Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0998/З |
Дугаар | 221/МА2023/0564 |
Огноо | 2023-08-30 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2023/0564
“М э а с” с
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Л
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “М э а с” с
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд Ч.А
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 7904 дүгээр дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын тус байгууллагын үүсгэн байгуулагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсныг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 534 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М
Гуравдагч этгээд Ч.А
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б
Хэргийн индекс: 128/2022/0998/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “М э а с” с Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Д.Ч гаргасан 7904 дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь тус байгууллагын үүсгэн байгуулагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсныг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 534 дүгээр шийдвэрээр:
“...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6 /2015 он/ дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монгол эрүүл ард сан” сангийн гүйцэтгэх захирал Л.Л Улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын хяналтын байцаагчид холбогдуулан гаргасан улсын байцаагч Д.Ч гаргасан 7904 дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь тус байгууллагын үүсгэн байгуулагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсныг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Л дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Хариуцагчийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн улсын байцаагчийн маргаантай 7904 дүгнэлт болон давж заалдаж байгаа тогтоол нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 1571 дугаар тогтоол дээр суурилсан. Прокурорын тогтоолоор бичиг баримт хуурамч байж болох талаар дурдахдаа “...үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, тогтоолгүйгээр С.Э, Д.О, Д.Х нарыг "М э а с" ТББ-ын үүсгэн байгуулагчаар нэмж бүртгүүлсэн..." гэжээ.
Манай байгууллага 2001 онд байгуулагдсан хэдий ч Хууль зүй, дотоод хэргийн яамны 2005 оны 3 дугаар сарын 22-нд гаргасан шаардлагаар үүсгэн байгуулагчдын нэрсийг мөн өдөр нь нөхөн өгч байсан бөгөөд тус байгууллагын улсын бүртгэлд үүсгэн байгуулагчдын жагсаалт өөр байдаггүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байна.
Өөрөөр хэлбэл прокурорын тогтоолд дурдсан шиг шийдвэр, тогтоол гаргах өөр үүсгэн байгуулагчид 2005 оноос өмнө байгаагүй бөгөөд анх удаа бүртгүүлж байгаа нь тэр юм.
Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-д дээрх хэсэгт дурдсан прокурорын тогтоолыг эшлэн маргаан бүхий дүгнэлтийг хүчингүй болох нь "тогтоогдож байна" гэж үзжээ.
Цаашилбал холбогдох дүгнэлтийн дагуу хийсэн үндэслэх хэсгийн 6-д дурдсан "зохих тэмдэглэгээг хийхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна" гэсэн нь дээрх логикоор мөн хүчингүй болохгүй юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/0534 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Улсын байцаагчийн маргаан бүхий 2021 оны 7904 дүгээр дүгээр дүгнэлтийн үндэслэл болсон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 1571 дүгээр тогтоолд нэхэмжлэгч Л.Л нь үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, тогтоолгүйгээр С.Э, Д.О, Д.Х нарыг “М э а с” ТББ-ын үүсгэн байгуулагчаар нэмж бүртгүүлсэн бүртгэл, мөн эрх олгосон, үүргээс чөлөөлсөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Түүнчлэн Л.Л нь тухайн үед 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэлийг өөрөө үйлдэж, Ч.А гарын үсгийг дуурайлган зурсан, мөн Д.О, С.Э, Д.Х гэх хүмүүс “М Э а с” ТББ-д ажиллаж байгаагүй болохыг тус тус хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд ТББ-ын үүсгэн байгуулагчдаас дээрх нэр бүхий 3 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, зохих тэмдэглэгээ хийх тухай маргаан бүхий дүгнэлт, уг дүгнэлтийг үндэслэж тус байгууллагын үүсгэн байгуулагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан бүртгэлийг тус тус илт хууль бус гэж үзэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д зааснаар “улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, …бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” эрх, үүрэгтэй.
2.Анх Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 129 дүгээр тушаалаар “М э а с” ТББ-ыг улсын бүртгэлд бүртгэх үед тус сангийн удирдах зөвлөлийн гишүүнээр Х Ф, Э Х, Б.Н, Ч.А, Л.Л нарын 5 гишүүн бүртгэлтэй байсан, харин 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн албан бичигт үүсгэн байгуулагчаар Х.Х, Ч.А, Д.О, С.Э, Д.Х, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал Л.Л байхаар тусгажээ.
Давж заалдах гомдолд “…манай байгууллага 2001 онд байгуулагдсан хэдий ч Хууль зүй, дотоод хэргийн яамны 2005 оны 3 дугаар сарын 22-нд гаргасан шаардлагаар үүсгэн байгуулагчдын нэрсийг мөн өдөр нь нөхөн өгч байсан бөгөөд тус байгууллагын улсын бүртгэлд үүсгэн байгуулагчдын жагсаалт өөр байдаггүй, өөрөөр хэлбэл прокурорын тогтоолд дурсан шиг шийдвэр, тогтоол гаргах өөр үүсгэн байгуулагчид 2005 оноос өмнө байгаагүй бөгөөд анх удаа бүртгүүлж байгаа нь тэр юм…” гэжээ.
Гэтэл 2001 онд байгуулагдах үед үүсгэн байгуулагчид нь хэн байсан болох, 2005 онд хэрхэн өөрчлөгдсөн болох нь дээрх байдлаар тогтоогдож буй энэ тохиолдолд улсын бүртгэгчийн дүгнэлтийг илт хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй болно.
Харин 2022 оны 10 дугаар сарын 24-ний байдлаарх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар сангийн үүсгэн байгуулагчаар Х Ф, Ч.А, гүйцэтгэх удирдлагаар Л.Л нар бүртгэлтэй байгаатай холбогдуулан Л.Л нь анх үүсгэн байгуулагчдын нэг байсан эсэхтэй холбоотой маргахад энэхүү шийдвэр, магадлал саад болохгүй.
Учир нь маргаан бүхий дүгнэлт зохих шийдвэргүйгээр үүсгэн байгуулагчдаар нэмж бүртгэгдсэн нэр бүхий 3 иргэнд чиглэсэн болохоос бус Л.Л чиглээгүй, мөн түүний гарын үсэг бүхий 2005 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан хүсэлтийн “итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал Л.Л” гэсэнтэй холбоотой ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, бүртгэлийн энэ хэсэг одоо ч хүчинтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 534 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Л гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН