Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1685

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Лхатүшиг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00810 дугаар шийдвэртэй, “Лхатүшиг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Банзрагч, Б.Дэлгэрмаа, “Их хар сүлд” ХХК, Ө.Очгэрэл нарт холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 9 474 851 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Г.Банзрагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Г.Банзрагч,

Хариуцагч “Их хар сүлд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “Лхатүшиг” ХХК нь Г.Банзрагч, Б.Дэлгэрмаа нартай 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Өрөө, лангуу хөлслөх гэрээ”-г харилцан тохиролцож байгуулсан ба өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутагт худалдаа, үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарт байрлах супермаркет, эмийн сангийн зориулалтаар ашиглаж байсан 162 м.кв талбайтай ажлын байрыг тавилга, тоног төхөөрөмж, эд хогшлын хамт хөлслүүлж, нэг сарын хөлс 1 800 000 төгрөг авахаар хүлээлгэн өгсөн. Г.Банзрагч нь эмийн санг, зарагдаж байсан 652 351 төгрөгийн эм, бүтээгдэхүүнийг бөөний үнээр тооцон зээлээр авсан. Б.Дэлгэрмаа нь супермаркетыг авч, хэвийн ажиллуулж байсан.

2014 оны 1 дүгээр сард Г.Банзрагч олон газар дэлгүүр ажиллуулахаар тооцоогоо хянаж чадахгүй, мөнгөө алдаад байна гээд “супермаркетын ажлын байр буцаая, эмийн санг ажиллуулна" гээд гэрээг цуцлалгүй, эмийн санг сарын 600 000 төгрөгөөр хөлсөлж, эмийн санч Ө.Очгэрэлд хариуцуулсан ба 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрээний хугацаа дууссан тул гэрээг шинэчлэн байгуулахыг олон удаа утсаар шаардсаны эцэст эмийн санчаар гэрээнд өөрийгөө төлөөлөн гарын үсэг зурчих гэсэн гээд Ө.Очгэрэлээр 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээг өгсөн. Төлбөрийг хагас хугас төлөөд, 2016 оны 05 дугаар сард бүх бараагаа аваад зугтааж алга болсон.

Анх шүүхэд нийт 8 645 527 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Ө.Очгэрэл болон “Их хар сүлд” ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж, нийт 9 474 851 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд: 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнээс 1 800 000 төгрөгийг Л.Банзрагчаас  алдангийн хамт 2 700 000 төгрөг гаргуулахаас 900 000 төгрөгийг, 1 800 000 төгрөгийг Б.Дэлгэрмаагаас, барааны үнэ 652 351 төгрөгөөс 234 187 төгрөгийг Л.Банзрагчаас, 418 164 төгрөгийг Б.Дэлгэрмаагаас,

“Их хар сүлд” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гээд манай төлбөрөөс 700 000 төгрөгийг суутгаж авсныг иргэн Л.Банзрагчаас, гэрээний үүргээс 365 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 500 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 150 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр 1 800 000 төгрөг төлөгдөөгүй байна. 2 815 000 төгрөг алданги 1 407 500 төгрөг, нийт 4 222 500 төгрөгийг иргэн Л.Банзрагчаас, ажлын байраа орхиж явсан учир 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх гэрээний хохиролд 1 200 000 төгрөгийг Л.Банзрагчаас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Банзрагч, Б.Дэлгэрмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 06 дугаар сард зарын дагуу Ц.Оюунчимэгтэй танилцаж “Лхатүшиг” худалдааны төвийн супермаркет, аптекын зориулалттай заалыг түрээслэх болсон. Төлбөрийг супермаркет 1 200 000 төгрөг, аптек 600 000 төгрөг байхаар гэрээ хийсэн. 2013 оны 06 дугаар сараас эхлэн 1 давхрын заалыг 100 хувь өөрсдийн зардлаар нийт 24 800 000 төгрөгийн засвар хийж, уг засвар хийсэн гэж 3 сарын түрээсийг чөлөөлсөн. Тухайн ажлын байр удаан жил ямар ч засвар хийгээгүйгээс балгас мэт байсныг бид байгаа мөнгөө шавхан засвар хийж маш их хөрөнгө оруулалт хийсэн.

