Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/394

 

 

 

 

 

 

 

 

    2021       07           07                                         2021/ШЦТ/394

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,   

улсын яллагч Т.Мижиддорж /томилолтоор/

шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Хт холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “........” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............................. тоотод оршин суух хаягтай, урьд

-Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, С.Х/РД:0000000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Хнь 2020 оны 7 дугаар сарын 06, 7 дугаар сарын 28-ны өдрүүдэд иргэн А.Гийг Онцгой байдлын ажилчдын байранд оруулж өгнө гэж зохиомол байдлыг бий болгож, хуурч мэхэлж түүнээс нийт 2.500.000 төгрөг авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Хнь 2020 оны 7 дугаар сарын 06, 7 дугаар сарын 28-ны өдрүүдэд иргэн А.Гийг Онцгой байдлын ажилчдын байранд оруулж өгнө гэж зохиомол байдлыг бий болгож, хуурч мэхэлж түүнээс нийт 2.500.000 төгрөг авсан болох нь:

1. Шүүгдэгч С.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч А.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувиараа бригад болж барилгын дээврийн засварын ажил хийдэг юм. 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл С.Хгэгч нь манайд ажилласан бөгөөд цалин хөлсөө аваад ажилдаа ирэхээ байсан. Яасан ийсэн талаар утас руу нь залгаж асуухаар хөдөө явах ажилтай эхнэртээ ажилтай болоод байна гэх мэтээр шалтаг шалтгаан хэлээд ажил хийхээ больсон. Би түүнд өөрийн хэдэн төрлийн багажаа өгч явуулсан байсан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын дундуур СХД-ийн Бага наранд байх гэрт нь очиж өөрийн үлдээсэн багаж хэрэгслээ авахад “манай эхнэр Н Онцгой байдалд ажилладаг, түүнд ажлаас нь байр өгөхөөр болсон байна. Бид хоёр 2 энэ байранд орж чадахгүй, чи ав шагнал нь 3.000.000 төгрөг ахдаа өгөөд авбал ав гэхээр нь тухайн үед би олон зүйл бодолгүй та эхлээд байраа бүтээ. Тэгвэл би шууд авъя, би таны шагналын мөнгийг өгье гэж хэлсэн. Тэгэхэд болно оо ах нь байраа бүтээчихээд чам руу ярина гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа 2020 оны 7 дугаар сарын эхээр над руу өөрийнхөө дугаараас залгаад нөгөө байр чинь бүтсэн, эхнэрийн ажлын газрын У гэдэг дарга болно гэж байна, бид хоёр уулзсан чинь заавал бүтээж өгнө гэж хэллээ. Мөнгө хэрэг болох юм шиг байна, мөнгө байршуулж магадгүй юм шиг байна гэж надад хэлсэн. Тэгэхээр  нь эхнэр нь Онцгой байдалд ажилладаг учир худлаа хэлэхгүй байх гэж бодоод итгэсэн. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр над руу С.Хах залгаад байр бүтэхээр боллоо мөнгө байршуулах хэрэгтэй байна гэсэн. Би тийм үү байр чинь байрлал нь хаана вэ гэхэд Алтай хотхон болон 21 дүгээр хороололд гэсэн хоёр сонголт байна. Энэ газар Онцгой байдлын байр захиалсан байна гэсэн би та Алтайн хотхонд авч чадах уу гэхэд болно гэж хэлсэн бөгөөд 1.000.000 төгрөг эхний ээлжид байршуулах юм байна гэхээр нь би зөвшөөрөөд таны данс руу шилжүүлэх үү гэхэд ахад нь карт байхгүй гэж чам дээр яваад очъё гэж хэлэхээр нь манай эхнэрээс очоод авчих гэж хэлээд эхнэр лүү явуулсан. Тухайн үед манай эхнэр ...1.000.000 төгрөг авч С.Хт өгсөн. Түүний дараа 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дахин 1 сая төгрөг хэрэг болоод байна эхнэрийн ажлын У дарга намайг ажлыг чинь бүтээж өгч байгаа юм чинь хөдөө явж мал туугаад ир гээд байна. Бензин тосны мөнгө хэрэг болоод байна гээд 1.000.000 төгрөг олоод өг гэхээр нь түүний эхнэрийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Дараа нь мөн адил 500.000 төгрөг авсан. ...тухайн үедээ С.Хах надад сүүлийн мөнгө авсны дараа 14 хоногийн дараа байр чинь болох юм байна. Алтай хотхонд 2 өрөө байр сонгочихсон шүү, түрээсийн журмаар сард 350.000-400.000 орчим төгрөг төлнө гэж надад хэлж байсан. Тэрнээс хойш байр байхгүй болсон. Яагаад байр чинь бүтэхгүй гэж байна аа гэж асуухаар байрыг нь Улсын комисс хүлээж авах гээд байна, хүлээлгэж өгөх компани нь хугацаа алдаад байна дахин 14 хоног гэсэн. Тэр нь 14 хоног нь дууссаны дараа С.Хах над руу хөдөө явчихаад ирье тэр хооронд болчихно гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа мөн л байр нь бүтээгүй, худлаа болсон. Би С.Хахыг та худлаа яриад байгаа юм биш үү гэхэд үнэн би чам руу Болдбаатар гэх хурандааг яриулна У даргатай цуг энэ байрыг хөөцөлдөж байгаа гэж надад хэлсэн. ...2020 оны 9 дүгээр сарын сүүлээр байр чинь болсон, цэвэрлэгээ хийлгэж байна, 2-3 хоногийн дараа болно гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа С.Хахын утас холбогдохоо больсон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 23/

3. Гэрч Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай байгууллагын жижүүрийн ******** дугаарын утас руу ******* дугаараас холбогдож өөрийгөө А.Г гэж танилцуулсан хүн танайд Н гэх хүн ажилладаг уу гэж асуусан байсан бөгөөд тухайн өдөр жижүүрийн утсаар дээрх дугаараар А.Г гэгчтэй холбогдоход Н гэх хүн танайд ажилладаг уу гэсэн. Би ажилладаг гэтэл С.Хгэх нөхөртэй нь хамт ажилладаг гэсэн. Тэгээд ажилтнууддаа 2020 оны 6 дугаар сард байр олгоно гэсэн тэр 2 байраа авахгүй намайг ав гэсэн юм шагналд нь 3.000.000 төгрөг өг гэсэн бөгөөд одоогийн байдлаар 2.500.000 төгрөгийг цувуулан авсан гэж надад хэлсэн. Мөн Болдбаатар гэх хурандаа хүний нэрийг бариад байсан. Би анхааруулж энэ бүгдийг хэлж байна гэж надад хэлсэн. Мөн 2020 оны 8 дугаар сард дарга хөдөөнөөс мал туугаад ороод ир гэсэн, бензиний мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 500.000 төгрөг авсан гэж надад хэлсэн. Би Нт мал тууж ор гэх болон ижил утгатай юу ч яриагүй. Би тухайн А.Г гэх хүнд та цагдаагийн байгууллагад ханд би ч гэсэн энэ талаар цагдаагийн байгууллагад хандана гэж хэлсэн. ...Удалгүй нөхөр нь залгаж даргаа би наад хүнээс чинь мөнгөө авч чадахгүй болохоор ямар нэгэн шалтгаан хэлж худлаа ярьж мөнгөө авсан юм. Өөр зүйл байхгүй шүү уучлаарай Н ямар ч буруугүй, одоо бид хоёр салж байх шиг байна гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/

