Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 295

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н, нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Б.Б нарыг оролцуулан Д.М нэхэмжлэлтэй, М..Х.Х.З-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв. 

Нэхэмжлэгч: Д.М 

Хариуцагч: М..Х.Х.З

Нэхэмжлэлийн шаардлага: “М..Х.Х.З-өөс 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталсан “Хураамжийн хэмжээ тогтоох тухай” 108 дугаар тогтоолын хавсралтын хүснэгтийн 1 дүгээр мөрөнд заасан Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчаас 150,000 төгрөгийг гаргуулах, М..Х.Х.З-ийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно.” гэж заасныг илт хууль бус болохыг тогтоолгох” 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Д.М би М..Х.Х.З-ийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх хэсэгт заасан Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөг гэж тогтоосон хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн З-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.” гэж заасан. Д.М би 150,000 төгрөгийн хувьд өмчлөгч байсан. Гэтэл М..Х.Х.З Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байхад өөрөө өөртөө эрх олгож улмаар өөрийн холбооны гишүүн бус этгээдээс 150,000 төгрөг авах журам, 108 дугаар тогтоол гаргаж түүнийгээ үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр надаас 150,000 төгрөг авсан учир уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д “Хуульчдын холбооны санхүүжилт нь гишүүдийн татвар, хандив, хуульчийн мэргэжлийн шалгалтын хураамж, сургалтын төлбөр, хэвлэн нийтлэлийн ашгаас бүрдэнэ.” гэж заасан. Гишүүний татвар сар бүр 20,000 төгрөг, шалгалтын хураамж 50,000 төгрөг, сургалтын төлбөр 1 кредит нь 45,000 төгрөг байна. Үүнээс өөрөөр “гишүүнээр элсэх хураамж” авах талаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хуулиар М..Х.Х.З болон Монголын Хуульчдын холбооны бусад нэгжид эрх олгогдоогүй байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Хуульчдын холбоо хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтөлнө.”, 44.6-д “Энэ хуулийн 44.5-д заасан бүртгэлийн журмыг Хуульчдын холбооны зөвлөл батална.” гэж заасан ч гишүүнээр элсэх гэж буй эрх зүйчээс 150,000 төгрөг авах талаар эрх олгоогүй.

2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй бол уг захиргааны акт илт хууль бус байх талаар зохицуулсан байсан. М..Х.Х.Зийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно.” гэж заасан нь илт хууль бус байна. 

Иймд “М..Х.Х.Зийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно” гэж заасныг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-О шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “ ... Хуульчийн эрх зүйн байдлыг 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага” /цаашид “Хуульчдын холбоо” гэх/ гэж хуульчдын заавал гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд” гэж эрх зүйн байдлыг тогтоож, Холбооны гадагш болон дотогш чиглэсэн үйл ажиллагааг зохицуулах хэмжээг Хуульчдын холбооны Зөвлөл өөрөө батлах тухай заасан. 

Тодруулбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай 44 дүгээр зүйлийн 44.2-т “Хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн байна.”, 44.5-д “Хуульчдын холбоо хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтөлнө.”, 44.6-д “Энэ хуулийн 44.5-д заасан бүртгэлийн журмыг Хуульчдын холбооны зөвлөл батална.” гэж тус тус зохицуулсан. Хуулиар олгогдсон дээрх эрх хэмжээний хүрээнд Хуульчдын холбооны Зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 21 дүгээр тогтоолоор “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ыг баталсан бөгөөд мөн журмын 3.3 дугаар зүйлийн 1-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно” гэж тус тус заасан. 

Дээр дурдсан хууль, холбогдох дүрэм, журмын хүрээнд М..Х.Х.З 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 108 дугаар тогтоолоор Хуульчдын холбооны гишүүнээр элсэх, өмгөөллийн хуулийн этгээдийг бүртгэх, Хуульчдын холбооны бүртгэлээс лавлагаа, мэдээлэл өгөх үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай” тогтоолыг баталсан байна. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “М..Х.Х.Зөөс 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталсан “Хураамжийн хэмжээ тогтоох тухай” 108 дугаар тогтоолын хавсралтын хүснэгтийн 1 дүгээр мөрөнд заасан Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчаас 150,000 төгрөгийг гаргуулах, М..Х.Х.Зийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно.” гэж заасныг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсны хүрээнд шүүх хэргийг хянан хэлэлцэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн илт хууль бус болгохоор маргаж буй М..Х.Х.Зийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хураамжийн хэмжээ тогтоох тухай” 108 дугаар тогтоолын хавсралтын Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоосныг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д зааснаар ”... тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн ...” захиргааны акт гэж үзэхээр байна. Учир нь 108 дугаар тогтоолоор хуульчийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн, өөрөөр хэлбэл, Хуульчийн эрх байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д ”Хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргана” гэж  заасны дагуу зөвхөн батламжаа гардан авсан тодорхойлж болохуйц хэмжээний этгээд холбоонд гишүүнээр элсэх 150,000 төгрөгийн хураамжийг төлж, хуульчийн тангаргаа өргөснөөр Хуульчдын  холбооны гишүүн болохоор байна. 

Нэхэмжлэгч Д.М “... холбооны гишүүнээр элсэх 150,000 төгрөгийн хураамж авч байгаа нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй бол уг захиргааны акт илт хууль бус ...” гэж маргаж өөрийн төлсөн 150,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага” /цаашид “Хуульчдын холбоо” гэх/ гэж хуульчдын заавал гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг” гэж заасан. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Хуульчдын холбоо хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтөлнө”, 44.6-д ”Энэ хуулийн 44.5-д заасан бүртгэлийн журмыг Хуульчдын холбооны зөвлөл батална” гэж зааснаар Хуульчдын холбооны зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 21 дүгээр тогтоолоор “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ыг баталсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

“Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно” гэж журамлажээ.    

М..Х.Х.Зийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар “Хураамжийн хэмжээ тогтоох тухай” тогтоолоор “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэж Хуульчдын холбооны гишүүнээр элсэх, өмгөөллийн хуулийн этгээдийг бүртгэх, Хуульчдын холбооны бүртгэлээс лавлагаа, мэдээлэл өгөх үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар тогтоосон байна. Нэхэмжлэгчээс тус тогтоолын өөрт холбогдох хэсэг буюу Хуульчдын холбооны гишүүнээр элсэх 150,000 төгрөгийн хураамж тогтоосныг илт хууль бус гэж маргасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан М..Х.Х.Зийн ээлжит бус хурлын  2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр тэмдэглэлд “... анх хуульчдын холбоонд элсэж байгаа гишүүдийг элсэлтийн хураамжтай байлгая,  хэмжээг нь 150,000 төгрөг байлгая. Элсэлттэй холбоотой тодорхой зардлууд гарна, бүртгэлтэй холбоотой зардлууд, шууд хуульчийн гэрчилгээ аваад эхлэхээр тамга, тэмдэг олгодог журамтай, энэ тэмдгийн мөнгийг хураамжид нь оруулж тооцохоор болж байгаа. Хуульчдын холбооноос мөрдүүлдэг дүрэм журмын эмхтгэл хуульчдын холбооны зардлаар хэвлэгдсэн ном товхимлуудыг шинээр элсэж байгаа гишүүддээ олгодог байя. Элсэлтийн хураамжаа 150,000 төгрөг байлгая гээд гарах зардал юмнуудаа зохих хэмжээнд тооцож үзсэн. Өмгөөллийн хуулийн этгээдийг бүртгэхэд хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэлд бүртгэдэг хураамжийн хэмжээтэй дүйцүүлэн тэр хэмжээний хураамж авдаг байя гэж байгаа ...” гэснээр тухайн тогтоолыг гаргахдаа хуульчдын холбооны гишүүнээр элсэх 150,000 төгрөгийн хураамжийн талаар Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүд хэлэлцэн шийдвэрлэж байсан нь тогтоогдож байна. 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульчдын холбооны зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ нь Хуульчдын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага байна”, 48.7-д “Энэ хуулийн 48.2-т заасан Зөвлөлийн гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр Зөвлөлийн хурал хүчинтэй болох бөгөөд хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр батлагдана.” гэж заасан. 

Нэхэмжлэгчээс “... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д “Хуульчдын холбооны санхүүжилт нь гишүүдийн татвар, хандив, хуульчийн мэргэжлийн шалгалтын хураамж, сургалтын төлбөр, хэвлэн нийтлэлийн ашгаас бүрдэнэ.” гэж заасан тул үүнээс өөрөөр “гишүүнээр элсэх хураамж” авах эрх Хуульчдын холбооны Зөвлөлд олгогдоогүй...” гэх тайлбарыг хийж маргадаг. 

 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д Хуульчдын холбоо хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтлөхөөр заасан ба мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6-т ”Энэ хуулийн 44.5-д заасан бүртгэлийн журмыг Хуульчдын холбооны зөвлөл батална” гэж зааснаар Хуульчдийн холбооны Зөвлөл хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд журмыг баталж,  хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээг тогтоосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна. 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Мйн гаргасан “М..Х.Х.Зөөс 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталсан “Хураамжийн хэмжээ тогтоох тухай” 108 дугаар тогтоолын хавсралтын  Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй тул хариуцагчаас 150,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Мөн Хуульчдын холбооны Зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно.” гэж заасныг Хуульчдын холбооны зөвлөл хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд баталсан байх тул  түүнийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг  хангах үндэслэлгүй байна. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 44.6-д тус тус заасныг үндэслэж нэхэмжлэгч Д.М-йн “М..Х.Х.З-өөс 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталсан “Хураамжийн хэмжээ тогтоох тухай” 108 дугаар тогтоолын хавсралтын хүснэгтийн 1 дүгээр мөрөнд заасан Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчаас 150,000 төгрөгийг гаргуулах, М..Х.Х.З-ийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно.” гэж заасныг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.Д