Ингээд 8 дугаар сараас үйл ажиллагаа эхэлсэн боловч орлого маш муу байсан. Ц.Оюунчимэг маш өндөр орлоготой гэж хуурч өндөр түрээсээр их  хэмжээний хохирол учруулсан. Супермаркетаас ямар ч ашиг олоогүй, дээрээс олон компанитай зээлийн гэрээ хийж зарсан бүтээгдэхүүний мөнгийг цалин урсгал зардалдаа өгснөөр өрөнд орж одоо ч зээл төлсөөр байна.

2014 оны 01 дүгээр сард супермаркетыг буцаан өгсөн, эмийн сан ч мөн ашиг орлогогүй байсан ч 600 000 төгрөгийг өгч байсан. Энэ гэрээнд эм зүйчээр гарын үсэг зуруулах нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2016 оны 1 сараас эмийн сангийн заалыг ломбард болгон түрээслүүлэхдээ зөвшөөрөл аваагүй. Стандарт талбайн хэмжээ 24 м.кв байх ёстой, энэ хэмжээгээр бид түрээсэлж байсан. Гэтэл үүний талд хэмжээнд бид цаашид ажиллахад хүндрэлтэй болж ажлаа зогсоосон.

“Их хар сүлд” ХХК-тай манайх анх орохдоо гэрээ хийсэн ба дохиоллын тоног төхөөрөмжийн мөнгийг бүрэн гүйцэд төлсөн учир супермаркет татан буугдахад Ц.Оюунчимэгтэй эмийн сангийн түрээсээс хасуулсан. Сар бүр дохиололд 100 000 төгрөгийн хөлс өгдөг ба Ц.Оюунчимэг хүлээн авснаас хойш төлбөрөө олон сараар хийгээгүйн улмаас хураагдсан. Нэхэмжлэлд нэр хүндэд халдан “зугтаасан” гэж гүтгэсэн учир гомдолтой байна. “Лхатүшиг” ХХК-ийн байшинд 2 ширхэг лед үсгэн хаяг хийлгэсэн нь 4 650 000 төгрөг болсон, Үүний талыг авья гэхэд өгөөгүй, одоог хүртэл ашигласаар байгаа, мөн модон цонхыг вакумаар сольж, хөрөнгө оруулалт хийсэн. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй. Оруулсан хөрөнгө, ашиглаж байгаа зүйлийн төлбөрийг нэхэмжилнэ гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн  75.2.1, 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Л.Банзрагч, Б.Дэлгэрмаа нараас 5 032 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Лха түшиг” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 442 351 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Ө.Очгэрэл, “Их хар сүлд” ХХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 95 470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрт “Нэхэмжлэгч нь барааны үнэ 652 351 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үүний 234.187 төгрөгийг Л.Банзрагчаас, 418.164 төгрөгийг Б.Дэлгэрмаагаас тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, “...Энэ барааг 2013 онд авсан. Ондоо багтаад өрийг төлж дуусгасан гэж үзэж байна. 2013 оны барааны төлбөрийг 2017 онд нэхэж байгаа нь үндэслэлгүй” гэж маргаж байна”, “...нэхэмжлэгч нь дээрх асуудлаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зааснаар 3 жилийн дотор буюу 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байжээ. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул 652 351 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн. Учир нь хэрэгт авагдсан баримтаар Г.Банзрагчид хүлээлгэн өгсөн “Лхатүшиг” ХХК-ийн 2013 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зарлагын баримтын 132 504 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн зарлагын баримтын 21 104 төгрөг, 12 085 төгрөг, 13 950 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зарлагын баримтын 54 544 төгрөг, нийт 234 187 төгрөгийг Г.Банзрагчаас, Б.Дэлгэрмаад хүлээлгэн өгсөн 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримтын 418 164 төгрөгийг түүнээс гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч нар барааг ам хэлцлээр, барааны үнийг зарагдсаны дараа төлөх тодорхойгүй хугацаатай нөхцөлөөр, зээлээр худалдан авсан.

Мөн хариуцагч нар хугацаа дуусаагүй байхад 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн орчимд нүүхдээ зээлээр авсан бараатай ижил, нэг төрлийн барааг авч, алга болсныг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн, хариуцагч нарын зүгээс барааны үнийг буцааж төлсөн эсэх, зарж дуусгасан эсэхийг баримтаар нотлоогүй тул нүүсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх нь хуулийн үндэслэлтэй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нь “Их хар сүлд” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу дохиоллын тоног төхөөрөмжийн төлбөрт тооцож манайд төлөх түрээсийн төлбөрөөс 700 000 төгрөгийг суутгасан, гэтэл уг төхөөрөмжийг “Их хар сүлд” ХХК авч явсан тул энэ мөнгийг Л.Банзрагчаас гаргуулна гэж шаардсан, ... Хариуцагч нар “Их хар сүлд” ХХК-иас авсан төхөөрөмжийн үнэд бид сар болгон 100 000 төгрөг төлж байсан. Бид төлбөрийг төлж дууссан бөгөөд дараагийн түрээслэсэн байгууллага сард төлөх төлбөрөө төлөөгүйн улмаас “Их хар сүлд” ХХК төхөөрөмжийг аваад явсан байсан. Иймд бид энэ шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Дээрхээс дүгнэхэд “Их хар сүлд” ХХК-ийн тавьсан дохиоллын тоног төхөөрөмжийн мөнгийг түрээсийн төлбөрөөс суутгах талаар талууд тохиролцоод энэ асуудал дууссан, харин дараагийн түрээслэгчийн төлбөр төлөөгүйн улмаас уг тоног төхөөрөмжийг “Их хар сүлд” ХХК буцаан авч явсан үйлдэлд хариуцагч Л.Банзрагч, Б.Дэлгэрмаа нар буруугүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов” гэж буруу дүгнэлт хийсэн.

Хариуцагч нар хөлсөлсөн супермаркетад 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн МЦХК-тай UB004178 дугаар хэрэглэгчийн гэрээгээр 7000-5150 суурин утасны дугаар, “Их Хар Сүлд” ХХК-тай аюулгүй байдал, хамгаалалтын гэрээг байгуулснаар дохиоллын тоног төхөөрөмж тавиулсан ба уг гэрээгээр үйлчилгээ үзүүлсэн 1 сарын төлбөр болох 100 000 төгрөгийг тасралтгүй төлсөн тохиолдолд суурилагдсан дохиоллын тоног төхөөрөмжийг тавигдсан газарт нь үнэ төлбөргүй шилжүүлдэг гэрээний нөхцөлтэй байсан. “Их Хар Сүлд” ХХК-тай байгуулсан гэрээний 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх 6 сарын хугацааны 600 000 төгрөгийн төлбөрөөс 300 000 төгрөгийг төлөөгүй, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дэлгүүрээ нүүлгэснээс тус компани гэрээний үүрэг зөрчсөн шалтгаанаар суурилуулсан дохиоллын тоног төхөөрөмжийг авч явсан. Хариуцагч нар гэрээний үйлчилгээний 6 сарын төлбөрөө бүрэн төлөөгүй, өөрсдийн нэр дээр дохиоллын тоног төхөөрөмж албан ёсоор шилжиж ирээгүй, бусад этгээдийн эзэмшлийн төхөөрөмжийг өөрийн юм шиг 700 000 төгрөгөөр үнэлэн нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрөөс дур мэдэн суутгасан, шүүхэд “Их Хар Сүлд” ХХК-ийг хамтран хариуцагчаар татуулсны дараа хариуцагч нар тус компанид очиж гэрээний үлдэгдэл 300 000 төгрөгийг тушааж, “Лхатүшиг” ХХК-д төхөөрөмжийг өгчих гэсэн нь хэргээ нуун дарагдуулсан үйлдэл бөгөөд эдгээрийг шүүх хуралдааны явцад тодорхой ярьсан. Үүнийг шүүх гуйвуулж болохгүй. Иймд хууль бусаар суутгагдсан 700 000 төгрөгийг гаргуулах хууль ёсны эрхтэй.

Шүүхийн шийдвэрт “зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Ажлын талбай, өрөө хөлслөх гэрээ”-ний 3.2-т “... хөлслөгч тал төлбөрөө төлөхгүй 5 хоногоос дээш хугацаагаар саатуулах, 7 хоногоос дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулахгүй, сураг чимээгүй эзэнгүй орхих тохиолдолд хөлслөгч тал дангаараа гэрээг цуцлах, комисс томилон ажлын байрыг онгойлгон доторхи бараа, эд хогшлыг тоолон акт үйлдэж, үл маргах журмаар байрыг суллан авах эрхтэй” гэж заасан, нэхэмжлэгч энэ эрхээ эдлээгүй байх тул хохирол 1 200 000 төгрөгийг шаардах эрхгүй байна” гэсэн нь хууль бус болсон.

Учир нь гэрээний 3.2-т ажлын байрыг чөлөөлөх, дотор нь эд зүйлс байвал акт үйлдэж барьцаанд авах, байхгүй тохиолдолд тухайн ажлын байрыг суллаж дараагийн арга хэмжээ авах урьдчилсан нөхцөлийг бий болгох буюу цаг хугацаа, төлбөрийн алдагдлыг бууруулах зориулалттай гэрээний нэг заалт бөгөөд үүнийг шүүхээс гэрээний үүргээ зөрчөөд зугатаасан этгээдийн гэрээний үүргийн төлбөрийг барагдуулах заалт мэтээр үзэж таарахгүй. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт зааснаар өөрсдийн дураар ажлын байрыг орхиж, үйл ажиллагаа явуулаагүйн улмаас үүссэн төлбөрийн 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх 2 сарын гэрээний үүрэгт 1 200 000 төгрөгийг Г.Банзрагчаас гаргуулах эрхтэй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт бичигдээгүй орхигдсон дээрх гэрээний төлбөрийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хооронд 1 сарын 600 000 төгрөг, алдангид 300 000 төгрөгийн хамт 900 000 төгрөгийг Г.Банзрагчаас Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт зааснаар гаргуулах үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Банзрагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хууль ёсны эрх ашиг сонирхлыг минь илтэд хохироосонд гомдолтой.

Нэхэмжлэгч хариуцагч нар түрээсийн гэрээ байгуулаагүй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, талууд түрээсийн гэрээтэй холбоотой заалт зохицуулалтад харилцан тохиролцоонд хүрээгүй байдаг. Шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Мөн нэхэмжилж буй 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Дээрх гэрээний дагуу түрээсийн төлбөр, алданги нэхэмжлэх эрхгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь албан ёсны бус хариуцагч нарын гарын үсэг зурагдаагүй, хариуцагч нар ч хүлээн зөвшөөрөх боломжгүй хүчин төгөлдөр бус гэрээ хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч түрээсийн төлбөр нэхэмжилсэн. Нотлох баримт нь бусад нотлох баримтаар давхар нотлогдох, шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ бусад баримттай харьцуулан үзэж үнэлэх зарчим алдагдсан.

Хариуцагч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох талаар хүсэлт гаргасан байхад хүсэлтийг хэлэлцээгүй, өмгөөлөгч авах, сөрөг нэхэмжлэл гаргах боломжоор шүүх хангаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Ийнхүү шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн нотлох баримтын хүрээнд үнэлж, тогтоолгүй, тухайн маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч “Лхатүшиг” ХХК нь хариуцагч Г.Банзрагч, Б.Дэлгэрмаа, “Их хар сүлд” ХХК, Ө.Очгэрэл нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 8 645 527 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үнийг 9 474 851 төгрөг болгон нэмэгдүүлж, “Их хар сүлд” ХХК, Ө.Очгэрэл нарыг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж, нэхэмжлэлээ өөрчилжээ.

 

Шүүх хариуцагч Б.Дэлгэрмаад нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн болохыг мэдэгдээгүй, түүнд гардуулаагүй, “нэхэмжлэлийн агуулга өөрчлөгдөөгүй” гэх үндэслэлээр уг шаардлагыг гардуулах шаардлагагүй гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь тухайн шаардлагад хариу тайлбар болон нотлох баримт гаргаж мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр нь хэргийн оролцогчийг хангаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72, 25 дугаар зүйлд заасныг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.

 

Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.

 

Хариуцагч Б.Дэлгэрмаа энэ талаар гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах учиртай.

 

Иймд анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар болон давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөг, хариуцагч Г.Банзрагчийн 95 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Т.ТУЯА