Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00052

 

 

                                             Г.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

            Шүүх хуралдаанд:  

 

                   Прокурор                                              Б.Жавхлантуяа

                   Шүүгдэгч                                             Г.Г

                 Хохирогч                                           Б.Д

                   Нарийн бичгийн дарга                       Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

   Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолтой Г.Г-т холбогдох, 1825002150151 дугаартай эрүүгийн хэргийн хохирогч Б.Д-ыг давж заалдах гомдолыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Монгол Улсын иргэн,Булган аймгийн Хангал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хас банкны Орхон аймаг дахь салбарт ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт  амьдарх, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Ө овогтой Г-ын Г.

 

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Солонго” караокед  хамт ажилдаг Б.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ө овгийн Г-ын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Г.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэн,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д  зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 .д  зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулан,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Г.Гаас 799.063 төгрөг гаргаж, хохирол төлөх хугацааг 4 сараар тогтоож сар бүр 199.765 төгрөгийг хохирогч Б.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.293.426 төгрөгийн нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхиж, хохирогч  иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдан,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Д давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр 12-ны өдрийн 159 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

Анхан шатны шүүх хохирогч Б.Д намайг тус хэрэгт буруутай мэт дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Энэ  хэрэгт намайг 2 хүн  намайг зодсон боловч цагдаагийн байгууллагаас нэг хүнийх нь оролцоо бага байна, гол хүнийг нь олж тогтоосон тиймээс уг асуудлын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэсний дагуу өнөөдрийг хүртэл элдэв юм хэлэлгүй, шүүгдэгчийн хохиролгүй болгоно гэсэн үгийг нь хүлээж, хэргийг шийдвэрлэтэл дуугүй байсан.

Гэтэл шүүх хурлаас эсрэгээр нь намайг буруутай байсан мэт дүгнэлт хийж, хохирогчийн буруутай үйлдэл байсан нь хөнгөрүүлж үзэх нөхцөл гэж үзснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Хамт олон болж ажиллаж байсны хувьд намайг хохироосон хохирлыг төлөх байх гэж харж байсан. Баруун нүдний ухархайн хугарлын талбай их байсан учраас нэг нүдэнд эмплант нөхөх мэс заслыг яаралтай хийлгүүлэх шаардлагатай гэсэн эмч нарын дүгнэлт гарч , Улаанбаатар хотруу 13А-р маягт өгч яаралтай явсан ба өөрийн эдийн засгийн боломжийн хэмжээнд бага үнэлгээтэй хагалгаанд хамарч байсан.

 

             Хагалгаа хийлгэхэд  3.500.000 төгрөг гэж байсан боловч эдийн засгийн байдлаас хамаарч аль үнэлгээ багатай хагалгаанд орох хүсэлт тавьсны дагуу эмплант суулгахад 880.000 төгрөг, ор хоногийн мөнгө 507960 төгрөг, унтуулга болон бусад эмч сувилагчийн мөнгө 80000 төгрөг өгч, бусад шинжилгээ өгөх ялангуяа хагалгааны үед хүндрэл учирч болзошгүй гэж бүх эд эрхтний шинжилгээнд хамрагдаж байсан. Гэвч шүүхээс намайг хамааралгүй шинжилгээнд хамарсан гэж үзэж зарим шинжилгээний баримтуудыг хасч тооцсон байсан.

             . Мөн шүүх  хохирол төлөх хугацааг 4 сараар тогтоосон бөгөөд  шүүхийн шийдвэрээр тогтоосон 799.063 төгрөгийг би 4 сар харж байж төлүүлэх шийдвэр гэж үзэж байгаа бөгөөд энэ нь намайг хохироож байна би гомдолтой.

 

           . Нэг байгууллагад хамт ажиллаж байсан учраас юм хэлээд яах вэ  эд эрхтнийг маань гэмтээснээ мэдэж байгаа юм чинь болох байлгүй гэж бодож байсхад  намайг цагдаад өгсөн хүн чанаргүй мөнгө нэхлээ гэх зэргээр нэр хүндрүү минь халдсан үйлдлийг удаа дараа гаргаж танил хүмүүст минь муу ярьж хүний мөсгүй чанар гаргаж байгаа үйлдлийг нь бодохоор гомдолтой байна.  

          Эрүүгийн хуулийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүх буруу дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг тунгаан үзээгүй шүүгдэгч Г.Г-т ял хөнгөрүүлсэн ба түүнд хүлээлгэсэн хариуцлага тохироогүй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, учирсан хохиролыг минь зөв тооцож  хурдан хугацаанд барагдуулж өгнө үү гэжээ.

 

                Шүүгдэгч Г.Г давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

               

                Миний бие хэрэгт буруутайгаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хохиролын мөнгө болох 799.063 төгрөгийг дөрвөн сараар хувааж төлж дуусгана гэж шийтгэх тогтоолд дурьдсан боловч би ойрын хугацаанд төлнө гэж бодоод цалингаасаа  400.000 төгрөгийг дансанд нь  шилжүүлсэн.

         Хохирогч Б.Дэмиддагвын нэр хүндэд халдсан зүйл гаргаагүй, гэм буруутайгаа мэдэж гэмшиж , ойлгож байгаа гэжээ. .

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ :

Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан.., шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Г, хохирогч  Б.Д нар нь хамт нэг байгууллагад ажилдаг бөгөөд тэд   2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Солонго” караокед цэргийн баяр тэмдэглэж байгаад  хоорондоо маргалдаж  улмаар шүүгдэгч Г.Г нь   Б.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  байна.  

 

 Энэ үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч Г.Г, хохирогч  Б.Д нарын өөрсдийн мөрдөн байцаалтын шатанд  болон шүүхийн хэлэлцүүлэгийн үед өгсөн мэдүүлэг,  хэргийн газар хамт байсан гэрч М.Жаргал, Б.Амартүвшин, Я.Одонтунгалаг нарын мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 263 дугаар дүгнэлт,  / х.хийн 20-р хуудас/ камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, / х.хийн 16-18 -р хуудас/ зэргээр нотлогдож тогтоогдсон,  үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх   үндэслэл бүхий дүгнэлт хийж  шүүгдэгч Г.Г-т хуульд заасан ял оногдуулсан нь  түүний гэм бурууд  тохирчээ.

 

           Мөн  хохирогч  Б.Д нь  гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол буюу  үзлэг, шинжилгээ, эмчилгээ, хоол хүнс, цалин листний зөрүү, шатахууны зардал гэж  нийт 3.242.489 төгрөг нэхэмжилсэнээс  шүүх  хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг үндэслэн  шүүгдэгчээс 1.949.063 төгрөг гаргаж  хохирогч Б.Дд олгох.,   үүнээс шүүгдэгч хохирогчид төлсөн  1.150.000 төгрөгийг  хасаж тооцоод Г.Гаас 799.063 төгрөг гаргуулах,  мөн  хохирогчийн   нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангаагүй 1.293.426 төгрөгийн  нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхиж,   шүүгдэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг  шийтгэх тогтоолд заасан нь  үндэслэлтэй байна.

 

           Харин   шүүх шүүгдэгч Г.Гаас  хохирол  799.063 төгрөг гаргаж хохирогчид олгохдоо  сар бүр 199.765 төгрөг гаргаж олгохоор тооцож   хугацаа тогтоосон нь буруу бөгөөд  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлыг гаргахдаа  шүүх  хугацаа тогтоох, хэсэгчлэх, хойшлуулахгүйгээр хохирлыг аль болох хурдан хугацаанд төлүүлэх нь хуульд нийцнэ.

           Иймд хохирогч Б.Дэмиддагвын  гаргасан давж заалдах гомдлын  “ ...анхан шатны шүүх   нэхэмжлэлээс  үндэслэлгүйгээр  хасаж тооцсон тул  бүгдийг  гаргаж өгнө үү...”  гэснийг хэрэгсэхгүй болгож ..,  “... шийтгэх тогтоолоор хангаж шийдвэрлэсэн 799.063 төгрөгийг  төлөх хугацааг 4 сараар тогтоосныг зөвшөөрөхгүй ...”  гэснийг   хүлээн авч, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3., 39.8 дугаар зүйлийн 1.6., 39.9 дүгээр зүйлийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3., 5  дугаар заалтыг:

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д  зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /зургаа/ сарын хугацаанд, сар бүр 150.000 төгрөг  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай гэж.,  

 

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Г.Гаас 799.063 төгрөг гаргаж Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-4-47 тоотод оршин суух, хохирогч Б.Дд олгож,  түүний нэхэмжлэлээс  1.293.426 төгрөгийн нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлж  иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай..,   гэж  тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хохирогчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

       

         3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                   

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                      С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                            Ц.ТУЯА