Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/125   

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч А.Д,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.З,

шүүгдэгч Х.Б-, А.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Х-ы Б-, Ш овогт А-ы Д- нарт холбогдох эрүүгийн 2113001230135 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс Казак, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Баян- Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан Т овогт Х-ы Б-, регистрийн дугаар БА.........,

2.Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс Казак, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, аав, 2 ах, бэр эгч, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан 2 жил 4 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Ш овогт А-ы Д-, регистрийн дугаар БА..........,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б-, А.Д- нар нь бүлэглэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар хохирогч С.Ю-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Х.Б- мэдүүлэхдээ: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан тул хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.Д- мэдүүлэхдээ: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан тул хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

Хоёр: Эрүүгийн 2113001230135 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч С.Ю-гаас 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

2. Хохирогч С.Ю-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

3. Гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

4. Гэрч М.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

5. Гэрч А.К-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30- 32 дугаар хуудас/,

6. Гэрч З.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

8. Шүүгдэгч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

9. Шүүгдэгч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

10. Хохирогч С.Ю-гийн гаргаж өгсөн эмнэлэгт үзүүлсэн шинжилгээний бичгүүд /хх-ийн 102-116 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Б-, А.Д- нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Б-, А.Д- нар нь бүлэглэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар хохирогч С.Ю-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тус тус гэм буруутайд тооцож өгөх тухай дүгнэлт гаргасан,

шүүгдэгч Х.Б-, А.Д- нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж  байгаа хэмээн, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэж тайлбарласан болно.

Шүүгдэгч Х.Б-, А.Д- нар нь бүлэглэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар хохирогч С.Ю-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан:

- Хохирогч С.Ю-гаас 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

- Хохирогч С.Ю-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг Х.Б- дуудсан. Тэгээд би тэдний машины хажууд очиход урд суудалд суучих гэж хэлээд уг суудлаас А.Д- бууж хойд талын суудалд суусан юм. Надад тэд нар одоо бид нарын майханд очих уу гэж хэлсэн ба би за гэж хэлээд А.Д-т хандан энд буугаад үлдчих гэж хэлсэн юм. Тэр хэлсэн үгэнд А.Д- уурлаад машин дотор сууж байхдаа надыг цохисон ба би зөрүүлээд түүний толгой тус газар гараараа нэг удаа цохиж авсан. Тэрнээс болж зодоон эхэлсэн. Намайг машинаас буулгаж Х.Б-, А.Д- хоёр ээлж, ээлжээр гараараа цохиж, газар унасны дараа өшиглөж байсныг санаж байна...”, “...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, учирсан хохирлыг Х.Б-, А.Д- нар бүрэн барагдуулж өгсөн. Цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол, санал байхгүй. Бид нар хоорондоо сайн дураар эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

- Гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С.Ю- М.А-ы машин руу очсон. Тэр үед М.А-ы машины урд талын суудалд сууж байсан А.Д-ыг хойд талд суу гэж хэлээд машинаас А.Д-ыг чирч буулгаад өрөө урд талын суудалд суусан. Тэгээд нэг их удалгүй машин дотор зодоон болж эхэлсэн ба машин дотор байсан хүмүүс гадаа буусан. Тэр үед Х.Б-, А.Д- нар С.Ю-г ээлж ээлжээр цохиж өшиглөж байхыг харсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

- Гэрч М.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...цаг орой болж байсан болохоор одоо болно надтай хамт яваа залуучуудад явъя гэсэн. Тэгээд би машины жолоочийн суудалд суусан ба миний машины урд талын суудалд С.Ю- сууж авсан. Хойд талын суудалд Х.Б-, А.Д- нар суусан. Тэгэхэд С.Ю- гэнэт А.Д-т хандаж чи муу гуйлгачин, архичин минь гэж хэлээд баруун гараараа А.Д-ын нүүрэн тус газарт цохисон юм. Тэгэхэд бүгдээрээ газар буусан ба А.Д-, Х.Б-, С.Ю- нарын хооронд баахан зодоон болоод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

- Гэрч А.К-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Ю- газарт хэвтэж байсан ба Х.Б-, Х.Дамыс хоёр ээлж ээлжээр өшиглөж зодож байсныг харсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30- 32 дугаар хуудас/,

- Гэрч З.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний үзэж харсан зүйл гэвэл С.Ю- газарт унасан байдалтай байсан Х.Б-, Х.Дамыс хоёр ээлж ээлжээр өшиглөж зодож байсныг харсан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 36-38 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаартай “...С.Ю-гийн биед зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн шинэ хугарал, зүүн хацар, зүүн нүдний зовхины зөөлөн эдэд хаван хавдар, зүүн 1-р хавирганы зөрөөгүй хугарал, зүүн нүд, баруун чих, зүүн чамархай, цээжний зүүн дээд хэсэгт хөхөлбөр өнгийн цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтын 10% нөлөөлнө. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт” /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М.А-, А.Д- бид 3 машиндаа суугаад хөдөлж байх үед С.Ю- бид нараас салахгүй байсан. Тэгээд М.А-ы машины урд сууж авсан. Тэр үед С.Ю- машины хойд суудалд надтай хамт сууж байсан А.Д-т хандаж чи муу гуйлгачин, архичин, чи бид нартай хамт архи уух болоогүй гэж доромжилсон. А.Д- тэр үед С.Ю-д та одоо битгий хүн доромжлоод бай, өдөржингөө хамт архи уучихаад ийм зүйл ярьж болохгүй ш дээ гэсэн. Тэр үед С.Ю- урд талын суудал дээрээс хойшоо эргэж харж А.Д-ын толгой тус газарт гараараа цохисон. Тэр үед А.Д- С.Ю-г хэд хэдэн удаа гараараа түүний нүдэн тус газарт цохисон ба А.Д- нь машинаас бууж С.Ю-гийн сууж байсан хаалгыг онгойлгож түүнийг чирч буулгасан. Тэр үед би ч гэсэн тэр хоёрын хажууд очсон ба С.Ю-д та ямар сонин хүн бэ яагаад хүн доромжлоод байна гэж хэлээд С.Ю-гийн толгой тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон маань үнэн...”, “...Миний бие А.Д-тай хамт С.Ю-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

- Шүүгдэгч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.А- бид нарыг авъя гээд Х.Б- бид 3 машиндаа суугаад хөдөлж байх үед С.Ю- М.А-ы машины урд сууж явсан. Тэр үед надад хандан чи муу гуйлгачин, архичин, чи бид нартай архи уух болоогүй гэж доромжилсон.Тэр үед би С.Ю-д та битгий хүн доромжлоод бай өдөржингөө хамт архи уучихаад ийм зүйл ярьж болохгүй ш дээ гэж хэлсэн. Тэгэхэд С.Ю- урд талын суудал дээрээс хойшоо эргэж хараад миний толгой тус газарт гараараа цохисон. Тэгээд би уурлаад машины урд талд сууж явсан С.Ю-г хэд хэдэн удаа гараараа түүний нүдэн тус газарт цохисон ба машинаас бууж С.Ю-гийн сууж байсан талын хаалгыг онгойлгож түүнийг гадна чирч буулган гараараа цохиж, газар унаган өшиглөсөн. Тэр үед надтай хамт явж байсан. Х.Б- ч гэсэн С.Ю-д та ямар сонин хүн бэ яагаад хүн доромжлоод байгаа юм гэж хэлээд С.Ю-г зодсон...”, “...Миний бие Х.Б-тэй хамт С.Ю-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна, маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

- Хохирогч С.Ю-гийн гаргаж өгсөн эмнэлэгт үзүүлсэн шинжилгээний бичгүүд /хх-ийн 102-116 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Хууль зүйн дүгнэлт.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 Шүүгдэгч Х.Б-, А.Д- нар нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, цохиж, өшиглөн, түүний зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн шинэ хугарал, зүүн хацар, зүүн нүдний зовхины зөөлөн эдэд хаван хавдар, зүүн 1-р хавирганы зөрөөгүй хугарал, зүүн нүд, баруун чих, зүүн чамархай, цээжний зүүн дээд хэсэгт хөхөлбөр өнгийн цус хуралттай гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул тэднийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч С.Ю-гийн эрүүл мэндэд учирсан “зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн шинэ хугарал, зүүн хацар, зүүн нүдний зовхины зөөлөн эдэд хаван хавдар, зүүн 1-р хавирганы зөрөөгүй хугарал, зүүн нүд, баруун чих, зүүн чамархай, цээжний зүүн дээд хэсэгт хөхөлбөр өнгийн цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Х.Б-, А.Д- нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх ба шүүгдэгч Х.Б-, А.Д- нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд шүүгдэгч Х.Б-, А.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Х.Б-, А.Д- нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч С.Ю-гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч С.Ю- нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, учирсан хохирлыг Х.Б-, А.Д- нар бүрэн барагдуулж өгсөн. Цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол, санал байхгүй. Бид нар хоорондоо сайн дураар эвлэрсэн...” /хх-ийн 7-9 дүгээр хуудас/ хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Х.Б-, А.Д- нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. 

6. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох” ял, шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял” тус тус шийтгэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нарт торгох ял шийтгэж өгөх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүхээс шүүгдэгч Х.Б-, А.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Б- 2013 онд, шүүгдэгч А.Д- нь 2007 онд тус тус эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96-97/ болон  Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Б-, А.Д- нар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан нь тус тус тогтоогдож байх тул эдгээр нөхцөл байдлыг шүүгдэгч Х.Б-, А.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Х.Б-, А.Д- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500 зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас тэдний урьд яллагдагчаар цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, эдлэх торгуулийн ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-, А.Д- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

7. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн СД бичлэг нэг ширхгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул Х.Б-, А.Д- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, торгуулийн ялд гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл Х.Б-, А.Д- нарт шүүхээс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Х-ы Б-, Ш овогт А-ы Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-, А.Д- нарын тус бүрд 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас Х.Б-, А.Д- нарын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн 1 /нэг/ хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, эдлэх торгуулийн ялаас хасаж тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-, А.Д- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-, А.Д- нар нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Шүүгдэгч Х.Б-, А.Д- нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн СД бичлэг 1 ширхгийг эрүүгийн 2113001230135 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Б-, А.Д- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүгдэгч Х.Б-, А.Д- нарт өнөөдрөөс эхлэн авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байлгах зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, торгуулийн ялд гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         А.ДАУРЕНБЕК