Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Тогтох,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунцэцэг

шүүгдэгч К.Бутай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас К.Бутай Эрүүгийн хуулийн тусгай ангийн  138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 0108 0347 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1956 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн техникч мэргэжилтэй, “Кенже” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 12 дугаар гудамж, 07 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн УЕ56042615 дугаартай, Жадык баян овог Култбайн Бутай нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кенже” ХХК-ний тоосгоны үйлдвэрийн захирал ажилтай, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ зөрчин “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсгийг тус тус зөрчиж ажилласны улмаас тус тоосгоны үйлдвэрийн цахилгаан тэрэгний жолоочоор ажиллаж байсан Т.Бичслембек нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн орчим ажил үүргээ гүйцэтгэж байгаад тоосгоны үйлдвэрийн хашаан дотор “пад пад” гэж нэрлэх Бүгд Найрамдах Хятад  Ард Улсад үйлдвэрлэсэн ачааг тээвэрлэх зориулалтын жижиг оврын механикжсан тээврийн хэрэгслийг засварлаж байхдаа Д.Батчулууныг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч К.Бутай нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Кенже” ХХК-ний 3.1.1 керамик маркийн тоосго үйлдвэрлэх үйл ажиллагаа 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр явуулж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх; гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тус тоосгоны үйлдвэрийн цахилгаан тэрэгний жолоочоор ажиллаж байсан Т.Бичслембек нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 18 цагийн орчим ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Shi fan 110” маркийн 3 дугуйт тээврийн хэрэгслийг засварлаж байхдаа иргэн 67 настай, эмэгтэй, Б.Батчулууныг мөргөж амь насыг хохироож, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.Бутайгийн өгсөн: “2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр би ажил дэрээ байсан. Талийгаач хүүтэйгээ тэнд амьдарч байсан. Тэд нарын хариуцсан тоосго хураасан байдаг юм. Тоосгыг бороо орохоор хучдаг юм. Тэр өдөр тоосго хучсан хучлага нь дэрвээд байхаар нь даруулга хийх гэж байгаад уг хэрэг болсон. Болсон явдал хэргийн материалд дэлгэрэнгүй байгаа. Хамгийн гол нь болсон явдалд асар их харамсаж байна. Би улсад 40 жил ажилласан. Насныхаа сүүлд ийм хэрэг болчихоод явж байна. Хэрвээ шүүх намайг гэм буруутай гэж үзвэл хөнгөн ял оноож өгнө үү. ... Би тэр өдөр ирсэн. Хамгийн гол нь хөнгөн ажилтай хүмүүс байсан. Тоног төхөөрөмж ажиллаж байхад нь би зааварчилгаа өгөөд гарын үсэг зуруулаад явж байсан. Тоосго ачаад явж байхад ийм аваар гарна гэж бодоогүй. Миний цэвэр миний буруу гэдгээ би хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунцэцэгийн өгсөн: “2015 оны 7 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед манайх хүүхэд аавтай хамт орж ирээд “эмээ тракторт дайруулчихлаа” гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр яваад очиход ээж ухаангүй байсан. Ороод 10 минутын болоогүй байхад эмч нар “зүрх нь зогсох гээд тасалдаад байна” гэж хэлсэн. Энэ компанид ээж, дүү хоёр маань 2 гаруй жил ажилласан. Хэрэг гарахын өмнө нь би “та өндөр настай хүн битгий ажил хий” гэж хэлж байсан. Дараа нь ээж  над руу “Бутай гуайнд ажилд орсон, дүүтэй нь хамт баярын өдрөөр энд байна” гэж утсаар ярьсан. Ер нь ээж маань зүгээр суудаггүй хүн, байнга л ажил төрөл хийж байдаг. 2015 оны 7 дугаар сарын 09-ны өдөр ээж манайд ирээд манай хүүхдэд  10,000 төгрөг өгсөн байсан. Тэр өдөр би ажилтай байсан. Тэгээд 7 дугаар сарын 11-ний өдөр утсаар ерөөсөө яриагүй, 7 дугаар сарын 12-ны өдөр утсаар яриад энэ хэргийн талаар хэлсэн. Намайг очихоос өмнө манай охин эмнэлэг дээр очсон байсан. Би утасгүй байсан. Хойд “Оргил” худалдааны төв дээр манай охин явж байгаад хэргийн тухай сонсоод түрүүлээд яваад очсон байсан. Тухайн үед Бичслембекийн эхнэр байсан байгаа юм. Эхнэр нь “Анхбаяр дайрсан, танай ах чинь ээжийгээ дайрчихлаа” гэж хэлсэн гэсэн. Сүүлд нь ээжээс “таныг агаа дайрсан юм уу” гэж асуухад ээж “үгүй, Ээгий дайрсан” гэж хэлсэн.  Би Бутайгаас 2016 оны 6 дугаар сарын эхээр 3,800,000 төгрөгийг авсан. Оршуулгын үеэр 1,000,000 төгрөг авчирч өгсөн. ...Гомдол санал байхгүй. Хамгийн гол нь би ээжийн өмнөөс мөнгө аваад байна гэсэн сэтгэгдэл хүмүүст төрөөд байгаа юм. Ээж, аавтай хамтран банкнаас зээл авсан байсан. 3,565,000 төгрөг үлдсэн байснаас би 2015 оны 12 сар хүртэл 800,000 төгрөгийг нь төлсөн. 12 сараас ажил бага болдог учир зээлийн эргэн төлөлт банкнаас нэхэгдээд байсан. Бутайн өгсөн мөнгө бол банкинд төлж байгаа мөнгө юм. Та үүнийг сайн ойлгох хэрэгтэй шүү.” гэх мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Анхбаярын өгсөн: “Би 2015 оны 6 сарын эхээр “Кенже” ХХК-ний тоосгоны үйлдвэрт үйлдвэрийн хог хаягдлыг цахилгаанаар явдаг 3 дугуйт өөрөө явагч тээврийн хэрэгслээр зөөдөг ажилд орсон бөгөөд 2015 оны 7 сарын 03-ны өдөр манай төрсөн ээж Батчулуун миний ажиллаж байгаа тоосгоны үйлдвэрт сүрэл хучигчаар ажилд орсон бөгөөд бид хоёр түүнээс хойш тоосгоныхоо үйлдвэр дээр тэр байгууллагын воганчикт байрлаж ажиллах болсон юм. 2015 оны 7 сарын 12-ны өдрийн 20 цагийн үед гадаа салхи салхилаад бороо орох гээд байхаар нь манай ээж бид 2 тоосгоо хучих гээд гараад тоосгон дээрээ очиход Кумсбек эгч байсан бөгөөд удалгүй түүний нөхөр болох Бичслембек гарч ирээд эхнэрийгээ гэр рүүгээ буцаасан юм. ...Бичслембекэд араа гацчихлаа гэж хэлсэн чинь Бичслембек над дээр намайг буулгаад тэр 3 дугуйт дээр суугаад арааг нь оролдож байтал тэр 3 дугуйт гэнэт ухраад ард нь зогсож байсан манай ээжийг дайрчихсан юм. Тэгэхээр нь би Бичслембекэд та ээжийг дайрчихлаа гэж хэлсэн чинь Бичслембек бууж ирээд манай эхнэрт ээжийг 3 дугуйтын доороос татаж гаргаж ирээд надад хандаж гэрт очоод манай эхнэрт түргэн тусламж дууд гэж хэлүүлэхээр гэр рүүгээ явуулсан бөгөөд би гэрт очоод Бичслембекийн эхнэрт “түргэн тусламж дууд” гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 32-33 дугаар тал/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Кумсбекийн өгсөн: “2015 оны 7 сарын 12-ны өдөр 20 цагийн орчим гэртээ байж байхад гадаа пад пад трактор дуугарахаар нь гараад хартал талийгаач, хүү Анхбаярын хамт гадаа бороо орох гэж байна тоосго хучихгүй бол болохгүй тоосгоны дээгүүр хар гялгар уутыг тоосгоор даруулаад явж байхаар нь хамтдаа нөхөр Бичслембекийн хамт хучлагыг тоосгоор даруулаад явж байтал манай охин Айсауль хоол дэврээд байна гэхээр нь гэр луү ороод хоолоо аягалж байхад Анхбаяр гаднаас гүйж орж ирээд “аниа би ээжийгээ дайрчихлаа” гэж хэлсэн тэгээд хамтдаа гарахад тоосгоны 2 сүрлийн дунд гол хэсэгт нь Анхбаярын унаж байсан пад пад зогсож байсан яваад очиход хажууд нь талийгаачийн хамарнаас цус гараад нүүр нь хөхөрчихсөн байхаар нь нөхрийнхөө хамт талийгаачийг өргөж гэртээ оруулаад эмнэлэг дуудсан. Удалгуй эмнэлэг ирээд бие нь муу байна гээд аваад явсан. ...Талийгаач тоосго хучих ажил хийдэг харин Анхбаяр тоосгоны хог түүдэг пад пад барьдаггүй.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 30-31, 118-119 дүгээр хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 08шэ/56 дугаар:

“1. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээжний баруун, зүүн талын олон хавирганы ганцаарчилсан, хоёрлосон, гурвалсан далд хугаралууд, өвчүүний ясны далд хугарал, зүүн уушигны няцрал, цус хуралт, авчилт, баруун уушигны цус хуралт, цээжний зүүн хөндийн цусан хураа /700 мл/, толгойн хуйх, нүүр, их бие, дээд, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-т зааснаар учрах үедээ амь биед аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

3. Талийгаач нь дээрх цээжний битүү гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокод орж нас баржээ.

4. Талийгаачийн биед баруун, зүүн уушигны гялтангийн наалдацад үрэвсэл, элэг, бөөрний үрэвсэл зэрэг архаг хууч өвчин эмгэг тогтоогдсон бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй болно.

5. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна.

6. Талийгаачийн цус нь В (III) бүлэг байна.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 40 дүгээр тал/

Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн

“1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг “ажлын байр” гэж тодорхойлсон байдаг.

Осолдогч Д.Батчулуун нь “Кенже” ХХК-ний хооронд “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 3.1.1 дэх заалт /“ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг”/, 3.1.2 дахь заалт /“ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг”/-уудад заасан ажил олгогч, ажилтны харилцаа үүсээгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт “хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн.”-д хамаарах буюу “Кенже” ХХК-ны захирал К.Бутайтай амаар тохиролцон ажил үүргээ гүйцэтгэж байсан тул ажил олгогч нь “Кенже” ХХК мөн болно.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./-ын дагуу “Кенже” ХХК-ний удирдлагын зүгээс хяналт тавьж ажилласан талаарх холбогдох баримт бичиг хэргийн материалд байхгүй байна.

2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн ажил олгогчийн үүрэгт буюу 28 дугаар зүйлийн 28.1.6-д /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/ гэж заасан тул тухайн ажлыг гүйцэтгүүлж байсан “Кенже” ХХК-ны ажлын байрны онцлог болон тухай ажлын байранд гаднаас тээврийн хэрэгсэл, ажиллах хүч орж ирэхэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллах талаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг боловсруулж, захирлын тушаалаар баталж мөрдүүлэх үүргэтэй болно.

Эд мөрийн баримтаар хураагдсан хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр “аюулгүй ажиллагааны зааварчилга” өгсөн гэх боловч 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс хойш аюулгүй ажиллагааны зааварчилга өргөөгүй байна.

Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх;” гэсэн заалт зөрчигдсөн.

  • Ажилтан Т.Бичслембек, осолдогч Д.Батчулуун нар нь мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалт “ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх;”, 18.2.7 дахь заалт “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх;”-уудыг тус тус зөрчсөн байна.
  • 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт “ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь ажил олгогчийн шууд удирдлагын доор ажиллаж түүний өмнө ажлаа бүрэн хариуцна.”-ын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан авч ажиллуулсан нь тодорхойгүй байна.
  • Ажилтан Т.Бичслембек нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна”, 18.2.6 “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

3. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.7 дахь заалт “Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх машин механизм, тоног төхөөрөмжийг түрээслэх, бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ”.

- “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.2-т /Хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, хоршоо, нөхөрлөлийн гишүүн хөдөлмөр эрхлэх явцад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд тухай аймаг, нийслэл, сум, дүүргийн  Засаг даргын захирамжаар байгуулсан / Засаг даргын Тамгын газраас нэг, ажил олгогч болон ажилтны төлөөллөөс тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй/ комисс тухайн гарсан осол, хордлогыг судлан бүртгэж, акт тогтооно.

- “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалт “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина.”-ын хэрэгжилт тухайн байгууллага дээр хангалтгүй байна.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 46-48 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжилгээ хийсэн 4560 дугаар:

“1. Шинжилгээнд ирүүлсэн 3 дугуйтай өөрөө явагч механикжсан тээврийн хэрэгсэл байна. Тухайн тээврийн хэрэгслийг ямар ангиллын тээврийн хэрэгсэл гэдгийг авто тээврийн үндэсний төвд хандана уу. Хөдөлгүүрийн чадал нь 14,7 Kw хөдөлгүүрийн чадлыг морины хүч лүү шилжүүлбэл 20 морины хүчтэй хөдөлгүүртэй байна.

  1. Уг тээврийн хэрэгслийн стандарт шаардлага хангаж байгаа эсэхийг авто тээврийн газар хандаж гаргуулах боломжтой гэж үзэж байна.
  2. Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл байхгүй, тоормосны ажиллагаа хэвийн бус байгаа зэрэг нь техникийн болон ажиллагааны хувьд бүрнэ бус гэж үзэх үндэслэл болж байна.
  3. Уг тээврийн хэрэгсэл нь техникийн болон ажиллагааны хувьд бүрэн бус байгаа нь осол гарахад нөлөөлөх үндэслэлтэй байна.

Жич:4560 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт ШБМХ-д хүлээлгэн өгөв. Авто машиныг эзэнд нь хүлээлгэн өгсөн.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 52-53 дугаар тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,

/1хх-ийн 8-12 дугаар тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/1хх-ийн 84 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 85 дугаар тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт,

/хх-ийн 86 дугаар тал/

Тусгай зөвшөөрлийн хуулбар /1хх-ийн 87 дугаар тал/, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ж.Бутайг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт "Би Бутайгаас 2016 оны 6 дугаар сарын эхээр 3,800,000 төгрөгийг авсан. Оршуулгын үеэр 1,000,000 төгрөг авчирч өгсөн. ...Гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Ж.Бутайг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Бутай нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүй улмаас Б.Батчулуун нас барж бусдад хүнд хор уршиг учирч гэм хор арилаагүй байгаа ч талийгаач Б.Батчулуун нь Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журмын эсрэг гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн, дизель хөдөлгүүртэй, гурван дугуйтай, тэвштэй тээврийн хэрэгслийг устгаж, “Кенже” ХХК-ны захирлын тушаал болон холбогдох бичиг баримтыг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, “Кенже” ХХК-ны 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн БМҮ 482/15 Барилга хот байгуулалтын яамны “Тусгай зөвшөөрөл”, хавсралт гэрээний хамтаар хууль ёсны эзэмшигч Ж.Бутайд буцаан олгох зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Бутай нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Жадык баян овог Култбайн Бутайг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүрэг бүхийн этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр К.Бутайг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар К.Бутайд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. К.Бутай нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйл 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн, дизель хөдөлгүүртэй, гурван дугуйтай, тэвштэй тээврийн хэрэгслийг устгаж, “Кенже” ХХК-ны захирлын тушаал болон холбогдох бичиг баримтыг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, “Кенже” ХХК-ны 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн БМҮ 482/15 Барилга хот байгуулалтын яамны “Тусгай зөвшөөрөл”, хавсралт гэрээний хамтаар хууль ёсны эзэмшигч Ж.Бутайд буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар К.Бутайд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл К.Бутайд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

                            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Д.ЧИНЗОРИГ