Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/120

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч Т.Ө ,

гэрч Т.А , А.А , К.Е ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э , Н.О ,

шүүгдэгч С.Н  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н т холбогдох эрүүгийн 1913001080102 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, ам бүл 7, эцэг эх, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С.Н , регистрийн дугаар: БЮ89******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Н  нь Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллахдаа 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлтийн 181300364 дугаартай хэрэгт гэрчээр 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлэг өгсөн гэрч Т.А ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж, гэрч Т.А д хууль бусаар нөлөөлж, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч С.Н аас мэдүүлэхдээ: ...Болсон явдалтай холбоотой тайлбар хэлэх бол 2019 оны 02 дугаар сарын үед надад танихгүй дугаараас зөвлөгөө авъя, өргөдөл гомдол бичүүлмээр байна гээд хүмүүс залгасан. Тэгэхэд би цайны цаг учраас цайны цагийн дараа хүрээд ир гэсэн.  Би цайны цагийн дараа өрөөндөө сууж байхад, тухайн хүмүүс маань орж ирсэн. Хүмүүс ярихдаа гэрч К.Е  гэдэг хүн бол С.Н тай урьдчилж яриад, С.Н тай урьдчилсан байдлаар нөгөө хүмүүсийг К.Е  зориуд явуулсан талаар хэлсэн гэсэн байдалтай юм хэлсэн байна. Гэхдээ би К.Е  гэдэг хүнтэй ярьж байгаагүй, бүр таних ч үгүй надад залгаж байгаагүй. Нэг ёсондоо тийм асуудал болоогүй. Надад С , Ө  гэдэг хүмүүс ч мөн адилхан холбогдоогүй.

Бид нарын өдөр болгон хийх үйл ажиллагааны нэг нь бол бид нараас эрх зүйн туслалцаа хүссэн иргэнд, эрх зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг. Тэрний адил надад холбогдсон хүнтэй би очиж, уулзсан. Уулзахдаа нөгөө хүн миний өрөөнд хүрээд ирсэн. Тэгээд ирсэн шалтгааныг би тодруулсан. Тухайн үед миний хажууд А.С  хамт сууж байсан. Тухайн хүн өөрийгөө Сагсай сумаас явж байгаа талаар танилцуулсан. Яагаад өмгөөлөгчид хандах болсон талаар асуусан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар аливаа этгээдээс хуульчид эрх зүйн туслалцаа хүсэж хандсан болон үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад олж мэдсэн зүйлтэй нь холбогдуулан хуульчийг гэрчээр болон бусад байдлаар байцаах, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мэдүүлэг, тайлбар авахыг хориглоно. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар хуульчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой бүхий л мэдээлэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууцад хамаарна. Хуульч үйлчлүүлэгчийнхээ зөвшөөрөлгүйгээр мэдээллийг задруулах эрхгүй гэж заасан байдаг. Гэхдээ би энэ хуулийн заалтуудыг зөрчихөөс аргагүй байдалд хүрч байгаа. Тухайн хүний өгсөн мэдүүлгийг задруулж, би өөрийгөө хамгаалах нөхцөл байдалд хүрч байгаа.  

Яагаад гэвэл тухайн асуудлаас холбогдуулан надад Эрүүгийн хэрэг үүсгэж шүүгдэгчийн байр сууринаас шүүх хуралдаанд оролцуулж байгаа учраас тухайн хүний надад өгсөн мэдээллүүдийг задруулж, нөхцөл байдлыг ярихаас өөр аргагүй байдалд хүрч байгаа. Надад Т.А  тухайн үед өөрийнхөө зовлонгоо ярьсан. Гэхдээ тэрний мэдүүлгийг мөрдөгч нар бичихдээ, таныг бол К.Е  явуулсан, К.Е  надад ярьсан гээд бараг л юу ч хэлээгүй байхад, тийм байдалтай бичсэн байна. Тухайн хүн маань авлига өгсөн, авлигын хэрэгт холбогдсон хүн байсан гэдгийг надад мэдүүлээд, авлига өгсөн байдлыг өөрийгөө дарамталж, айлгаж байгаад мэдүүлэг авчихсан гэдгийг надад хэлж, ямар тусламж байгаа талаар асуусан. Тэгэхэд би авлига авах, өгөх нь аль аль нь гэмт хэрэг юм.  Та тухайн үед өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байсан.  Танд Эрүүгийн хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авч байгаа нь бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ноцтой зөрчил байна. Мөн таныг айлган сүрдүүлэх эрх бол байхгүй. Тэгж танаас мэдүүлэг авсан бол та эрх бүхий байгууллагад та энэ асуудлаар гомдол гаргаж болох талаар зөвлөгөө өгсөн. Тухайн эмэгтэй надад би таны хэлж байгаа байгууллагад өргөдөл, гомдлоо  гаргаж чадахгүй, та бичиж өгөөч гэсэн. Би тухайн хүнд тухайн асуудал дээр өргөдөл бичих дургүй байсан. Өөрөөр хэлбэл надад шүүх хуралдаанд төлөөлөх маш их ажилтай байсан учраас  би тийм асуудалд өргөдөл бичихгүй, та өөрөө болсон үйл явдлаа бичиж, танаас мэдүүлэг авсан ажиллагааг шалгуулж болно. Түүнээс би мэдүүлэг өгөхөөр  ятгасан, ингээрэй, тэгээрэй гэж заасан асуудал байхгүй. Тухайн хүн өөрөөс нь авсан мэдүүлгийг хууль ёсны дагуу авсан уу, үгүй юу эсэхэд шалгалт хийлгүүлэхээр прокурорт гомдол гаргасан байна. Намайг айлгасан, сүрдүүлсэн цагдаагийн үйл ажиллагааг шалгаад өгөөч гэсэн үүднээс хандаж байсан. Надаас тухайн эмэгтэй өргөдөл гомдол бичиж өгөхийг хүсэхэд би бичиж өгөөгүй. Гэхдээ тэр хүн надаас зөвлөгөө авсан. Би бичиж өгөхгүй гэхээр нь нөгөө хүн маань би Монгол хэл мэдэхгүй, та надад туслаач гэсэн. Та Монгол Улсын иргэн, казах хүн учраас та эх хэл дээрээ өргөдлөө гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Та ойлгохгүй хэлээрээ биш, өөрийн ойлгодог хэлээрээ, сая надад хэлсэн юмаа үнэн зөвөөр бичээд, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын дарга, ерөнхий прокурор Батсүх гэдэг хүнд өргөдөл бичиж, шалгуулах эрхтэй гэж хэлж өгсөн. Тэр Прокурорын газар хаана байдаг бэ гэхэд би чиглүүлээд явуулж байсан. Болсон үйл явдал ийм байгаа.

Тухайн хүнд би зөвлөгөө өгсний дараа надаас өмгөөлөгчөө, дахин цагдаа нар намайг айлгаж, сүрдүүлж ингэж өргөдөл бичсэнийхээ төлөө намайг янз бүрийн байдалд оруулах бол би яах вэ гэж асуусан. Та тэгвэл өмгөөлөгч аваарай, өмгөөлөгч тодорхой хэмжээний үнэ төлбөртэй байдаг. Гэхдээ танд одоо надад өргөдөл бичиж өгөх зав байхгүй. Та өмгөөлөгч авах бол би тухайн үед ажиллаж өгье, та миний утас руу холбогдож болно гэж хэлээд өөрийнхөө утасныхаа дугаарыг бичиж өгөөд явуулсан.

Гэтэл гэрч Т.А ийн мэдүүлэг дээр би утасныхаа дугаарыг бүр санаатай өгсөн юм шиг мэдүүлсэн байна. Тухайн хүн надаас миний дугаарыг гуйж авсан шүү дээ. Би тухайн хүнд өргөдөл бичиж өгөөгүй, мөн зааж өгсөн асуудал бүр ч байхгүй. Нөгөө гэрч намайг орж ирэхээр юу ч асуугаагүй бичиж өгсөн гэж байгаа. Би тухайн хүний хүүхэдтэй, мөн гэрт 3 удаа цагдаа нар очсон талаар мэдэхгүй шүү дээ. Тухайн өргөдөл дээр өөрийнх нь бичсэн зүйл л байгаа. Миний оролцоо ерөөсөө байхгүй. Би нөгөө хүнээс юу ч асуухгүйгээр болсон явдлын талаар мэдэж суудаг, далдын хүчтэй далай лам биш шүү дээ. Би өргөдөл бичиж өгөх бол хуульд үндэслэж, хуулийн дагуу монгол хэл дээр бичиж өгөх байсан.

