| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0181/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/198 |
| Огноо | 2021-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
улсын яллагч Н.Энхтулга,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2138000720202 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр такси үйлчилгээнд явж байсан хохирогч С.Атай такси үйлчилгээний үнээс болж маргалдан, улмаар түүнд хүч хэрэглэж гар утас, тээвррийн хэрэгслийн түлхүүрийг дээрэмдэн авах үедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж дээрэмдэх болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/ Яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд болсон хэргийн талаар мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон Эрүүгийн 2138000720202 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан жолооч С.Агийн эзэмшлийн LG-X4 загварын гар утас 1 ширхэг, Nissn advan загварын 19-28 ХӨА улсын дугаартай автомашиныг хүч хэрэглэж, дээрэмдэн нийт 6750000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан жолооч С.Атай такси үйлчилгээний хөлснөөс болж маргалдан, улмаар жолооч С.Ад хүч хэрэглэж гар утас, тээврийн хэрэгслийн түлхүүрийг авахаар довтлон хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч С.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 03 сарын 11-ний орой 22 цагийн үед намайг таксинд явж байхад Номин дэлгүүрийн урдаас эмгэн, өвгөн, нэг залуу гурвыг суулгаад хаашаа явах уу гэхэд Мөрөн сумын ард талын үерийн далангийн цаана байдаг гэж хэлсэн. Тэгээд үерийн далангийн наана очоод та нар эндээс явчих миний бензин хүрэхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө гурван хүн гэртээ л хүргүүлмээр байна гэж хэлээд хойно сууж явсан өвгөн нь өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд өвгөн, эмгэн, нөгөө залуу бид дөрөв хувааж уусан. Тэгээд цаашаагаа яваад энд зогсчих гээд хашааны гадаа зогсоогоод би таксины мөнгөө өг гэсэн чинь надад 1000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би энэ мөнгө чинь хүрэхгүй байна гэсэн чинь урд талын суудалд сууж явсан залуу нь өөр мөнгө байхгүй гээд над руу уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь би явлаа гэсэн чинь миний хойд талын суудалд сууж явсан өвгөн нь миний ар талаас татах шиг болсон. Тэгэхээр нь би гарыг нь авахуулаад машинаасаа гараад та нар яагаад байгаа юм бэ гэсэн чинь урд талын суудалд сууж байсан залуу бууж ирж намайг заамдаж аваад намайг унагаад өшиглөсөн. Тэгээд би машиндаа суух гэсэн чинь миний машины түлхүүрийг булааж аваад өгөхгүй байхаар нь би машины түлхүүрээ авах гэсэн чинь миний гар утас дуугарсан. Тэгэхээр нь би утасаа гаргаж ирээд харсан чинь манай найз охин залгаж байсан. Би утсаар ярих гэсэн чинь миний машины урд талын суудалд сууж байсан залуу дахиж надтай ноцолдоод миний гар утасыг булааж аваад, намайг унагаад миний дээрээс хоёр гараараа боогоод би энэ мууг алаад хаячихъя гээд орилоод байсан. Би хоёр гараараа гарыг нь тавиулаад зугтаасан. Намайг зугтахад миний араас намайг боосон залуу гүйгээд байсан, гэхдээ намайг гүйцээгүй. Би тэр явдлаас болж айж сандраад шоконд орсон. Надад өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх 20 тал /
Шүүгдэгч Б. Бгийн гэрчээр өгсөн : ... “ Би Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар эрүүлжүүлэх, саатуулах байранд 14 хоног баривчлагдаж байгаад өчигдөр өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчимд баривчилгааны хугацаа дуусаж суллагдаж гараад гэрлүүгээ харьж явах замдаа хойд аав болох Отэй захын урд талд таараад 0.75 литрийн хэмжээтэй 1 ширхэг Хараа архи хувааж ууж дуусгаад бид хоёр гэртээ ирсэн. Гэртээ ороод дахиад архи уухаар шийдэж өөрийн ээж болох П хойд аав болох О нарын хамт гэрээсээ гараад Мөрөнд суманд байрлах Номин худалдааны төвөөс 0.75 литрийн хэмжээтэй хоёр ширхэг Хараа архи худалдаж авсан. Бид 3 Номин худалдааны төвийн гадна зогсоолоос таксинд суугаад гэрийнхээ гадаа очсон. Таксины жолооч мөнгийг нь дутуу өгсний улмаас би тэр жолоочтой машинаас нь буугаад маргалдаж барьцалдаж аваад хоолойг нь боосон. Тэгээд хальт салаад тэр таксины жолооч гар утасаа гаргаж ирэхээр нь би гараас нь булааж аваад кармандаа хийсэн. Тэгсэн нөгөө залуу гар утасаа авах гэхээр нь би ноцолдож байгаад дахиж боож унагаагаад байж байхад манай эрэгтэй дүү Н гэрээс гарч ирээд бид хоёрыг салгасан. Салсны дараа таксины жолооч цагдаад дуудлага өгнө гээд явган гүйгээд явсан. Тэгэж хэлээд явахдаа манай гэрийн хашааны гадаа машинаа түлхүүртэй нь цуг үлдээгээд явчихсан. Би, дүү Нын хамт машиныг нь унаад ээжийн төрсөн ах буюу Ггийн гэрт очих гэж явж байтал машины дугуй элсэнд хий эргээд явхааргүй болоод суучихсан. Тэгээд бид 2 машиныг тэнд нь цоожилж орхиод машины түлхүүрийг нь би бас халаасандаа хийгээд гэрлүүгээ явсан. Удалгүй манай гэрт цагдаа нар ирээд намайг аваад элсэнд суучихсан машиныг бас аваад цагдаагийн газарт ирсэн...” гэх мэдүүлэг /хх 31 тал/
Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Нын өгсөн: “...Өчигдөр буюу 2021 оны 03 сарын 11-ний 22 цагийн үед манай ээж П, манай хойд аав О, манай ах Б нар Мөрөн сумын төв рүү ороод ирлээ гээд такси барьж ирсэн байсан. Тэгээд манай хойд аав О, ээж П нар гэртээ орж ирсэн. Би Б ахыг хаачсан юм бэ гэж асуухад гадаа таксины хүнтэй уулзаж байна гэсэн. Тэгэхээр нь би гараад очиход Б ах таксины жолоочийг машинаас нь гаргаж ирээд газар унагаад боогоод байсан яагаад байгаа юм бэ та нар гэсэн гээд таксины жолооч босож ирэхэд дахиад боогоод унагасан тэгсэн таксины жолооч муужраад газар хэвтсэн. Тэгсэн Б ах таксины жолоочийн гар утасыг авсан. Тэгээд би Б ахыг салгасан чинь нөгөө таксины жолооч босоод зугтаасан. Тэгээд би гэртээ ороод гараад ирэхэд манай ах Б машины жолооны ард суучихсан байсан. Та яах гэж байгаа юм гэсэн чинь зугтаая гэж байсан. Намайг цуг явъя гэж байсан би тэгэхээр нь та хүний юмаар яах гээд байгаа юм гэхэд хуцаад бай чи миний дүү мөн юм уу биш юм уу гэхээр нь би нөгөө хүн чинь цагдаа дуудаад бөөн асуудал болно шүү дээ гээд шоронд явах чинь дутаа юу гэсэн чинь Б явсан ч яадаг юм гээд машиныг нь асаагаад хаазлаад байсан. Тэгээд машинаа асаагаад явах гээд байхаар нь та болиоч гэж болиулах гэж оролдсон чинь чи суу гээд намайг загнаад ална шүү гээд байхаар нь суусан далан дагаж яваад зогссон тэгэхээр би буугаад гэр лүүгээ явсан. Б ахыг алга болчихоор нь эргэж очиж хайсан чинь урд талын далан хөл нүцгэн явж байсан. Тэгэхээр нь би гутлаа яасан юм гэсэн чинь нэг газар тайлаад орхисон хайя гээд хайсан ч гутлыг нь олоогүй...” гэх мэдүүлэг /хх 36 тал/,
Гэрч М.Огийн өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Б цагдаагийн газрын баривчилгаанаас гарсан. Тэгээд Л.П бид 2 Бг цагдаагийн газраас ирж аваад гэрлүүгээ явах замдаа айлд орж архи уусан. Б, П бид нар нэг шил архи хувааж уусан. Ингээд гэр рүүгээ харих гээд П, Б бид 3 такси барьсан. Би нэлээн согтуу байсан учраас ямар таксинд сууснаа мэдэхгүй байна. Гадаа харанхуй байсан болохоор таксины өнгө, марк, жолоочийг сайн харж чадаагүй. Жолооч нь эрэгтэй, залуухан хүн байх шиг байсан. Би гэрийнхээ үүдэн дээр буугаад Птэй хамт гэртээ шууд орсон. Б.Б жолоочтой үлдэх шиг болсон. Би эргэж гэрээсээ гарч ирээгүй. Гадаа ямар асуудал болсон талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх 39 тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 141 дугаартай: “...С.Агийн биед хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлээр үүсгэгдсэн байна. С.Агийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 41 тал/,
Хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2021 оны 03 дугаар 19-ний өдрийн №21456172000257 дугаартай хөрөнгө үнэлсэн тайланд: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн С.Агийн 09-28ХӨА улсын дугаартай Nissan Advan маркийн автомашины үнийг 6.660.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан / хх 43 тал/,
Хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2021 оны 03 дугаар 19-ний өдрийн №21456172000256 дугаартай хөрөнгө үнэлсэн тайланд: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-26-13 тоотод оршин суугч иргэн С.Агийн LG X4 маркийн гар утасны үнэлгээг 90000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан / хх 46 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, /хх 7 тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10 тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-12 тал/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-15 тал/,
Хохирогч С.Агийн эд зүйлээ хүлээн авсан талаарх тайлбар /хх 63 тал/,
Шүүгдэгч Б.Бгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: Яллагдагч Б.Бгийн өгсөн: ... ээж П, хойд аав О, дүү Н нарын хамт Мөрөн сумын 10 дугаар хороонд нэрийг нь санахгүй байна худалдааны төв орж мах, гурил, 1 архи авсан. Тэр үед цагийн мэдэхгүй харанхуй болсон байсан. Дэлгүүрээс гарч ирээд нөгөө авсан архиа гудамжны үзүүрт хойд аав Отэй талыг нь хувааж уугаад тэр гудамжны орчим цагаан өнгийн марк, дугаарыг нь мэдэхгүй такси бариад ээж хойд аав, дүү Н бид нар суугаад гэр рүүгээ явсан. Тэгээд хашааны үүдэн дээр таксины жолооч залуутай мөнгө дутуу өгсөн асуудлаас болж маргалдсан. Би таксны жолоочийг боож газар хэвтүүлж, утсыг нь машинаа дотроос авсан. Тэгж байтал дүү Н гарч ирэхээр нөгөө залуугийн машиныг аваад жолоочийг нь үлдээж Мөрөн сумын хойд талын далан даваад машин явахгүй болохоор нь үлдээгээд түлхүүрийг нь аваад гэртээ байж байтал цагдаа нар ирсэн. .. Энэ асуудлыг хойд аав О, ээж П нар мэдээгүй. Харин дүү Н гарч ирээд салгаж та хүн алах нуу гээд болиулсан...” гэх мэдүүлэг /хх 55-56-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 58-60 тал/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул үнэн зөвд тооцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар байцаахдаа, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Шүүгдэгч Б.Б нь такси үйлчилгээний хөлснөөс болж маргалдан улмаар хохирогчийн эд зүйлийг дээрэмдэх санаа зорилго үүсэж, улмаар гэмт үйлдлээ гүйцэлдүүлэх боломжтой хэмээн тооцож уг зорилгоо бүрэн хэрэгжүүлж хүч хэрэглэж довтолсон үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг бүрэн төгссөн байна.
Шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй тохиолдолд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахгүй байх байсан бөгөөд хохирогч С.Агийн эд зүйлийг дээрэмдэх явцад шүүгдэгчийн үйлдлээс хамаарч хохирогчийн эрүүл мэндэд нь хохирол учирсан нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Бгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь өөрийн хийж байгаа үйлдлийн хууль бус шинжийг ойлгож ухамсарлаж байсан хэдий ч хийхийг хүсэж үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй учир гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус бүрдээ бүрэн хангаж байна.
Дээрэмдэх гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээ хамаардаггүй, гэмт этгээдийн хохирогчийн эд зүйлийг авахаар довтолгоон эхэлж эд зүйлийг авснаар үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой.
Шүүгдэгч дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн нь түүний хохирогчийн бие махбодод халдсан, хохирогчийн эсэргүүцлийг няцаахаар хохирогчийн амь, биед аюултай нөхцөл бий болгосноор илэрхийлэгдэж байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн бие махбодод хүч хэрэглэн халдаж, өөрийнх нь үйлдлийн улмаас хохирол учрах, учирч болохыг мэдсээр байж гэмт үйлдлийг зориуд санаатайгаар үйлдсэн байна.
Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч нь амар хялбар аргаар гар утас, болон автомашинтай болох зорилгоор, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Агийн эд зүйлийг шүүгдэгчээс хураан авч хүлээлгэн өгсөн, хохирогч нь хохирлоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 58-60 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 4-03 тоотод амьдардаг, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу, түүний хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг хуульчилсан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна.
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бд оногдуулах нэг жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах сольж, түүний Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.14 дэх зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Бы Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х овогт Бы Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан Бы Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 / нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 1 / нэг/ жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглосугай.
7. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН