулсан гэрээг цуцалсан гэх боловч энэ талаар нотлох баримт байхгүй. Санхүүжилт түр зогсоосныг гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээг бүрэн цуцалсан, гэрээнээс татгалзсан нотлох баримт байхгүй. Одоо тус төвд 129 хүн нийгэмшиж амьдарч байгаа. Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээ нь сунгагдсан байгаа тул гэрээний дагуу санхүүжилтийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл, Ц.Энхжаргал, Г.Хандмаанараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч 2 шаардлага гаргасан. Нэхэмжлэгч 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг үндэслээд нэхэмжилсэн бөгөөд 81 000 000 төгрөгийг задалсан байна. Нэхэмжлэгч тайлбартаа 60 иргэнийг цагдаагийн байгууллага авчирсан гэдэг. Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга нь хариуцагч биш бөгөөд гэрээний оролцогч тал болж үүрэг хүлээгээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагатай цагдаагийн байгууллага гэрээ байгуулсан бөгөөд төсвөө тухайн байгууллага нь шууд захиран зарцуулах эрхтэй этгээд юм. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга нь орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх талаар ТББ-тай хамтарч ажиллаж, санхүүжүүлж болно гэж заасан болохоос үүрэг хүлээгээгүй. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай хуульд хэрвээ төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер зохион байгуулах ёстой. Нэгэнт ТББ идэвх санаачлагатай оролцож байгаа учраас бид хуульд заасны дагуу санхүүжүүлж болно гэсэн үүргийн хүрээнд санхүүжилт олгосон. Үүний дагуу 2014 оны 03 дугаар сарын 18-нд 81 000 000 төгрөгийн гэрээ байгуулагдаж А/164 тоот Засаг даргын захирамж гарч тус санхүүжилтыг олгосон. Дараа нь 2014 оны 07 дугаар сарын 31-нд гэрээ байгуулагдан, Засаг даргын 788 тоот захирамжаар 188 000 000 төгрөгийн санхүүжилтийг олгосон. Бүх гэрээ хэрэгт авагдсан. Мөн 2015 оны 03 дугаар сарын 17-нд 40 500 000 төгрөгийн гэрээ байгуулан, 188 тоот захирамжийн дагуу мөн дээрх мөнгийг нэхэмжлэгчид олгосон. 2015 оны 12 дугаар сарын 22-нд гэрээ байгуулан 967 тоот захирамжийн дагуу 40 500 000 төгрөгийг бас олгосон байдаг. 2016 онд 898 тоот захирамж гарч 30 000 000 төгрөгийн гэрээ байгуулагдан санхүүжилтийг бүрэн олгосон. Зөв амьдрах ухаан ТББ-д нийтдээ 516 448 000 төгрөгийн санхүүжилтийг төсвөөс олгосон. Төрийн бус байгууллага нь өөрийн сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээр 60 иргэнийг Нийслэлийн ЗДТГ-аас нэг ч хүн очиж хүлээлгэж өгөөгүй. Мөн тэдгээр иргэдийг нэрээр нь тоолж, санхүүжилт болон хэрэгжилт нь ямар байгаа талаар ажлын хэсэг шалгасан, үүнийг хариуцсан мэргэжилтэн болох Ц.Энхжаргал гэдэг хүн очиж тоолж үзэхэд 9 хүн байсан байдаг. Төсвийн шууд захирагч нь хуулинд заасны дагуу санхүүжилтийг олгох ёстой. Хуульд заасны дагуу гэрээгээр ажил гүйцэтгүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд тодорхой заасан. Цагдаагийн байгууллагад холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа гаргах хэрэгтэй байх. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь гэрээ байгуулахыг даалгах тухай ба Нийслэлийн ЗДТГ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллага юм. Тэгэхээр даалгах гэдэг нь эс үйлдэхүйтэй холбоотой үйлдэл учраас энэ маргааныг иргэний хэргийн шүүх шийдэхгүй. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбоотой харилцааг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх учир энэ нь харъяалал зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн уг нэхэмжлэлийн шаардлага нь бүрэн биелэгдсэн учир нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Мөн тус төрийн бус байгууллагыг төрийн ямар чиг үүргийг гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулсан зүйл байдаггүй. Манай харъяа болох төрийн бус байгууллагад байсан хүмүүсийг Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагад шилжүүлж өгөөгүй байгаа нь төр өөрийн хийх ёстой ажлыг энэ байгууллагаар хийлгээгүй байна. Гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй гэж нэхэж байна уу эсхүл гэрээний холбогдох заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гээд байна уу. Шүүхээс тодруулахад гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй нэхэмжлэгч тал тайлбарласан. Тэгэхээр нэхэмжлэгчийн ярьж байгаа гэрээ нь байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг бүрэн олгоод уг гэрээнүүд дор бүртээ хэрэгжиж дууссан. Мөн үүргийн гүйцэтгэл хэзээ үүсэх вэ гэхээр гэрээ байгуулснаар үүсдэг.  Мөн хохирол учирсан гэж гэж тайлбарлахдаатогны мөнгө, өр гэсэн зүйл ярьж байна. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүрэг нь тэдгээр хүмүүсийг нийгэмшүүлж, сургалт, мэргэжил олгоход зориулагдсан, ямар хохирол учирсан талаар яриагүй. Нийслэлийн харъяа байгууллагын үүрэг нь бичиг баримтаар хангах, сургалтанд хамруулах, түр хоноглох байраар хангах, сургалт зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй. Төрийн бус байгууллага нь сайн дурын үндсэн дээр иргэдийг нийгэмшүүлж байгаа гэж ярьж байгаа ч үүнийг нотолж чадахгүй байна. Бүх байгуулсан гэрээ нь хавтаст хэрэгт авсагдсан бөгөөд гэрээний хугацааг гэрээнд заасан. Орон гэргүй иргэдийг жилийн 4 улирлын турш санхүүжүүлнэ гэсэн зүйл заалт байхгүй. Бид тус төрийн бус байгууллагад төсөвт тусгагдаагүй мөнгийг гэрээгээр гүйцэтгүүлэх гэдэг нэрийн дор олон удаа өгч байсан. Нэхэмжлэгчийг 2 дахь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг ойлгосон. Мөн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд ямар нэгэн үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх гэрээ байхгүй учраас хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Зөв амьдрах ухаан ТББ нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 214 350 000 төгрөг гаргуулах, Нийслэлийн Засаг даргад 2017 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн болон 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийн үүрэгт болон гэрээг биелүүлээгүйн хохиролд 214 350 000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч Зөв амьдрах ухаан ТББ-тай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан тул 2017 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүрэн биелэгдсэн гэж үзэж уг шаардлагаас татгалзсан байна.

Дээрх нэхэмжлэлийг, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас үл зөвшөөрч, тус ТББ нь 2013-2015 онд Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газар зэрэг байгууллагуудтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр нийт 516 448 000 төгрөгийн санхүүжилтийг авсан бөгөөд, ажил гүйцэтгэх гэрээнүүд бүгд хугацаандаа хэрэгжиж дууссан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 187 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/942 тоот захирамж гарснаар гэрээ байгуулах боломжгүй, үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй болсныг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн, Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч байгууллагын өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй гэж тайлбарлан маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02 тоот, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийн үүрэгт болон гэрээг биелүүлээгүйн хохиролд 214 350 000 төгрөг гаргуулах гэсэн шаардлагыг дараахь үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч Зөв амьдрах ухаан Төрийн бус байгууллага нь нийгэмд үйлчлэн, нийгмийн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж мэдлэг боловсрол олгох, ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр үндсэн үйл ажиллагааг явуулахаар 2009 онд байгуулагдсан болох нь тус байгууллагын 9071004061 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Зөв амьдрах ухаан ТББ-ын дүрэм зэргээр нотлогдсон.

2.Нийгмийн халамжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д Нийгмийн халамжийн үйл ажиллагааг улсын хэмжээнд нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутагт тухайн шатны Засаг дарга тус тусын эрх хэмжээний хүрээнд эрхэлнэ, 24 дүгээр зүйлийн 24.1.-д Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтнаас бүрдэнэ гэж тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газар нь дээрх 2 гэрээг Нийслэлийн Засаг даргыг төлөөлөн байгуулсан гэж үзнэ.

3.Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.-д даасны дагуу Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газар нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д заасан нийгмийн халамжийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болохоор заасан ба үүний дагуу нэхэмжлэгч Зөв амьдрах ухаан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь 2013 оноос 2015 оны 04 дүгээр сар хүртэл, мөн 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Нийгмийн халамж үйлчилгээний газар/-тай харилцан тохиролцон Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээг байгуулж, уг гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2., 22 дугаар зүйлийн 22.1.2.-т заасан гэр оронгүй тэнэмэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний өрхөд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8.-д зааснаар тэдний амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах, 20 дугаар зүйлийн 20.1., 21 дүгээр зүйлийн 21.1., 22 дугаар зүйлийн 22.1.-д заасны дагуу нийт 50-60 иргэдийн боловсрол, эрүүл мэнд, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг гүйцэтгэх, хариуцагч Нийслэлийн Засаг дарга /Тамгын газар/ нь гэрээний биелэлтийг тооцон нийгэмшүүлэх үйл ажиллагааны санхүүжилтийг олгох үүргийг тус тус хүлээсэн байна.

4. Хэрэгт авагдсан 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгч болон Нийслэлийн Цагдаагийн газрын хооронд байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд хэрэгжих Хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу 63 254 000 төгрөг, нэхэмжлэгч болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр 2013 оны 06 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 25-ныг хүртэл хугацаанд 72 000 000 төгрөгийг /энэ нь нэхэмжлэгчээс тооцож гаргасан Нийслэлийн Засаг даргаас авсан болон дутуу авсан, авах санхүүжилтийн жагсаалтад бичигдсэн байдлаар/, 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгч болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд байгуулсан 2013/023 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу 2013 оны 06 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 25-ныг хүртэл хугацаанд 129 074 000 төгрөгийг, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэгч ба Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газрын хооронд байгуулсан 03 тоот Ажил гүйцтэгэх гэрээ-ний дагуу 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ныг дуустал хугацаанд 81 000 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн нэхэмжлэгч ба Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газрын хооронд байгуулсан 05 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу 2014 оны 07 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд 81 000 000 төгрөгийг, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэгч ба Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газрын хооронд байгуулсан 02 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 03 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд 40 500 000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэгч ба Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газрын хооронд байгуулсан 05 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд 40 500 000 төгрөгийг тус тус хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь дээрх гэрээнүүд, Нийслэлийн Засаг даргын Тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах тухай 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/164 тоот, 2014 оны 09 сарын 19-ний өдрийн А/788 тоот, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/188 тоот, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/967 тоот захирамжууд, тэдгээрийн хавсралтууд, Зөв амьдрах ухаан ТББ-ын 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03 тоот албан бичиг түүний хавсралт болох Нийслэлийн Засаг даргаас авсан болон дутуу авсан, авах санхүүжилтийн жагсаалт, Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын санхүүгийн тэмдэг бүхий харилцахын дэлгэрэнгүй бүртгэлүүд, Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлдэг төрийн бус байгууллагын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн ажлын илтгэх хуудсууд зэрэг баримтуудаар нотлогдож, зохигчид энэ талаар маргаагүй байна.

5.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д ...ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 359.2.-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж тус тус зааснаас үзэхэд талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.

6.Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02 тоот, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-нүүд цуцлагдаагүй үргэлжилсэн, гэрээг дахин байгуулах талаар болон эсхүл гэрээг цуцлан 50 иргэнийг хүлээж ав гэсэн шаардлагыг удаа дараа тавьж Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох байгууллага, албан тушаалтанд олон удаа хүсэлт, өргөдөл гомдол гаргаж байсан боловч хариуцагч ямар ч арга хэмжээ аваагүй, 2015 оны 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудын, 2016 онд бүтэн 12 сарын олгох ёстой санхүүжилтийн мөнгийг олгоогүй, гэрээний үүргээ биелүүлээгүй хохироосон гэж үзэн, 1 иргэнд ноогдох өдрийн зардлыг 9 000 төгрөгөөр тооцон 50 хүнд олгогдох ёстой 2015 оны 81 450 000 төгрөг, 2016 оны 132 900 000 төгрөг, бүгд 214 350 000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлээ дээрх 2015 оны гэрээнүүд, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар тус байгууллагад амьдарч байгаа гэх нэр бүхий 60 иргэний судалгаа, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/453 тоот Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын даргын Санал дэмжүүлэх тухай албан бичиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ХЭГ/855 тоот Хүсэлт уламжлах тухай Нийслэлийн Засаг даргад явуулсан албан бичиг, Хүний эрхийн үндэсний комиссын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2/25 тоот зөвлөмж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар тогтоолоор батлагдсан Гэртээ харих зам нийслэлийн хөтөлбөр, Төлөвлөгөө батлах тухай 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/942 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/39 тоот Ажлын хэсэг байгуулах тухай захирамж зэргийг үндэслэжээ.

 

7.Хэрэгт Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газар болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02 тоот хөлсөөр ажиллах гэрээ /Ажил гүйцэтгэх гэрээ/ эх хувиар болон нотариатчаар гэрчлүүлсэн хэлбэрээр буюу 2 янзаар авагджээ.

Хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан уг гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хувьд гэрээний үргэлжлэх хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 03 дугаар сарын 31-нийг хүртэл хүчинтэй байхаар заасан, харин нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан уг гэрээний эх хувьд гэрээний үргэлжлэх хугацааг тодорхойлж заагаагүй байх ба дээрх 2 хувь гэрээнд ажил үйлчилгээний хөлс буюу ажиллагчид олгох санхүүжилтийн хэмжээг аль алинд нь тодорхойлж заагаагүй байна.

Үүнээс үзэхэд гэрээний эх хувьд хэлцлийн гол нөхцлүүдийг тодорхойлж заагаагүй гэж үзэхээр байх боловч Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/188 тоот захирамж, түүний хавсралтаар Зөв амьдрах ухаан ТББ-д 90 хоногт 50 хүнээр тооцон 40 500 000 төгрөг олгохоор заасан, уг мөнгийг нэхэмжлэгч хүлээн авсан зэрэг үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Иймд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8.-д Талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно, 43 дугаар зүйлийн 43.8.-д Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийн бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэсний дагуу дээрх 02 тоот хөлсөөр ажиллах гэрээ талуудын хооронд 3 сарын хугацаатай байгуулагдсан гэж үзнэ.

8. Талуудын хооронд байгуулсан дээрх 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02 тоот хөлсөөр ажиллах гэрээ нь 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сарын 31-нийг дуустал хугацааг хамаарч, мөн өдөр дуусгавар болсон, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 тоот хөлсөөр ажиллах гэрээ нь 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацааг хамаарч, мөн өдрөө дуусгавар болсон байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1.-д Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасны дагуу талуудын хоорондохь дээрх 2 гэрээ хэрэгжиж биечлэн дуусгавар болжээ.

9.2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02 тоот хөлсөөр ажиллах гэрээний 5.2-т Гэрээний хугацаа дуусахад үйлчилгээ үзүүлэгч байгууллагын тайланг судлан үр дүн, төрийн захиргааны байгууллагын бодлогын шийдвэрийг харгалзан үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд гэрээг сунгаж болно гэж заасан байх бөгөөд гэрээний нэг тал болох ажиллуулагч буюу Нийслэлийн Засаг даргаас уг гэрээг үргэлжлүүлэх, сунгах талаар шийдвэр гаргаагүй, 2015 оны 04 дүгээр сарын 06, 12 дугаар сарын 09-ний өдрийн Зөв амьдрах ухаан ТББ-ын үйл ажиллагааг дүгнэсэн илтгэх хуудас нь талуудын хоорондох 02 тоот гэрээг заавал сунгах үндэслэл болохгүй юм.

Талуудын хоорондохь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 тоот хөлсөөр ажиллах гэрээний 6.1-т Энэхүү гэрээ 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байна, 6.2-т Энэхүү гэрээ нь 6.1-д заасан хугацаанд хэрэгжих бөгөөд зөвхөн нэг удаагийн арга хэмжээний гэрээ болно гэж зааснаас үзэхэд энэ гэрээ дуусгавар болсон, дахин сунгагдах, үргэлжлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч тал нь ...НИТХ-ын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/942 тоот захирамж гарсантай холбогдуулан 2016 онд тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй болсныг мэдэгдье... гэсэн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/488 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 187 дугаар тогтоолоор батлагдсан Гэртээ харих зам нийслэлийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын Төлөвлөгөө батлах тухай 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/942 тоот, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/39 тоот Ажлын хэсэг байгуулах тухай захирамж зэргээр Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1.-д заасан гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцох үндэслэл ч тогтоогдоогүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хариуцагч Нийслэлийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/ нь нэхэмжлэгч Зөв амьдрах ухаан ТББ-д гэрээний үүрэгт болон хохиролд төлбөр төлөх үүрэггүй байх тул түүнд холбогдох 214 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Зөв амьдрах ухаан ТББ нь нэхэмжлэлээсээ 2017 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай шаардлагаас татгалзсаныг батлан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 769 900 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 214 350 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Зөв амьдрах ухаан Төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Зөв амьдрах ухаан ТББ нь нэхэмжлэлээсээ 2017 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай шаардлагаас татгалзсаныг батлан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 769 900 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаарзохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйгдурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.