К.Е  гэдэг хүн 2019 оны 09 дүгээр сарын эхэнд надтай урьдчилсан байдлаар ярьсан болгоод баахан юм бичсэн байна. Миний дугаарын орсон, гарсан дуудлагыг харахад К.Е  гэдэг хүнтэй би 09 дүгээр сарын эхэнд  залгасан, эсхүл К.Е  надад залгасан дуудлага байхгүй байгаа. Энэ бол К.Е  надтай яриагүй гэдэг нотлох баримт. Би К.Е ийн эсрэг хэд хэдэн хэрэг дээр ажиллаж байсан гэдэг талаарх нотлох баримт гаргаж өгч байсан. К.Е  нь Өлгий сумын 3 дугаар сургуулийн захирлыг  түр  орлон гүйцэтгэж байхад оронд нь ажиллаж байсан хүнийг ажлаас гаргасан маргаан дээр би К.Е ийн эсрэг талд байгаа хүний өмгөөлөгчөөр гэрээ байгуулж, хууль зүйн туслалцаа үзүүлж  ажиллаж байсан. Үүний дараа К.Е ийн дүү Б  гэдэг хүний эхнэр Баршагүл  гэрлэлт цуцлах, эд хөрөнгийн маргаан гарахдаа би Баршагүлийн өмгөөлөгчөөр буюу К.Е ийн эсрэг ажиллаж байсан.  К.Е  гэдэг хүн надтай ямар ч харилцаа холбоо байхгүй. Намайг үндэслэлгүй гүтгэсэн байна, худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байна.

Ж бол Г ын дор ажилладаг ажилтан нь байгаа. Мөн прокурор цагдааг цагдаад шалгуулахаар өгсөн байгаа. Цагдааг цагдаагаар шалгуулах асуудал ерөөсөө байх боломжгүй зүйл. Энд харьяаллыг тогтоож байгаад өөр байгууллага шалгах ёстой. Аймгийн прокурорын газар Г  гэдэг Цагдаагийн эрүүгийн тасгийн даргад шалгуулах асуудал болгож тавьсан байдаг. Ж бол Г ын дор нь ажилладаг, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг ажилтан нь байгаа.

Тэгэхээр Г  гэдэг хүн Т.А ээс  2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сагсай суманд гэрт нь мэдүүлэг авахаар бүрэлдэхүүн явуулсан. Тэгээд Т.А  надаас авч явсан миний дугаар луу залгаад, өмгөөлөгчөө намайг цагдаа нар гэрээс авч явах гэж байна. Бас олон цагдаа нар ирсэн би айж байна гэсэн. Би урьд нь зөвлөгөө авсан үйлчлүүлэгчийн хувьд эгчээ та битгий айж сандраарай, аймгийн төвд ирээд цагдаагийн мэдүүлэг авах өрөөнд ороход өмгөөлөгч авна, өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгнө гэж хэлээрэй гэж зөвлөгөө өгсөн. Надад аймгийн төв рүү очихдоо ярина гэсэн. Тэгээд аймгийн төвд ирлээ, та цагдаагийн газарт ирээрэй гэсэн. Би цагдаагийн газрын гадаа гүйгээд очсон. Над руу залгасан Т.А ийн дугаар луу би хэд хэдэн удаа залгасан боловч авахгүй таслаад байсан. Цаана Г  гэдэг хүн миний эсрэг мэдүүлэг авахын тулд, Ж ыг хамгаалахын тулд мэдүүлэг авсан байж магадгүй шүү дээ. Т.А  гэдэг хүнээс үнэн, зөв мэдүүлэг авсан гэдэгт би итгэхгүй байна. Тухайн цагдаагийн асуудлыг цагдаа шалгах ёсгүй. Өөрөөр хэлбэл Г  гэдэг хүн шалгах ёсгүй, хууль зөрчсөн асуудал байсан.

А.А  гэдэг хүний мэдүүлэг бүр ч худлаа. А.А ы мэдүүлэг дээр болсон явдлын нэг нь ч болоогүй. Намайг ямар ч үндэслэлгүй гүтгэсэн байна. Бид нар үйлчлүүлэгчийн хэлж байгаа зүйлийг үнэн худлаа эсэхийг нягталж шалгахгүй. Бид нар хуулиар хүлээсэн үүрэг, өргөсөн тангараг байгаа. Ирсэн хүн болгоныг цагдаа нар тэгэх ёсгүй, та худлаа хэлээд байна, гар гэж хэлж болохгүй шүү дээ. Хүн бүр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Тэд нарын хэлсэн үгэнд итгээд, түүнд зөвлөгөө өгч, дүгнэлт хийдэг.

Мөн Т.А  гэдэг хүн К.Е д авлига өгсөн гэсэн хэрэг дээр гэрчээр мэдүүлэг өгсөн гээд байгаа. Т.А  гэдэг хүн энэ хэрэг дээр авлига өгснөөрөө яллагдагчаар татагдаж, ял сонсох хүн шүү дээ. Авлига өгсөн хүнийг гэрчээр асуугаад болдог юм уу, өөрөө хэргээ хүлээн зөвшөөрөөд байгаа хүн. К.Е  авлига авсан нь тогтоогдсон гэж байгаа. К.Е  тухайн үед нийтийн албан тушаалтан байсан. Нийтийн албан тушаалтан авлига аваад бусдад дамжуулсан бол үүнийг тусдаа шалгахгүй юу, энэ бол хүнд гэмт хэрэг шүү дээ. Болсон үйл явдал ийм байгаа гэв.

2. Гэрч Т.А ээс мэдүүлэхдээ: ...К.Е  гэдэг хүн манай сумаас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон байсан. Тэгээд эмэгтэй хүн болохоор группт гарахын тулд К.Е ээс туслалцаа аваад, тэр хүнтэй холбогдсон. Намайг К.Е  гэдэг хүний дүү А.А  гэдэг хүн намайг дагуулж С.Н  гэдэг хүнээс хууль зүйн туслалцаа авахаар очсон. Тухайн үед өргөдлийг би өөрөө бичсэн. 

...Цагдаа нар намайг дарамталж, чи хахууль өгсөн байна, 500 мянган төгрөг өгсөн үү гээд намайг дарамтлаад байхаар нь би өмгөөлөгч авахыг хүссэн. Би өөрөө даралт ихтэй хүн, тэр талаар одоо сайн санахгүй байна. Цагдаа нар мэдүүлэг авахдаа дарамтлаад байгаа талаар өмгөөлөгч С.Н т би хэлсэн. Энэ өргөдлийг бичихдээ болсон үйл явдлыг бичсэн. ...өмнө өгч байсан мэдүүлгээ одоо мэдэхгүй, мартсан байна.

...Цагдаагийн албан хаагч нар дарамталсан нь үнэн, зөндөө хүн байсан. Надад хашхираад, айлгасан нь үнэн. Г  гэдэг хүн надаас мэдүүлэг авахдаа, анх чамаас мэдүүлэг авсан хүн чамд хашчихаагүй биз дээ гэж хэлсэн. Гэхдээ надад хашхирч, намайг дарамталсан нь үнэн.

...2019 оны 02 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд К.Е  надтай утсаар ярьсан нь үнэн. К.Е  гэдэг хүн надад ирэх зардлыг чинь төлж өгнө, та өргөдлөө бичиж өгч болно гэсэн. Тухайн үед өгсөн мэдүүлэг маань үнэн, одоо сайн санахгүй байна.

...Тухайн үед өргөдлөө өөрөө бичсэн боловч өмгөөлөгчийн бич гэснийг бичсэн гэв.

3. Гэрч А.А аас мэдүүлэхдээ: Манай эгч К.Е  над руу залгаад, манай нэг сонгогчид туслахад чамд зав байна уу, би өөрөө ажилтай завгүй байна гэсэн. Тэгээд би зах дээр явж байна, би завтай байна гэсэн. Манай эгч нөгөө хүний утасны дугаарыг өгсөн. Тэгээд нөгөө дугаар луу залгаад юу болсон талаар асуухад, би цагдаад мэдүүлэг өгсөн байсан, эрхээ хамгаалуулах талаар өргөдөл бичүүлэх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би өөрөө зах дээр явж байгаа учраас хамгийн зах дээр ойрхон хуулийн тусламж үзүүлэх газрыг угаасаа мэддэг байсан. Ийш тийшээ явахад хаягийг нь хараад мэддэг байсан. Тэгээд би Т.А ийг дагуулж очсон. Тэнд очиход С.Н  өмгөөлөгч бид нараас ямар хэргээр, яагаад явж байгаа талаар асуусан. Т.А  болсон явдлын талаар С.Н  өмгөөлөгчид хэлсэн. Тэгээд С.Н  өмгөөлөгч та бичиг үсэг мэдэх үү гэхэд казахаар мэднэ гэсэн. Та бичиг үсэг мэддэг бол та өөрийн мэддэг хэлээр өргөдлөө бичиж өгч болно гэсэн. Тэгээд Т.А  өөрөө өргөдлөө бичсэн. Уг өргөдлийг Прокурорын газарт аваачиж өгсөн нь үнэн.

...Т.А  цагдаагийн байгууллагын албан хаагчид мэдүүлэг өгөхдөө намайг загнаад, тэнд байсан хүүхдүүд айгаад, уйлаад, миний эрүүл мэнд муу, зүрх өвдөөд байгаа одоо яах вэ гэж манай К.Е  гэдэг эгчтэй ярьсан байна. Тэгээд манай эгч надад би завгүй байна, манай тийм сонгогч хүнд туслаадах гэхээр нь би тусалсан. ...Өмгөөлөгчөөс болсон явдлыг үнэн зөвөөр бичээд өг гэсэн.

