Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1686

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/01190 дүгээр шийдвэртэй, Д.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Даваадоржид холбогдох,

 

Охин Д.Халкагийн эмчилгээний болон сургалтын төлбөрт 18 089 052 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Энхцэцэг нь 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.Даваадоржоос гэрлэлтээ цуцлуулж хоёр охиноо өөрийн асрамжинд авч эцгээс нь сар бүр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч Г.Даваадорж нь хүүхдийн тэтгэлэгийг сайн дураараа төлөхгүй удаа дараа ямар нэгэн шалтаг хэлж өгөхгүй байсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлдэг болсон. Мөн тухайн үед Г.Даваадорж нь гэр бүлээ цуцлуулахдаа хоёр охиндоо тусламж дэмжлэг үзүүлж байх гэрээ хийж гарын үсэг зурсан. Гэрлэлтээ цуцлуулсаны дараа Г.Даваадорж утсаа авахгүй, хоёр охинтойгоо уулзахгүй, байнга худлаа хэлж алга болдог болсон. Том охин Д.Халкагийн сургалтын төлбөр болон герман явж эмчлүүлэх бусад зардлуудыг гаргуулах шаардлага тулгарсан. Иймд гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу Г.Даваадоржоос нэмэлт зардалд 18 089 052 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн гол утга нь тэтгэлэг гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага биш. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас нэмэлт зардал гаргуулах тухай заалтыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.Энхцэцэг бид хоёр гэрлэлтээ цуцлуулж хоёр хүүхдээ түүний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг цаг тухайд нь төлсөөр ирсэн. Гэтэл нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь үндэслэлгүйгээр охин Д.Халкагийн эмчилгээ болон сургалтын зардлыг нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэр бүл цуцалснаас хойш хүүхдүүдтэйгээ байнга харилцаа холбоотой байгаа бөгөөд бүх цаг үед төрсөн эцгийн сэтгэлээр тусалж дэмжсээр ирсэн. Одоо Д.Энхцэцэг өөр хүнтэй гэр бүл болж амьдрал зохиож үр хүүхэдтэй болсон бөгөөд би ч гэсэн өөрийн гэсэн амьдралтай болсон. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш Д.Энхцэцэг намайг болон миний эхнэрийг удаа дараа хэл амаар доромжилж мессеж бичиж байнга хэрүүл маргаан үүсгэж байна. Би 2016 онд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан боловч гэр бүлийн маргаан гэх нэрийдлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хүүхдийн тэтгэлэг цаг тухайд нь төлж байсан ба одоо ч гэсэн төлж байгаа. Хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй уулздаггүй гэж бичсэн нь огт үндэслэлгүй, 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүүхдүүдтэйгээ хамт Олон улсын цирк Демидовыг үзүүлсэн нь тасалбар болон гэрэл зургаар нотлогдож байгаа. Мөн 2010, 2014 онуудад хоёр охиноо дагуулаад хичээлийн бэлтгэлийг хангах үүднээс БНХАУ руу дагуулж явсан. 2016 оны 6 дугаар сард охин Д.Халкаг дээд сургуульд орсонд нь баяр хүргээд 1 100 000 төгрөгийн үнэ бүхий нөүтбүүк худалдан авч өгсөн ба миний охин одоо хүртэл хичээл сургуульдаа хэрэглэж байна. 2014 оны 10 дугаар сарын сүүлээр миний охин Д.Халка Герман улс руу явж эмчлүүлэх шаардлагатай болсон талаар дурдаж үзлэг оношлогоонд 1207 евро, нислэгийн тийзэнд 1590 ам.доллар, монгол мөнгөөр 6 662 952 төгрөгийг нэхэмжилсэн огт үндэслэлгүй. Учир нь 2014 оны 10 сард охин Д.Халка нь Герман улс руу өвчний учир яваагүй. Харин Д.Энхцэцэг нь охин Д.Халкагийн Герман улсын визтэй паспортоор өөр хүнийг хил гаргасан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Тухайн үед охин маань хичээлдээ сууж байсан гэдэг нь Ерөнхий боловсролын 31 дүгээр дунд сургуулийн ангийн ирцийн бүртгэлийн дэвтэр болон анги удирдсан багшийн мэдүүлэг зэргээр нотлогдоно, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Даваадоржоос 4 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхцэцэгт олгож, илүү нэхэмжилсэн 13 589 052 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаарзүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 248 395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Даваадоржоос улсынтэмдэгтийн хураамжинд 86 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээгүй. Миний бие гэр бүл цуцлуулснаас хойш охин Д.Халка, Д.Баярцэцэг нарт өөрийн боломж, эцгийн сэтгэлээр туслаж дэмжин, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг биүлүүлэн, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хугацаанд төлж ирсэн. Хоёр охиндоо баяр ёслол, мөн бусад үед эд зүйл, мөнгөөр туслаж байнга харилцаа холбоотой байсан. Д.Энхцэцэг удаа дараа утас болон мессежээр доромжлох, хуурамч нотлох баримт гаргах, хоёр хүүхдэд эцгийнх нь талаар сөрөг мэдээлэл өгөх, худлаа яриулах зэрэг үйлдэл гаргасныг шүүх анхаарч үзнэ үү. Мөн Герман улс руу 2014 онд охин маань явсан мэтээр хуурамч баримт материал бүрдүүлж нэхэмжилж байгаа нь Д.Энхцэцэгийг ямар хүн гэдгийг харуулж байна. Д.Халка 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 18 нас хүрсэн. Иймд шүүхээс шийдвэрлэж надаас 4 500 000 төгрөг гаргуулахаар болсон. Энэ шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь хариуцагч Г.Даваадоржоос охин Д.Халкагийн эмчилгээний болон сургалтын төлбөрт 18 089 052 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 963 дугаар шийдвэрээр зохигчдын гэрлэлтийг цуцалж, охин Д.Халка, Д.Баяржаргал нарыг эхийн асрамжид үлдээж, эцэг Г.Даваадоржоос сар бүр хуулиар тогтоосон хэмжээний тэтгэлгийг төлөх үүрэг хүлээлгэсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар охин Д.Халка ШУТИС-ийн Технологийн дээд сургуулийн Зам, барилгын инженерийн 3 дугаар дамжаанд суралцаж, 2015-2017 оны сургалтын төлбөрт нийт 4 500 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ. Харин шүүх уг төлбөрийг хариуцагч Г.Даваадоржоос бүхэлд нь гаргуулж шийдвэрлэснийг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.3-д эцэг, эх нь хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, зөв дадал хүмүүжил олгоход тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэсэнтэй нийцсэн гэж үзэхээргүй байна.

 

Хуулийн дээрх заалтаас үзвэл хүүхдийн сургалтын зардлыг эцэг, эх адил тэнцүү хэмжээгээр төлөх үүрэгтэй тул дээрх зардлын 50 хувь болох 2 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой сургалтын зардал нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон” гэх үндэслэлд хамаарах юм.

 

Харин охин Д.Халкагийн ХБНГУ-д шүдний эмчилгээнд явсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч Д.Даваадорж эс зөвшөөрч “тухайн үед охин маань Герман улс яваагүй, хичээлдээ сууж байсныг сургууль нь тодорхойлсон, эх Д.Энхцэцэг нь охины минь паспортоор өөр хүнийг хил гаргасан” гэж маргажээ. Нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу хариуцагчийн дээрх тайлбарыг няцаагаагүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагын 2 250 000 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэгч Д.Энхцэцэг хариуцах үүрэгтэй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсанаар шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/01190 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “4 500 000” гэснийг “2 250 000” гэж, “13 589 052” гэснийг “15 839 052” гэж,

2 дахь заалтын “86 950” гэснийг “50 950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Т.ТУЯА