Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00051

 

 

 

 

                                             

 

 

 

 

                                                      Т.У холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

                                                    

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

   Шүүх хуралдаанд: 

  Прокурор                                                      Т.Ганзориг

   Шүүгдэгч                                                       Т.У

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Р.Бямбажав

   Нарийн бичгийн дарга                              Б.Алтанзул нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолтой Т-ийн У холбогдох, 1725004380249 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Төв аймаг, Баянхангай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, аав ээж, дүү нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, Толгодод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил хойшлуулж байсан, Т-ууд овгийн Т-ийн У,

       Шүүгдэгч Т.Уыг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун” караокед 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ч.А-ын LG К230 маркийн гар утсыг хүнтэй ярьчихаад өгнө гэж залилан 321.000 төгрөгний хохирол учруулсан, мөн 2018 оны 02 дугаар сарын 22-ны орой Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Халиу” пабад Б.Бын I phone 6 маркийн гар утсыг хүнтэй ярьчхаад өгье гэж залилан авч 450 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Т-ууд овогт Т-ийн У-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Т.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар Т.У оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д заасныг баримтлан шүүгдэгч Т.Уын цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцон,     

Шүүгдэгч Т.У авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.У давж заалдах гомдолдоо:

Миний бие Т.У нь эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдэж анхан шатны шүүхээс нэг жил хорих ял эдлэхээр болсон. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ хоёр сар гаруй хугацаанд хоригдохдоо маш их дүгнэлт хийж гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна.

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч нарт учирсан хохирлыг барагдуулсан. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй ажил хөдөлмөр хийж амьдрахыг хүсч байна. Надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. Би шүүхээс даалгасан үүрэг хязгаарлалтыг зөрчихгүй биелүүлж чадна. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцоно гэжээ.

       Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох  саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.У нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун” караокед үйлчлүүлж байхдаа бармен Ч.А-ын “LG K230” маркийн гар утсыг хүнтэй ярьчхаад өгнө гэж хэлж аваад буцааж  өгөлгүй  залилан 321.000 төгрөгийн хохирол учруулсан,    мөн   2018 оны 02 дугаар сарын 22-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “Халиу” пабд хохирогч Б.Б-ыг дуудаж архи ууж байхдаа түүний “Iphone 6” маркийн гар утсыг нь хүнтэй ярьчихаад өгье гэж хуурч мэхлэн залилан авч 450.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Уын мэдүүлэг, хохирогч Ч.А, Б.Б нарын мэдүүлэг, үнэлгээний “Бан хас” компанийн утас үнэлсэн талаарх дүгнэлтүүд, гар утсыг хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

         Шүүгдэгч Т.Уын үйлдлийг  зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх түүний үйлдсэн хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ болон  нэг гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирчээ.

Иймд  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Уын гаргасан   ... гэм буруугаа ойлгож байна дахин гэмт хэрэг үйлдэхгүй..., оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Уын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ХОСБАЯР

                                                                                      

               ШҮҮГЧИД                                                             Ц.ТУЯА

 

                                                                                    С.ЦЭЦЭГМАА