4. Гэрч Ж.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сард санагдаж байна С.Х маргааш цалин орно А.Г чам руу яриад чиний дансыг авах байх, тэгэхээр нь дансаа өгөөрэй гэсэн. Маргааш өдөр нь А.Г над руу залгаж Х ахын мөнгийг хийх гэсэн юм та дасаа өгөөч гэхээр нь би цалин хөлсийг нь өгөх гэж байна гэж бодоод өөрийн Хаан банкны 0000000000 тоот дансыг өгөхөд 1.000.000 төгрөг орж ирсэн. Өөр миний дансаар С.ХА.Гоос 1.000.000 төгрөг, 500.000 төгрөгийг бэлнээр авсан гэж ярьж байсан. Тухайн мөнгөө цалин хөлс гэж надад ойлгуулж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/

5. Шүүгдэгч С.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Г над руу залгаад танай эхнэр Онцгой байдлын албанд ажилладаг юм уу тусгаарлалтад ажиллаж байсан хүмүүст байр өгнө гэж байсан. Та хоёрт байр өгвөл би авъя гээд байхаар нь би эхнэрээсээ асууж байж болно гэж хэлсэн. Ингээд би өөрийн эхнэр Нээс энэ талаар асуухад “тийм яриа гараад байсан болохоос яг бодитой өгөхөөр болсон зүйл байхгүй” гэсэн. Үүнийг далимдуулж би А.Гоос ажлын хөлсөө нөхөж авна гэж бодоод А.Г руу залгаад байр өгөх яриа гараад байгаа нь үнэн юм байна гэж худлаа хэлсэн. Харин А.Г надад эхлээд 1.000.000 төгрөг өгье гээд байхаар нь би эхнэрийнхээ Хаан банкны 0000000000 гэх дансыг өгтөл А.Г манай эхнэр лүү залгаад Х ахын мөнгийг өгөх гэсэн юм гээд шилжүүлсэн байсан. Тус мөнгийг би өөрөө АТМ орж бэлнээр авч ар гэрийн хэрэгцээ, хоол хүнс болон автомашиндаа засвар үйлчилгээ хийсэн. Энэ талаар эхнэртээ би анхнаасаа хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч С.Хнь урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-54/-аар тогтоогдлоо. Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Хнь хохирогч А.Гийг Онцгой байдлын газрын ажилтнуудын байранд оруулж өгнө гэж хуурч, бодит байдал дээр тус байранд оруулах эрхгүй, боломжгүй гэдгийг мэдсээр байж зохиомлоор хохирогчийг Онцгой байдлын газрын ажилтан гэж итгүүлэн бусдаар яриулж, түүнээс байрны барьцаа мөнгө болох нийт 2.500.000 төгрөгийг аваад байранд оруулаагүй, мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан үйл баримт тогтоогдлоо.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч С.Хнь анхнаасаа хохирогчийг байранд оруулах санаа бодолгүй, худал хэлж мөнгө авах зорилготой байсан болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Улмаар шүүгдэгч С.Хнь бодит байдал дээр Онцгой байдлын газрын ажилтнуудын байранд оруулж өгөх эрхгүй, боломжгүй гэдгээ мэдэж байсан хэдий ч уг байдлыг хэлэлгүй нууж, шунахайн сэдэлтээр хохирогчийг байр хайж байгаа байдлыг ашиглан хуурч 2.500.000 төгрөг шилжүүлэн авч, мөнгийг буцааж өгөлгүй цааш хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

Иймд шүүгдэгч С.Хыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

Энэ хэргийн улмаас хохирогч А.Гт баримтаар 2.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт хохирогчийн “...С.Хнадад 2021 оны 02 дугаар сарын сүүлээр 6 хувааж 2.500.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж төлж барагдуулсан. Би өөрийн хохирлоо бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Хнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал /...42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “......” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.../, тогтмол орлоготой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой байна.

            Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэжээ.

            Шүүгдэгч С.Хт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарч байх тул шүүхээс тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            С.Хт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

            Мөн шүүгдэгч С.Хын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглье

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Хт хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Хт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
  4. С.Хт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай. 
  7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР