Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0578

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Д  гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Н.Б

Гомдлын шаардлага: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 0048529 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Д.Д, өмгөөлөгч Ө.А

Хариуцагч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У

Хэргийн индекс: 123/2022/0059/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч Д.Д Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 0048529 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3, Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 12 дугаар зүйлийн 12.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Лүн сум дахь Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б оногдуулсан 2022 оны 9 сарын 9-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0048529 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1.“...Иргэн Д.Д  нь 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Архангай аймгийн Цахир сумаас Улаанбаатар хотын чиглэлд Төв аймгийн Лүн сум дахь авто замын шалган нэвтрүүлэх постоор Ланд крузер прадо 78 маркийн 53-55 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Г.П, Ж.Э  нарын хамт нийт 180 ширхэг хөлдөөсөн тарвага тээвэрлэсэн зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, торгох шийтгэл оногдуулсан. Иргэн Д.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ Г.П, Ж.Э бид гурав мөнгөө нийлүүлээд нийт 180 ширхэг тарвагыг Цахир сумаас худалдаж авсан, Экологи-эдийн засаг үнэлгээ танилцуулан нийт 62.700.000 төгрөг болж байна гэж асуухад Д.Д нь бид нар 3 тэнцүү хувааж төлнө, зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар өгсөн. Миний бие эрх бүхий албан тушаалтны хувьд Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн нийт 180 толгой тарваганы тулам худалдан авсан зөрчилд нь ногдох 62.700.000 төгрөгийг 3 иргэнд тэнцүү хувааж, тус бүрт нь 20.900.000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан. Амьтны тухай хуулийн 12.1-д “Энэ хуулийн 25.3-т “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоно” гэж заасны дагуу тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна”, 57 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 3-т “Гэм буруутай этгээд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байдаг тул иргэн Д.Д оногдуулсан шийтгэврийн хуудсыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор амьтны аймагт учруулсан хохирол, нөхөн төлбөр төлөгдөхгүй нөхцөл үүсч байна.

Иймд Д.Д гарал үүслийн бичиг, түүнтэй адилтгах тодорхойлолтгүй хөлдөөсөн тарваганы тулам худалдан авч, тээвэрлэсэн зөрчилд оногдуулсан шийтгэл, нөхөн төлбөр нь хуулийн үндэслэлтэй байх тул Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 123/ШШ2023/0017 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, 0048529 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгууль, нөхөн төлбөрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

            1.Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б  маргаан бүхий шийтгэлийн хуудсаар иргэн Д.Д “хууль бус аргаар хориглосон хугацаанд 180 ширхэг тарваганы тулам тээвэрлэсэн” зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-д заасны дагуу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 20.900.000 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Зөрчлийн болон Амьтны тухай хуульд нийцсэн байхад шүүхийн шийдвэрээр “…хуульд нийцээгүй хэм хэмжээний актыг үндэслэсэн…” гэж дүгнэн, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

            Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаар тушаалаар “Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатайгаар хориглосон, гэтэл гомдол гаргагч Д.Д  улсын байцаагчийн дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ “...би 180 ширхэг монгол тарвагыг амьдаар нь тээвэрлэж яваагүй, харин 180 ширхэг агнагдчихсан тарваганы бүгдийнх нь гэдэс дотрыг, дийлэнхийнх нь толгойг тус тус авчихсан, тарваганы мах, яс, арьс бүхий тулмыг найз Г.П хамтаар түүний эхнэрийн өмчлөлийн автомашинд тээвэрлэсэн, ... мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаар тушаал захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй...” гэж тус тус маргажээ.

            2.Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 3-3/05 дугаар лавлагаагаар шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дугаар тушаал захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, харин өмнө нь тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглож байсан Сайдын 2017 оны А/278 дугаар тушаал хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй болох нь тус тус тогтоогдож байгаа ч “…Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагад нийцээгүй хэм хэмжээний актыг үндэслэсэн…” гэх шүүхийн дүгнэлт гомдлыг хангах үр дагаварт хүргэхгүй.

            Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д “Нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно” гэж заасан. Хэдийгээр Сайдын 2017 оны тушаал хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй байгаа ч 2021 оны тушаалыг тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн зохицуулалт бүхий захиргааны актад хамруулах боломжтойгоос гадна тарваганы тулам тээвэрлэсэн үйлдэл нь зөвхөн Сайдын тушаалаар бус Амьтны тухай хуулиар зохицуулагдах харилцаа болно.

            Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4-т Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага “сүргийн бүтцийн төлөв байдал, тархац, нөөцийг харгалзан тухайн агнуурын бүс нутагт ан хийх, эсхүл зарим зүйл агнуурын амьтныг агнах, барихыг тодорхой хугацаагаар хориглох” эрхтэй, 11 дүгээр зүйлийн 11.1.9-т “тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах”, 11.1.13-т “агнахыг хориглосон ан амьтны ангийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах”-ыг тус тус хориглоно, 12 дугаар зүйлийн 12.1-т “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.3-т “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл Сайдын тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг тодорхой хугацаагаар хориглосон эсэхээс үл хамааран дээрх хуулиар тарвага, зурам, тэдгээрийн түүхий махыг хот, тосгонд оруулахыг хориглосон байхад тарваганы 180 ширхэг тулмыг Улаанбаатар хот руу оруулахаар тээвэрлэсэн үйлдэл нь хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно.

            3.Гомдол гаргагч Д.Д  нь 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Э, П бид гурав П  ланд маркийн машинтай 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өглөө Улаанбаатар хотоос гараад Архангай аймгийн Цахир сум ороод хүмүүстэй уулзаж 180 ширхэг тарвагыг нэг бүрийг нь 50.000-60.000 төгрөгөөр худалдаж авсан…” гэсэн атлаа давж заалдах шатны шүүх хуралдаанд “…найзынхаа машинд хөдөө хамт явсан. Машинд унтаж байх хооронд тарваганы тулам аччихсан байсан. Би дайгдаж яваа хүний хувьд хориглох эрх байхгүй. Тухайн үед 300.000 төгрөгөөр торгуулаад л болчихын байна гэж бодож дээрх мэдүүлгийг өгсөн…” гэснийг хүлээн авах боломжгүй.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна”, 7.6 дугаар зүйлийн 4-т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу тухайн тээврийн хэрэгсэлд явсан Д.Д  300.000 төгрөгөөр торгож, улмаар 180 тарваганы экологи, эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон нийт 62.7 сая төгрөгийг 3 хуваан 20.9 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Д.Д  нь дээрх зөрчлийг хамтран үйлдсэн, тухайлбал суудлын автомашинд 180 ширхэг тарваганы хөлдөөсөн тулам ачиж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй, тэрхүү хууль бус үйлдэлд ямар ч оролцоогүй, хамааралгүй, буруугүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул хариуцлага хүлээлгэх нь зүйд нийцнэ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4, 11 дүгээр зүйлийн 11.1.9, 11.1.13, 12 дугаар зүйлийн 12.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.3, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Д.Д  “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 0048529 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б  давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                         ШҮҮГЧ                                              Д.ОЮУМАА

 

              ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА 

 

              ШҮҮГЧ                                             Э.ЛХАГВАСҮРЭН