| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00004/Э |
| Дугаар | 154/2021/00004 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 154/2021/00004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг
Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Н овогт Д гийн М д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2137000000008 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Алтай суманд 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын А*** багт оршин суух, РД:**************, Н овогт Д гийн М ,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Д овогтой М нь Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эхнэр болох Н.Энхбаяртай хэрүүл маргаан үүсгэх явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зүүн гарын шууны хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Аптай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ байж байтал манай эхнэр Энхбаяр миний хувцас угаасангүй гээд охин руугаа уурлаж байсан. Тэгж байгаад чи ч гэсэн угаачихгүй гээд над руу ууралхаар нь чи түрүүн намайг хувцас угааж байхад өгчихгүй яасан юм вэ? гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо жаахан маргалдаж байтал манай эхнэр гадуур ажил хөөцөлдөнө гэхээр нь чи ямар ажил хөөцөлддөг юм вэ гэхэд чи юундаа уурлаад байгаа юм вэ гээд над руу уурлаад байхаар нь би тухайн үед гутлаа наах гээд гутлаа цэвэрлэж байсан хутгаараа айлгах гээд далайтал эхнэр гараараа хаахад гарлуу нь хутганы үзүүр орчихсон. Би эхнэрээ хутгалж биед нь гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа ухамсарлан ойлгож байна. Дахин ийм алдаа гаргахгүй..." гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутагт орших гэртээ хөдөөнөөс ирээд Булган сум руу явах гээд куртикаа өмсөх гэхэд куртик хиртэй байсан. Тэгэхээр нь гэрт байсан охин Энхмөрөнг чи хувцас угаахдаа миний куртикийг угаачихгүй яасан юм вэ гэж хэлсэн. Мөн нөхөртөө хандаж гэрт байхдаа хувцас угаасангүй, эсвэл гараад ажил хөөцөлдөхгүй яасан юм вэ гэхэд манай нөхөр чи юун ажил хөөцөлдөх яриад байгаа юм вэ гээд ууртай хэлэхээр нь чи юундаа уурлаад байгаа юм вэ гэж би хэлсэн. Тэгэхэд манай нөхөр би уурлаагүй байна зүгээр хэлж байна гэсэн. Тэгээд нөхөр бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Тэгж байгаад манай нөхөр намайг гараараа цохих гэж дайрахад манай хүргэн Баттөр, Энхмөрөн хоёр аавыгаа болиулж салгасан. Тэгээд манай нөхөр шүүгээнээс хутга аваад салсан гутлаа наах гээд хутгаар гутлаа хусаад цэвэрлээд сууж байсан. Тэр хооронд бид хоёр хэрэлдээд сууж байсан. Тэгж байснаа манай нөхөр надруу гараа далайх шиг болохоор нь би зүүн гараараа хаагаад гараа өргөсөн. Тэгэхэд манай нөхрийн гарт хутга байж байгаад миний зүүн гарын шуу хэсэгт хутгын үзүүр орчихсон. Тэгээд хутгалсан шуу хэсгээс цус гараад байхаар нь би гараад ахындаа очиход бэргэн эгч Бадамцэцэг байсан. Болсон явдлыг Бадамцэцэг эгчид хэлэхэд намайг дагуулж эмнэлэг ороод миний гаранд эмчээр оёдол тавиулж өгсөн...” гэх мэдүүлэг,
М.Энхмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр манай гэрийнхэн гэр бүлээрээ байж байсан. Тэгсэн ээж хувцас угаачихгүй гадуур гарч ажил хөөцөлдөх гэхээр хамаг хувцас хиртэй байна гэсэн чинь аав чи ямар ажил хөөцөлддөг юм гэсэн. Тэгсэн ээж чи юундаа уурлаад байгаа юм гээд тэрнээс болж хэрүүл эхэлсэн. Нэг мэдсэн аав хутга гаргаад далайх шиг болсон. Тэгээд ээжрүү хартал гар нь цус болсон байсан. Тэгээд аавыг манай найз залуу салгаад гэрээс аваад гарсан...” гэх мэдүүлэг,
П.Бадамцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутагт байх гэртээ байж байтал 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 13 цаг өнгөрч байхад Н.Энхбаяр нь манайд уйлаад ороод ирсэн. Юу болсон талаар асуухад манай нөхөр намайг хутгаар хатгачихлаа гэсэн. Тэгээд гарыг нь харахад цус нь гараад тогтохгүй байсан болохоор эмнэлэг рүү авч яваад эмчид үзүүлж оёдол тавиулсан Тэгээд Н.Энхбаяр нь цагдаагийн хэлтэст очиж гомдол гаргасан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Энхбаярын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаартай шинжээчийн:
1. Н.Энхбаярын биед зүүн талын шууны хэсэгт 3 ширхэг мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Н.Энхбаярын биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2015 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2-д заасанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
- эд зүйлд шүлэг хийж түр хураан авсан тэмдэглэл,
- аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.М нь Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эхнэр болох Н.Энхбаяртай хэрүүл маргаан үүсгэх явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зүүн гарын шууны хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Энхбаярын мэдүүлэг, шинжээчийн 115 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.М нь хохирогч Н.Энхбаярын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.М гийн Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эхнэр болох Н.Энхбаяртай хэрүүл маргаан үүсгэх явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зүүн гарын шууны хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ
Хохирогч нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна
Шүүгдэгч Д.М гээс гаргуулах хохирол төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн саатай цамц 1 ширхэгийг устгах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н овогт Д гийн М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайучруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М д оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, 1 ширхэг хар өнгийн саатай цамцыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэн устгасугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