Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1623

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ЗМН” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00962 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ЗМН” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эн Ти Эн Эйч Ди Медиа групп” ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай “ЗМН” ХХК нь кино хийх, түүнийгээ нийтэд гаргах, түгээх, бусад байгууллагад гэрээ хийж ашиглуулах эрхийг эдэлдэг. Тус компани “Ийм нэгэн дурлал-1”, “Ийм нэгэн дурлал-2” киног 2008 онд, “Хоёулаа унтах уу” киног 2012 онд бүтээсэн юм. “Хоёулаа унтах уу” кинонд өмчлөх эрхийн гэрчилгээг 2016 онд авсан. Нөгөө 2 кинонд гэрчилгээ аваагүй, авахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт хандсан байгаа. Оюуны өмчийн бүтээл нь Иргэний хуулийн 122 дугаар зүйлд зааснаар бүтээгдсэн үеэсээ өмчлөх эрх нь үүсдэг. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар баталгаажуулалтыг шаардахгүй. 9.5-д зааснаар зохиогч өөрөө хүсвэл бүтээлээ сайн дурын үндсэн дээр бүртгүүлж гэрчилгээ авч болохоор зохицуулсан.

“Ийм нэгэн дурлал-1” уран сайханы кино нь 2008 онд DVD-р худалдаанд гарсан, уг сиди-д киног зөвшөөрөлгүйгээр ашиглах, хуулбарлахыг хориглоно гэж тодорхой заасан. “Ийм нэгэн дурлал-2” киног 2008 онд бүтээхдээ киноны төгсгөл хэсэгт эрх эзэмшигч нь “ЗМН” ХХК мөн гэдгийг тодорхой, хуульд заасан таних тэмдэгтэйгээр харуулсан байдаг. Эдгээр баримтуудыг шүүхийн үзлэгээр баталгаажуулж хэрэгт хавсаргасан. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасан шаардлагыг хангасан тул дээрх 2 киноны зохиогчийн эрхийг эдлэх эрхтэй юм. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3”-т зааснаар зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бүтээлээ бусдад, нийтэд түгээхийг заасан.

Хариуцагч компани нь “NTN” телевиз ажилуулдаг, өөрийн болон бусдын бүтээлийг эфирээр нийтэд түгээдэг. Дээрх 3 киног гаргах зөвшөөрлийг нэхэмжлэгчээс огт авалгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 20-нд “Хоёулаа унтах уу” киног, 2016 оны 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд “Ийм нэгэн дурлал-1”, “Ийм нэгэн дурлал-2” киног тус тус гаргаж нийтэд түгээсэн. Энэ талаар нэхэмжлэгч нь мэдэж нийт 5 телевизэд холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт гомдол гаргасан. Үүний нэг нь “NTN” телевиз юм.

Оюуны өмч, бүртгэлийн газраас 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4/129 тоот албан бичгээр хариу өгөхдөө “албан бичигт заасан эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй кино нийтэд түгээсэн 4 телевизээс тайлбар авч, 1 телевизэд улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09/47 дугаартай албан шаардлага хүргүүлэн зөрчлийг таслан зогсоосон” гэж мэдэгдсэн. Энэ 3 телевиз нь өөрсдийн буруугаа хүлээсэн тайлбарыг өгсөн. Гэтэл “NTN” телевиз ямар ч хариу өгөөгүй. Бид хохирлын асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэсний дагуу нэхэмжлэлээ гаргасан.

Дээрх кинонуудыг бид бусад байгууллагатай хамтран ажиллах гэрээ хийж, зөвшөөрөл олгосны үндсэн дээр тухайн байгууллага өөрийн эфирээр гаргадаг. Хэрэгт уг кинонуудыг нийтэд түгээх талаар тохиролцож байгуулсан 2 гэрээг жишиг буюу нотлох баримт болгож өгсөн. Киног гарган, бидэнд рекламыг хийж өгөх хэлбэрээр бартерын гэрээ хийж, үнийн дүнгээ тохиролцдог. “Хоёулаа унтах уу” киног зөвшөөрөлгүй гаргаснаас 10 000 000 төгрөгийн хохирол учирсан, нөгөө 2 киноны хувьд тус бүр 5 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 31 дүгээр зүйлийн 31.3-д бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөн бол эд хөрөнгийн хохирлыг Иргэний хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй гэсний дагуу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэл гаргасан. Шинжээч томилж төлбөрийн хэмжээг тодорхойлж болох боловч бид шаардлагагүй, зохиогч өөрөө бүтээлээ үнэлж нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн болно.

Бусад телевизэд “Хоёулаа унтах уу” киног 10 000 000 төгрөгөөр, “Ийм нэгэн дурлал-1”, “Ийм нэгэн дурлал-2” киног тус бүрийг 4 500 000 төгрөгөөр тохиролцож өгдөг байсан. Хариуцагчийн хувьд зохиогчийн эрхийг зөрчсөн тул бид 5 000 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2016 оны 09 дүгээр сард уг телевизийг худалдан авсан. Хариуцагч талд зохиогчийн эрхийг зөрчсөн гэж мэдэгдсэн ба тухайн үедээ бидэнд бүх нотлох баримт байгаа гэж хэлж нэхэж байсан. Энэ киног өмчлөх эрх болон зохиогчийн эрхийн талаар бид огт маргаагүй, нэхэмжлэгч нь зохиогч мөн эсэх талаар ч маргахгүй. “Хоёулаа унтах уу”, “Ийм нэгэн дурлал-1” гэсэн кино нь манай “NTN” телевизээр гарсныг нотлох баримт байхгүй байна. “Ийм нэгэн дурлал-2” киног нь гаргасан гээд 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэх зураг гаргаад кинотой нь үзлэг хийгээд байгаа боловч энэ зурагт байгаа “NTNHD movie” гэсэн лого манай лого биш байна.

Иймээс энэ киног манай сувгаар гарсан гэдэг нь эргэлзээтэй. Лого, он сар өдрийг хаана ч хийх боломжтой. Зургийн он сар өдрийг утасныхаа он сар өдөртэй тохируулаад хийж болно. 2006, 2008, 2012 онд бүтээсэн кино яриад байна, тухайн кино бүтээгдэж гарсныхаа дараа кинотеатр, нийтийн үзвэрээр төлбөртэй гараад ашгаа олж эцэст нь телевизүүдийн сувгаар гардаг. Бүх кино ийм байдлаар явдаг. Бид нэхэмжлэл гарсны дараа кинонуудыг буцааж үзэхэд тухайн үед “Скаймедиа-43” гэсэн сувгаар гарсан байдаг. Манай телевизээр гарсан, гараагүй нь хамааралгүй, бид 20 000 000 төгрөгийн хэмжээнд реклам хийж өгөх, бусад хэлбэрээр барагдуулах санал хэлэхэд заавал бэлэн мөнгө авна гэдэг. 20 000 000 төгрөгөө хэрхэн тооцож гаргаад байгаа нь ойлгомжгүй, нотлох баримтгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Эн Ти Эн Эйч Ди Медиа групп” ХХК-иас гэм хорын хохиролд 20 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “ЗМН” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаас үзвэл хохирлыг мөнгөөр нөхөн төлөх тохиолдолд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, боломжгүй бол хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлүүлэх зорилготой юм. Гэтэл шүүх оюуны өмчийн зөрчил байгааг хүлээн зөвшөөрсөн атлаа хохирлын хэмжээг тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч хууль бус үйлдэл хийхээсээ өмнө хуулийн дагуу нэхэмжлэгчтэй бусад телевизийн жишгээр гэрээ байгуулж, зохих ёсны төлбөрөө төлсөн байх ёстой байсан. Бусад телевизүүд эрх эзэмшигчид нь мөнгө төлж гаргадаг киног мөнгө төлөхгүйгээр гаргахаар шийдсэн үйлдэл нь санаатайгаар үйлдсэн оюуны өмчийн зөрчил юм.

Шүүхийн шийдвэр нь Монгол Улсын 1997 онд нэгдэн орсон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Оюуны өмчийн эрх зөрчиж буйгаа мэдсээр байгаад буюу мэдэх боломжтой байсаар атал эрх зөрчсөн үйл ажиллагаа явуулсны улмаас эрх эзэмшигчид учирсан хохирлыг нөхөн төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгийг эрх зөрчигчөөс гаргуулах тогтоолыг шүүхийн эрх бүхий байгууллага гаргах эрхтэй гэж заасантай нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчдын хооронд үүссэн маргаанд хамаарах нотлох баримтыг хуульд зааснаар хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй байдлаар үнэлсэн боловч холбогдох хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “ЗМН” ХХК нь хариуцагч хариуцагч “Эн Ти Эн Эйч Ди Медиа групп” ХХК-д холбогдуулан зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр “Хоёулаа унтах уу”, “Ийм нэгэн дурлал 1”, “Ийм нэгэн дурлал 2” уран сайхны киног “NTN” телевизийн сувгаар олон нийтийн хүртээл болгож, ашигласны гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл кино урлагийн бүтээл болох “Хоёулаа унтах уу” уран сайхны киног өмчлөгчөөр “ЗМН” ХХК бүртгэгдэж, зохиогчийн эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Харин “Ийм нэгэн дурлал 1”, “Ийм нэгэн дурлал 2” уран сайхны кинонуудын хувьд ашиглах эрхийн гэрчилгээ олгогдоогүй боловч уг бүртээлийн онцгой эрх эзэмшигч гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасантай нийцсэн ба энэ талаар зохигчид маргаагүй.

 

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгч нь эрх эзэмшигчийн хувьд хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хуулийн дээрх зохицуулалтыг хэргийн үйл баримттай харьцуулан үзвэл нэхэмжлэгч “ЗМН” ХХК нь хариуцагч “Эн Ти Эн Эйч Ди Медиа групп” ХХК-иас бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчиж, “Ийм нэгэн дурлал 2” киног эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй, үнэ төлбөргүй буюу уг бүтээлийг ашиглах гэрээгүйгээр нийтэд түгээсний хохирол шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Тодруулбал, хариуцагч нь уг киноны бичлэгийг өөрийн “NTN” телевизийн сувгаар 1 цаг 27 минут 45 секунтын хугацаатай гаргасныг хэрэгт авагдсан Оюуны өмч улсын бүртгэлийн газрын албан бичиг, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь өөрийн кино бүтээлийг нийтэд түгээх талаар эрх эзэмшигчээс зөвшөөрөл авч, гэрээ хийсэн тохиолдолд ямар хэмжээний төлбөртэй байдаг талаар бусад телевизтэй хийсэн хамтран ажиллах гэрээг жишиг болгон нотлох баримтаар ирүүлснийг үнэлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, “Ийм нэгэн дурлал 2” киног зөвшөөрөлгүй түгээсний хохиролд 4 500 000 төгрөг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин “Хоёулаа унтах уу”, “Ийм нэгэн дурлал 1” киноны хувьд өөрийн телевизээр гаргаж нийтэд түгээсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас эдгээр кинонд холбогдох 15 500 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00962 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч “Эн Ти Эн Эйч Ди Медиа групп” ХХК-иас 4 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЗМН” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Эн Ти Эн Эйч Ди Медиа групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 86 950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ                                                                                                 

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА