Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00054

 

 

 

 

 

 

                             П.А, Д.Э нарт холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 171/2018/0149/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

 

   Шүүх хуралдаанд: 

 

  Прокурор                                                      Б.Жавхлантуяа

   Шүүгдэгч                                                       П.А, Д.Э

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Ж.Шинэжаргал

  Хохирогч                                                       С.М

   Нарийн бичгийн дарга                              Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолтой  П.А, Д.Э нарт холбогдох, 1825002110144 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.А, Д.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Х овогт П-ийн А,

Монгол улсын иргэн Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Д-ийн Э.

 Шүүгдэгч П.А, Д.Э нарыг согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 08-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн 15-5 тоотод С.М-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор

 

Шүүгдэгч Х овогт П-ийн А, С овогт Д-ийн Э нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч П.А, Д.Э нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэн,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5.д  зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сард 112,500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д  зааснаар шүүгдэгч нараас тус бүр 832,500 төгрөг гаргаж  хохирогч С.Мт  олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1.д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 1,549,700 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.А, Д.Э нар давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний  өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д заасан .Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д  зааснаар шүүгдэгч нараас тус бүр 832.500 төгрөг гаргаж  хохирогч С.Мт олгох гэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах  гомдол гаргаж байна.

 

             П.А, Д.Э бид  хоёр бүлэглэж хохирогч С.Мийн эрүүд мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан 450 нэгжийн торгуулийн ял нь бидний үйлдэлд тохирсон, харин түс шүүхээс хохиролд шүүгдэгч тус бүрээс 832.500 төгрөг төлнө гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Бид 2 хохирогчийн эмчилгээний бодит зардал болох 370.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч” Royal De Beauty medical” гэх гоо сайхны салоны нэг хуудас бичиг авчран 3.584.700 төгрөг нэхэмжилсэн.

Шүүх үүнийг үндэслэн сорви арилгах эмчилгээний зардлыг төлөх зүйтэй гэж үзсэн бөгөөд  сорви арилгах эмчилгээ 450.000 төгрөг, хавсарсан эмчилгээ 555.000 төгрөг гэж тодорхойлсон байсан.

Гэтэл шүүх хавсарсан эмчилгээг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Мөн дээрх нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа баримт нь нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээ бүхий баримт тул үүнийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн 156 дугаар шийтгэх тогтоолын 5 дугаар заалтыг  өөрчилж, шүүгдэгч нараас тус бүр 832.500 төгрөг гаргуулан хохирогчид олгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоол хуулийн үндлэслэтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч П.А, Д.Э нар нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны шөнө  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 15-5 тоотод оршин суух  Б.Дэнсмаагийн гэрт хохирогч С.Мийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  маргалдан С.Мийг бүлэглэн зодож биед нь тархи доргилт, нүүрэнд нь 21 тооны шалбархай, хүзүүнд нь 1 тооны зулгаралт, мөчдийн зөөлөн эдэд 17 тооны цус хуралт, хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан  байна.

 

           Энэ үйл баримт  нь  хавтаст хэрэгт авагдаж,  шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох шүүгдэгч нарын өөрсдийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  хохирогч С.М,  гэрч Б.Дэнсмаа, А.Энхбаатар, Х.Эрдэнэхүү нарын мэдүүлэг, мөн  хохирогч С.Мийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 245 дугаар  дүгнэлт  зэргээр  нотлогдож тогтоогдсон байна.

 

        Шүүгдэгч П.А, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, анхан шатны шүүх тэдний үйлдсэн гэмт хэргийн  шинж байдал,  гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулжээ.

 

             Мөн хохирогч С.Мийн нүүрэнд олон тооны хумсны сорви үүссэн,  одоо арилаагүй байгаа учраас энэ сорвийг арилгах эмчилгээний зардлаа  нэхэмжилсэн ба  шүүх хавтаст хэргийн 14 дүгээр хуудасанд авагдсан гоо сайханы “ROYAL DE BEAUTY MEDICAL” салоны арьс, гоо заслын эмчийн тодорхойлолтыг үндэслэн нэг удаагийн эмчилгээг 555.000 төгрөгөөр тооцон шүүгдэгч нараас 1.665.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

 

           Учир нь шүүгдэгч П.А, Д.Э нарын гэм буруутай үйлдлийн улмаас  хохирогч С.Мийн нүүрэнд олон тооны хумсны сорви үүссэн бөгөөд сорвийг гоо сайхны эмчлгээ, үйлчилгээ хийлгэж арилгах шаардлагатай ба хохирогчийн нүүрэн дэх сорви арилаагүй тохиолдолд гэм хорын хохирол барагдсан гэж үзэх боломжгүй    байх тул   анхан шатны шүүх  болсон үйл баримт, хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

 

            Хэргийг  мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн,  нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн, хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоосон дүгнэлтийг   эрх бүхий шинжээч гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл  байдлыг шалгаж, үйл баримтыг тогтоосон байна.

 

             Иймд  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.А, Д.Э нарын  гаргасан     ...шүүх сорви арилгах эмчилгээний зардал, хавсарсан эмчилгээний зардлыг биднээс гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул шийтгэх тогтоолын энэ заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...  гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.А, Д.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА 

                                                                                      

               ШҮҮГЧ                                                                Ц.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР