| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Туяа |
| Хэргийн индекс | 102/2017/01341/и |
| Дугаар | 1691 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 1691
“Хера холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01341 дүгээр шийдвэртэй, “Хера холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-д холбогдох,
Түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн байрыг чөлөөлүүлэх, түрээсийн байрны эд хөрөнгийг хүлээлцсэн актыг үндэслэн гэмтсэн, дутсан эд хөрөнгийг түрээслэгчээр засварлуулах, түрээсийн төлбөр 450 672 758 төгрөг, алданги 225 336 379 төгрөг, нийт 676 009 137 төгрөг гаргуулах,
“Хера холдинг” ХХК-иас түрээсийн байрны засвар үйлчилгээний зардалд 128 326 700 төгрөг, элсэлтийн квотын зөрүү 402 015 250 төгрөг, сургалтын төлбөрийн зөрүү 192 290 000 төгрөг, нийт 722 631 950 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Очир,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Алтантариа,
Хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хера холдинг” ХХК нь “Оюут хясаа групп” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 996.5 м.кв талбай бүхий агуулахын байрыг м.кв-ыг 10 000 төгрөг, 2160 м.кв талбай бүхий оффиссын байрыг м.кв нь 15 000 төгрөгөөр, нийт нэг сарын 35 700 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож түрээсийн гэрээг байгуулсан. Эхний жилд бид түрээслэгчид 20 хувийн хөнгөлөлт үзүүлж нэг сарын түрээсийн төлбөрийг 20 592 000 төгрөгөөр тооцож, харин 2015 оны 11 дүгээр сараас эхлэн төлбөрийг гэрээний үндсэн үнээр тооцож төлөхөөр тохиролцсон. Мөн түрээсийн байранд ашиглагдаж байсан оффиссын тавилгыг 3 000 000 төгрөгөөр, мэдээлэл технологийн тоног төхөөрөмжийг 6 906 000 төгрөгөөр тус тус тооцож худалдан авахаар талууд тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл түрээслэгч 2015 оны 9 дүгээр сараас эхлэн төлбөрийг тасалдуулж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 450 672 758 төгрөгийн төлбөр төлөөгүй байна.
Бид түрээслэгчийн гаргасан хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэхийг эрмэлзэж “Оюут хясаа групп” ХХК-д үүсээд байгаа байдлыг харгалзан, төлбөрийг тодорхой хугацаанд арилгасан тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлэх саналыг гаргаж байсан боловч түрээслэгч боломжийг ашиглалгүй төлбөрийн хэмжээг улам нэмэгдүүлсэн. Түрээслэгчид гэрээний үүргийн зөрчлийг арилгах тухай албан бичгийг удаа дараа хүргүүлж байсан.
Манай байгууллага татварын байгууллагад их хэмжээний төлбөрийн өр үүссэнээс болж компанийн данснаас гүйлгээ хийх эрх хязгаарлагдаж, үйл ажиллагаа доголдож хохирол учраад байна. “Оюут хясаа групп” ХХК нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3, 222 дугаар зүйлийн 222.1, Түрээсийн гэрээний тусгай нөхцөлийн 2.1.1, гэрээний ерөнхий нөхцөлийн 3.1 дэх заалтуудыг ноцтойгоор зөрчсөн тул бид шүүхэд хандсан.
Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйл, 326 дугаар зүйл, түрээсийн гэрээний 6.2 дахь заалтыг үндэслэн гэрээг цуцлах, түрээсийн байрыг чөлөөлүүлж түрээслэгчийг албадан гаргах, гэрээний 5.1.11 дэх заалтын дагуу түрээсийн байрны эд хөрөнгийг актаар хүлээлцэх, гэрээний 3.3 дахь заалтын дагуу гэмтсэн, дутсан эд хөрөнгийг түрээслэгчээр засварлуулах, түрээсийн төлбөр 450 672 758 төгрөг болон гэрээний 6.4 дэх заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги 225 336 379 төгрөг нийт 676 009 137 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хера Холдинг” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатай “Түрээсийн гэрээ” байгуулж, 2 тал харилцан тохиролцон “Түрээсийн гэрээний тусгай нөхцөл”-ийг баталсан. Уг гэрээгээр “тусгай нөхцөл” 2.2.1-т эхний жил буюу 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд түрээслүүлэгч тал түрээслэгчид оффиссын түрээсийн төлбөрт 20 хувийн хөнгөлөлт үзүүлж төлбөрт 20 592 000 төгрөг, агуулахын байрны түрээсийг 100 хувь хөнгөлж тооцохоор харилцан тохиролцсон.
Уг барилга оффиссын зориулалтаар заалны зохион байгуулалттай баригдсан байсан учраас эхний жил бид барилгыг хүлээн авснаас хойш сургуулийн зориулалтаар анги танхимыг өөрчилж засварлах болсон. Анх барилгыг түрээсээр ашиглах гэрээ хийсэн боловч манай байгууллага худалдаж авахаар урьдчилсан яриа хийсэн учир биднийг өөрсдийн сургалтын бааздаа тохируулан засварлахыг зөвшөөрсөн учраас анги танхимын зориулалтаар тохижуулж чанартай, үзэмжтэй стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Гэрээ хийхдээ сургуулийн үйлчилгээний зориулалтаар ашиглана гэсэн бөгөөд “Барилга технологийн коллеж” сургууль үйл ажиллагаа явуулдаг. Мэргэжлийн боловсролын байгууллага учраас үндсэн сургалтын 70 хувь нь үйлдвэр, мэргэжлийн сургалт байдаг. Иймд анги танхимууд мэргэжлээсээ шалтгаалж өөр өөр байдаг бөгөөд сургалтын /хичээлийн/, дадлагын гэсэн 2 байртай, анхны өрөөнүүдийг багш нарын, компьютерийн лаборатори, англи хэлний, түүх нийгмийн ухааны, физикийн, химийн танхимийн гэж бүрэн тохижуулсан. Онолын анги танхим, лаборатори, барилгын сантехникийн дадлага, өрлөгийн дадлага, гоо засал, үс засах, урлагийн дадлагын газар, цахилгааны, мужааны, гагнуурын дадлагын газар, спорт заал, оюутан, сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбай, цайны газар гэх мэтээр тохижуулсан.
Цаашид өөрсдөө ашиглах зорилготой учраас агуулахын барилгын дотор талыг 2 давхарлаж маш их хэмжээний хөрөнгийг зарцуулсан. Суралцагчдын сургалт дадлагын ажилд зориулсан материал тоног төхөөрөмж шаардлагатай байдаг тул бүгдийг өөрсдийн хөрөнгө мөнгөөр авч бэлддэг ба энэ нь өдөр тутамд хэрэглэгдэж байдаг. Засвар үйлчилгээнд 200-гаад сая төгрөгийн зардал гарч, худалдаж авна гэсэн тохиролцоотой байснаас их зардал гарган засварласныг “Хера холдинг” ХХК-ний удирдлагууд сайн мэдэж байгаа. Тиймээс гэрээг уян хатан хийж үндсэн нөхцөлөө тогтоогоод харин түрээсийн төлбөрийг “Тусгай нөхцөлийн” 2.2.2-т 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор уулзалт зохион байгуулж шийдвэрлэж байхаар харилцан тохиролцсон.
Гэтэл “Хера холдинг” ХХК нь ямарч уулзалт зохиогоогүй бөгөөд гэрээгээ зөрчин түрээсийн төлбөрийг жил бүрийн 10 дугаар сарын 30-ны өдөр шинэчлэн хийгээгүй, түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх тухай хүсэлтийг хүргүүлсэн ч гэрээ хийгээгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сургуулийн орчин өөрчлөгдсөн /баруун 4 замаас гурвалжингийн гүүр/ учраас оюутнууд сургуулиас гарч Хөдөлмөрийн яамнаас өгсөн элсэлтийн квотоор 945 оюутан элсүүлэх байсан ч 560 оюутан сурагчтай хичээллэж байна. Энэ нь 2 сар хаалга үүдийг лацдаж оруулахгүй байсан, сургуулийн гадна зам хүндрэлтэй гаднах орчин муугаас хүүхдүүд сургуулиа солих явдал их гарсан.
Боловсролын хуулийн 41.1-д Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь үүсгэн байгуулагчийн хөрөнгө, 1 сурагчид ноогдох хувьсах зардлын төсвөөс санхүүжүүлэх хэсэг, сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл, өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ гэж заасан боловч төрөөс олгодог зардал хугацаандаа олгогдоогүйгээс түрээсийн төлбөр хоцроох тохиолдол гарах болсон. Мөн тус сургууль нь 2014 оны 11 дүгээр дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 31-нийг хүртэл түрээсийн төлбөрт нийт 294 217 590 төгрөг төлсөн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй, гэрээний тусгай нөхцөлд гэрээт ажил 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, дуусах огноо 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэж заасан байхад байрыг чөлөөлөх үндэслэл байхгүй. Түрээсийн гэрээний 5.1.11-д заасан эд хөрөнгийг хугацаа дуусгавар болмогц зохих журмын дагуу ердийн элэгдлийг тооцон хүлээлгэн өгнө гэсэн учир буцаан өгөх боломжгүй гэжээ
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
... “Хера холдинг” ХХК нь өөрийн байранд асар их засвар, хөрөнгө оруулалт хийлгэсний эцэст байраа буцааж авахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь анхнаасаа хууран мэхэлж зарна гэсэн ойлголт өгч байраа тохижуулж аваад биднийг өндөр түрээсээр дарамтлан гаргах зорилготой байсан гэж ойлгогдож байна. Иймд бид барилгыг хүлээн авснаас хойш сургуулийн анги танхимын зориулалтаар өөрчилж барих, засвар үйлчилгээ, гадна болон дотор тохижилтыг хийсэн зардлаа нэхэмжилж байна. Манай сургууль бусад сургуулиудаас онцлог ялгаатай, үндсэн сургалтын 70 хувь нь үйлдвэр сургалтын хичээл явагддаг. Үүнд зориулж засвар үйлчилгээнд 200,000,000 төгрөгийн зардал гарсан.
Хөдөлмөрийн яамнаас өгсөн элсэлтийн квотоор 970 оюутан элсүүлэх байсан боловч 683 оюутан сурагчидтай хичээллэж байгаа ба элсэлт авч бүртгэл явуулдаг 2016 оны 06 дугаар сарын 18-наас 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл “Хера холдинг” ХХК нь сургуулийн байрыг лацдаж, хаалга үүдийг хааснаас оюутны элсэлт буурч, шилжилт хөдөлгөөн ихэсч, багш ажилтнуудын ажлын байр баталгаагүй болсон гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдан, сургуулийн үйл ажиллагаа доголдож нэр хүнд унасан.
Үүнээс болж манай сургууль маш их эрсдэлд орсон. 287 хүүхдийн элсэлтийг алдсан, улсаас 1 хүүхдэд 1 жилд 560 300 төгрөгийн хувьсах зардал өгдөг гэхэд 287 * 560 300=160 806 100 төгрөг, 1 оюутны суралцах хугацаа 2.5 жил гэхэд төгрөг 160 806 100 *2.5=402 015 250 төгрөг алдагдаж байна. Элсэлтээс алдсан 287 суралцагчийн сургалтын төлбөрт 2.5 жил дунджаар 670 000 төгрөгийн төлбөр авах байсан. 287*670 000=192 290 000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Иймд “Хера холдинг” ХХК-иас засвар үйлчилгээний зардалд 128 326 700 төгрөг, элсэлтийн квотийн зөрүү 402 015 250 төгрөг, сургалтын төлбөрийн зөрүү 192 290 000 нийт 722 631 950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
“Оюут хясаа групп” ХХК нь түрээсийн гэрээ байгуулах явцад сургуулийн үйл ажиллагаанд тохируулж засвар хийх шаардлагатай тул тодорхой хэмжээний зардал гаргах талаар танилцуулж хөнгөлөлт хүссэн учир эхний жилийн оффиссын төлбөрт 20 хувийн хөнгөлөлт, агуулахын байрны түрээсийг 100 хувь хөнгөлсөн. 2015 оны 11 дүгээр сараас төлбөрийг үндсэн үнээр тооцож төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ нь нийлбэр дүнгээр 180 000 000 орчим төгрөг бөгөөд итгэлцэл үзүүлж барьцаа төлбөр аваагүй.
Элсэлт алдсан, алдагдал хүлээгээд байгаа тооцоолол нь баримтаар нотлогдоогүй тул сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэжээ
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-иас 350 455 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хера Холдинг” ХХК-д олгож, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Ажилчны гудамж-19 байршилтай конторын зориулалттай 2160 м.кв талбайтай зоорьтой 4 давхар барилга, тус гудамжны 19/1-д байршилтай 1206 м.кв талбайтай, агуулах конторын зориулалттай байрыг хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-ийн эзэмшил, ашиглалтаас чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээг цуцлах, түрээсийн байрны эд хөрөнгийг хүлээлцсэн актыг үндэслэн гэмтсэн, дутсан эд хөрөнгийг түрээслэгчээр засварлуулах, 325 554 137 төгрөгт холбогдох хэсгийг, мөн “Хера холдинг” ХХК-иас 722 631 950 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хера холдинг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 537 995 төгрөг, хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 771 109 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 910 225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хера холдинг” ХХК “Оюут хясаа групп” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндэслэлтэй. Харин түрээсийн төлбөрийг талуудын тохиролцоо биш маргаан бүхий дүнгээр бодож тооцсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Түрээсийн гэрээний тусгай нөхцөлийн 2.2.1-д 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд түрээслүүлэгч тал түрээслэгчид оффиссын түрээсийн төлбөрт 20 хувийн хөнгөлөлт үзүүлж 20 592 000 төгрөг, агуулахын байрны түрээсийн төлбөрт 100 хувь хөнгөлөлт үзүүлэхээр харилцан тохиролцсон, 2.2.2-т 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор уулзалт зохион байгуулж шийдвэрлэх гэрээ байгуулсан.
Түрээсийн төлбөрийн гол маргаан 2015 оны гэрээг үргэлжлүүлэн хийх тухай санал болон гэрээг сунгах уулзалт зохиогоогүй, энэ талаар удаа дараа хүссэн боловч хүлээн аваагүй учир түрээсийн гэрээг анхны хөнгөлөлттэй үнээр тооцон төлж байсан. Гэтэл шүүх хүчин төгөлдөр бус гэрээний үнээр тооцож төлбөрийг гаргуулсан нь үндэслэлгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. Гэрээнд тусгаагүй боловч нэхэмжлэгч уг байрыг зарах санаа өгөөгүй бол манайх уг байранд сургуулийн үйл ажиллагаа явуулна, мөн анги танхим, спорт заал барина гэхэд яагаад их хэмжээний төгрөгөөр засвар хийлгэсэн юм. Худалдах талаар яригдсан учир засвар үйлчилгээ тохижилт, барилга дотор байсан тавилга, мэдээлэл технологийн тоног төхөөрөмжийг худалдах гэрээ хийсэн.
Мөн 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 44 хоног лацдаж багш ажилчид, оюутан сурагчдыг оруулаагүйгээс сургуулийн хэвийн үйл ажиллагаа алдагдан, 970 оюутан элсүүлэхээс 683 оюутан элсүүлсэн нь Хөдөлмөрийн яамнаас ирүүлсэн албан бичиг, Барилга технологийн коллежийн сургалтын албаны мэдээллээр нотлогдож байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “Хера холдинг” ХХК нь хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн байрыг чөлөөлүүлэх, түрээсийн байрны эд хөрөнгийг хүлээлцсэн актыг үндэслэн гэмтсэн, дутсан эд хөрөнгийг түрээслэгчээр засварлуулах, түрээсийн төлбөр 450 672 758 төгрөг, алданги 225 336 379 төгрөг, нийт 676 009 137 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч “Хера холдинг” ХХК-иас түрээсийн байрны засвар үйлчилгээний зардалд 128 326 700 төгрөг, элсэлтийн квотын зөрүү 402 015 250 төгрөг, сургалтын төлбөрийн зөрүү 192 290 000 төгрөг, нийт 722 631 950 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 350 455 000 төгрөг гаргуулж “Хера Холдинг” ХХК-д олгож, конторын зориулалттай 2160 м.кв талбайтай, зоорьтой 4 давхар барилга, 1206 м.кв талбайтай, агуулах конторын зориулалттай байрыг “Оюут хясаа групп” ХХК-ийн эзэмшил, ашиглалтаас чөлөөлж, түрээсийн гэрээг цуцлах, түрээсийн байрны эд хөрөнгийг хүлээлцсэн актыг үндэслэн гэмтсэн, дутсан эд хөрөнгийг засварлуулах болон 325 554 137 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагчийн гаргасан 722 631 950 төгрөгийн сөрөг нэхэмжлэл зэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрт хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хэлэлцэх явцад зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь анхан шатны шүүхээс түрээсийн төлбөрт 350 455 000 төгрөг олгохоор шийдвэрлэснийг 252 301 000 төгрөг болгож бууруулж, хариуцагч уг шаардлагыг төлөхөөр зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж бичгээр баталгаажуулсан гэрээг харилцан тохиролцож байгуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ хэрэгжүүлэх боломжтой байдаг.
Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас зохигчдын эвлэрлийг баталж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01341 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Хера холдинг” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу 350 455 000 төгрөг олгохоор шийдвэрлэснийг 252 301 000 төгрөг болгож бууруулсныг, хариуцагч “Оюут хясаа групп” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1 910 225 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.ТУЯА