Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэлмэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Тогтох,

шүүгдэгч И.Мөнхбаяр (өөрийгөө өмгөөлсөн) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Ихбаярын Мөнхбаярт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0156 дугаар, 108/2016/0035/Э индекстэй хэргийг 2016.06.20-нд хүлээн авч хянан хэлэлцэв.       

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт Ихбаярын Мөнхбаяр. Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 05 тоотод оршин суух хаягтай, /РД: УЮ88101735/, ял шийтгэлийн хувьд:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005.04.15-ны  45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

2. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006.01.10-ны 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож, жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Өршөөл үзүүлэх комиссын 2006.07.03-ны 178 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 18 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 

3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007.09.25-ны 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоногийн хорих ял, 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 10 хоногийн хорих ял тус тус шийтгэж, Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж 10 жил 10 хоногийн хорих ялаар тогтоож, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэнийг Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2008.04.15-ны 81 дүгээр Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг хэрэглэх тухай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар оногдуулсан 10 жил 10 хоног хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т нийцүүлэн 2 жил 10 хоног хорих ялаар тогтоож, эдэлвэл зохих 2 жил 10 хоног хорих ялаас биечлэн эдэлсэн 1 жил 6 сар 14 хоногийн ялыг хасч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар үлдэх 5 сар 20 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсэн, 2008.09.24-нд ялын хугацаа дуусч суллагдсан,

4. Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013.01.18-ны 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 11 хоног хорих ял тус тус шийтгэж, Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж 3 жил 11 хоногийн хорих ялаар тогтоож, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2014.08.15-ны 144 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 12 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

Хоёр. Холбогдсон хэргийн талаар:

И.Мөнхбаяр нь 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 29 тоотод байрлах хохирогч Б.Нэргүйн гэрт хууль бусаар нэвтрэн орж “Самсунг” загварын 32 инчийн өнгөт  телевизор 1 ширхэгийг хулгайлж 399.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч И.Мөнхбаяр нь 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 3 дугаар байрны 29 тоотод оршин суух хохирогч Б.Нэргүйн гэрт хууль бусаар нэвтрэн орж “Самсунг” загварын 32 инчийн өнгөт телевизор 1 ширхэгийг хулгайлж  399.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Мөнхбаярын өгсөн:

2016 оны 04 сарын 07-нд найз Алтанхуягийнд очиход гэр нь цоожтой эзгүй байхаар нь тэндээс гараад ордны өмнөөс такси барьж эргэж Алтанхуягийн гэрт нь очоод хаалганых нь цоожийг татахад мултарсан, тэгэхээр нь гэрт нь явж ороод мөлхөө тавилга дээр байсан телевизийг дангаар нь тэвэрч гараад таксиндаа суугаад “Наран” худалдааны төвийн ломбардад 100.000 төгрөгийн барьцаанд тавиад нөгөө таксигаараа хот руу хүргүүлж мөнгөө үрж дуусгасан. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Нэргүйн өгсөн: “... Би Налайх дүүргийн 2 хороо 3-29 тоотод аавын эгч Цэндсүрэн, дүү Энхжин нарын хамт амьдардаг юм. 2016 оны 4 сарын 7-ны өдөр би ажлаа тараад 19 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байхаар нь яваад ортол хаалганы цоожийг шкафан дээр тавьчихсан мөлхөө тавилга дээр байсан 32 инчийн хар өнгийн Самсунг маркийн хавтгай дэлгэцтэй телевиз дангаараа байхгүй байхаар нь эгч рүү залгаад асуутал телевиз байх ёстой гэсэн ингээд би цагдаад дуудлага өгөөд гэрээсээ гараад “Буян Налайх” худалдааны төвийн “Наран” ломбардад орж телевизээ асуухад 30 минутын өмнө нэг залуу 100.000 төгрөгийн барьцаанд тавиад явлаа гэсэн. Ингээд камерыг нь шүүгээд үзэхэд манай дүүгийн найз Ихбаярын Мөнхбаяр гэдэг залуу манай телевизийг барьж ирээд барьцаанд тавьж байгаа нь тод харагдаж байсан. Би тэр өдрөө Мөнхбаярыг хайж явж байгаад Цайзын буудлаас барьж аваад чи гэрээс телевиз хулгай хийсэн байна гэхэд гарнаас мултраад зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч бөгөөд гэрч Ю.Ганзоригийн өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Налайх дүүргийн 2 хороо “Наран” үйлчилгээний төвийн гурван давхарт байрлах “Тусч “ ломбард болох ажлын байран дээрээ байж байхад 14 цагийн үед Мөнхбаяр гэгч залуу 32 инчийн хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт барьцаалахаар орж ирсэн. Үүний дагуу 100.000 төгрөг зээлдүүлсэн. Барьцаанд эд зүйлээ тавьж байгаа иргэн бичиг баримттайгаа явж байсан болохоор эд зүйлийг нь хулгайн зурагт гэж бодоогүй. Ингээд цаг орчим өнгөрсөний дараа нэг хүн зурагт барьцаалсан уу гэж орж ирсэн. Тэгэхээр нь энэ зурагт мөн үү гээд Мөнхбаяр гэх залуугийн барьцаалсан зурагтыг харуулахад “мөн байна” гэж эзэн нь таньсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар тал/,

            “Тас Капитал” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний хуудас /хх-ийн 7 дугаар тал/,

            Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр тал/,

            Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар тал/,

            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12 дугаар тал/,

И.Мөнхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-32 дугаар тал/,

             И.Мөнхбаярын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 33-34, 36-37, 67 дугаар тал/,

Хохирогч Б.Нэргүйгийн тус шүүхэд гаргасан “И.Мөнхбаярт холбогдох хэргийн хохирогч Б.Нэргүй миний бие нь хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд биечлэн суух шаардлагагүй гэж үзэж байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 94 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч Ю.Ганзоригийн тус шүүхэд гаргасан “... манай байгууллагын хохирол болох 100.000 төгрөгийг яллагдагч этгээдээс гаргуулж авах хүсэлттэй байгаа тул хүсэлтийг минь хангаж өгнө үү, мөн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул харгалзан үзнэ” гэсэн хүсэлт /хх-ийн 95 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна. 

И.Мөнхбаяр нь ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3 дахь заалтын дагуу ялгүйд тооцогдсон учир анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж тооцогдоно.

Хохирлын тухайд И.Мөнхбаяр нь хулгайлсан телевизээ буцаан өгч хохирогч Б.Нэргүйг хохиролгүй болгосон бол иргэний нэхэмжлэгч Ю.Ганзоригт 100.000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон учир нь 100.000 төгрөгийг И.Мөнхбаяраас гаргуулж иргэний нэхэмжлэгч Ю.Ганзоригт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Мөнхбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хулгайлсан телевизээ буцаан өгч хохиролгүй болгосон зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр баривчлах ялаар шийтгэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Ихбаярын Мөнхбаярыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч И.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 2 хоногийн  хугацаатай баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч И.Мөнхбаярт оногдуулсан 3 сар 2 хоногийн хугацаатай баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар И.Мөнхбаярын урьдчилан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Мөнхбаяраас 100.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ю.Ганзоригт олгосугай.

7. Шүүгдэгч И.Мөнхбаярт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.ЦЭЛМЭГ