Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0562

 

 

 

 

 

 

 

 

                          О а З д Т г

       нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Р.Н

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч О а З д Т г

Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Э.О

Гуравдагч этгээд “Д з” олон улсын байгууллага

Гуравдагч этгээд О а “Е ч” шашны байгууллага

Гуравдагч этгээд “К б” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Дэлхийн зөн олон улсын байгууллага” ХХК гэсэн улсын бүртгэлд байхгүй хуулийн этгээдэд “Хүний хөгжлийн төв” 226.86 м.кв талбайтай барилгад 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Y-2101019706 тоот дангаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч Э.Оюунбатын захиргааны үйл ажиллагаа /акт/ нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Y-2101019706 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э

Хэргийн индекс: 119/2023/0006/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О а З д Т газраас Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Д з о у б” ХХК гэсэн улсын бүртгэлд байхгүй хуулийн этгээдэд Хүний хөгжлийн төв 226.86 м.кв талбайтай барилгад 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Y-2101019706 тоот дангаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч Э.О захиргааны үйл ажиллагаа /акт/ нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч О а З д Т газрын өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Y-2101019706 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: 

“Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009.06.25/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.2, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч О а З д Т газрын Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч Э.О холбогдуулан гаргасан Д з о у б ХХК гэсэн улсын бүртгэлд байхгүй хуулийн этгээдэд Хүний хөгжлийн төв 226.86 м.кв талбайтай барилгад 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Y-2101019706 тоот дангаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч Э.О захиргааны үйл ажиллагаа /акт/ нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч О а З д Т газрын өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч О а З д Т газар нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан өмчлөх эрхийн 000417147 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  болон түүний өмгөөлөгч Р.Н нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“..."Дэлхийн зөн олон улсын байгууллага" гэгч анх өмчлөх эрх авахаар улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах үед "Хүний хөгжлийн төв" гэх нэртэй уг барилгад засаг захиргааны нэгж үйл ажиллагаа явуулдаг байдал улсын бүртгэгчид илэрхий байсан. Мэдүүлэгт хавсаргаж ирүүлсэн 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн барилга ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актад захиалагч, ашиглагчаар О а З д Т газар гэж ойлгомжтой бичигдсэн байсан. Уг барилгыг захиалан бариулсан гэрээнд захиалагчаар ДЗОУБ-ын суурин төлөөлөгч, Орхон аймгийн Засан дарга гарын үсэг зурсан, гэрээнд захиалагчдын оруулах хөрөнгийн хэмжээ тусгагдсан, бодитойгоор хийгдсэн байсан. Энэ тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгч нь тухайн үед мөрдөж байсан 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д "...холбогдох тайлбар, лавлагааг" ЗДТГ-аас авах, 11.5.2-т заасан "...улсын бүртгэл хийлгэхээр ирүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан... үзэх" гэж заасан үүргээ биелүүлээгүй.

Өөрөөр хэлбэл О а З д Т газраас хамтран өмчлөх эрх шаардах эсэхийг лавлах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, тухайн үед мөрдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан шаардлагыг хангуулаагүй бүртгэл хийсэн.

3.2.Бүртгэлийн мэдүүлэг гаргаж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг тодорхойлоогүй, зөрчилтэй буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009.6.25-ны/ 11 дүгээр зүйлийн 11.5.3-т заасан нөхцөл байдал илэрхий байхад бүртгэл хийсэн. Үүнд: ДЗОУБ-ын суурин төлөөлөгч Винсент Эдвардсаас Эрдэнэт ОНХХ /Хариуцагч Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр гэж тайлбарладаг/-менежер Ц.Г олгосон 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн итгэмжлэл, Ц.Г 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүртгүүлэх хүсэлтэд "Дэлхийн зөн олон улсын байгууллага" гэх хуулийн этгээд мөн болохыг гэрчилсэн гэрчилгээ хавсаргагдаагүй, хоёр өөр регистр бүхий тэмдэг дарагдсан байхад түүнийг нягтлаагүй. Хариуцагч тал Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 31 тоот "...төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл”, түүний сунгалтуудыг улсын бүртгэл гэж тайлбарладаг боловч 2015 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтаас болон бусад холбогдох эрх зүйн эх сурвалжуудаас үзэхэд зөвшөөрөл, бүртгэл хоёрыг нэг зүйл гэж үзэх боломжгүй.

Энэ тохиолдолд тухайн үед мөрдөж байсан 2009 Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д заасан ажиллагааг явуулж хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тодруулах байсан боловч энэ ажиллагааг хийгээгүй.

3.3.Бүртгүүлэхээр мэдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн газрын эрхийн байдал илт хууль зөрчсөн байдалтай байхад түүнийг хянаж үзээгүй.

Дэлхийн зөн олон улсын байгууллагад Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 422 дугаар захирамжийн хавсралтын 9-д газар ашиглах эрхийг 5 жилээр олгосон байхад Газрын албанаас 000342602 дугаартай газрыг 15 жилээр ашиглах гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийг илтэд зөрчсөн шинжтэй байхад түүнийг нягтлаагүй нь улсын бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгч эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, эрхийн зөрчилтэй бүртгэл хийсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Үүнд: Өмчлөлийн маргаантай барилгын 45.5 м.кв талбай бүхий хэсгийг засаг захиргааны нэгж 2008 оноос одоо хүртэл эзэмшиж байгаа нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар гуравдагч этгээдийн хувьд өмчлөгч гэж тооцогдох, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т зааснаар ДЗОУБ нь бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа ЗДТГ-т заавал мэдэгдэх, мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах зохицуулалтыг шүүх дутуу анхаарч энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна.

Талууд хамтран өмчлөх эрхийн талаар иргэний хэргийн шүүхэд маргаантай байгаа бөгөөд уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа явдал нь захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас өмчлөх эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийх шүүхийн эрх хэмжээг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч тал захиргааны хэрэг үүсгэсний дараа иргэний хэргийг түдгэлзүүлэх талаар хүсэлт гаргаж байсныг дурдаж байна. Хэрвээ иргэний хэргийн шүүх дээр маргаантай байгаа асуудлаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийх нь захиргааны хэргийн шүүхийн эрх хэмжээнээс давж байна гэж үзсэн бол захиргааны хэргийн шүүх захиргааны үйл ажиллагаа /акт/ хууль бус болсон эсэх асуудлыг шийдвэрлээд өмчлөх эрхийг зөрчсөн гэх шаардлагыг хэлэлцэхгүй орхих ёстой. Захиргааны хууль бус үйл ажиллагаа /акт/-ын улмаас өмчлөх эрх зөрчигдсөн асуудлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээрээ нэхэмжлэгч талын өмчлөх эрхээ шүүхээр хамгаалуулах эрхийг шууд хязгаарлах буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үр дагавар бий болно. Мэтгэлцээний бусад үндэслэлийн талаар хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэгчийг эрх зөрчсөнөө мэдсэнээс хойш хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй тул захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж мэтгэлцдэг.

Нэхэмжлэгч иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь үнэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд улсын бүртгэлийн хэлтэс хамтран хариуцагч, гуравдагч этгээдээр огт оролцоогүй. Иргэний хэргийн явцад талуудын хүсэлтээр иргэний нэхэмжлэлд хамааралтай зарим нотлох баримтыг улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан ба маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт үзлэг хийж бүх баримттай танилцсан зүйл байхгүй.

Ийм учраас нэхэмжлэгч тал улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэл хуульд нийцэж хийгдсэн эсэхийг тодруулах хүсэлт гаргасан. Хүсэлтийн хариуд бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргасан бүх баримтаа хуулбарлан ирүүлсэн.

Үүнтэй танилцаад бүртгэл хууль зөрчсөн байх тул бүртгэлийн улсын байцаагч хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд улсын бүртгэл хийсэн захиргааны үйл ажиллагаагаа хүчингүй болгох хүсэлт гаргасан. Захиргааны байгууллага улсын бүртгэлийн хэлтэс өөрийн үйл ажиллагааг хууль зөрчөөгүй гэж үзэж маргаантай байгаа бол шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт тавьсан. Энэ хариуг аваад хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж журмыг зөрчөөгүй болно.

Шүүх захиргааны үйл ажиллагаа буюу улсын бүртгэл нь хангалттай нотлох баримтад үндэслээгүй, зөрчилтэй, гүйцэд биш хууль журамд нийцээгүй болохыг дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасантай зөрчилдөж байна.

Иймд хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны 20 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Маргаан бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг, 5-р хороололд байрлах Хүний хөгжлийн төвийн сургалтын зориулалт бүхий 226.86 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг “Д з Э” ОНХХ-ийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2104019706 дугаарт бүртгэж, “Д з о у б” ХХК-д 000417147 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, улмаар Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр “О а Е ч” шашны байгууллагад Ү-2101019706 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож, өмчлөгчийн хувьд шашны байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “К б” ХХК-тай байгуулсан мөн оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3052-2021/166 тоот зээлийн гэрээний барьцаанд тавьсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Гэвч нэхэмжлэгч эдгээрээс зөвхөн Дэлхийн зөн олон улсын байгууллагад олгосон анхны өмчлөлтэй маргасан төдийгүй тус байгууллагад олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь шүүхийн хувьд үүрэг болно.

Нэгэнт үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай шууд уялдаатай гэрчилгээтэй холбоотой шаардлагаасаа татгалзсан энэ тохиолдолд Дэлхий зөн олон улсын байгууллагад 226.86 м.кв талбайтай Хүний хөгжлийн төвийн барилгад өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон хариуцагчийн үйл ажиллагаа /акт/-г хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

Учир нь захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй, харин эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзэж буй акт нь энэ тохиолдолд тухайд өмчлөх эрхийг бүртгэж, нэхэмжлэгчид олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байх бөгөөд түүнчлэн өмчлөх эрх сүүлийн өмчлөгчид шилжсэнээр өмнөх буюу Дэлхий зөн олон улсын байгууллагад олгосон 000417147 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болжээ.

2.Шүүхийн шийдвэрт “…Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь мэдүүлэгт хавсаргасан баримт болох өөр хамтран өмчлөх эрхтэй этгээд байгаа эсэх талаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн, асуудлыг тодруулаагүй шийдвэр гаргах ажиллагааны журмын зөрчил гаргасан нь уг бүртгэлийг хүчингүй болгох, О а З д Т газрыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь, эсхүл тодорхой хувийг өмчлөх эрхтэй этгээд гэдгийг нотлох үндэслэл болохгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Мөн шүүх маргааныг шийдвэрлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд О а З д Т газрын нэхэмжлэлтэй Дэлхийн зөн олон улсын байгууллага, Есүсийн чуулган шашны байгууллагад холбогдох Дэлхий зөн олон улсын байгууллагад олгосон сургалтын төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй этгээд болохыг тогтоолгох, тус 2 байгууллагын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахтай холбоотой иргэний маргаан шүүхээр хянагдаж, эцэслэн шийдвэрлэгдээгүй, иймд энэхүү иргэний хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс маргаан бүхий улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эсэх нь шууд хамаарахаар байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Р.Н  нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН