Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/396

 

 

 

 

 

 

 

 

     2021        07          08                                     2021/ШЦТ/396

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,   

улсын яллагч Б.Дэлгэрмаа /цахим сүлжээгээр/, 

шүүгдэгч Ж.Гнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн заалтуудад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Гад холбогдох эрүүгийн 0000000000000000000 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт ........................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ж.Г/РД:00000000000000000/  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Гнь 2021 оны 5 дугаар сарын 06-ны 20 цаг 40 минутын үед ................................ тоот хашаанд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ, мөн дүрмийн 3.4.а-д заасан “жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Тоёота приус” маркийн 00000000улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, тоормосоо гишгэх гэж байгаад хаазаа андуурч, гишгэснээс болж айлын хашаа мөргөж, ороод хашаан дотор зогсож байсан У.Быг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ж.Гнь 2021 оны 5 дугаар сарын 06-ны 20 цаг 40 минутын үед ................................................................ тоот хашаанд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ, мөн дүрмийн 3.4.а-д заасан “жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Тоёота приус” маркийн 00000000улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, тоормосоо гишгэх гэж байгаад хаазаа андуурч, гишгэснээс болж айлын хашаа мөргөж, ороод хашаан дотор зогсож байсан У.Быг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

  1. Шүүгдэгч Ж.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “...Уг зам тээврийн осол болсон гэх газар нь Нийслэлийн ................................ тоот хашаанд үйлдэгдсэн байв. Явган зорчигчийг 103 түргэн тусламжаар гэмтлийн эмнэлэгт үзүүлэх зорилгоор авч явсан байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч /хх-ийн 4-11//

            3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 21 цаг 48 минут ...Ж.Гыг драйгер багаж ашиглан шалгахад 1.68 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12/

            4. Насанд хүрээгүй хохирогч У.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр манай гэрт манай ах Уугантөгс ирээд хундам цутгах гээд хашаанд ус юүлж байсан. Тэгээд би тухайн үед хашаан дотроо 20 цаг өнгөрч байхад ус юүлээд зогсож байсан. Тэгтэл хашааны гадна талаас нэг автомашин манай хашааг цөм мөргөөд дотогшоо орж ирээд намайг хашаан дотор зогсож байсан автомашинтай хавсарч мөргөөд газарт унагасан. Тэгээд би тухайн үед шоконд ороод юу болсон талаар сайн санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

            5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гадуур ажилтай явж байгаад 20 цагийн үед гэртээ ирээд байж байсан. Тухайн өдөр манайх хашаандаа усаа юүлж байсан. Би тухайн үед хүү У.Бын хажууд зогсож байгаад гэртээ орох гээд гэрийнхээ үүдэнд иртэл гэнэт хашааны гадна талаас нэг суудлын автомашин хашааг минь цөм мөргөөд газарт унагасан. Тэгэхээр нь би шууд гүйж очоод машины жолооч талын хаалгыг онгойлгоод юу болж байна гэж асуухад жолооч нь согтуу маш их архи үнэртэж байсан. Мөн тухайн автомашин дотор жолоочтойгоо нийлээд 6 хүн суугаад явж байсан, бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд миний гар утсаар манай дүү У 102 болон 103 руу дуудлага өгсөн. Тухайн үед манай хүүхэд У.Б хөл хугарчих шиг боллоо гээд газарт сууж байтал машин дотроос бууж ирсэн нэг эрэгтэй хүн нь наад хүүхэд чинь худлаа баашлаад байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгэхээр нь манай дүү уурлаад зүгээр хашаан дотор юм хийж байсан хүүхдийг мөргөчихөөд юу яриад байгаа юм бэ гээд уурласан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

            6. Иргэний хариуцагч Г.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Осол болох үед хажууд нь байгаагүй. Би зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг боломж бололцоогоороо төлж барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/

            7. Гэрч Ж.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байтал өдөр 14 цаг өнгөрч байхад манай нөхөр гараад явчихсан байсан. Тэгээд би 17 цагийн үед нөхөр лүүгээ залгаад хаана байна гэж асуухад П гэдэг айлынд байна гэж хэлсэн. Манай нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтолттой байсан учир би очоод чамайг авъя гэж хэлээд тухайн айлд нь яваад очсон. Гэрт нь манай нөхөр, П эхнэртэйгээ хамт бас нэг лам өөр нэг хоёр хүмүүс байсан. ...тэгээд уг нь их зөөлөн явж байсан. Гэтэл гэнэт баруун гар тал руугаа эргээд нэг айлын хашаа руу цөм мөргөөд орчихсон. Тэгээд би машинаас буугаад иртэл хашаанд байсан эмэгтэй та нар хүүхэд мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд хартал машины урд цаана газарт эрэгтэй хүүхэд ёо хөл гээд уйлаад байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/

            8. Гэрч Н.Ж-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 15 цаг өнгөрч байхад найз П-ийн гэрт очсон. Тэгээд П бид хоёр хүн хайгаад ламын гэрт очсон чинь лам гэртээ байгаагүй. Тэгээд хаана байгаа талаар асуутал хойно айлд байгаа гэж хэлсэн. П намайг дагуулаад нэг танихгүй айлд очсон. Тэр айлдаа нэг том пиво хувааж уусан. Тэгтэл П манай гэрт бүгдээрээ очъё гэж хэлээд П-ийн гэрт очоод 3 том пиво уусан. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад гэрлүүгээ харих гээд гэрээс нь гараад явсан. ...тухайн үед явж байтал гэнэт баруун гар тал руугаа эргээд айлын хашаа мөргөж ороод зогссон. Би тухайн үед нилээн согтолттой байсан учир хүүхэд мөргөсөн гэдгийг нь тухайн үед мэдээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/

            9. Гэрч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байтал Ж.Гах, эхнэрийн хамт манай гэрт 16 цаг өнгөрч байхад ирсэн байх, манай гэрт ирэхдээ Ж.Гах нэг том пивотой ирээд бид хоёр нөгөө пивыг нь ууж байсан. ...Тэгээд Ж.Гах машинаа жолоодоод зөөлөн явж байгаад гудамжны үзүүр тойрох үед баруун гар тал руугаа гэнэт эргээд машин хурдлаад хажуу талд байсан айлын хашааг цөм мөргөөд дотор нь зогссон. ...би машинаас буугаад иртэл бид нарын сууж явсан автомашинд эрэгтэй хүүхэд мөргүүлээд хөл нь гэмтчихсэн уйлаад газарт сууж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/

            10. Гэрч Ш.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн үед би танил Ж-тй хамт танил Д-ийн гэрт ортол Ж.Г эхнэрийн хамт Д-ийн эхнэр дөрвүүлээ пиво уугаад сууж байсан. Бид хоёр пивоноос нь ууж байгаад дараа нь бид нар бүгд манай гэрт очсон. Манайд хоёр пиво хувааж уусныг санаж байна. Би согтоод юу болсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66/

            11. Гэрч Х.Пү-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байтал өдөр 15 цаг өнгөрч байсан байх Ж.Г манай гэрт эхнэр Б-ийн хамт ирсэн. Тэгээд бид нар хоол хийж идээд манай нөхөр, Ж.Г бид гурав сэнгүр гэдэг нэртэй том пиво хувааж уусан. Тэгээд байж байтал бас манай нутгийн хөгшин П гэж бид нар дууддаг бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй, хүн хайгаад манайхаас асууж ирсэн. ...Манай гэрээс П гэдэг айлынд очихдоо Ж.Гөөрийн машинаа өөрөө жолоодож явсан. ...тухайн үед автомашин уг нь х зөөлөн явж байсан. тэгтэл гэнэт огцом баруун гар тал руугаа эргээд модон хашаа цөм мөргөөд дотогш ороход дотор нь эрэгтэй хүүхэд зогсож байсан. Тухайн хүүхдийг мөргөөд газарт унагасан. Хашаан дотор байсан портер маркийн автомашинд тулаад зогссон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74/

            12. Гэрч О.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн үед дүү У.Быг яг автомашинд мөргүүлж байхыг хараагүй. ...жолооч лам согтуу байсан. ...Тухайн үед ослын дараа шууд очоод жооочийн хаалгыг онгойлгох үед халзан толгойтой, лам хувцастай хүн автомашины жолоон дээр сууж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83/

            13. Гэрч Ц.Д-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Найз У миний машинаар усаа ойртуулаадахъя гээд түр аваад 2 хонож байсан. Надад дараа нь ослын талаар ярьсан. ...Миний машинд ослын улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. ...автомашинд эвдрэл учраагүй тул үнэлгээнд орох шаардлагагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86/

            14. Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Осол гарсан өдөр манай хамаатны эгч бид хоёрыг гэртээ урьж цай уулгасан. Миний бие өвдөөд байхаар нь би түрүүлээд харьсан байсан. Орой нь манай охин над руу утсаар ярьж аав осол гаргасан байна гэж хэлэхээр нь би мэдээд осол болсон гэх газарт очоод мөргүүлсэн хүүхдийн ээжийг нь аваад хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88/

            15 Автотээврийн үндэсний төвийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаартай:

            “-Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад дугуйн хээний гүний хэмжээ, урд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан, хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангахгүй байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ  их тэнхлэг тохиргоо өөрчлөлттэй байна. Зүүн гар талын их гэрлүүдийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, баруун гар талын их гэрэл байхгүй, зүүн гар талын хол, ойрын гэрлүүдийн тусгалын тохиргоо өөрчлөлттэй байна. нэгдүгээр болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс, марк, хээ нь ижил байна. Автотээврийн хэрэгслийг БНСУ-д үйлдвэрлэсэн хайчин өргүүр дээр хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч ашиглан үзлэг хийхэд рулийн аппарат, баруун болон зүүн гар талын босоо тэнцүүлэгч байхгүй, хөдөлгүүрийн тос гоожилт их байв. Ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Капот гол хэсэгтээ хонхойж цөмөрсөн, баруун ар талын их гэрлийн ар тал, сэнжүүд хугарч салж унасан, урд буфер баруун болон гол хэсгийн доод талдаа хагарсан, баруун гар талын урд крыло урд хэсгээрээ нугарч сэвтсэн, урд салхины шил гол хэсэгтээ цуурсан, зүүн гар талын урд, хойд хаалганууд гол хэсэгтээ хонхойж сэвтсэн, зүүн болон баруун гар талын ойд крыло хонхойж сэвтсэн, зүүн гар талын хойд гэрлийн бүрхүүл гол хэсэгтээ хагарч унасан, улсын дугаар болон тоормосны баруун зүүн гар талын гэрлүүд асахгүй, зүүн гар талын хойд оврын, баруун гар талын их гэрэл, дохио, оврын гэрлүүд асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүд байв.

            -Хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ их тэнхлэг тохиргоо өөрчлөлттэй, зүүн гар талын их гэрэл байхгүй, зүүн гар талын хол, ойрын гэрлүүдийн тусгалын тохиргоо өөрчлөлттэй, рулийн аппарат, баруун болон зүүн гар талын таг, зүүн гар талын өндгөн тулгуур зэрэг эд ангиуд холхио орсон, зүүн гар талын босоо тэнцүүлэгч байхгүй, хөдөлгүүрийн тос гоожилт их, капот гол хэсэгтээ хонхойж цөмөрсөн, баруун гар талын их гэрлийн ар тал, сэнжүүд хугарч салж унасан, урд буфер баруун болон гол хэсгийн доод талдаа хагарсан, баруун гар талын уд крыло урд хэсгээрээ нугарч сэвтсэн, урд салхины шил гол хэсэгтээ цуурсан, зүүн гар талын урд, хойд хаалганууд гол хэсэгтээ хонхойж сэвтсэн, зүүн болон баруун гар талын ойд крыло хонхойж сэвтсэн, зүүн гар талын хойд гэрлийн бүрхүүл гол хэсэгтээ хагарч унасан, улсын дугаар болон тоормосны баруун зүүн гар талын гэрлүүд асахгүй, зүүн гар талын хойд оврын, баруун гар талын их гэрэл, дохио, оврын гэрлүүд асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байв.

            -Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай ABS систем хэвийн ажиллагаатай байна.

            -Тоормосны систем нь хийн, хий буюу шингэн дамжуулгатай тоормосны системтэй үед замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалахгүйгээр тоормосны дөрөө дээр гишгэх хүчнээс шалтгаалж зам дээр тоормосны мөр үүснэ. Харин ABS тоормосны системтэй автомашины хувьд тоормос гишгэх үед замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг.

            -Уг тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтлүүдээ засварлаад ТХҮзлэгт орж тэнцсэний дараа замын хөдөлгөөнд оролцох боломжтой. “ гэсэн дүгнэлт /хх-ийн 94-100/

            16. 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 99 дугаартай мөрдөгчийн:

            “-Тоёота приус-10 маркийн 000000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Жуухай овогт Ж.Гнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.4. жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт, хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            -Явган зорчигч Уугантуяа овогт У.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн  ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            -Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” гэсэн магадлагаа /хх-ийн 111-112/

            17. “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ДХҮ/821-002 дугаартай “...модон хашааг 249.500 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 117-121/

            18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3865

            “-У.Бын биед зүүн дунд чөмөгний далд зөөлөн эдийн хугарал, тархины доргилт, баруун өвдөгний дотор гадаргын зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаа хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          -Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. “ гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26/

          19. Шүүгдэгч Ж.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 15:00 цагийн үед би Тоёота Приус-10 маркийн 000000000 улсын дугаартай автомашинаа жолоодон эхнэр Б-ийн хамт хоёулаа танил Д-ийн гэрт очихоор гарсан. Тэднийх манай гэрийн ойрхон 800 орчим метрийн зайтай газарт байдаг юм. ...Ж ахыг хүргэж өгөхөөр 500 орчим метр газар жолоо барьж яваад гудмаар ороод чигээрээ шороон замаар 10 орчим км цагийн хурдтай явтал гэнэт миний машины жолоодлого алдагдаж жолоо баруун гар тийш эргэхээр нь би сандарч тоормоз гишгэх гэж байгаад андуурч хаазаа гишгэж замын хажуугийн банзан хашааг мөргөж хашаа руу нэвтэрч орсон. Хашаан дотор байсан том ачааны машины хажуу талын хойд дугуйнаас хойшоо тэвшнийх нь доогуур миний машины хамар орж машины копут тулж мөргөөд зогссон. Энэ үед хүүхэд машины хажуу руу ойчиж харагдсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 134/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3865/-г хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

            “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно.

            Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

            Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөний улмаас хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтэл учирсан байх обьектив болон субъектив талын шинжийг хангахыг шаарддаг.

        Харин уг гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, мөн түүнчлэн согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасан.

          Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэжээ.

          Шүүгдэгч Ж.Гын хувьд тэрээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашин жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 3.4.а-д заасан “жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн буюу автомашин жолоодож байгаа жолооч замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстойг мэдсэн хэдий ч осол гаргахгүй байна гэж хөнгөмсгөөр найдаж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, жолоодох эрхгүй гэдгээ мэдэж байсан ч автомашиныг согтуугаар жолоодсон. Ийнхүү жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, ................... тоот хашааг мөргөн дотогш орж, хашаа дотор зогсож байсан насанд хүрээгүй хохирогч У.Быг мөргөж, түүний эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр хохирол учруулсан тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

            Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч У.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хавтаст хэрэгт эмчилгээтэй холбоотой 4 ширхэг, нийт 342.600 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...У.Б 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр зам тээврийн осолд орж биедээ хүндэвтэр гэмтэл авсан. Жолооч Ж.Гнь миний хүүгийн эмчилгээний зардлыг гаргасан. Миний хүүгийн хөл эдгэж, явж байгаа. Жолоочтой ойлголцож хоорондоо хохиролгүй болсон. Иймд хэргийг хялбаршуулж өгнө үү. ...эм тарианд 342.600 төгрөг, бусад зардалд 144.000 төгрөг, бэлнээр 1.610.000 төгрөг, нийт 2.096.600 төгрөг авсан. Цаашид жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 158-159/ авагдсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

            Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж ,

            12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

            Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.Гын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн өршөөлд хамрагдах заалтад хамаарч байна.

            Иймд Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.       

Ж.Гад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
  3. Шүүгдэгч Ж.Гад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.   
  6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР