Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00606

 

Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/02575 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2252 дугаар магадлалтай,                                                                                                           

Б гийн нэхэмжлэлтэй,

Д , “Монголын хүүхдийн гэр бүл ирээдүй төв” ТББ нарт холбогдох

Д ээс 11,000,000.00 төгрөг, “Монголын хүүхдийн гэр бүл ирээдүй төв” ТББ-аас 2,300,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Д ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарангэрэл, хариуцагч “Монголын хүүхдийн гэр бүл ирээдүй төв” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярдалай, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: 2016 оны 05 сарын 31-ний өдрөөс “Баби Сити” ТББ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж 1 жилийн хугацаанд Д ийн гэрт гэрийн үйлчлэгчээр сарын 600,000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Ажилд ороод эхний сард нь 200,000 төгрөг суутгуулж, 400,000 төгрөг өөрийн харилцах ХААН банкны дансаар сар бүрийн 15, 30 өдрүүдэд 2 хувааж цалингаа авсан. 2016 оны 7 сараас би өөрийн цалин болох 500,000 төгрөгийг 2 хувааж авч байсан. 100,000 төгрөгийг сар бүр “Баби Сити” ТББ нь хууль бусаар надаас авсан гэж үзэж байна. Миний бие ажилд орохдоо 600,000 төгрөгөө бүтэн сард нь авч байгаагүй, хууль мэдэхгүй надаар гэрийн үйлчлэгчээс өөр ажлыг давхар хийлгүүлдэг, мөн гэрээнд заагдаагүй хөгжлийн бэрхшээлтэй 25 настай хүү Э.Базаргүрийг асруулдаг, байр орон цэвэрлүүлдэг байсан. Миний бие дүүгийнхээ эмчилгээний зардлыг төлөх үүднээс тэвчээд ажлаа хийдэг байсан. Сүүлдээ Д  нь өөрийн хүү Э.Базаргүртэй ханилж суу хүүхдийг нь гаргаад өгчих гэх зэргээр надтай ярьдаг болсон. Би 2016 оны 05 сарын 31-нээс 2018 оны 03 сарын 24-ний өдөр хүртэл гэрт ажилласан. Ажлаасаа гарах тухай 2017 оны 6 сард хэлсэн боловч Д , Э.Базаргүр нарын хүсэлтээр, мөн надад 1 жилийн дотор сайн ажилласан учир 500,000 төгрөгийг урамшуулал болгон өгөхөөр нь би цааш ажиллахаар болсон. Миний бие цаашид ажиллах боломжгүй болоод Д  болон хүү Э.Базаргүр нарт хэлээд 2018 оны 03 сарын 24-ний өдөр ажлаасаа гарсан. “Баби Сити” ТББ-н захирал Н.Сарангэрэл нь миний эрх ашгийг огт хамгаалдаггүй хэрнээ цалинг хугацаанд нь өгөхгүй саатуулдаг. Н.Сарангэрэл одоо намайг хулгайн хэрэгт гүтгээд байгаа. Д  намайг ажлаас гарах үед цалин өгөөгүй, хулгайн хэрэгт үнэн худал нь мэдэгдэхгүй сэрдээд байгаа тул хууль бусаар хөдөлмөрлүүлсэн /асаргаа хийсэн хөлс, илүү цагаар ажиллуулсан цалин хөлс сар бүр 500,000 төгрөгөөр тооцож/ 22 сарын цалин нийт 11,000,000 төгрөгийг Д ээс, “Баби Сити” ТББ-ын захирал Н.Сарангэрэлээс 2,300,000 төгрөг, нийт 13,300,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д ийн гаргасан хариу тайлбарт: Б  нь бодит байдлыг илтэд гуйвуулж, Д  миний нэр хүндийг гутаан доромжилж, залуу хүнийх нь хувьд түүнд үзүүлсэн дэмжлэг, итгэлийг минь хөсөрдүүлж миний болон манай гэр бүлийн эд хөрөнгөд хохирол учруулсанд гомдолтой. Түүний энэхүү үйлдлийг Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа бөгөөд Б  хариу үйлдэл болгон надаас үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна. Би 2016 оны 5 сард “Баби Сити” ТББ-аар зуучлуулан, тус байгууллагатай үйлчилгээний гэрээ байгуулан Б г өөрийн гэрийн үйлчлэгчээр нэг сарын 500,000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулахаар тохирч, тус байгууллагад үйлчилгээ авсны хөлсөнд нэг сарын 100,000 төгрөг өгөхөөр болсон ба Б  манай гэрт байрлан 2016 оны 06 сарын 01-нээс 2018 оны 03 сарын 24-ний өдөр хүртэл ажилласан. Түүний гүйцэтгэх үүрэг нь гэр цэвэрлэх, хувцас угаах, индүүдэх, гэр сахих, манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг минь асрагч, жолооч, эмч нарыг ирэх, явах, биднийг гэртээ ирэх хоорондын хэсэгхэн хугацаанд түүнд бараа болох байсан ба шаардлагатай тохиолдолд л би хоол хийлгэдэг байсан. Тэгээд ч миний хүү Э.Базаргүр Б гаар асруулаад байх хэмжээний хүнд өвчтэй биш бөгөөд бид ажлынхаа байранд оройн хоолоо хийж иддэг тул барагтай бол гэртээ хоол хийх шаардлага байдаггүй. Б  манайд байрлан ажиллах хугацаандаа үд болтол унтаж, өөрийн дураар хоол хийж идэж, интернет, фейсбүүкээр аялж, ажил тасалсан, биднийг гэр бүлээрээ гадаадад явсан хугацаанд амарсан ч цалингаа бүрэн авч, манай хүүхдүүдтэй хамт кино үзэж, миний авч өгсөн хувцсыг өмсөхөөс гадна миний хувцсыг ч зөвшөөрөлгүй өмсч байсан. Мөн урамшуулалт цалин, ойр зуурын хэрэглээний мөнгө ч авч байсан. Би хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ч Б гаас өөр жолооч асрагч, эмчийг хөлсөөр ажиллуулдаг. Гол ялгаатай нь Б  манайд байрлан ажиллах, бусад эмч, жолооч асрагч нар өдрөөр, цагаар ажиллах зохион байгуулалттай. Б  өдөрт 4-5 цагийг гэр цэвэрлэх, өөрийнхөө хоол ундыг хийх, хааяа юм угаах ажилд зарцуулж байсан. Манайх хүнийг байнгын тасралтгүй өдрийн 12 цагаар ажиллуулаад байх бохир заваан, дуусдаггүй их ажилтай айл биш бөгөөд би түүгээр хүүхэд асрах ажил хийлгээгүй төдийгүй илүү цагаар ажиллуулаагүй. Өдрийн 11, 12 цаг хүртэл унтдаг хүн илүү цагаар ажиллах боломжгүй юм. Харин ч тэрээр биднийг олон хоногоор гадаадад болон хөдөө орон нутгийн аялалд явсан хугацаанд тэр хэмжээгээр амрахаас гадна долоо хоногийн 1 өдөр нь тогтмол амарч байсан ба заримдаа хэл үггүй ажилдаа ч ирэхгүй алга болчихдог байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Монголын хүүхдийн гэр бүл ирээдүй төв” ТББ-ын гаргасан тайлбарт: Б гийн хувьд 2016 оны 05 сарын 30-ны өдөр манай төвтэй гэрээ байгуулан Д ийнд байрлаж ажиллах гэрийн үйлчлэгчээр сарын 500,000 төгрөгөөр цалинжих гэрээ хийж ажилд орсон. 2018 оны 03 сарын 24 хүртэл нийт 21 cap 8 хоног ажиллаж нийт 10,100,000 төгрөгийн цалин авсан ба гэрээний 2.9-д зааснаар 1 удаа зуучлалын хөлс 100,000 төгрөгийг 2016 оны 06 сарын 15-нд цалингаас суутган авсан. Өөр дахиж ямар нэгэн суутгал цалин дутуу өгсөн зүйлгүй болно. Мөн Б  нь гэрээний хугацаанаас өмнө дур мэдэн ажлаасаа гарсан ба явахдаа айлаасаа их хэмжээний бэлэн мөнгө эд зүйл хулгайлсныг ажил олгогч Д , зуучлагч манай төв Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгөн Б д холбогдох эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна. Б  нь 2016 онд хийсэн гэрээний дагуу үндсэн цалин 500,000 төгрөгөөр цалинжиж байсан бөгөөд Д ийн манайд төлдөг үйлчилгээний төлбөр болох cap бүрийн 100,000 төгрөгийг өөрөө авах ёстой мэтээр үндэслэлгүй зүйл нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Б  хулгай хийж ажлаасаа зугтаж явсны дараагаар бидэнтэй огт холбогдоогүй утсаа ч авахгүй байсан ба цагдаад өгснийг мэдмэгцээ өөрийн эгч, аав, ээж зэргийг дагуулан ирж хэл ам хийж танай байгууллагыг шалгуулна гэж сүрдүүлэг хийж Н.Сарангэрэл намайг чадна гэж эгчээрээ хэлүүлээд явсан. Хулгайн хэрэг үйлдсэнээ нуун дарагдуулах зорилгоор биднээс үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгааг шалгаж тогтоож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/02575 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ээс 3,856,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож, нэхэмжлэлээс 4,286,800 төгрөгийн шаардлага болон хариуцагч “Монголын хүүхдийн гэр бүл ирээдүй төв” ТББ-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Д ээс 76,652 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2252 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/02575 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/02575 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2252 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч Д  би “Монголын Хүүхдийн Гэр Бүл Ирээдүйн Төв” ТББ-д хандсаны дагуу Б тай хөдөлмөрийн гэрээ байгуулан манайд ажиллуулсан. Тус гэрээний 2.1-т заасны дагуу сарын 500,000 төгрөгийн цалинтайгаар ажилд авсан бөгөөд сар бүр заасан хугацаанд нь тус байгууллагын дансанд төлж байсан. Энэ нь хавтаст хэргийн 22, 29-р талд авагдсан баримтаар нотлогддог. Гэтэл шүүх нэхэмжлэгч, хариуцагч “МХГБИТ” ТББ нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байгааг, мөн яагаад талууд харилцан тохиролцож хийсэн гэрээг хүчингүй болгож намайг энэхүү үйл баримттай хамаатуулж, нэхэмжлэгчтэй хувиараа тохирч ажил гүйцэтгүүлсэн гэснийг ойлгохгүй байна.  Бодит байдал дээр “МХГБИТ” ТББ, Б  нарын хооронд байгуулагдсан аливаа гэрээний хүчинтэй, хүчингүй эсэх нь надад хамаагүй зүйл юм. Гэвч 2 шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж Д  намайг нэхэмжлэгчтэй хувиараа тохирч хүүхэд асруулах ажил гүйцэтгүүлсэн тул Иргэний хуулийн 359.1 хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж хэтэрхий хөнгөн хуумгай дүгнэлт хийсэн төдийгүй Д  миний н.Уранбаатар, н.Даваажаргал нартай байгуулагдсан гэрээг үндэслэл болгон Б д 600,000 төгрөгийн цалин олгох ёстой гэж дүгнэсэн нь ИХШХШХ-ийн 40.2 дах хэсгийг зөрчиж илтэд нэг талыг барьсан гэж үзэх үндэстэй байна. Учир нь би албан ёсны зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа нь жигдэрсэн 20 жилийн түүхтэй байгууллагаар зуучлуулан тэдний ажилтныг авч ажиллуулж, тохирсон цалин хөлс болох 500,000 төгрөгийг тус байгууллагаар дамжуулан төлж байсан болохоос хэн нэгэн танихгүй хүнтэй ярилцан тохиролцож, ажилд аваагүй ба Б тай хувиараа уулзан гэрээ байгуулан цалин хөлс өгсөн ажил олгогч биш юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б , хариуцагч Д ээс 11,000,000 төгрөг, “Монголын хүүхдийн гэр бүл ирээдүй төв” ТББ-аас 2,300,000.00 төгрөг гаргуулах шаардлага гаргахад хариуцагч “Монголын хүүхдийн гэр бүл ирээдүй төв” ТББ нэхэмжлэгчийг нэг сарын 500,000.00 төгрөгөөр цалинжуулахаар гэрээ байгуулсан гэж, хариуцагч Д  хүү Э.Базаргүр тусдаа асрагчтай, илүү цагаар ажиллуулдаггүй гэж маргажээ.

2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Монголын хүүхдийн гэр бүл ирээдүй төв” ТББ-тай нэхэмжлэгч Б  нь нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Б г хариуцагч Д ийн гэрийн үйлчлэгчээр ажиллуулж, нэг сарын 500,000.00 төгрөгийн цалин хөлс олгохоор тохиролцсон, энэ хөлсийг хариуцагч Д  нэхэмжлэгчид олгосон, нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ажиллажээ.  

Хариуцагч “Монголын хүүхдийн гэр бүл ирээдүй төв” ТББ, Б  нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, тус төв нь нэхэмжлэгчийг хариуцагч Д ийн гэрийн үйлчлэгчээр ажиллуулахаар зуучилж, Б , Д  нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн тухай анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн байна.  

Нэхэмжлэгч нь хүүхэд асрагчийн ажлыг давхар хийлгэсэн, илүү цагаар ажиллуулсан гэсэн үндэслэлээр хариуцагч Д ээс 11,000,000.00 төгрөг гаргуулах шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан үйлчилгээний гэрээ, гэрээний хавсралт, гэрч Б.Уранбаатарын мэдүүлэг болон Б.Уранбаатар, Н.Даваажаргал нарын хариуцагч Д тэй байгуулсан “Асрагч, жолоочоор ажиллах гэрээ” гэсэн баримтад тулгуурлан гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчийн ажил нь өөр өөр чиг үүрэгтэй ажлын байр гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.       

Хариуцагч Д ийн хүү Э.Базаргүрийг нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 07-ны хооронд 2 сар 27 хоног, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны хооронд 7 сар 3 хоногийн хугацаагаар асарч байсан, иргэн Б.Уранбаатар, Н.Даваажаргал нарын Д тэй байгуулсан асрагч, жолоочоор ажиллах гэрээнд нэг сарын үндсэн цалинг 600,000.00 төгрөг гэж тохиролцсон боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тооцоонд тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Д ээс 3,856,400.00 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.        

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч “Монголын хүүхдийн гэр бүл ирээдүй төв” ТББ-д 600,000.00 төгрөгийн цалинтай ажилд орсон, 100,000.00 төгрөгийг дутуу олгож байсан гэж 2,300,000.00 төгрөг нэхэмжилснээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д ийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/02575 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2252 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Д ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,600.00 /далан найман мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН