| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0115/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/119 |
| Огноо | 2021-10-04 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/119
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
улсын яллагч Х.Ө,
хохирогч М.А ,
шүүгдэгч О.Н , М.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч М.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2113001130128 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Улаанбаатар хотод Номин-Холдинг ХХК-нд механик инженер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, О.Н , РД:*********,
2. Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, Баян-Өлгий аймагт Г ХХК-нд ажилладаг, ам бүл 4, эцэг эх, дүү, эхнэрийн хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, М.Н , РД:*********,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
1. Шүүгдэгч О.Н нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Е гэгчийн хашаанд иргэн М.А ыг үл ялих зүйлээр шалтаглан эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч М.Н нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Е гэгчийн гэрийн гадна байсан иргэн М.А ын Пруис-20 загварын 0000 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч О.Н мэдүүлэхдээ: Хохирогч М.А ыг зодсон маань үнэн. Хохирогч М.А д гэмт хэргийн хор уршигт 278.000 төгрөгийг төлж өгсөн. Үлдэж буй 700.020 төгрөгийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарвал төлж өгнө гэв.
2. Шүүгдэгч М.Н мэдүүлэхдээ: Тухайн үед М.А ын өөрт нь хэлж байгаад машиныг нь унаад явсан, өөр ямар нэгэн санаа зорилго агуулаагүй гэв.
3. Хохирогч М.А мэдүүлэхдээ: Болсон үйл явдлын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн. Үлдэж буй хохирол болох 700.020 төгрөгийг төлүүлж өгнө үү. М.Н нь миний автомашиныг зөвшөөрөлгүй унаад явсан. Би тухайн үед ямар нэгэн байдлаар миний машиныг унаж явах талаар зөвшөөрөл өгөөгүй юм гэв.
Хоёр: Эрүүгийн 2113001130128 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-82 дугаар хуудас/,
2. Гэрч Ө.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,
3. Гэрч Р.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/,
4. Гэрч А.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 103 дугаар хуудас/,
5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х ын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 345 дугаартай иргэн М.А ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,
6. Шинжээч “А” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн БӨА-21-158 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 110-114 дүгээр хуудас/,
7. Хохирогч М.А оос гаргасан өгсөн гэмт хэргийн хор уршигт гарсан зардлын баримтууд /хавтаст хэргийн 40-44 дүгээр хуудас/,
8. Яллагдагч М.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 163-164 дүгээр хуудас/,
9. Яллагдагч М.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 157-159 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Н , М.Н нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул шүүгдэгч О.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; шүүгдэгч М.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг,
Хохирогч М.А оос “гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 700.020 төгрөгийг төлүүлж өгнө үү. М.Н нь миний автомашиныг зөвшөөрөлгүй унаад явсан” гэх тайлбарыг,
Шүүгдэгч О.Н гаас “хохирогч М.А ыг зодсон маань үнэн. Хохирогч М.А д гэмт хэргийн хор уршигт 278.000 төгрөгийг төлж өгсөн. Үлдэж буй 700.020 төгрөгийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарвал төлж өгнө” гэх тайлбарыг,
Шүүгдэгч М.Н аас “тухайн үед М.А ын өөрт нь хэлж байгаад машиныг нь унаад явсан, өөр ямар нэгэн санаа зорилго агуулаагүй” гэх тайлбарыг гаргасан болно.
1.1. Шүүгдэгч О.Н нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Е гэгчийн хашаанд иргэн М.А ыг үл ялих зүйлээр шалтаглан эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ байсан юм. Орой 22:50 цагийн үед би гэртээ сууж байхад М.Н намайг дуудсан юм. Намайг гарч очиход М.Н болон О.Н нар манай гэрийн гадаа мотоциклээр ирсэн байсан юм. М.Н нь миний машинд сууж манай гэрийн гаднаас хөдөлсөн ба манай найз болох Ө.Е ийн гэрийн гадаа очсон. Би О.Н тай юм яриад зогсож байтал миний машиныг М.Н унаад явчихсан. Би О.Н д хандаж М.Н яагаад миний машиныг унаад явчхав гэтэл О.Н чи машинаа харамлаад байна уу, чи Хурлын дарга болоод ааш зан чинь өөрчлөгдсөн байна шүү гэж хэлсэн юм. Дараа нь намайг пиво уух уу гэхэд нь би үгүй пиво уудаггүй гэж хэлсэн. Би О.Н гаас хол очоод сууж байтал О.Н ирж, чи яагаад надаас зугтаад байна, чи намайг корона туссан гэж зугтаад байгаа юм уу гэж хэрүүл маргаан эхлүүлсэн юм. Энэ явдлаас болоод бид хоёрын хооронд хэрүүл маргаан эхэлсэн бөгөөд О.Н эхлээд миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би чи яагаад надад гар хүрч байгаа юм бэ гэхэд дахиад намайг нэг удаа цохисон юм. Энэ явдлаас болоод миний ухаан санаа хэсэг зуур балмагдсан. Дараа нь намайг хэд хэдэн удаа толгой хэсэг рүү цохисон бөгөөд Ө.Е бид хоёрыг салгаж авсан.
