Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 208

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, түүний өмгөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан “А.Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.О.А.Ж.С-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны  1 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “А.Р” ХХК 

Хариуцагч: Б.О.А.Ж.С

Нэхэмжлэлийн шаардлага: “Б.О.А.Ж.С-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын 64 дүгээрт бүртгэгдэн цуцлагдсан “А.Р” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А.Р” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ “А.Р” ХХК нь цэцэрлэгжүүлэлт, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 

Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүрэг Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт Арцатын аманд аялал жуулчлалын цогцолбор байгуулах зорилгоор 5 жилийн хугацаатайгаар 1,5 га талбайг ашиглахаар хууль, дүрэм, журамд заасан бичиг баримт, нөхцөл шаардлагыг биелүүлэн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 7,5 сая төгрөгийг төлж газар ашиглах гэрчилгээ авсан. 

Манай компани нь байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээнд тусгагдсаны дагуу тус яамнаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх эрх авсан. Мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж 12 сая төгрөг төлж үнэлгээгээ хийлгэсэн бөгөөд 2018 оны 07 дугаар сараас хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэж, тухайн газраа ашиглахаар төлөвлөөд байсан болно. 

Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай компанийн менежер Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд очихдоо манай компанийн газар ашиглах эрх 2 жил болоогүй байхад цуцлагдсан болохыг мэдсэн. Манай компанийн зүгээс уг газар ашиглах эрх цуцлагдсаныг хууль бус шийдвэр гэж үзэж байна. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” гэж заасан байх бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг дарга гэрээ байгуулахаас үндэслэлгүй татгалзсан учир манай компани одоог хүртэл хуульд заасан эрхээ эдэлж, ашиглаж чадахгүй байгаа болно. Яагаад гэрээ байгуулаагүй болохоо тодорхой болгож болно. 

Мөн Монгол Улсын Б.О.А.Ж.С-ын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар манай компанид газар ашиглах шийдвэр гарсан хэдий ч ашиглах гэрчилгээг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргаж өгсөн. Өнөөдрийг хүртэл газар ашиглах гэрээ байгуулаагүй байгаа. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.” гэж заасан байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ байгуулаагүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн манайхтай байгуулаагүй газар ашиглах гэрээг цуцлахаар тушаал гаргасан нь илт хууль бус акт болохыг илтгэж байна.

Аливаа аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг цуцлахад хуулийн тодорхой үндэслэл шаардлагатай бөгөөд тухайн байгууллагад урьдчилан мэдэгдэж, сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулах ёстой. 

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн Б.О.А.Ж.С-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын 64 дүгээрт бүртгэгдэн цуцлагдсан “А.Р” ХХК-ийн холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. 

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Б.О.А.Ж.С-д 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байгаа болно.” гэжээ.

Хариуцагч Б.О.А.Ж.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““А.Р” ХХК-ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 

“А.Р” ХХК-д дархан цаазат Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд Арцатын аманд байрлах 1,5 га газрыг Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасны дагуу хязгаарлалтын бүсэд зөвхөн дээрх орон байрыг барьж ашиглахыг зөвшөөрсөн эрхийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар олгосон. 

“А.Р” ХХК нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-т “Газар ашиглах гэрчилгээг олгогдсон өдрөөс 3 сарын дотор тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж баталгаажуулсан байна” гэсэн заалтыг зөрчиж гэрээ байгуулаагүй. 

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэл болгон яамны цахим хуудсанд тавигдсан 2018 оны 01 дүгээр сарын 02, 04-ний өдрийн зарлал, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар саналыг тус тус үндэслэн Б.О.А.Ж.Сын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. 

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“А.Р” ХХК-иас Б.О.А.Ж.С-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын 64 дүгээрт бүртгэгдэн газар ашиглах эрхийг нь цуцалсныг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. 

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны байгууллага   хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн компанитай байгуулаагүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн манайхтай байгуулаагүй газар ашиглах гэрээг цуцлахаар тушаал гаргасан нь илт хууль бус захиргааны акт гэж тодорхойлон маргасан. 

Нэхэмжлэгчээс тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж баталгаажуулаагүй үйл баримттай маргаагүй, харин маргаан бүхий А/121 дүгээр тушаалын холбогдох заалтаар бодит байдалд байгуулаагүй газар ашиглах тухай гэрээг  үндэслэлгүйгээр цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “..., хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль заасан үндэслэл байгаагүй” гэх тайлбарыг дараах байдлаар үгүйсгэх боломжгүй байна. 

“А.Р” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 тоот тушаалын  2 дугаар заалтаар “...Улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсэд буюу Хан-Уул дүүрэг Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт Арцатын аманд аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатайгаар 1,5 га талбайг ашиглах эрхтэй....” болжээ. Тухайн тушаалыг үндэслэж “...Арцатын ам нэртэй 1.5 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглахыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулинд заасан нөхцөл, журмын дагуу зөвшөөрч, энэхүү гэрчилгээг ... 6050301 тоот гэрчилгээ/регистр-тэй “А.Р“ ХХК-д таван жилийн хугацаагаар олгов” гэсэн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/0095 дугаар гэрчилгээг  2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч компанид олгосон байна. 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ойлгоно, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д“ Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж зааснаар “А.Р” ХХК нь газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу тухайн газрыг ашиглахдаа зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй байна. 

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, ... газраас ... тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор ... гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 34 дүгээр зүйлийн 1-д “... газар ашиглах гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна.”,  Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/  ... газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, ... Засаг даргатай байгуулах ... газар ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ” гэж тус тус заажээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд газар ашиглагч нь зөвхөн гэрээнд тодорхой заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор газрыг ашиглаж, гэрээнд зааснаар газрын төлбөрөө төлөх үүрэгтэй, харин газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, гэрээнд тусгаж, гэрээг бүртгэх нь газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтны үүрэг байна. Хэдийгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “...“А.Р” ХХК 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл дүүргийн Засаг даргад газар ашиглах гурвалсан гэрээг батлуулахаар хүсэлт ирүүлээгүй” гэх 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08/201 тоот , Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “... гэрээ байгуулах хүсэлт ирүүлж байгаагүй...” гэх 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн  127 тоот албан бичгүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч гурвалсан гэрээний бусад талууд болох захиргааны байгууллагаас тухайн гэрээг байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, газар ашигласны төлбөрийг хуулийн этгээдээс хураан авч улсын төсөвт байршуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүйг зөвтгөх боломжгүй. 

Нэхэмжлэгчээс тухайн үед гурвалсан гэрээг байгуулахаар хөөцөлдөж байхад тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах төлбөрийн хэмжээ маргаантай байсан учраас гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх тайлбар хийснийг үгүйсгэх боломжгүй байна. Учир нь тухайн үед мөрдөгдөж байсан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 тогтоолоор газрын нэгжийн үнийг 1320 төгрөг байхаар заасан бөгөөд  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй  Б.О.А.Ж.С-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2,Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.1, 40, Газрын тухай хуулийн 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 1 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” албан даалгавар, хариуцагч яамны цахим хуудсанд тавигдсан 2018 оны 01 дүгээр сарын 02, 04-ний өдрийн 1,2 дугаар зарлал, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар зарлал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар саналыг үндэслэсэн нь “А.Р” ХХК-ийн хувьд хамаарахгүй байна. 

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  40 дүгээр зүйлд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, тусгай хамгаалалттай горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрх дуусгавар болно, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох тухайлбал, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах хүсэлт гаргасан, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, газрыг тусгай хэрэгцээнд авсан зэрэг тохиолдлуудыг хуульчилсан. Мөн  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, 40.1.5-д “Эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалтыг үндэслэж “А.Р” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актыг зөвтгөх боломжгүй байна. 

Тодруулбал, “А.Р” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 тоот тушаалаар маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсноор Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/0095 дугаар гэрчилгээг анх 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр олгосон байх бөгөөд гэрчилгээний  хүчин төгөлдөр хугацаа 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дуусахаар байна. 

Энэ нь хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдах зарчмыг хөндсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “захиргааны байгууллагын шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэнтэй нийцэхгүй байна гэж шүүх дүгнэв. 

Түүнчлэн хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч яамны цахим хуудсанд 2018 оны 01 дүгээр сарын 02, 04-ний өдөр, 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлалууд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар санал  зэрэгт “А.Р” ХХК-ийн нэр байхгүй нь нотлогдож  байх тул хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаа явуулах гэж заасныг хэрэгжүүлээгүй байна. 

Хариуцагч газар ашиглах эрхийг дуусгавар болгосон захиргааны акт гаргахдаа зайлшгүй Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулиар тогтоосон газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдсон байх, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож, маргаан бүхий актын үндэслэлүүд няцаагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2,  Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.О.А.Ж.С-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “А.Р” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Н.Д