...Би өмнө өгсөн мэдүүлгээ санаж байгаа. Би тухайн үед болсон явдлыг л хэлсэн. Надаас мэдүүлэг авахад би гарын үсэг зурахын хувьд зурсан. Гэхдээ надад мэдүүлгийг уншиж өгөөгүй гэв.  

4. Гэрч К.Е ээс мэдүүлэхдээ: ...Т.А д чи С д мөнгө өгөөд группээ сунгуулаад аваарай гэж хэлж байгаагүй. Харин гэхдээ чи үнэхээр өвчтэй бол өвчний түүх гэх мэт баримтуудыг өгөөд группээ сунгуулж аваарай л гэж хэлж байсан.

...Т.А  2019 оны 02 дугаар сард утсаар ярихдаа цагдаа нар намайг дарамталсан, би айсан гэсэн. Тэгэхээр нь би тийм юм гэж байхгүй, чи өмгөөлөгч аваад хууль зүйн туслалцаа авч болно шүү дээ, юу гэсэн үг бэ гэж хэлсэн.

...2019 оны 02 дугаар сард С.Н  өмгөөлөгчтэй ярьсан эсэхээ сайн санахгүй байна. Би ярьсан ч, ярихгүй байсан ч магадгүй.

...А.А  миний нагац дүү юм. Надад Т.А  залгаад намайг цагдаа нар дарамтлаад байна гэж, араас нь нөхөр нь яриад байхаар нь үнэндээ хэцүү юм болсон байх гэж бодсон. Тэгээд  нагац дүүдээ Т.А ийг тосож аваад,  хууль зүйн туслалцаа үзүүлэх газарт очиж зөвлөгөө аваарай гэж хэлсэн.

...Би С.Н  өмгөөлөгчтэй урьдчилж яриад, Т.А  очно, тэр хүнд өргөдөл бичээд өгөөч гэсэн юм ярьж байгаагүй. Би тийм мэдүүлэг өгөөгүй. Гэхдээ С.Н  өмгөөлөгчийг мундаг өмгөөлөгч гэж хэлж байсан. Яагаад гэвэл би өмнө С.Н  өмгөөлөгчтэй ажилтай холбоотой шүүх хурал дээр ялагдаж байсан.

...Би мэдүүлгийн зарим нэгийг уншиж, танилцаагүй. Мөрдөгч нар асуугаад шууд бичиж байхаар нь хуулийн хүн худлаа юм бичихгүй байх гэж бодсон. ...мөрдөгч нар миний өгсөн мэдүүлгийг унших, танилцах боломжоор хангаж байсан гэв.

Хоёр: Эрүүгийн 1913001080102 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 191300108 дугаартай, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1 дүгээр хавтасны 01 дүгээр хуудас/,

2. Иргэн Т.А ээс 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүхэд хандаж бичгээр гаргасан өргөдөл, орчуулга /1 дүгээр хавтасны 10-11 дүгээр хуудас/,

3. Гэрч Т.А , А.А  нарт аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх тухай мөрдөгчийн тогтоол, хамгаалалтын арга хэмжээ авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 13-14 дүгээр хуудас/,

4. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Орчуулагч, хэлмэрчээр Т.Б ыг томилох тухай тогтоол /1 дүгээр хавтасны 18 дугаар хуудас/, 

5. Гэрч Т.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 20, 25-26, 43-46, 72-73 дугаар хуудас/,

6. Гэрч А.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 23, 32, 47-49, 50-52 дугаар хуудас/,

7. Гэрч К.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 24, 37-40 дүгээр хуудас/,

8. Гэрч Т.Ө ы мөрдөн шалгах ажиллах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 33 дугаар хуудас/,

9. Гэрч Р.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 53-55 дугаар хуудас/,

10. Гэрч У.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 69-71 дүгээр хуудас/,

11. Гэрч М.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 76-77 дугаар хуудас/,

12. Гэрч Р.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 78-79 дүгээр хуудас/,

13. Иргэн У.М , “Малчны хөгжил” хоршооны гүйцэтгэх захирал А.Ж  нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”, зээл, хүүгийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, холбогдох баримтууд /1 дүгээр хавтасны 82-93 дугаар хуудас/,

14. Гэрч Т.А ийн тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 94-95 дугаар хуудас/,

15. Гэрч Т.А ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 96-97 дугаар хуудас/,

16. “Мобиком корпораци” ХХК-ийн Хууль эрх зүй, бодлого зохицуулалт хариуцсан дэд захирал Д.У ийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 18/2049 дугаартай албан бичиг, түүний хавсралт, “Мобиком корпораци” ХХК-ийн Хуулийн хэлтсийн менежер О.Ө ийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 18/2841 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дүгээр хавтасны 102-133 дугаар хуудас/,

17. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181300364 дугаартай, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1 дүгээр хавтасны 136 дугаар хуудас/,

18. Гэрч Т.А ийн 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн 181300364 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 138-139, 3 дугаар хавтасны 21-24 дүгээр хуудас/,

19. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай санал /1 дүгээр хавтасны 150 дугаар хуудас/,

20. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /1 дүгээр хавтасны 176-177 дугаар хуудас/,

21. Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1913001080102 дугаартай, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1 дүгээр хавтасны 230-235 дугаар хуудас/,

22. Өмгөөлөгч С.Н ийн өмгөөлөгчийн үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хавтасны 244 дүгээр хуудас/,

23. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд товлогдсон өмгөөлөгч С.Н ын оролцох шүүх хуралдааны товууд /2 дугаар хавтасны 62-65 дугаар хуудас/,

24. Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1813003640097 дугаартай, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /3 дугаар хавтасны 25-26 дугаар хуудас/,

25. Яллагдагч С.Н , түүний өмгөөлөгч нараас нотлох баримтаар гаргаж өгсөн иргэний, захиргааны хэргийн шат шатны шүүхийн шийдвэрүүд, хуулийн байгууллагуудад гаргаж байсан гомдол, хүсэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд  зэрэг болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Н ын холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч нь С.Н ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч С.Н аас “Иргэн Т.А д өмгөөлөгч хүний хувьд хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хууль зүйн зөвлөгөө өгсөн. Бид нар үйлчлүүлэгчийн хэлж байгаа зүйлийг үнэн худлаа эсэхийг нягталж шалгахгүй. Гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү” гэсэн тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э , Н.О  нараас “Шүүгдэгч С.Н  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж, улсын яллагчтай шүүгдэгч С.Н ын гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж зохицуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “энэ гэмт хэргийг ...өмгөөлөгч... үйлдсэн бол” хэмээн хуульчилж тухайн гэмт хэргийн субъектийг “...өмгөөлөгч...” байхаар тогтоожээ.

Шүүгдэгч С.Н  нь 2019 оны 02 дугаар сарын үед Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байсан нь түүний өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн 151947 дугаартай үнэмлэх, хавтаст хэрэгт нотлох баримтуудаар авагдсан иргэний болон захиргааны хэргийн шат шатны шүүхийн шийдвэрээр тус тус тогтоогдож байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээд хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болно.”, 19.6 дахь хэсэгт “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, холбогдох хуульд заасан мэргэжлийн шалгалтад оролцож тэнцсэн тохиолдолд нотариатч, прокурор, шүүгчээр ажиллана.”, мөн хуулийн 24 дүгээр зүйлд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрлийг хуульчилсан байх ба 24.1.1 дэх заалтад “хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх”, 24.1.5 дахь заалтад “шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох” зэрэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй байна.

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтнаас 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэн Т.А , Ж.Б , А.А , К.Е  нараас гэрчийн мэдүүлэг авч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 191300108 дугаартай, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолд “Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн цагдаагийн тасгаас аймгийн Хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд иргэдээс хээл хахууль авч, групп тогтоогдог гэх үйлдэлтэй хэрэг бүртгэлтийн 181300364 дугаартай хэргийг шалгаж байгаа бөгөөд энэ хэргийн талаар иргэн Ж.Б , Т.А  нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Дараа нь тус аймгийн Бугат сумын иргэн Ж.Б , Сагсай сумын иргэн Т.А  нараас прокурорт хандан “...цагдаагийн алба хаагч нар дарамталж, айлган сүрдүүлж мэдүүлэг авч, бичиг, үсэг мэдэхгүй байдлыг далимдуулан гарын үсэг зуруулж авсан...” гэх гомдол гаргасан тул Хэрэг бүртгэлтийн 191300364 дугаартай хэргийн гэрч нарт хууль бусаар нөлөөлж, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, энэ хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж” шийдвэрлэжээ.

  Улмаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1913001080102 дугаартай, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 111 дугаартай прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч С.Н ыг “Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллахдаа 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлтийн 181300364 дугаартай хэрэгт гэрчээр 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлэг өгсөн гэрч Т.А ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж, гэрч Т.А д хууль бусаар нөлөөлж, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн” хэмээн яллажээ.

Шүүгдэгч С.Н ыг цагаатгах үндэслэл нь:

1. Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хавтаст хэргээс яллах талын нотлох баримт болгож шинжлэн судалсан:

1.1.Гэрч Т.А ийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Цагдаагийн ажилтан Ж гэх хүн сумын цагдаагийн кабонд дуудаж мэдүүлэг авсан. Би мэдүүлэгтээ манай сумаас гарсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Е д би 2018 оны 6 дугаар сард 200.000 төгрөг өгч группт гарсан, Е  нь “...чамайг С  гэх хүн группээс хассан байна. Тэр хүнд мөнгө өгч группийг чинь сунгах хэрэгтэй байна...” гэхээр нь би ойр хавийн хүмүүсээс цуглуулж байгаад 200.000 төгрөг болгоод өгсөн тухайгаа ярьсан. Гэтэл гэртээ харьж амжаагүй байхад Е  над руу өөрийн 99****** дугаарын утсаар залгаад “...чи яагаад намайг барьж өгч байгаа юм бэ, би чамд буян хийсэн болохоос нүгэл хийгээгүй шүү дээ, одоо чи бараг группээс хасагдах болно...” гэсэн. Тэгээд цагаан сарын өмнө бямба гарагт Е  өөрийн утсаар над руу залгаад “...чи маргааш аймагт хүрээд ир, ярих ажил байна...” гэсэн. Би маргааш нь буюу ням гарагт сумаас хөлсний тэргээр /таксигаар/ аймагт ирээд Е  рүү залгаад “...би ирчихлээ өнөөдөр ямар ч төрийн байгууллага ажиллахгүй байна шүү дээ...” гэхэд Е  маргааш ир гэсэн. “...Надад дахин дахин аймаг руу ирэх мөнгө төгрөг байхгүй...” гэж хэлэхэд Е  “...би зардлын чинь мөнгийг өгөх болно...” гэсэн. Тэгээд маргааш нь буюу даваа гарагт би дахиад орж ирээд Е  рүү залгахад “...чамайг нэг залуу тосч авна, тэр залууг дагаж яваад өмгөөлөгчтэй уулз...” гэсэн. Намайг хөлсний тэргээр зах дээр ирэхэд Е ийн дүү гэх 94163443 дугаарын утастай залуу намайг дагуулж явсан. Тэр залуу надад унааны зардал гээд 10.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр залуу намайг нэг өмгөөлөгч гэх хүнтэй уулзуулсан, хаана, ямар өрөөнд байсныг мэдэхгүй байна, тэр хүн надаас “...та Ж гэх хүнд С ий эсрэг мэдүүлэг өгсөн байна, та прокурорт С д мөнгө өгөөгүй гэсэн утга өргөдөл бич...” гэж хэлсэн. Тэгээд тэр өмгөөлөгч залуу надад юуны талаар бичих тухай хэлж өгсөн. Би хэлсэн зүйлийг нь бичсэн. Ингээд нөгөө залууг дагаад би прокурорт очоод өргөдлөө өгсөн. Энэ өргөдөлд бичсэн зүйл бүгд худлаа зүйл, тэр өмгөөлөгч гэх залуу надад хэлж бичүүлсэн. Миний хэлсэн бүгд үнэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 20 дугаар хуудас/,

1.2. Гэрч А.А ы 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...К.Е ийг танина. К.Е  нь миний төрсөн эгчийн охин байгаа юм. Би Т.А тэй 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Өлгий сумын төв музейн хажууд таарсан юм. Т.А  надад “...би прокурорын байгууллагад өргөдөл гаргах гээд явж байна...” гэсэн, тэгээд салсан, дахиж уулзаагүй. Харин өнөөдөр 12 цаг 27 минутад 85443121 дугаарын утсаар Т.А  над руу залгаж “...би цагдаа дээр ирчихсэн байна, надтай ирж уулзаач, би айгаад байна...” гэсэн. Тэр үед би ажилтай байсан учраас “...ажлаа дуусгаад очиж уулзъя...” гэж хэлсэн. Тэгээд 16 цагийн үед цагдаа дээр ирээд Т.А  рүү залгасан боловч утсаа аваагүй, хэсэг хугацааны дараа Т.А  утсаа аваад “...би цагдаа дээр байна, мэдүүлэг өгч байна...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...би үүдэнд ирчихсэн байна, чамайг хүлээж байна, мэдүүлэгт гарын үсэг зурж болохгүй, өмгөөлөгчтэй гарын үсэг зурна гэж хэл...” гэж хэлсэн. Учир нь Монгол хэл мэдэхгүй учир өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн нь дээр байх гэж бодсон. Би урьд ярихдаа дутуу ярьсан байна. Т.А тэй 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Музейн хажууд уулзаад ярилцахад “...өмгөөлөгчтэй уулзаад гараад ирлээ, прокурор орох хэрэгтэй байна, заагаад өгөөч...” гэсэн. Би түүнийг дагуулаад аймгийн прокурорын газарт хүргэж өгсөн. Т.А  өргөдлөө аваад прокурор луу орсон. Би үүдэнд нь жижүүрийн хажууд хоцорсон. Т.А ийг гарч ирэхэд нь дагуулж яваад музейн хажууд очоод салсан. Харин Т.А ийн хамтаар өмгөөлөгчтэй уулзсан удаа байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 23 дугаар хуудас/,

1.3. Гэрч Т.А ийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... миний 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв болно. Нэгдүгээрт Е  нь намайг даваа гарагт аймгийн төвд орж ирээд түүн рүү залгахад надад “...таныг нэг залуу тосч авна, тэр залуу таныг өмгөөлөгчтэй уулзуулна...” гэж утсаар хэлсэн. Хоёрдугаарт намайг зах дээрээс тосч авсан залуутай хамт захаас гараад нэг байшингийн дотогш ороод нэг хүнтэй уулзсан. Уг залууг би урд өмнө харж байгаагүй, огт танихгүй, ямар ч байсан надад юм хэлээд бичүүлсэн залуугийн өрөөний хойд талд “Адвокат” гэсэн бичигтэй байсан. Мөн уг залуу нь надад цаасан өргөдөл бичүүлж дууссаны дараа өөрийнхөө 99424414 гэсэн дугаарыг бичиж өгсөн. Уг дугаарыг нь би өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийнхээ хамгийн хойд талын хуудсанд наагаад авсан байсан. Одоо харвал тус залууг танина. Зургийг нь үзсэн танина. Ойролцоогоор дунд насны, халимаг үстэй байсан байх ямар ч байсан залуу нөхөр байсан. Мөн хажууд бас нэг залуу ширээний хойно сууж байсан. Намайг захаас тосож авсан залуу тухайн үед миний хажууд сууж байсан. Уг залуугийн нэрийг А  гэх байх, сүүлд нь энэ талаар мэдсэн. Өмгөөлөгч гэх залуу надад эхлээд бичгийн цаас өгөөд юу бичих талаар казах хэл дээр бичүүлсэн байсан. зааж өгч чадна гэв. Миний бичиг гэв. Миний өргөдөл бичсэн байшин руу орж байхад тус байшин дотроос Хангайн Арман гэх Төлек овгийн залуу гарч ирж байгаад надтай тааралдаад надад “...та энд юу хийж яваа юм...” гэж асуухад би “...зүгээр зогсож байна...” гэж хэлээд зөрсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 25-26 дугаар хуудас/,

1.4. Гэрч К.Е ийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “... би иргэн Т.А ийг 2016 оны 5 дугаар сараас хойш танина. Тухайн үед би сонгуульд нэр дэвшсэн байсан бөгөөд сонгуулийн сунгааны үеэс хойш танина. Би Т.А тэй нэг нутгийн буюу Сагсай сумын хүмүүс юм. Би Т.А тэй 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр утсаар ярьсан. Тэгээд А  над руу залгаад цагдаа группийн талаар гэрчийн мэдүүлэг авсан гэж хэлсэн. Цагдаа нар намайг дарамталсан гэж хэлсэн. Тэгэхэд би А д хэрвээ цагдаа нар чамайг дарамталсан байвал чи прокурорт гомдол гарга гэж хэлсэн. Би өмгөөлөгч С.Н ыг 2016 оноос хойш зүс танина. Би 2019 оны 02 дугаар сард өмгөөлөгч С.Н тай утсаар ярьсан. Би 2019 оны 02 дугаар сарын эхээр өмгөөлөгч С.Н тай утсаар ярихдаа түүнд “...би энэ А ээс болж нэг асуудалд орлоо, та өмгөөлөгч юм бол түүнд нэг тус болооч..." гэж хэлсэн. Тэгэхэд Н  надад хариуд нь “...хүнээ явуулчихаа...” гэж хэлсэн. Тэгээд би А  руу утсаар яриад А ийг хөдөөнөөс таксигаар ирж байгаа түүнийг тосож аваад өмгөөлөгчтэй уулзуулаад, өргөдлийг нь бичүүлээд прокурорт хүргүүлээд өгөөч...” гэж хэлсэн юм. Би Сагсай сумаас сонгогдсон төлөөлөгчийн хувьд аймгийн төвд ирсэн хүмүүст тусалдаг юм. Уг 94163443 дугаарын утас нь А ы утас юм. Тухайн үед А тай “...А  хөдөөнөөс таксигаар ирж байгаа юм байна, түүнийг тосож аваад өмгөөлөгч М.Н тай уулзуулчхаарай, тэгээд өргөдөл бичээд прокурорт өгөхөд нь туслаарай...” гэж хэлсэн. Тэгээд түүний дараа А  рүү утсаар яриад “...би хачин зүйлд орооцолдлоо, ядраад үхэх гэж  байна, шүүх хурлаас унаж /ялагдсан/ байхад хажууд нь дахиад ийм зүйлд орооцолдлоо, би ямар азгүй юм бэ...” гэж хэлсэн. Тэгээд мөн А  өөрийг нь тосож авах талаар А д хэлсэн. Одоо санаж байгаа нь л энэ. Түүнээс хойш нийлээд хугацаа өнгөрсөн байна. Мөн түүнээс хойш нийлээд хугацааны дараа А  рүү утсаар залгаад уйлаад “...чи ямар зүйлд намайг орооцолдуулчихваа, би цагдаад мэдүүлэг өгөх хэцүү байна, чи ардчилсан намын захиалгаар намайг ийм зүйлд орооцолдууллаа...” гэж хэлсэн. Тэр ч уйлаад, би ч уйлаад утсаар ярьж байсан. Тэгэхэд би А д гомдоод уйлсан юм. “...Чи ёстой ямар зүйлд намайг орооцолдуулчихваа, би чамд туслахаас өөр буруу юм юу хийсэн бэ гэж хэлж байсан. Би А тай утсаар утсаар ярихдаа А ийн таксины мөнгийг өөрөөсөө өгч бай, би чамд дараа таксины мөнгийг нь өгье гэж хэлсэн юм. Би А  таксигаар ирсэн мөнгө хэд болсныг мэдэхгүй байна. Би тухайн үед таксины мөнгийг А аар өгүүлээд дараа нь түүнд мөнгийг нь өгч байсан санагдаж байна. Таксины мөнгө яг хэдэн төгрөг болсныг мэдэхгүй. Би өмгөөлөгч С.Н т “...А ийг цагдаа нар хүчээр авч ирээд мэдүүлэг авсан байна. А  нь С д 200.000 төгрөг өгөөд группт гарсан байна гэдгийг дарамталж хэлүүлсэн байна. Цагдаа нар А ээс хэнд хэдэн төгрөг өгсөн бэ гэж олон удаа асуусан, юу хэлж хэдэн төгрөг өгсөн бэ гэж дарамталсан...” гэдгийг хэлсэн. Тэгэхэд С.Н  надад “...өө тэгвэл гомдол гаргаж болно шүү дээ, би тусалъя...” гэж хэлсэн. Би өмгөөлөгч С.Н аас Т.А д хуулийн дагуу туслалцаа үзүүлэхийг хүссэн. Түүнээс биш өмгөөлөгч С.Н аас хууль бус аргаар туслалцаа үзүүлэх талаар хүссэн зүйл байхгүй. Тухайн үед утасны цаанаас ярьсан, гэхдээ хүмүүс “...ардчилсан намын өмгөөлөгч Н , С  хоёр их сайн мундаг өмгөөлөгч...” гэж хэлдэг юм. Тэгээд би С.Н ыг их мундаг өмгөөлөгч гэж бодсон. Би С.Н т хэлэхдээ “...цагдаа нар А ийг дарамталсан, Хонаевт хэдэн төгрөг өгсөн, эмч нарт хэдэн төгрөг өгсөн, Е д хэдэн төгрөг өгсөн...” гэж дарамталсан. Та үүнд тус болооч гэж хэлсэн. Өмгөөлөгч нар 1 өргөдлийг бичихэд 10.000-15.000 төгрөгөөр бичдэг юм. Тэгэхэд Н  уг өргөдлийг бичүүлсний мөнгийг надаас аваагүй. Би өмгөөлөгч С.Н тай 2019 оны 02 дугаар сарын үед нэг удаа, 2019 оны зун дулаарсан байхад нэг удаа утсаар ярьж байсан. Тэгэхэд С.Н  би өөрөө ч гэсэн шалгагдаад байгаа гэж хэлсэн. Түүнээс хойш Н тай огт утсаар ярьсан зүйл байхгүй. Манай олон төлөөлөгч нар янз бүрийн асуудалд орооцолдож байдаг ч гэсэн би өөрөө ямар нэгэн асуудалд орооцолдож байгаагүй. Би үүнийг цэвэр улс төрийн захиалгаар хийж байгаа гэж бодож байна. Тэгэхэд би А аас “өргөдөл мөргөдөл бичээд, та нар юу болсон бэ...” гэж асуусан. Тэгэхэд А  надад “...А  өргөдөл бичиж өгөөд явчихлаа...” гэж хэлсэн. Түүнээс бусдыг нь деталчлан санахгүй байна, ...би С  гэх хүнийг 10 жилийн дунд сургуульд байх үеэс хойш танина” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 37-40 дүгээр хуудас/,

1.5. Гэрч Т.А ийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... надаас 2018 оны 12 дугаар сарын сүүлчээр цагдаагийн ажилтан Ж гэрчийн мэдүүлэг авсан. Тэгэхэд би С  эмчид манай сумаас сонгогдсон аймгийн депутат /ИТХ-ын төлөөлөгч/ К.Е ээр дамжуулан 200.000 төгрөг өгч группийнхаа хугацааг сунгуулсан талаар бүх үнэнээ хэлчихсэн юм. Би 2018 онд группийн хугацаа сунгуулах гэхэд надад мөнгө байхгүй болохоор өөрийн газар, байшингийн гэрчилгээг барьцаанд тавьж 700.000 төгрөгийг манай сумын А  гэх иргэнээс зээлдэж аваад тэр мөнгөнөөс 200.000 төгрөг Е ээр дамжуулан С  эмчид өгсөн юм. Хэрвээ би мөнгө өгөхгүй бол С  эмч миний группийн хугацааг сунгаж өгөхгүй байх байсан. Тэгээд би А гээс мөнгө зээлдэж авснаас хойш 5 сарын дараа буцааж төлсөн. Би А гээс сарын 3 хувийн хүүтэй зээл авч байсан. Тэгээд удахгүй мөнгийг нь буцааж өгсөн. Намайг Жад мэдүүлэг өгсний дараа Е  над руу утсаар яриад “чи яагаад надаар дамжуулж С д мөнгө өгсөн гэж хэлсэн юм бэ” гэж загнасан. Тэгээд намайг аймгийн төв рүү өмгөөлөгчтэй уулзуулахаар дуудсан. Би аймгийн төв рүү ороод Е  рүү залгахад чамайг манай хамаатны залуу тосож авна гэж хэлсэн. Тэгээд би зах дээрх хөдөөний таксины зогсоол дээр зогсож байтал нэг залуу ирж “А  мөн үү” гэж асуусан. Тэгэхээр би “мөн” гэж хариулсан. Тэр залуу надад 10.000 төгрөгийг таксины мөнгө, 5.000 төгрөгийг нь буцахдаа таксины зардалд төлөөрэй гэж хэлсэн. Тэгээд тэр залуу намайг дагуулж яваад өмгөөлөгчтэй уулзуулна гэж хэлсэн. Тэгэхэд би “...Е  эгч хаана байна...” гэж асуухад тэр залуу надад “...Е  хуралтай байгаа..” гэж хэлсэн. Би түүнийг дагаад өмгөөлөгчийн өрөөнд орсон. Тухайн үед би уг байрны нэрийг мэдэхгүй байсан бөгөөд цагдаа нар ажиллагаа хийсний дараа “Алау бар” гэх хаягтай нэг давхар хуучин байшин гэдгийг тодорхой мэдэх болсон юм. Уг өрөө рүү ороход бид хоёрыг нэг өмгөөлөгч гэх залуу тосож авсан. Өмгөөлөгчийн өрөөнд бид гурваас гадна дахин нэг залуу байсан. Тэгэхэд уг өмгөөлөгч залуу надаас юу ч асуухгүйгээр казах хэл дээр өргөдөл бичсэн. Тэгэхэд тэр өмгөөлөгч залуу надад “...би Е тэй утсаар ярьсан, та Ж гэх цагдаад С  эмчийн эсрэг түүнд хахууль өгсөн гэх мэдүүлэг өгсөн байна. Одоо аймгийн прокурорын даргын нэр дээр С д мөнгө өгөөгүй, цагдаа нар хүчээр мэдүүлэг авсан гэсэн утгатай өргөдөл бичээд хүргээд өгчихье, таны асуудлыг тэнд шийдчих болно. Бид өөрсдөө яриад үүнийг зохицуулчихна, одоо та дахиж ирэх шаардлагагүй...” гэж хэлсэн. Тэр өмгөөлөгч залуу намайг энэ өргөдлийг хуулж бич гэж хэлсний дагуу би уг өргөдлийг казах хэл дээр өөрийн гараараа хуулж бичиж байхдаа өмгөөлөгч залуугаас “...ийм зүйл болоогүй, тэр цагдаа хүчээр надаас мэдүүлэг авсан зүйл байхгүй, би цагдаад үнэн болсон зүйлийг л мэдүүлсэн, ингэж болох юм уу...” гэж асуусан. Тэгэхэд надад “...бид нар таныг хамгаалж энэ асуудлаас гаргаж чадна, та ямар ч асуудалгүй явж бай...” гэж хэлсэн болохоор нь казах хэл дээрх өргөдлийг нь хуулж бичиж дуусгасан, ...уг өмгөөлөгч залуу “...тийм ээ бид таныг энэ асуудлаас гаргаж чадна...” гэж хэлсэн. Түүнээс биш надад ямар нэгэн өргөдөл бичих санаа бодол байгаагүй. Уг өргөдлийг хуулж бичихэд өмгөөлөгч залуу хажуунаас надад хэлж өгсөн, ...тэгээд би өргөдөл бичиж дуусахад өмгөөлөгч залуу Е ийн хамаатны залууд хандаж юм хэлж байсан ч би юу гэж хэлснийг санахгүй байна. Тэгээд уг өрөөнөөс Е ийн хамаатны залуу намайг дагуулж гараад прокурорын газар руу хамт орсон. Тухайн үед цагаан сар болж байгаа болохоор прокурорын газар амарчихсан байсан. Тэгээд прокурорын газрын нэг залууд өргөдлийг өгсөн. Тэр залуу цааш нь дамжуулж өгье гэж хэлээд өргөдөл аваад үлдсэн, ...харин өмгөөлөгч залуу надад уг өргөдлийг бичүүлээд, ...“...бид нар ямар ч асуудалгүй үүнийг шийдэж чадах болно, та дахин ирэх шаардлагагүй. ” гэж хэлсэн. Надад өргөдөл бичиж өгсөн өмгөөлөгч нь дунд зэргийн настай, хар өнгийн халимаг үстэй байсан. Одоо сайн санахгүй байна. Гэхдээ уг өмгөөлөгч нь надад утасны дугаараа өнгөтэй наадаг цаасан дээр бичиж өгснийг би дэвтрийнхээ ард талд наасан. Одоо ч гэсэн уг дугаар миний дэвтрийн хойд талд наалттай байгаа.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 43-46 дугаар хуудас/,