...Баян-Өлгий аймагт эмчлүүлсэн мөнгө болох 278.000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр О.Н миний 5180854142 тоот данс руу шилжүүлсэн. Одоо Улаанбаатар хотод очиж үзүүлсэн үеийн зардал буюу 700.200 төгрөгийн нэхэмжилж байна. О.Н нь миний эрх чөлөөнд халдаж зодож миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Би эрхийнхээ дагуу хаана ч очиж эмчлэгдэх эрхтэй гэж бодож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-82 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,
- Гэрч Ө.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 27-ны орой 21:00 цагийн үед /цагийн тодорхой санахгүй байна/ би гэртээ сууж байхад манай дүү гэрийн гадаа явж байсан ба М.А , О.Н нар таныг гэрийн гадаа дуудаж байна гэсэн. Намайг гарахад О.Н , М.А хоёр манай хашаанд зогсож байсан юм. Бид гурав ойр зуурын юм яриад зогсож байсан юм. Тэгтэл О.Н би явлаа гэхэд М.А чи байж бай, миний машин яачхав, М.Н хашаа унаад явчхав гэж хэлсэн. Тэгээд юм яриад зогсож байтал тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн юм. О.Н нь М.А д чи манайхыг гэр бүлээрээ ковид туссан гэж хэлсэн байна, ковид өвчин дэлхий даяар тархаад байхад чи манай гэр бүлийнхний нэр төрд халдлаа гээд энэ ярианаас болж хэрүүл маргаан гарсан юм. О.Н болон М.А нар нэг нэгнийгээ заамдаж авсан ба О.Н нь М.А ын толгой хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон ба тэр хоёр хоорондоо зодолдож эхэлсэн ба би очоод салгаж авсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х ын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 345 дугаартай “1. Иргэн М.А ын биед гавал тархины битүү гэмтэл, тархины доргилттой, зулайнд баруун урд талд шархтай, зүүн хойд талд хавдартай цус хуралттай, ар нуруунд дунд хэсэгт 5 хэсэг газарт улаан хүрэн өнгийн цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Иргэн М.А ын дээрх гэмтэл нь 1-10 хоногт нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтлүүд болно.
3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.
4. Иргэн М.А ын дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Иргэн М.А ын биед хамрын яс хуучин хугаралттай, хамрын таславч мурийлт /хуучин/ зэрэг хуучин гэмтлүүд байна.
Ж.нь: Шинжлүүлэгч шинжилгээ хийлгэх тухай тогтоол 1 хуудас, шинжилгээний объект хүргүүлэх 1 хуудас, прокурорын зөвшөөрөл 2 хуудас, амбулаторийн карт 6 хуудас хавсаргав” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/
- Яллагдагч М.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Х.Ө 2021 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 2113001130128 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг, үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.
Тухайн өдөр М.Н бид хоёр М.А ын гэрт орой 22:00 цагийн үед мотоциклээр очсон ба би М.А ын гэрийн гадаа очиж М.Н ыг буулгаж үлдээчхээд явсан юм. Дараа нь миний араас М.А болон М.Н нар машинаар араас дагаж явж байсан юм. Тэгээд манай сумын 4-р багийн иргэн Ө.Е ийн гэрийн хашаа нь онгорхой байхаар нь би тэд нараас салах гэж тийшээ орсон юм. Би Ө.Е ийн хашаанд ороод зогсож байтал М.Н болон М.А нар хашааны гадаа машинаа үлдээгээд өөрсдөө хашаа руу ороод ирсэн юм. Тэгээд М.Н нь би явлаа гээд машинтай яваад өгсөн юм. М.А нь танайх гэр бүлээрээ ковид-19-ийн халдвар авсан биз дээ, яагаад гэрээс гараад яваад байгаа юм бэ хэмээн хэл амаар доромжилж, албан тушаалаа ашиглаж дарамталсан. Тухайн үед манай сумын Эрүүл мэндийн төвөөс гарч болно хэмээн зөвшөөрөл өгсөн байсан юм. Манай гэр бүлийн хүмүүс ковид тусах үед би Дэлүүн суманд хадмындаа байсан юм. М.Н М.А ын машиныг унаад аваад явснаас болоод М.А нь М.Н яагаад миний машиныг унаад явчихдаг билээ хэмээн над руу дайрсан юм. Тэгэхээр нь би явлаа гэхэд М.А намайг явуулахгүй байсан. М.А нь намайг ковид-19 туссан гэж доромжилсон учир шалтгааны улмаас бид хоёр муудалцсан бөгөөд ийм үйл явдал болсон юм. М.А нь намайг хэл амаар доромжилсон учир шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсэж би М.А ын толгой хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон нь үнэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 163-164 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар,
1.2. Шүүгдэгч М.Н нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Е гэгчийн гэрийн гадна байсан иргэн М.А ын Пруис-20 загварын 0000 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч М.А ын: “...Тухайн өдөр би гэртээ байсан юм. Орой 22:50 цагийн үед би гэртээ сууж байхад Н намайг дуудсан юм. Намайг гарч очиход М.Н болон Н нар манай гэрийн гадаа мотоциклээр ирсэн байсан юм. М.Н нь миний машинд сууж манай гэрийн гаднаас хөдөлсөн ба манай найз болох Ө.Е ийн гэрийн гадаа очсон. Би О.Н тай юм яриад зогсож байтал миний машиныг М.Н унаад явчихсан. Би О.Н д хандаж М.Н яагаад миний машиныг унаад явчхав гэтэл О.Н чи машинаа харамлаад байна уу, Хурлын дарга болоод ааш зан чинь өөрчлөгдсөн байна шүү гэж хэлсэн юм. Миний машин Приус-20 маркийн 0000УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бөгөөд Ө.Е ийн гэрийн гадаа асаалттай байхад нь надаас зөвшөөрөл авахгүйгээр Н нь шууд унаад явсан. Миний машинаас ямар нэгэн эд зүйл алдагдаагүй бөгөөд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй болно. Тухайн машиныг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод зарсан.
...М.Н нь миний машиныг шөнийн 03:00 цагийн үед манай гэрийн гадаа буцааж авч ирж өгсөн гэж миний аав болох Р.М хэлсэн юм. Тухайн үед миний толгой өвдөж байсан учир гэртээ байсан юм. Би тухайн үед М.Н ийн 94****** дугаар руу нь нэлээн залгасан бөгөөд М.Н ийн дугаар нь холбогдохгүй байсан. Миний машин Ө.Е ийн гэрийн гадна асаалттай байхад нь шууд унаж авч явсан. Надаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,
- Гэрч Ө.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 27-ний өдөр орой 21:00 цагийн үед /цагийн тодорхой санахгүй байна/ би гэртээ сууж байхад манай дүү гэрийн гадаа явж байсан ба М.А , О.Н нар таныг гэрийн гадаа дуудаж байна гэсэн. Намайг гарахад О.Н , М.А хоёр манай хашаанд зогсож байсан юм. Бид гурав ойр зуурын юм яриад зогсож байсан юм. Тэгтэл О.Н би явлаа гэхэд М.А чи байж бай, миний машин яачхав, М.Н хашаа унаад явчхав гэж хэлсэн” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,
- Гэрч Р.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед М.А ын машин байхгүй байсан бөгөөд М.А оос асуухад миний машиныг М.Н надад хэлэлгүйгээр унаад явчихсан гэж хэлсэн. Би хүү М.А болон эхнэрээ гэрт хүргэж өгөөд шөнө 23:00 цагийн үед уг машиныг хайж сумын төвийг тойрсон боловч олдоогүй юм. Тухайн үед М.А ын биеийн байдал муу байсан бөгөөд би М.А ын хажууд байж байтал шөнө 03:20 минутын үед М.Н нь миний хүү М.А ыг эзэмшлийн Приус-20 загварын тээврийн хэрэгслийг гэрийн гадаа аваад ирсэн. Би эхнэртэйгээ хамт гадаа гарч чи энэ машинаа хэсгийн цагдаагийн кобонд аваад оч, машин дотроос ямар нэгэн эд зүйл алга боловол чи хариуцна гэж хэлэхэд М.Н зугтаад явчихсан. Тэгээд би уг машиныг жолоодож хэсгийн кобоны урд орхиж гэртээ ирж сууж байтал М.Н нь уг тээврийн хэрэгслийг буцааж манай гэрт аваад ирсэн. Тухайн үед манай гэрт машин унах өөр хүн байгаагүй ба шөнийн 03:00-04:00 цагийн үед миний эхнэр М.Н тай хамт манай багийн эмч Асетыг аваад ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/,
- Гэрч А.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Баяннуур сумын 5 дугаар багт “Х ” гэх дэлгүүр ажиллуулдаг юм. Хамгийн сүүлд 2021 оны 07 дугаар сарын 27-ны орой /цаг хэд болж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна/ М.Н нь над руу залгаж танай дэлгүүрээс юм авах гэсэн юм аа, чи хүрээд ирээч гэж намайг дуудсан юм. Намайг дэлгүүрийн гадаа очиход М.Н нь машин дотор сууж байсан. Уг машин нь Приус-20 загварын тээврийн хэрэгсэл байсан юм. М.Н нь манай дэлгүүрээс 2СВ флаш авсан бөгөөд дараа нь намайг машинд суулгаж гэр лүү хүргээд өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103 дугаар хуудас/
- Шинжээч “А” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн БӨА-21-158 дугаартай “2012 онд үйлдвэрлэгдсэн 2017 оны 04 дүгээр сард импортлогдсон мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 2021 оны 07 дугаар сарын байдлаар 14.000.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 110-114 дүгээр хуудас/,
- Яллагдагч М.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Х.Ө ий 2021 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 2113001130128 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг, үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Баяннуур сумын Баяннуур нуурын эрэгт ажил дээрээ байсан юм. Тухайн өдөр орой 18:30 минутын үед миний найз болох М.А нь намайг ирж Баяннуур нуурын эргээс авсан бөгөөд бид хоёр М.А ын Рrius-20 маркийн саарал өнгийн /улсын дугаарыг нь санахгүй байна/ машинаар сумын төв орсон юм. Орой би 19:00 цагийн үед манай сумын иргэн болох Д.Х дэлгүүрийн үүдэнд очсон бөгөөд тэнд О.Н тай уулзсан юм. Дараа нь би О.Н д намайг М.А ын гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн юм. О.Н бид хоёр мотоциклээр М.А ын гэрийн гадаа очсон ба би М.А той уулзаж, М.А бид хоёр машинаар хөдөлсөн юм. Тухайн үед О.Н мотоциклээр хөдлөөд явж байсан ба бид хоёр О.Н гын араас машинаар хөдөлсөн. Тухайн үед машиныг М.А өөрөө жолоодож байсан юм. М.А өөрөө машинаараа О.Н гын араас сигналдаж, яагаад зогсохгүй байна хэмээн дагасан дараа нь О.Н нь манай сумын 4-р багийн иргэн Ө.Е ийн хашаа руу ороод зогссон бөгөөд М.А хашаа руу орохгүй хашааны гадна талд зогссон. Тэгээд бид хоёр машинаас буусан бөгөөд М.А О.Н руу чиглэн алхаж байсан бөгөөд би М.А д хандаж би хурдан нэг тийшээ явчхаад ирье гэж хэлээд М.А ын саарал өнгийн Рrius-20 машиныг нь унаад явчихсан юм. Дараа нь миний утасны цэнэг дуусаад унтарсан бөгөөд удалгүй М.А ын машиныг хүргэж өгөх гэж гэрт очиход М.А ын аав, ээж нь гараад ирсэн бөгөөд М.А ыг зодсон /алсан/ байна хэмээн орилж хашхираад байсан. Би тухайн үед юу болсныг нь мэдээгүй байсан цочирдсон бөгөөд юу болсон бэ хэмээн хол зогсож байсан юм. М.А ын аав болох М нь машиныг унаад цагдаагийн кобоны тийш явчихсан бөгөөд намайг ирэхэд М.А ын машиныг кобоны хашаанд үлдээсэн байсан. Би кобоны хашаанд хэсгийн цагдаа М.Н ын утсаар ярьж машиныг чинь энд цагдаад хүлээлгэж өгөх үү гэхэд өөрөө мэдээрэй гэсэн. Намайг машиныг нь хүргэж өгөхөд аав, ээж чинь намайг загнаад ойртуулахгүй байна хэмээн хэлэхэд өөрөө мэдээрэй гэсэн. Тэгээд М.А ын машиныг 2 дахь удаагаа хүргэж өгөөд би болсон явдлыг мэдэх хэрэгтэй байна гэж М.А ын гэрт нь орж А той уулзсан юм. Би М.А д хандаж юу болсон бэ гэхэд О.Н тай муудалцсан, намайг цохисон толгой өвдөөд байна гэсэн. Тухайн үед надад чи машиныг маань зөвшөөрөлгүй авч явсан гэх юм яриагүй байсан юм. Би тухайн үед уг тээврийн хэрэгслийг түр унах зорилготой унаж хэрэглэсэн юм. Би тухайн үед “Х ” гэх дэлгүүрээс эд зүйл худалдаж авах зорилготой унаж хэрэглэсэн. Надад уг тээврийн хэрэгслийг завших, хулгайлах сэдэл зорилго байгаагүй юм. Би Баяннуур сумын 5-р багийн нутаг дэвсгэр М.Е ийн гэрийн гадна талаас Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Х ” гэх дэлгүүрт очиж, уг газраас дэлгүүрийн эзэн болох А.Г гэх хүнийг гэрт нь хүргэж өгсөн. Дараа нь шууд Баяннуур сумын 5 дугаар багт байрлах М.А ын гэрийн гадна очсон. Ойролцоогоор нийт 6-7 гаруй километр газар унаж хэрэглэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 157-159 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч О.Н нь хохирогч М.А ын эрүүл мэндэд “биед гавал тархины битүү гэмтэл, тархины доргилттой, зулайнд баруун урд талд шархтай, зүүн хойд талд хавдартай цус хуралттай, ар нуруунд дунд хэсэгт 5 хэсэг газарт улаан хүрэн өнгийн цус хуралттай” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч М.Н ын холбогдсон гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Хохирогч М.А ын өмчлөлийн 0000 УАТ улсын дугаартай Приус-20 загварын автомашин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох автотээврийн хэрэгсэл гэх ойлголтод хамаарч байна.
Энэ гэмт хэрэг нь бусдын автотээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч М.Н нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж, идэвхтэй үйлдлээр хохирогчийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч М.Н ын дээрх үйлдэлд хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.
Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; шүүгдэгч М.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нар өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч О.Н гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.А ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч М.А ын зүгээс “гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч О.Н гаар 278.000 төгрөгийг төлүүлж авсан ба үлдсэн хэсэг болох 700.020 төгрөгийг гаргуулахыг хүссэн байна.
Хавтаст хэргийн 40-44 дүгээр хуудсанд авагдсан, хохирогч М.А оос гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд хохирогч нь Улаанбаатар хотод очиж эрүүл мэндээ үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Гэмт хэргийн хор уршигт нийт 700.020 төгрөг гарсан нь нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч О.Н гаас 700.020 төгрөг гаргуулан хохирогч М.А д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч О.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршигт 700.020 төгрөгийг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 20 минутын хугацаатай завсарлуулсан ба энэ хугацаанд шүүгдэгч О.Н нь 700.020 төгрөгийг хохирогч М.А ын дансанд бэлэн бусаар шилжүүлсэн гэхэд энэ талаар хохирогч М.А оос тодруулахад “700.020 төгрөгийг хүлээн авлаа” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч О.Н г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч М.Н ын гэм буруутай үйл ажиллагааны улмаас хохирогч М.А хохирол учраагүй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч тус бүрд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлтийг гаргасан ба хохирогч, шүүгдэгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал, хүсэлт байхгүй гэв.
Шүүхээс шүүгдэгч О.Н , М.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Н , М.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан тус бүрд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Н , М.Н нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, учруулсан хохирлыг төлснийг мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч О.Н , М.Н нар урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч О.Н , М.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч О.Н гийн эзэмшлийн 2020 оны 08 дугаар сард үйлдвэрлэгдсэн IPhone XR загварын, шүүгдэгч М.Н ын эзэмшлийн 2021 онд үйлдвэрлэгдсэн IPhone XS загварын гар утсыг битүүмжилсэн Баян-Өлгий аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Н , М.Н нарт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.11 дүгээр зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
- Шүүгдэгч М.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н , М.Н нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н , М.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч О.Н , М.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н гийн эзэмшлийн 2020 оны 08 дугаар сард үйлдвэрлэгдсэн IPhone XR загварын, шүүгдэгч М.Н ын эзэмшлийн 2021 онд үйлдвэрлэгдсэн IPhone XS загварын гар утсыг битүүмжилсэн Баян-Өлгий аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.Н , М.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Н , М.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