| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00011/Э |
| Дугаар | 154/2021/00010 |
| Огноо | 2021-04-19 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 154/2021/00010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг
Шүүгдэгч Э.Б , шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2137000040012 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 19** оны ** сарын **-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй ам бүл-* /эхнэр * хүүхдүүдийн хамт/ Ховд аймгийн Цэцэг сумын Х** багийн ** тоотод оршин суух, М ХХК-д өрмийн туслах ажилтай урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай /РД :**********/
Э.Б нь Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 сарын 20-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр болох А.Долгормаатай хэрүүл маргаан, үүсгэж, маргалдан түлхэж А.Долгормаагийн тэвэрч явсан бага насны хүүхэд Б.Азжаргалын гуян тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Э.Б ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...2020 оны 10 сарын 20-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэн согтуу үедээ эхнэр А.Долгормаатай маргаж эхнэрээ өшиглөх гэтэл эхнэрийн тэвэрч явсан хүүхдээ өшиглөж биед нь гэмтэл учруулсан. Охиноо тэр өдрөө Ховд аймаг авч явж эмчилгээ хийлгээд ирсэн. Одоо хүүхдийн хөл зүгээр болсон. Миний буруу архи уусан үедээ хүүхдэдээ гэмтэл учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийн улмаас учирсан хохиролыг төлж барагдуулсан.Эм тариа болон ирж очих зардлыг бүрэн төлж барагдуулсан гэх мэдүүлэг
Хохирогч А.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн....2020 оны 10 сарын 20-ны орой энэ хэрэг болсон. Манай нөхөр бид хоёр Чимгээ гэдэг айлд очиж Ганцоож, Чимгээ бид 4 пиво ууцгаасан.Нөхөр намайг гэртээ харих уу гээд Ганцоож бид 3 машинд суугаад явсан.
Ганцоож Сэнгэдоржийнд очно гэхээр нь бид хоёр хүргэж өгөөд харих гэж байтал Ганцоож гэрээс гарч ирээд Б ыг хамт явья ганц нэг шил архи ууя гэхээр нь би явуулахгүй гээд машиных нь урд гараад зогсчихсон.Б намайг холдуулах гээд хоёр гурван удаа түлхэж байгаад сүүлд өшиглөх гэж байгаад тэвэрч явсан хүүхдийн баруун гуя руу өшиглөсөн.Тэр шөнөдөө нөхөр бид хоёр хүүхдээ аваад сумын эмнэлэгт үзүүлэхэд хөл нь хугарсан байна аймаг яв гэж хэлэхээр нь аймаг авч яваад эмчлүүлээд ирсэн гэх мэдүүлэг
Хохирогчоос өгсөн...”Azjargal 7s/M Ховд БОЭТ “2020/10/21 10:54:35 АМ гэсэн бичвэр бүхий рентген зураг 1ш, “B.AZJARGAL” гэсэн бичиглэлтэй “2020/11,13, 14:22:19 бичвэр бүхий 1 ш рентген зургийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан мөрдөгчийн тогтоол
Б ын Азжаргалын төрсний гэрчилгээний хуулбар
Гэрч Их Хойд овогт Лхачингийн Сэнгэдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.....2020 оны 10 сарын 20-ны орой 22 цагийн үед Р.Ганцоож орж ирээд гараад ирээч гэхээр нь гэрээс гарахад Б эхнэртэйгээ маргаж байсан.Хүүхдээ зодож цохьсон талаар сайн мэдэхгүй гэх мэдүүлэг
Бөхзайсан овогт Цэрэнрагчаагийн Ганцоожийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн....Тухайн өдөр Хөшөөтийн тосгонд Амгаа гэдэг айлд очиход Долгормаа, Б , Амгаагийн эхнэр пиво ууцгааж байсан. Долгормаа уурлаад хүүхдээ тэврээд гараад явсан бид хэд араас нь ирэхэд Долгормаа Сэнгэдоржийн гадна ирсэн байсан. Б машинаас түрүүлж буугаад Долгормааг машин руу түлхэх шиг болсон. Долгормаа хүүхэдтэйгээ машины копуд дээр уначихаар нь хүүхдийг нь аваад Б ыг салгасан.Харин хүүхдийг зодож цохьсон талаар надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг
Цагаан овогт Алтантулгын Баасанцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...Өдрийг сайн сахахгүй байна. 10 дугаар сард намайг жижүүр эмчээр ажиллаж байхад Э.Б хүүхэд өвдөөд байна үзээд өг гэхээр нь яваад очиход эмнэлэгт ирчихсэн байсан. Хүүхдийг нь үзэхэд илтэд хөл нь хугарсан байсан. Аймаг явах шаардлагатай гээд эмнэлгээс бинзен гаргаж өгөөд явуулсан. Тухайн үед надад хэлэхдээ хүүхдээ унагаачихлаа гээд хэлж байсан.Зодолдож цохьсон талаар хэлээгүй юм. Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.Жижиг цагаан өнгийн машин барьж явсан гэх мэдүүлэг
Гэрч Л.Сэнгэдоржоос дахин мэдүүлсэн...Б Ганцоож хоёр архи уусан байсан. Жижиг цагаан өнгийн автомашин жолоодож явсан.Ганцоож нэлээд согтуу байсан гэх мэдүүлэг
2021 оны 01 сарын 12-ны өдрийн 02 дугаартай...хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн ....Б.Азжаргалын гэх рентген зурагт гэмтэл тогтоогдлоо. Б.Азжаргалын баруун дунд чөмөгт ясны дунд хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн.Б.Азжаргалын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт
2021 оны 02 сарын 23-ны өдрийн148 дугаартай ...А.Долгормаагийн биед гэмтэл тогтоогдоогүй гэх шинжээчийн дүгнэлт
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
Хохиролын тооцоо хийсэн баримт /нэхэмжилсэн хохиролгүй гэх/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 04 сарын 13-ны өдрийн 11 дугаартай прокурорын тогтоол зэрэг болно.
Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх ба энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс үнэллээ.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б ыг Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 сарын 20-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр А.Долгормаагийн тэвэрч явсан охин Б.Азжаргалын гуян тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Б ын үйлдсэн гэмт хэрэг нь гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн ....Б.Азжаргалын гэх рентген зурагт гэмтэл тогтоогдлоо. Б.Азжаргалын баруун дунд чөмөгт ясны дунд хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн.Б.Азжаргалын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг болох нь нотлогдон тогтоогдож байна.
Тухайн гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь нөлөөлсөн гэж шүүхээс дүгнэж Эрүүгийн хуулийн 7,3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой байна.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан ...”Azjargal 7s/M Ховд БОЭТ “2020/10/21 10:54:35 АМ гэсэн бичвэр бүхий рентген зураг 1ш, “B.AZJARGAL” гэсэн бичиглэлтэй “2020/11,13, 14:22:19 бичвэр бүхий 1 ш рентген зургийг хохирогчид буцаан олгох нь зүйтэй гэж үзээд, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Э ны Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Б д хорих ял оногдуулахгүйгээр 1/Нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457-р нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6.Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Б д мэдэгдсүгэй.
7.Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ...”Azjargal 7s/M Ховд БОЭТ “2020/10/21 10:54:35 АМ гэсэн бичвэр бүхий рентген зураг 1ш, “B.AZJARGAL” гэсэн бичиглэлтэй “2020/11,13, 14:22:19 бичвэр бүхий 1 ш рентген зургийг хохирогч А.Долгормаад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