Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0484

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е

Нэхэмжлэгч “Б” ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 380 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е, П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.М

Хэргийн индекс: 128/2022/0762/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/272 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 380 дугаар шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус баримтлан “Бт” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/272 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг ноцтой зөрчсөн тухайд:

3.2. Учир нь нэхэмжлэгч нь газар ашиглах эрх авсан талбайн хэмжээг хэтрүүлэн ашиглаагүй, хашаалаагүй байхад хариуцагч уг байдлыг тодруулалгүйгээр шууд “улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах эрх авсан талбайн хэмжээг хэтрүүлэн ашигласан” гэх хууль бус үндэслэл зааж, компанийн 0.5 га газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан байдаг.

3.3. Энэхүү үндэслэлийнхээ талаар хариуцагч талаас шалтгалтаар тогтоогдсон гэх боловч үүнийгээ үндэслэлийг нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй. Энэ талаар шүүхэд хүсэлт гаргаж, үүний дагуу уг газартай холбоотой баримтыг шүүх шаардахад ямар баримт ирүүлээгүй, актын бодит үндэслэлээ нотлоогүй болно.

3.4. Иймд захиргааны акт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, тодорхой бус, үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж, хэргийн оролцогч нарын маргаагүй, маргаан бүхий захиргааны актад тусгагдаагүй асуудлаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гайхан эргэлзэж байна.

 

4. Шүүх хэргийн оролцогчдын маргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд дүгнэлт өгөхөөс бус маргаан бүхий захиргааны актад тусгагдаагүй хэргийн оролцогч нарын маргаагүй хууль зүйн үндэслэлийг нэмж дэлгэрүүлэх байдлаар захиргааны актыг зөвтгөсөн шийдвэр гаргаж болохгүй тухайд:

4.1. Шүүх захиргааны актад тусгагдаагүй асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

4.2. Тодруулбал, шүүхийн үндэслэл болох Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7, 12.5, 33.1 дэх заалтуудыг хэрэглэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 дахь заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, шүүх маргаан бүхий захиргааны актад тусгагдаагүй үндэслэл болох “нэхэмжлэгч нь өөрийн ашиглах эрх бүхий газартаа буюу дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд цутгамал төмөр бетон хийцтэй байнгын барилга байгууламж барих зорилгоор газар ашиглаж байна” гэсэн үндэслэлийг зааж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гайхан эргэлзэж байна.

4.3. Учир нь маргаан бүхий акт болох А/272 дугаар тушаалаар “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах эрх авсан талбайн хэмжээг хэтрүүлэн ашигласан, газар ашиглах гурвалсан гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн 0.5 га газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанчлан “нэхэмжлэгч нь өөрийн ашиглах эрх бүхий газартаа буюу дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд цутгамал төмөр бетон хийцтэй байнгын барилга байгууламж барих зорилгоор газар ашиглаж байна” гэсэн үндэслэлийг огт дурдаагүй, энэ тухай хариуцагч шүүхэд бичгээр болон амаар тайлбар гаргаж татгалзаагүй юм.

4.4. Гэтэл шүүх хөндлөнгийн, хараат бусаар, бие даасан байр сууринаас талуудын маргааныг таслах атал нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж, маргаан бүхий актад тусгагдаагүй хууль зүйн үндэслэлийг нэмж дэлгэрүүлэх байдлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасныг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

5. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тухайд:

5.1. Шүүх нэхэмжлэгчийг өөрийн ашиглах эрх бүхий газартаа буюу дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд цутгамал төмөр бетон хийцтэй байнгын барилга байгууламж барих зорилгоор газар ашиглаж байна гэж буруутгасан. Ийнхүү нэхэмжлэгчийг буруутгах болсон үндэслэлээ “... 2022.03.28-ны өдрийн МЗХ2022/06-002 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022.06.03-ны өдрийн 0011030 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ болон тушаалд дурдагдсан газарт хийсэн шүүхийн үзлэгээр тогтоогдож байна” гэж тодорхойлсон нь хууль бус байна.

5.2. Учир нь Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас “нийслэлийн нутаг дэвсгэрт барилга, барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.13 дахь хэсэгт заасан “Газрын эрх цуцлагдсан, хугацаа сунгагдаагүй тохиодолд барилгын эх загвар зураг хүчингүй болно” гэж заасныг үндэслэн хүчингүй болгож байгааг Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Б-ын 2022.11.09-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 10/4162 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн болохыг харуулдаг нь нотлогддог.

5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг дээр дурдсанчлан цутгамал төмөр бетон хийцтэй байнгын барилга байгууламж барих зорилгоор газар ашиглаж байна гэж шууд буруутгахдаа маргаан бүхий тушаалд дурдагдсан газарт хийсэн шүүхийн үзлэгийг үндэслэл болгожээ.

5.4. Энэ нь үндэслэлгүй, учир нь тушаалд дурдсан газарт хийсэн шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч тухайн газрыг бодитой ашиглаагүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон юм. Өөрөөр хэлбэл, цутгамал төмөр бетон хийцтэй байнгын барилга байгууламж огт бариагүй болох нь шүүхийн журмаар хийсэн үзлэг, түүнд хавсаргасан фото зураг баримтаар нотлогдсон. Нэхэмжлэгч ямар нэгэн барилга байгууламж бариагүй байхад шүүх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас бидний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

6.1. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.3 дахь заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэснийг огт ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох буюу энэ тохиолдолд дархан цаазат газарт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэрээ хүчингүй болгох эрх хэмжээтэй гэж захиргааны байгууллага, албан тушаалтын өмнөөөс шүүхийн шийдвэр гаргасан. Энэ нь тус хэрэгт огт хамааралгүй, актад тусгагдаагүй үйл баримт байна. Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж огт буруутгаагүй, энэ талаар маргаан бүхий захиргааны актад ямар нэгэн үг, үсэг, үндэслэл байхгүй байхад шүүх ямар нотлох баримтад тулгуурлаж дээр дурдсан хууль бус дүгнэлтийг хийх болсон учрыг өнөөдрийг хүртэл ойлгохгүй байна.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сэргэхгүй, түүнд олгогдсон газар анхнаасаа хууль бус гэж буруу дүгнэсэн тухайд:

7.1. Захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд дүгнэлт өгөхөөс бус тусгагдаагүй хууль зүйн үндэслэлийг нэмж дэлгэрүүлэх байдлаар захиргааны актыг зөвтгөх боломжгүй.

7.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.1-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэл юм гэж тайлбарлажээ.

7.3. Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэгт зааснаар яам нь тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран хянан батлах, тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох эрхтэй бөгөөд энэ хүрээнд “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ыг баталсан. Энэ журам нь дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсэд болон байгалийн нөөц газар, дурсгалт газарт тодорхой зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгох харилцааг зохицуулахаар байна. Энэ утгаараа дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглуулах, хуулийн болон журмын зохицуулалтаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосоор иржээ.

7.4. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч тусгай хамгаалалттай газар нутагт “газар ашиглах эрх” олгох эсэхийг тусгайлан журмаар олгож болохоор захиргааны байгууллагад эрх шилжүүлсэн байна. Энэ талаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөж байхад энэ асуудлаар буруу дүгнэлт хийжээ. Дээрх журмын дагуу нэхэмжлэгч “Б” ХХК-ийн тусгай хамгаалалттай газар нутагт зориулалтын дагуу үүссэн газар ашиглах эрх хууль, ёсны эрх ашиг сонирхол шууд хөндөгдөж байна. Гэтэл анхан шатны шүүх энэ асуудлаар буруу дүгнэлт хийсэн байна. Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд буюу Бага тэнгэрийн ам, Зайсангийн ам, Богинын ам, Хүүшийн ам, Арцатын ам, Нүхтийн ам, Ташгайн ам, Жаргалантын ам, Түргэний ам, зэрэг газруудад нэхэмжлэгчтэй адилхан нөхцөлөөр буюу аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг энэ хугацаанд буюу 1996 оноос хойш олгосон, цаашлаад Богдхан уулын дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүс нэрийн дор хязгаарлалтын бүсэд суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг холбогдох газар боловсруулж баталсан, улмаар ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц,олон нийтийн барилга байгууламж баригдахаар төлөвлөгдөж, барилгажиж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон,суурьшлын бүс болсон зэрэг нь нийтэд илэрхий үйл баримт юм. Гэтэл анхан шатны шүүх энэ байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Иймд хуулийн хүчин төгөлдөр актын дагуу газар ашиглаж байгаа нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг сэргэхгүй гэдэг анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй юм. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 48.2-т захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн өөрийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхой зохицуулсан.

7.5. Тодруулбал, захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй ч иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн шийдвэрийн хувьд хүчингүй болгоход тодорхой хязгаарлалт тавьсан, “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, “Бусад этгээдийн эрх , хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй”, “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх,айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” бол хүчингүй болгож болохоор заасан байдаг. Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзвэл, зөвхөн хуульд заасан үндэслэлээр өөрийн гаргасан захиргааны актаа хүчингүй болгох эрх хэмжээ захиргааны байгууллага, албан тушаалтанд олгогджээ.

7.6. Гэтэл анхан шатны шүүх захиргааны байгууллагын хуулиар олгосон эрх хэмжээнд бүдүүлгээр хандаж, түүний нэрийн өмнөөс чиг үүргийг хэрэгжүүлэх агуулга бүхий хууль бус шийдвэр гаргасныг анхааран үзэхийг хүсэж байна. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн төрийн үйл ажиллагаанд итгэх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим мөн хангагдах учиртай билээ.

 

8. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй, энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тухай:

8.1. Маргаан бүхий захиргааны актын 1 дэх хэсэгт “....Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаар саналын дагуу 0,5га газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсугай” гэж дурджээ. Энэ тухай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналд: “нэр бүхий хуулийн холбогдох заалтыг дурдаж, түүнийг зөрчсөн байх тул солбицлын цэг зааж “0,5га газрыг ... хэсэгчлэн хүчингүй болгох саналыг уламжилж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагын саналд дурдсанаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийг саналд дурдсан солбицлын цэг бүхий 0,5га газрыг хэтрүүлсэн гэж үзсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 2023/06 шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд тус дүгнэлтийн “дүгнэлт” хэсгийн 1 дэх хэсгийн эхний догол мөрт “... Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн албан бичигт дурдсан солбицлын утгыг боловсруулан үзэхэд 4924 м.кв талбайтай байна” гэжээ. Харин шинжээчийн дүгнэлтийн “дүгнэлт” хэсгийн дурав дахь догол мөрт “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаартай албан бичгийн солбицлын утгыг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулан үзэхэд 99 м.кв талбайтай газрыг илүү хашаалсан байна” гэсэн бөгөөд ингэхдээ мөн дүгнэлтийн “дүгнэлт” хэсгийн 2 дахь хэсэгт “.... Б ХХК-ийн түр хашаа нь ....99м.кв.... талбайтайгаар илүү байна” гэсэн байна. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч байгууллага нь саналд дурдсан шиг 0,5 га газар хэтрүүлж ашиглаагүй, харин 99 м.кв түр хашаа байгуулсан болохыг харж болно. Энэ нь дараах байдлаар хууль зөрчөөгүй болно. Үүнд:

8.1.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 24/17 дугаар тогтоолын хавсралтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг баталсан бөгөөд тус журмын 1 дүгээр зүйлийн 1.2 “Журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өмчийн хэлбэрээс үл хамааран дагаж мөрдөнө” гэж, мөн журмын 1.4.3 дахь хэсэгт “түр хашаа нь тодорхой хугацаанд ашиглагдах байгууламж ” гэж тодорхойлсон байна. Мөн журмын 2 дугаар зүйлийн 2.3 дугаар зүйлд түр хашааг барих зориулалтыг зааж өгсөн бөгөөд мөн зүйлийн 2.3.1.1 дэх хэсэгт “барилга болон инженерийн дэд бүтцийн барилга, байгууламж барих үед хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг хангах” зориулалтаар “түр хашаа нь барилгын ажлын зөвшөөрлийн хугацаагаар байх” шаардлагыг хуульчилсан байна. Тодруулбал, аливаа аж ахуйн нэгж барилгын ажлын зөвшөөрөлтэй бол тус хугацаагаар барилга болон барилга, байгууламж барих үеийн хөдөлмөрийн хамгааллын аюулгүй байдлыг хангаж түр хашаа барихыг зөвшөөрсөн байна. Нэхэмжлэгч “Б”ХХК нь дээрх журамд зааснаар өөрт нь олгогдсон барилгын ажлын зөвшөөрлийн дагуу гуравдагч этгээдээр гэрээнд заасан солбицлын дагуу түр хашаа бариулах ажлыг хийж гүйцэтгүүлсэн юм. Энэ нь газар ашиглаж байгаа хэлбэр биш харин барилгын аюулгүй байдлыг хангаж байгаа байдал учир “газраа хэтрүүлэн ашигласан” гэж үзэж болохгүй юм. Учир нь түр хашаа нь зөвхөн тухайн барилга баригдаж дуусах хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Энэ тухай Газрын тухай хуулийн 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгохоор заасан байна.

8.1.2. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан солбицлын дагуу олгогдсон газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж авах буюу газрыг өөрийн мэдэлд бүрэн байлгаж ашигласныг ойлгохоор байна. Харин нэхэмжлэгч байгууллага саналд дурдсанчлан 0,5 га газар хэтрүүлэн ашиглаагүй буюу зөвхөн өөрт олгогдсон газрыг ашигт чанарыг ашиглан барилга байгууламж барихдаа аюулгүй байдлыг хангах үүднээс түр хашаа буюу тодорхой хугацаанд барьсан байна. Тус түр хашааны 99 м.кв хэсэг нь гэрээнд заасан солбицлоос хэтэрсэн байгаа нь нэхэмжлэгч байгууллага 0,5 га газраар хэтрүүлэн газар ашигласан гэж буруутгах үндэслэл болохгүй юм. Тус түр хашааг барьж гүйцэтгэсэн этгээд ялимгүй зөрчил гаргаж, 99м.кв түр хашааг солбицлоос өөр цэгт хэтрүүлэн барьсан байна. Өөрөөр хэлбэл “Б” ХХК-ийн шууд буруутай үйл ажиллагаа биш бөгөөд түүний өмнөөс түр хашааг байрлуулах ажил гүйцэтгэсэн этгээдийг шууд буруутай үйл ажиллагаанаас түр хашаа ялимгүй хэмжээгээр хэтрүүлсэн байна. Бид энэ асуудлаар ажил гүйцэтгэгчид шаардлага тавьсан бөгөөд солбицлын дагуу түр хашааг шинээр барьж, засварлаж өгсөн тухай баримт хавтаст хэрэгт авагдсан болно.

8.2. Үүнээс үзвэл, саналд тусгагдсан “хэтрүүлэн ашигласан” гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд зөвхөн хэтрүүлэн баригдсан түр хашааг буцааж солбицлын дагуу барих бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага энэ зөрчлийг тухайн үед нэн даруй бидэнд мэдэгдсэн бол бид түр хашаагаа буулгах арга хэмжээ авах боломжтой байсан.

8.3. Захиргааны байгууллага энэ боломжоор хангалгүйгээр нэхэмжлэгч “Б” ХХК-ийг газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсанд гомдолтой байна. Мөн түүнчлэн анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан Газар ашиглах гурвалсан гэрээнд заасан “газрын төлөв байдлыг чанарын улсын хянан баталгаанд хамруулахаар, газар дээр хэрэгжүүлэх төслийн зориулалтын дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг эрх бүхий этгээдээр батлуулсан, энэ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хэрэгжүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглах үүрэг газар ашиглагч хүлээж, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгоно” гэснийг анхааран үзээгүй, энэ тухай шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна.

8.4. Ийнхүү хууль болон гэрээнд тодорхой заасан энэ байдал зөрчигдсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдож, нотлогдохгүй байхад анхан шатны шүүх энэ байдлыг анхааран үзээгүй, ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг шууд хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгч компанийн ашиглах эрхтэй байсан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байрлах газрын хил залгаа болон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд өөр бусад этгээдэд олгогдсон газар ашиглах эрх хэвээр, тэдгээр нь үйл ажиллагаа явуулж байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн газар ашиглах эрх олгосон анхны актыг хууль бус хэмээн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй, хэтэрхий нэг талыг барьсан, нэхэмжлэгч компанид хохиролтой шийдвэр болсон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, мөн зүйлийн 9-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам... тогтоох” гэж заасны дагуу хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрх хуульчлагдсан ба энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд бидэнд газар олгосон юм. Гэтэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “бодит нөхцөлд тохирсон”, “шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д заасан “урьчилан мэдэгдэх, оролцогч нь хангах” талаарх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчиж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38.1-т “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ”, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг ашиглах” талаарх нэхэмжлэгчийн хууль ёсны эрх,ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнийг анхан шатны шүүх анхааран үзээгүй. Иймд дээр дурдсан үндэслэлийг бүхэлд нь хянан үзэж нэхэмжлэгч “Б”ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

3. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/272 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

 

4. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/272 дугаар тушаалаар “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах эрх авсан талбайн хэмжээг хэтрүүлэн ашигласан, газар ашиглах гурвалсан гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн” гэж ... сайдын 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/160 дугаар тушаалаар “Б” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Хүүшийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгосон 3.27 га газраас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаар саналын дагуу 0.5 га газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан байна.

 

5. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий актыг эс зөвшөөрч “... манай компани газар ашиглах эрх авсан талбайн хэмжээг хэтрүүлэн ашиглаагүй, хашаалаагүй байхад хариуцагч энэ байдлыг тодруулалгүй шууд “улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах эрх авсан талбайн хэмжээг хэтрүүлэн ашигласан, газар ашиглах гурвалсан гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн зүйлгүй, ... хариуцагчаас ямар баримтад үндэслэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь тодорхой бус, акт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй” гэж, хариуцагч талаас “... нэхэмжлэгчээс газар ашиглах эрх бүхий 3.27 га талбайг цуцалж хүчингүй болгосон 0.5 га газрын хашааг хэтрүүлж барьсан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд хашаа нь хамгаалалтын бүсэд орсон, ... хуульд зааснаар Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх олгодоггүй бөгөөд тус бүсэд үйл ажиллагаа явуулахыг хориглодог, ... нэхэмжлэгч нь ашиглах эрхтэй талбайн хэмжээг хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байха тул газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай шийдвэрийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 165 тоот саналыг үндэслэсэн” гэж тус тус маргасан байна.

 

6. Хэргийн үйл баримтаас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай” А/438 дугаар тушаалаар “Б” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Хүүшийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгосон 3.27 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан. Уг тушаалыг үндэслэн хуульд заасан этгээдүүд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” №2019/12 дугаар гурван талт гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч гэрээний дагуу газрын төлбөрийг жил бүр төлж байсан, тухайн газрыг “зориулалтын бус”-аар ашигласан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

7. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аль нэг нөхцөл бүрдсэн тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг хариуцагчид хуулиар олгосон, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн” буюу Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалтыг үндэслэсэн, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс “... нэгэнт сэргэх, хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэгчид байхгүй, нэхэмжлэгч нь ашиглах эрхтэй газрын хэмжээг хэтрүүлэн ашигласантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэх бөгөөд ... гэрээний зургаадугаар зүйлийн 1-д “Газрыг гэрээний нөхцөлийн дагуу ашиглаагүй болон зориулалтыг өөрчилсөн, газрын хэмжээг хэтрүүлсэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Дархан цаазат газрын нийтлэг журмын 2 буюу түүнээс дээш зөрчсөн, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй бол газар ашиглах эрхийг хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгож, эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан гэрээний заалтыг зохих ёсоор хэрэгжүүлсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгахгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

 

8. Аливаа захиргааны байгууллага бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх бүхий 3.27 га талбайн газраас 0.5 га газрыг хэсэгчлэн цуцлахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтийг үндэслэж тайлбарлах боловч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2023/06 дугаар дүгнэлтээр “...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаартай албан бичгийн солбицлын утгыг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулан үзэхэд 99 м.кв талбайтай газрыг илүү хашаалсан байна” гэх боловч энэ нь маргаан бүхий актаар цуцалсан 0.5 га газарт дүйцээгүй, тус дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан тул хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

 

9. Тодруулбал, тус шинжээчийн дүгнэлтийг 2 дахь хэсэгт “... “Б” ХХК-ийн түр хашаа нь хоёр хэсэг газарт 99 м.кв, 154 м.кв талбайтайгаар тус тус илүү байна” гэх дүгнэлтээр нэхэмжлэгчийг 0.5 га газар хэтрүүлж ашигласан гэж буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, захиргаанаас илүү хашаалсан буюу түр хашааг буулгахыг үүрэг болгох бүрэн боломжтой тул тухайн давхцалтай гэх газар нь 0.5 га газартай дүйцээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... “Б” ХХК-ийн шууд буруутай үйл ажиллагаа биш бөгөөд түүний өмнөөс түр хашаа барьсан ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас болж ялимгүй хэмжээгээр хэтрүүлсэн, ... тухайн 99 мкв талбайн түр хашааны зөрчлийг захиргааны байгууллагаас мэдэгдсэн бол түр хашааны холбогдох хэсгийг буулгаж, арга хэмжээ авах боломжтой байсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

 

10. Нэхэмжлэгчийн энэхүү түр хашаа байрлуулсан үйлдлийг хариуцагчаас үгүйсгээгүй, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2019/12 дугаар гэрээний дөрөвдүгээр зүйлийн 2-д “Аж ахуйн нэгжийн ашиглах газрын хэмжээ, байршлыг тогтоон, ашиглах газрын хилийн заагийг гэрчилгээний солбицолын дагуу тогтоосон эсэхэд хяналт тавих” гэж тус тус заасан үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй.

 

11. Мөн хариуцагчаас шийдвэр гаргахдаа “газар ашиглагч нь гэрээний нөхцөл болзлыг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийн холбогдох хэсгийг цуцалсан захиргааны акт гаргасан, уг актыг хүчингүй болгуулахаар буюу нэхэмжлэгчийн эзэмшлийн 0.5 га газарт холбоотойгоор гаргасан нэхэмжлэлийн хүрээнд талууд маргасан байхад анхан шатны шүүхээс “... маргаан бүхий актад дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд цутгамал төмөр бетон хийцтэй байнгын барилга байгууламж барих зорилгоор газар ашигласан, эсхүл анх газар олгохдоо захиргааны байгууллагаас хууль зөрчиж газар олгосон, үүнийг өөрийн эрх хэмжээнд залруулсан” гэх зэрэг өөр бусад үндэслэл, үйл баримт тогтоож шийдвэр гаргасан нь хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзнэ.

 

12. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн оролцогчдын маргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд дүгнэлт өгөхөөс бус тусгагдаагүй хууль зүйн үндэслэлийг нэмж дэлгэрүүлэх байдлаар захиргааны актыг зөвтгөх боломжгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

13. Түүнчлэн маргаан бүхий газарт түр хашаа барьсан нь нэхэмжлэгчийн үйлдлийг “өөрийн ашиглалтын газрын хэмжээг хэтрүүлэн ашигласан хууль бус үйлдэл буюу зөрчил” гэж шууд үзэхгүй. Учир нь нэхэмжлэгч газар ашиглахтай холбоотойгоор бусад этгээдээр түр хашаа бариулсан нь гэрээнд заасан ноцтой зөрчил биш бөгөөд “түр хашаа”-г барих болон буулгах, хөдлөхөд хялбар байдал нь нийтэд илэрхий. Хэрэв хариуцагч өөрийн доод шатны байгууллагын байгуулсан гэрээг хууль бус гэж үзэж байгаа бол хүчингүй болгох, улмаар холбогдох этгээдэд газар чөлөөлөхийг үүрэг болгох бүрэн боломжтой. Гэтэл зөвхөн нэхэмжлэгчийг “түр хашаа барьсан” нь тухайн газрын 0.5 га газрын хэмжээтэй адилтгаж газрын ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

 

14. Тиймээс нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д зааснаар “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж үзэхгүй, эдгээр хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдал бий болоогүй байхад нэхэмжлэгчийг буруутган газар ашиглах эрхийн холбогдох хэсгийг дуусгавар болгосон маргаан бүхий акт хууль бус байна.

 

15. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 380 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/272 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

            ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

           

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН