| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00002/Э |
| Дугаар | 154/2021/00002 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 154/2021/00002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б. Хосбаяр,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч П овогт Б гийн Б ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2137000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Мөст суманд 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мөст сумын Х багт оршин суух, РД: , П овогт Б гийн Б ,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутаг “Цагдуултай” гэх газарт чоно агнах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хавх татаж уг хавхаар ховор амьтан болох Алтайн хойлог шувуу агнаж, хадгалан, амьтны аймагт 130.000 /нэг зуун гучин мянган/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би Алтай сумын Бодонч багийн нутаг Цагдуултай гэх газарт 2020 оны 12 дугаар сарын 25-ны үед чононд хавх татсан юм. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын эхээр хавхаа очиж эргэхэд хавханд нэг хойлог шувуу ороод орчихсон байсан. Уг хойлог шувууны нэг хөл нь хавханд ороод арай тасраагүй байсан. Тэгээд хавхнаас автал уг хөл нь тасраад уначихлаар нь хаячихсан. Тэгээд хойлгоо аваад уутанд хийгээд гэрийнхээ ойролцоо хаданд хадгалсан байсан. Тэгээд сум руу явахдаа ганц нэг хүнд үзүүлэхээр авч явсан юм. Тэгээд сумын төвд манай багийн иргэн А.Батсүх гэх хүнтэй тааралдаад хавханд хөх алаг шувуу орчихсон байна. Ямар шувуу болох юунд сайн юм бол гэж асуухад би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд ахынхаа хүүхдийн угаалгад оролцохоор машинаас буугаад машинаа явуулчихсан. Гэтэл цагдаа нар тааралдаж шалгаад хурааж авсан байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч С.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Манай сумын Бодонч багийн өндөр уултай газар Алтангадас багийн Хавтагийн нуруунд алтайн хойлог гэх шувуу амьдардаг. Хохирлоо төлсөн тохиолдолд надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Цэрэнтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би тэр өдөр 10 цагийн үед Мөст сумын Х багийн “Шовгор толгой” гэх газарт гэртээ байж байхад Б.Б ын ээж Шараа сумын төв машинтайгаа хүргээд өгөөч гэхээр 11 цагийн үед гэрт нь очиход Б.Б хүүхдүүдтэйгээ, Шараа нар суугаад явсан. Б.Б түүний хүүхэд, ээж Шараа нарыг сумын төвд буулгаад дугуй засвар орж дугуйгаа янзлуулаад явж байхад сумын хэсгийн төлөөлөгч цагдаа нар зогсоож шалгасан. Тэгэхэд миний машины багаажид Б ын авч суусан гялгар ууттай зүйлийг цагдаа нар шалгаад хойлог шувуу байна гэж гаргаж ирсэн. Тэгээд Б.Б ыг хойлог шувуу авч явсан гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг,
Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 тоот:
1. Алтайн хойлог шувуу, Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтанд орсон.
2. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар” Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ээр Алтайн хойлог нь 130.000 төгрөг
3. Манай орны Монгол алтайн нуруу, Алтайн цаадах говийн уулс, Хангайн нуруу, Хөвсгөл, тагнийн салбар уулсын эгц өндөр хадан хясаа, Тагийн бүс царамд оршино.
4. Нас тогтоох боломжгүй, харин хугарсан хөлний байдлыг харахад сар дотор агнагдсан
5. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ 37.2-д заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон амьтны экологи –эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно... гэх дүгнэлт
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,
- ан амьтан экологи- эдийн засгийн үнэлгээ
- эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл
- Алтайн хойлог шувуунд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Хавханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Б.Б нь Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутаг “Цагдуултай” гэх газарт чоно агнах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хавх татаж уг хавхаар ховор амьтан болох Алтайн хойлог шувуу агнаж, хадгалан, амьтны аймагт 130.000 /нэг зуун гучин мянган/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б ын агнасан гэх Хойлог шувуу ховор ан амьтан болох нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар ”Ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална” гэсний дагуу хуланг ховор амьтан болохыг жагсаалтаар баталж, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ан амьтны экологи- эдийн засгийн үнэлгээ“-г тогтоож, Алтайн хойлог шувууг 130.000 төгрөгөөр үнэлсэн зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б ын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай “Жагсаалт, журам батлах тухай” тогтоолоор ховор амьтан болохыг тогтоосон Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан ...ховор амьтаныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан... гэх шинжийг хангаж байх тул Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах иргэний нэхэмжлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хойлог шувуу, хавхыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Баярад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П овогт Б гийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П овогт Б гийн Б ад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч Б.Б ад тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Б нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэлгүй болохыг тус тус дурьдаж, амьтны аймагт учирсан хохиролд нийт 260.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хойлог шувуу, хавхыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