1.6. Гэрч А.А ы 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... тэр өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би гудамжинд явж байтал Е  над руу утсаар яриад “...А  чи завтай байна уу...“ гэж асуусан. Тэгэхээр нь би “...завтай байна...” гэж хариулсан. Тэгэхэд Е  эгч “...чи миний нэг сонгогч эмэгтэйд туслаач...” гэж хэлээд А ийн утасны дугаарыг өгсөн. Тэгээд би А ийн дугаар луу залгахад нэг эмэгтэй буюу А  утсыг авсан. Тэгээд би А д “...Е ийн дүү байна, таныг хөдөөнөөс таксигаар ирэхээр тосоод аваарай гэж хэлсэн...” гэхэд А  надад “...зах дээр таксины зогсоол дээр ирчихсэн байна...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...Музейн хажууд байна, энд хүрээд ир...” гэж утсаар хэлсэн. Тэгэхэд А  удахгүй Музейн хажууд хүрээд ирсэн. Музейн хажууд, таксины зогсоол гэдэг нь бараг нэг газар юм. Хоорондоо 100-150 метр зайтай байдаг. Замын хоёр тал юм. Тэгэхэд бид хоорондоо мэндэлсэн. Тэгээд А ийг“...ямар ажилтай явж байна, Е  эгч танд тус бол гэсэн...” гэж хэлээд “Алау бар” гэх барилга дотор байх өмгөөлөгч С.Н ийн өрөөнд дагуулж очсон. Тэгэхэд С.Н  нь А д казах хэл дээр хэлж аймгийн ерөнхий Прокурор Батсүхийн нэр дээр өргөдөл бич гэж ятгаж зөвшөөрүүлсэн юм. Тэгэхэд Е , Н  нар хоорондоо юу гэж ярьж тохирсныг бол би мэдэхгүй байна. Энэ С.Н  нь хууль, цаас материал хараад өөрийн амаар “...өргөдлийн он сар өдөр, цагдаагийн алба хаагчийн нэрийг хэлээд гэрт маань ирээд байцаалт авсан, байцаалт авахдаа хүүхдийг айлгаад, намайг загнаж, сэтгэл санааны хямралд оруулсан, С д ямар нэгэн хахууль өгсөн зүйл байхгүй, цагдаа нар намайг дарамталж хүчээр мэдүүлэг авсан, цагдаагийн алба хаагч нарын үйлдлийг шалгаж өгнө үү...” гэж бичүүлсэн, ...би тухайн үед өмгөөлөгч нь хуульч хүн юм чинь А д зөв буруу зүйл зааж өгч байгаагаа өөрөө мэдэж байгаа байлгүй дээ гэж бодоод юу ч дугараагүй. Өргөдлийн агуулгад оролцсон зүйл огт байхгүй. Би гагнуурчин хүн шүү дээ. Өмгөөлөгч С.Н  А  бид хоёрт “...энэ өргөдлийг прокурорын даргад хүргэж өгөөрэй, тэгэхдээ үүдний хүмүүсээс нь асуувал өрөөг нь заагаад өгнө...” гэж хэлсэн. Тэгээд А ийг дагуулж прокурор дээр ирээд өргөдлийг нь өгчхөөд явчихсан юм. Би эхний удаа цагдаад очиж мэдүүлэг өгөхдөө сандарсандаа худал мэдүүлэг өгчихсөн. Энэ бол миний түмэн буруу. Мөн сүүлд дахин авлигатай тэмцэх газарт буюу танд мэдүүлэг өгөхдөө урьд өгсөн мэдүүлгээ л давтаад хэлэх нь зөв гэж миний хүрээллийн хүмүүс надад зөвлөсөн юм. Гэвч дараа Е  Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгснийг сонсоод үнэн зөв зүйл ярихаас өөр аргагүй юм байна гэж бодоод одоо болсон асуудлыг бүгдийг нь үнэн зөвөөр нь мэдүүлж байна. Урьд худал мэдүүлэг өгсөнд намайг уучлаарай. Би 4 хүүхэдтэй, гэр бүлээ тэжээдэг юм л даа. Мөн өмгөөлөгч С.Н  өргөдлийг прокурорт аваачаад өгчих, прокуророос энэ өргөдлийн дагуу шалгаад бүх асуудлыг шийдээд, хэрэг байхгүй болно, санаа зоволтгүй, дахиж наашаа ирэх шаардлагагүй гэж А  бид хоёрт хандаж хэлсэн. Би урьд 2 удаа гэрчийн мэдүүлэг өгөхөд хэн нэгэн хүн надад нөлөөлсөн, ятгасан, гуйсан зүйл байхгүй. Миний хүрээллийн хүмүүс гэдэгт миний найзууд багтана. Би зүгээр л 100 татсан байхдаа найзуудтайгаа ам халаад ярьж байхдаа урьд өгсөн мэдүүлгээ л дахиад тэр хэвээр нь өгөөд үнэн гээд зүтгээд байх нь зөв гэж ярьж байсан юм, ...би С  эмчийг танина. С  эмчийг 1996 оны үеэс хойш танина. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. С ыг бид нар нэг том төгсөлт гэдгээр нь мэднэ." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 50-52 дугаар хуудас/,

1.7. Гэрч Т.А ийн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр болон түүнээс өмнө, түүнээс хойш өнөөдрийг хүртэл өмгөөлөгч Н тай өөрийгөө өмгөөлүүлэхээр гэрээ байгуулсан зүйл байхгүй. Мөн өөрийгөө өмгөөлүүлэхээр Н тай ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Зүгээр л Е ийн хэлсний дагуу тэр хүнтэй очиж уулзахад надад өргөдөл бичиж өгсөн. Би өргөдлийг нь хуулж бичээд прокурорт өгсөн. Ер нь тэр хүнээр өмгөөлүүлэх шаардлага надад байхгүй. Тийм хүсэл ч алга” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 72-73 дугаар хуудас/,

1.8. Гэрч Т.А ийн тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 94-95 дугаар хуудас/,

1.9. Гэрч Т.А ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 96-97 дугаар хуудас/,

1.10. “Мобиком корпораци” ХХК-ийн Хууль эрх зүй, бодлого зохицуулалт хариуцсан дэд захирал Д.У ийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18/2049 дугаартай албан бичиг, хавсралт, “Мобиком корпораци” ХХК-ийн Хуулийн хэлтсийн менежер О.Ө ийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 18/2841 дугаартай албан бичиг, хавсралт /1 дүгээр хавтасны 102-133 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг

- Гэрч Т.А ийн шүүх хуралдаанд өгсөн “...К.Е  гэдэг хүн манай сумаас төлөөлөгчөөр сонгогдсон. Тэгээд эмэгтэй хүн болохоор группт гарахын тулд К.Е ээс туслалцаа аваад, тэр хүнтэй холбогдсон. Намайг К.Е  гэдэг хүний дүү А.А  гэдэг хүн намайг дагуулж С.Н  гэдэг хүнээс хууль зүйн туслалцаа авахаар очсон. Тухайн үед өргөдлийг би өөрөө бичсэн.  ...Цагдаа нар намайг дарамталж, чи хахууль өгсөн байна, 500 мянган төгрөг өгсөн үү гээд намайг дарамтлаад байхаар нь би өмгөөлөгч авахыг хүссэн. Би өөрөө даралт ихтэй хүн, тэр талаар одоо сайн санахгүй байна. Цагдаа нар мэдүүлэг авахдаа дарамтлаад байгаа талаар өмгөөлөгч С.Н т би хэлсэн. Энэ өргөдлийг бичихдээ болсон үйл явдлыг бичсэн. ...өмнө өгч байсан мэдүүлгээ одоо мэдэхгүй, мартсан байна. ...Цагдаагийн албан хаагч нар болон авлигатай тэмцэх газрын албан хаагч нар дарамталсан нь үнэн, зөндөө хүн байсан. Надад хашгираад, айлгасан нь үнэн. Г  гэдэг хүн надаас мэдүүлэг авахдаа, анх чамаас мэдүүлэг авсан хүн чамд хашгираагүй биз дээ гэж хэлсэн. Гэхдээ надад хашхирч, намайг дарамталсан нь үнэн. ...2019 оны 02 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд К.Е  надтай утсаар ярьсан нь үнэн. К.Е  гэдэг хүн надад ирэх зардлыг чинь төлж өгнө, та өргөдлөө бичиж өгч болно гэсэн. Тухайн үед өгсөн мэдүүлэг маань үнэн, одоо сайн санахгүй байна. ...Тухайн үед өргөдлөө өөрөө бичсэн боловч өмгөөлөгчийн бич гэснийг бичсэн ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Гэрч А.А ы шүүх хуралдаанд өгсөн “...Манай эгч К.Е  над руу залгаад, манай нэг сонгогчид туслахад чамд зав байна уу, би өөрөө ажилтай завгүй байна гэсэн. Тэгээд би зах дээр явж байна, би завтай байна гэсэн. Манай эгч нөгөө хүний утасны дугаарыг өгсөн. Тэгээд нөгөө дугаар луу залгаад юу болсон талаар асуухад, би цагдаад мэдүүлэг өгсөн байсан, эрхээ хамгаалуулах талаар өргөдөл бичүүлэх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би өөрөө зах дээр явж байгаа учраас хамгийн зах дээр ойрхон хуулийн тусламж үзүүлэх газрыг угаасаа мэддэг байсан. Ийш тийшээ явахад хаягийг нь хараад мэддэг байсан. Тэгээд би Т.А ийг дагуулж очсон. Тэнд очиход С.Н  өмгөөлөгч бид нараас ямар хэргээр, яагаад явж байгаа талаар асуусан. Т.А  болсон явдлын талаар С.Н  өмгөөлөгчид хэлсэн. Тэгээд С.Н  өмгөөлөгч та бичиг үсэг мэдэх үү гэхэд, казахаар мэднэ гэсэн. Та бичиг үсэг мэддэг бол та өөрийн мэддэг хэлээр өргөдлөө бичиж өгч болно гэсэн. Тэгээд Т.А  өөрөө өргөдлөө бичсэн. Уг өргөдлийг Прокурорын газарт аваачиж өгсөн нь үнэн. ...Т.А  цагдаагийн байгууллагын албан хаагчид мэдүүлэг өгөхдөө намайг загнаад, тэнд байсан хүүхдүүд айгаад, уйлаад , миний эрүүл мэнд муу, зүрх өвдөөд  байгаа одоо яах вэ гэж манай К.Е  гэдэг эгчтэй ярьсан байна. Тэгээд манай эгч надад би завгүй байна, манай тийм сонгогч хүнд туслаадхаач гэхээр би тусалсан. ...Өмгөөлөгчөөс болсон явдлыг үнэн зөвөөр бичээд өг гэсэн. ...Би өмнө өгсөн мэдүүлгээ санаж байгаа. Би тухайн үед болсон явдлыг л хэлсэн. ...Надаас мэдүүлэг авахад би гарын үсэг зурахын хувьд зурсан. Гэхдээ надад мэдүүлгийг уншиж өгөөгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Гэрч К.Е ийн шүүх хуралдаанд өгсөн “...Т.А д чи С д мөнгө өгөөд группээ сунгуулаад аваарай гэж хэлж байгаагүй. Харин гэхдээ чи үнэхээр өвчтэй бол өвчний түүх гэх мэт баримтуудыг өгөөд группээ сунгуулж аваарай л гэж хэлж байсан. ...Т.А  2019 оны 02 дугаар сард утсаар ярихдаа цагдаа нар намайг дарамталсан, би айсан гэсэн. Тэгэхээр нь би тийм юм гэж байхгүй, чи өмгөөлөгч аваад хууль зүйн туслалцаа авч болно шүү дээ, юу гэсэн үг вэ гэж хэлсэн. ...2019 оны 02 дугаар сард С.Н  өмгөөлөгчтэй ярьсан эсэхээ сайн санахгүй байна. Би ярьсан ч, ярихгүй байсан ч магадгүй. ...А.А ыг миний нагац дүү юм. Надад Т.А  залгаад намайг цагдаа нар дарамтлаад байна гэж, араас нь нөхөр нь яриад байхаар нь үнэндээ хэцүү юм болсон байх гэж бодсон. Тэгээд  нагац дүүдээ Т.А ийг тосож аваад,  хууль зүйн туслалцаа үзүүлэх газарт очиж зөвлөгөө аваарай гэж хэлсэн. ...Би С.Н  өмгөөлөгчтэй урьдчилж яриад, Т.А  очно, тэр хүнд өргөдөл бичээд өгөөч гэсэн юм ярьж байгаагүй. Би тийм мэдүүлэг өгөөгүй. Гэхдээ С.Н  өмгөөлөгчийг мундаг өмгөөлөгч гэж хэлж байсан. Яагаад гэвэл би өмнө С.Н  өмгөөлөгчтэй ажилтай холбоотой шүүх хурал дээр ялагдаж байсан. ...Би мэдүүлгийн зарим нэгийг уншиж, танилцаагүй. Мөрдөгч нар асуугаад шууд бичиж байхаар нь хуулийн хүн худлаа юм бичихгүй байх гэж бодсон. ...мөрдөгч нар миний өгсөн мэдүүлгийг унших, танилцах боломжоор хангаж байсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай байдлаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж үзэхэд: Гэрч Т.А  нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багт байршилтай, “Өлгий-Адвокат” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн байранд өмгөөлөгч С.Н аас хууль зүйн зөвлөгөө авч, мөн өдөр нь өөрийн гараар эх хэл нь болох казах хэлээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүхэд “Тилеген овогтой А  би Сагсай сумын 5-р багт оршин суудаг. 2018 оны 12 дугаар сарын дундуур цагдаа гэрт ирж таныг шалгах болно. С  эмчид авлига өгсөн гэж худлаа гүтгэж 3 удаа айлгаж мэдүүлэг авч гарын үсэг зуруулж авсан. Өөрөө өвчтэй, эмчийн хяналтад байдаг. Айлгаснаас хойш даралт маань ихсэж, нойргүй болсон, хүүхэд маань нойрондоо айж, сандарч босдог боллоо. Хүүхэддээ утсаар залгаж, түүнийг дуудаж, загнаж, утсаар залгадаг эрх байхгүй гэж айлгасан. Үүнээс болж хүүхэд маань айж босдог боллоо. Сэтгэл санаанд нь нөлөөлсөн, мөн ийм дарамтнаас айснаас болж ойлгоогүй мэдүүлэгт гарын үсэг зурсан нь үнэн. Ямар нэгэн мөнгө өгөх байтугай, эм тариаг цаг хугацаанд авч ууж чадахгүй байна. Цаашид цагдаагийн албан хаагчид гэрт зөвшөөрөлгүй орж, хашхирч намайг болон хүүхдийг минь айлгаж, хийгээгүй зүйлийг хийсэн гэж худлаа гүтгэж, өөрийн хүсэлтээр биш мэдүүлэг авч, хүчээр гарын үсэг зуруулсан цагдаагийн албан хаагч дээр өргөдөл гарсан болно” хэмээн өргөдөл гаргасан үйл баримт тогтоогдож байна.

Энэхүү үйл баримтын хүрээнд гэрч Т.А , А.А , К.Е  нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг хооронд нь харьцуулж, хэрэгт хамааралтай байдлаар нь үнэлж үзэхэд (1) шүүгдэгч С.Н , гэрч К.Е  нар нь гэрч Т.А ээс 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн 181300364 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн байдалтай холбогдуулан гэрч Т.А ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр хоорондоо тохирсон, (2) улмаар шүүгдэгч С.Н  нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажлын өрөөнд гэрч Т.А ийг хүлээн авч, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Мөн гэрч Т.А , А.А , К.Е  нараас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн байдал нь цаг хугацааны хувьд үйл баримтын талаар өөр өөр байдлаар мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.      

Шүүгдэгч С.Н  нь өмгөөлөгчийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрчид... хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн субьектив талын шинж болох гэмт хэргийн сэдэлт, зорилго нь дээр дурдсан нотлох баримтуудын хүрээнд эргэлзээгүй, бодит байдлаар нь хангалттай тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэрч гэж тухайн хэргийн нөхцөл байдлын талаар мэдвэл зохих, хэрэгт хувийн ашиг сонирхолгүй, хөндлөнгийн этгээдийг ойлгоно.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан:

2.1. Гэрч У.М ын 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “...би 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Малчны хөгжил” хадгаламж зээлийн хоршооноос 700.000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээс ихэнх мөнгийг байшин барихдаа дээврийн банз, цемент худалдаж авахдаа ашигласан, 200.000 төгрөгийг нь манай эхнэр Т.А ийн группийн хугацааг сунгуулахаар С  эмчид өгөхөөр Е тэй ярилцаж тохироод дамжуулж өгсөн. Тэгээд манай эхнэрийн группийн хугацаа 2018 ондоо нэг жилээр сунгагдаад карт нь хүнээр дамжуулж ирсэн. Харин түүнээс хойш 2019 онд группийн хугацаа сунгуулж чадаагүй, манай эхнэрийг группээс хассан. Манай эхнэр А  нь эхлээд группээ сунгуулах гэж хандсан, комиссын хурлаар орсон боловч группт гарч чадаагүй. Тэгээд манай эхнэр группийн хугацааг нэг жилээр сунгуулах талаар сумаас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сунгагдсан депутат К.Е тэй ярилцсан. Тэгэхэд “...С  эмч хэрэв 200.000 төгрөг өгөх юм бол А ийн группийн хугацааг сунгаж өгнө тэгэхгүй бол хасагдах гэж байна даа...” гэж Е  депутатаар дамжуулж хэлүүлсэн байсан. Тэгээд эхнэртэй ярилцаад нэхсэн мөнгийг нь өгөөд группийн хугацааг сунгуулж авъя гэж шийдвэрлэсэн. Тэгээд эхнэр маань 200.000 төгрөгийг хүнээр дамжуулж С  эмчид өгүүлсэн. Тэгээд ямар ч байсан 2018 ондоо группийн хугацаа нь сунгагдаад ирсэн юм. Хэрэв уг 200.000 төгрөгийг өгөөгүй бол эхнэрийн группийн хугацаа сунгагдахгүй байх л даа. Ер нь бол тэдний шаардаж асуусан мөнгийг л өгсөн юм. Манай эхнэр А  нь 2018 оны 3 дугаар сараас 4 дүгээр сарын үед хадгалж байсан мөнгөнөөс 20.000-тын дэвсгэрт 10 ширхгийг буюу 200.000 төгрөгийг гадна талыг цаасаар ороогоод аймгийн төв рүү таксинд явдаг Ө  гэх хүнд өгч явуулсан юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 69-71 дүгээр хуудас/,

2.2. Гэрч М.Ө ын 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би одоо цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. Би 2018 онд Өлгий сумаас Сагсай сумын хооронд Истана маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байсан. Манай сум хоорондын нийтийн тээврийг хүмүүс такси гэж ярьдаг юм. Ямар ч байсан 2018 оны хавар Т.А  надад Е д өгөөрэй гэж хэлээд цагаан өнгийн цаасанд ороосон мөнгө өгч явуулсан. Гэхдээ цаасан дотор хэдэн төгрөг байсныг мэдэхгүй, А ийн өгсөн хэвээр нь Е д хүргэж өгсөн. Тэгэхэд Е  зах дээр байдаг сум хооронд явдаг машины зогсоол дээрээс ирж надаас уг цаастай мөнгийг авсан. Тэгээд надад баярлалаа гэж хэлээд яваад өгсөн. Е  уг мөнгийг ирж авахдаа ганцаараа ирсэн. Ер нь бол А  надад аймгийн төв рүү юм өгч явуулдаг юм. А ийн надад өгч явуулсан мөнгө хэдтийн дэвсгэрт байсныг мэдэхгүй байна, ороосон цаасыг задалж үзээгүй. Мөнгийг нугалж цаасанд ороогоод цаасны гадна талд “Е д” гэж бичээд түүний утасны дугаарыг бичсэн байсан. Одоо би Е ийн дугаарыг санахгүй байна. Тухайн үед би аймгийн төв рүү ороод цаасан дээр бичсэн дугаар луу залгаад “...би ирчихлээ, ирж А ийг явуулсан юмыг аваарай...” гэж хэлж байснаа бол санаж байна. Мөн тэр үед Е  над руу залгаад хаана зогсож байгааг асууж байгаад надаас ирж цаасанд ороосон мөнгийг авсан. Би ямар учраас А  Е д мөнгө явуулсныг мэдэхгүй, ...А  надад мөнгө өгөөд явуулсан. Е  түүнийг надаас авсан. Би дундаас нь ямар нэгэн мөнгө төгрөг авсан, дутаасан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 76-77 дугаар хуудас/,

2.3. Гэрч Р.А гийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Т.А ийг танина. Т.А  нь манай зэргэлдээ гудамжинд амьдардаг бараг л хөрш гэсэн үг л дээ. Бид нэг нутгийн хүмүүс юм. А  надаас 700.000 төгрөгийн зээлийг 9 сарын хугацаатайгаар авсан. Ингэхдээ сарын 3 хувийн хүүтэй зээл авсан. Т.А  нь нөхрийн хамт зээл авахдаа газар болон хашаа байшингийн гэрчилгээг барьцаанд тавьсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 78-79 дүгээр хуудас/,

2.4. Гэрч Т.А ийн 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн 181300364 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт өгсөн “...би хамгийн сүүлд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байсан санагдаж байна, Сагсай сумаас таксигаар гарч, аймгийн төвд очиж ЭХМК-ийн 1-р ээлжийн гишүүдийн хурлаар орж эмч нарт үзүүлсэн бөгөөд тэрээр намайг дараагийн шатанд оруулах боломжтой хэмээн бичиж өгч үүнээс хойш 2-3 хоногийн дараа дараагийн шат буюу ЭХМК-ийн хурлаар ороход комиссын гишүүд надад миний картыг үзэж харж байгаад ууж байгаа эмийнхээ нэрийг асууж, бас бус юм асуугаад миний эмчилгээний картыг авч үлдсэн ба би тухайн үед сунгасан байлгүй дээ хэмээн бодож манай сумаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын депудатаар сонгогдсон Е  гэх хүний 99****** дугаарын утас руу залгаж та миний картыг авч, над руу явуулж өгөөрэй, би сум руугаа явлаа, миний өвддөг нь үнэн юм чин миний группийн хугацааг сунгаж өгөх байхаа хэмээн хэлж яваад өгсөн бөгөөд тэрнээс хойш 3-4 хоногийн дараа манай сумын нийгмийн даатгалын байцаагч Алма гэх хүн чиний группийг хассан талаар акт гэх зүйл ирсэн гэж надад хэлсэн. Тэгээд би маргааш нь аймгийн төв орж өөрийн эмчлэгч эмч Е тэй болон бусад эмч нартай уулзах гэсэн боловч уг эмч нараас нэг ч хүнтэй уулзаж чадаагүй бөгөөд энэ үеэр манай Сагсай сумаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Е  гэх хүнтэй ярьж, болсон явдлыг хэлтэл аймгийн ЭХМК-ийн гишүүн эмч С  гэх хүн 200.000 төгрөг нэхэж байна, хэрэв чи бид хоёр тэр мөнгийг өгвөл чиний группийн хугацааг нэг жилээр сунгаж өгнө хэмээн хэлж байна гээд надад хэлсэн ба аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Е  төлөөлөгчид за би суманд очиж байгаад энд тэнд хүмүүсээс асууж танд явуулъя гэдгээ хэлж, 200.000 төгрөгийг манай сумын такси Ө  гэдэг хүнээр цаасанд ороож Е д аваачиж өгөөрэй хэмээн өгч явуулсан ба ингэхдээ Ө ад дотор нь мөнгө байгаа талаар хэлээгүй болно. Тэгээд миний группийн хугацааг 1 жилээр сунгаж, над руу таксигаар тэр өдрийн орой аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Е  явуулж байсан юм” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 21-24 дүгээр хуудас/,

2.5. Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1813003640097 дугаартай, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /3 дугаар хавтасны 25-27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд гэрч Т.А ийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181300364 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн гэж үзэхэд мөн эргэлзээтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлын хүрээнд С.Н т холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмын дагуу шүүгдэгч С.Н т ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, С.Н ийг цагаатгах нь зүйтэй.

С.Н  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт С.Н ын өмчлөлийн Ssangyong musso загварын, 00-00 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Ховд аймаг дахь Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, С.Н ыг цагаатгасугай.

2. С.Н  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

3. С.Н  нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт С.Н ын өмчлөлийн Ssangyong musso загварын, 00-00 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Ховд аймаг дахь Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 

5. Цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан хүн, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