| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2016/02680/и |
| Дугаар | 182/ШШ2017/01290 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2017/01290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О хаягт байрлах ******* аймгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод байрлах, ******* дугаарын регистртэй, “*******” ХХК-д холбогдох,
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, алдангид 949 822 316 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 03 дугаар сарын 02-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс, хариуцагчийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* даргаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгсөөс гаргасан тайлбартаа: Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн ерөнхий агуулгыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ******* аймгийн Баян-Өндөр сумын орон сууцны 5 дугаар хороололын доторх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын тендерт “*******” ХХК шалгарч, дээрх ажлыг гүйцэтгэхээр БЗА40/14 тоот “5 дугаар хороололын авто замын өргөтгөл, шинэчлэлт хийх ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ”-г 2014 оны 6 дугаар сарын 05-нд байгуулсан. Гэрээний дагуу 1 236 410 131 төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэлээр олгохоор тохирч, хариуцагч нь 2014 оны 08 дугаар сарын 10-ны дотор ажлыг батлагдсан зураг төсөл, техникийн норм дүрмийн дагуу гүйцэтгэхээр гэрээнд заасан. Хариуцагч компани нь 2014 оны 07 дугаар сарын 03-нд 246 061 400 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 22-нд 215 478 100 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 08-наас 10 дугаар сарын 28-ны хооронд 6 удаа 517 870 600 төгрөгийн санхүүжилтийг буюу нийт 979 410 131 төгрөгийг авсан байдаг. Гэвч гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, зөрчлийг гаргаж байсан учир 2015 оны 03 дугаар сарын 27-нд 1/474 тоот бичгээр гэрээ цуцлахыг мэдэгдэж, 04 дүгээр сарын 15-нд гүйцэтгэгчийг байлцуулан хэмжилт хийж баталгаажуулсан. Ингэхэд 837 994 393 төгрөгийн гүйцэтгэлээс 146 884 863 төгрөгийн ажлыг чанаргүй хийж, 691 109 530 төгрөгийн ажлыг буюу 53,78 хувийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Үүнээс хойш 2015 оны 06 дугаар сарын 01-ний дотор ажлыг хийж дуусгах хүсэлт гаргасныг зөвшөөрч график тогтоосон боловч ажлаа дутуу хийсэн. Иймд бид 2015 оны 07 дугаар сарын 22-ныг хүртэл хугацаанд чанаргүй хийсэн ажлаас гүйцэтгэсэн 17 281 265 төгрөгийг хасч 129 603 598 төгрөг, шинээр 55 578 552 төгрөгийн ажлыг нэмж хийснийг илүү олгогдсон санхүүжилт болох 141 415 738 төгрөгөөс хасч 85 837 186 төгрөг, гэрээний 5.3-т зааснаар алдангийг 2014 оны 08 дугаар сарын 01-нээс 2016 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаагаар тооцон 734 382 532 төгрөг, нийт 949 822 316 төгрөг нэхэмжилсэн. Алдангийг хуульд заасны дагуу тооцоход 375 220 000 төгрөг байх ба бид буруу тооцсон байх тул нэхэмжлэлээ 359 221 532 төгрөгөөр багасгаж байна. Одоо нийтдээ 590 660 784 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагчийн гүйцэтгээгүй ажлын дүнг шинжээч нь 335.449.080 төгрөг гэж тогтоосон, бид “******* Азза” ХХК-иар хийгээгүй ажлыг гүйцэтгүүлсэн. Нийт ажлын хэмжээг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, нэмэлт дүгнэлтийг зөвшөөрч маргаагүй болно. Хэрэгт авагдсан бусад баримтууд болон шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байх тул хариуцагч компаниас 590 660 784 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “*******” ХХК-иас шүүхэд болон өмгөөлөгч Г.Лхагвасүрэнгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу илүү олгогдсон санхүүжилтийн үлдэгдэлд 78 449 048 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2014 оны 07 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд 2014 оны 12 дугаар сар хүртэл явагдсан. ”*******” ХХК-ийн зүгээс ажлын гүйцэтгэлгээ 85 хувь гэж тодорхойлж, түүнийг ******* аймгийн ******* даргад уламжилж, 2 талын төлөөлөгчийг байлцуулж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авах ажиллагааг хийсэн. Хавтаст хэрэгт авагдсан “гүйцэтгэл номер 3” гэсэн баримтаар 2014 оны 12 дугаар сард ажлын гүйцэтгэл 78,9 хувьтай гэж гарсан байдаг. Энэ хугацаанаас хойш өвлийн улирал болж, ажил зогссон бөгөөд хавар нь 03 дугаар сард зарим нэг хийгдсэн ажил дээр чанарын доголдол гарсан. Санхүүжилтээр орж ирсэн мөнгөний хэмжээнд гүйцэтгэл хүрэхгүй байснаас хамаарч бага хэмжээний мөнгийг илүү авсан гэсэн асуудал үүссэн. ******* аймгийн ******* ******* Тамгын газраас болон гэрээний биелэлтэд хяналт тавьсан хот байгуулалт, барилга захиалагчийн алба”-ны бүх төлөөлөгч нарыг байлцуулж, манайд компанид чанаргүй хийгдсэн ажлыг зас, илүү олгогдсон санхүүжилт болох 129 603 598 төгрөгт ногдох ажлыг гүйцээж хийх гэсэн шаардлагыг тавьсны дагуу уг ажлуудыг гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч илүү олгогдсон санхүүжилтээс 55 5578 552 төгрөгийн ажил нэмж гүйцэтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Мөн чанаргүй хийгдсэн ажлаас 17 281 000 төгрөгийн ажлыг дахин гүйцэтгэсэн гээд анх нэхэмжлэл гаргасан дүнгээс эдгээрийг суутгаж, 85 837 186 төгрөг болон 129 603 598 төгрөгийн тооцоо гарсан юм. Нийт 1 236 000 000 төгрөгийн тендерийн ажлыг үргэлжүүлэн гүйцэтгэх гэхэд “*******” ХХК-иар гүйцэтгүүлэхгүй гэсэн асуудал яригдсан. Энэ хугацаанд ******* аймгийн ******* ******* Тамгын газрын дарга солигдсон, бид манай компаниар ажил гүйцэтгүүлэхгүй гэснийг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэж байгаа. “*******” ХХК 979 410 131 төгрөгийн санхүүжилтийг авсан нь үнэн. Харин 288 220 000 төгрөгийн огт хийгээгүй ажилд тендер зарлаж, “******* Азза” ХХК-иар гүйцэтгүүлсэн. Тендерт хийгдэх нийт ажил бол дууссан. Шинжээч нь “*******” ХХК-ийн гүйцэтгээгүй ажлын үлдэгдлийг 335 449 080 төгрөг гэж тогтоосон. Энэ ажлыг 288 220 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх боломжтой гэж захиалагч тал үзээд “******* Азза” ХХК-иар гүйцэтгүүлсэн. Илүү олгогдсон санхүүжилтийг бид зөвшөөрч байгаа. Яагаад зөрүү гарч байгаа вэ гэхээр шинжээчийн эхний дүгнэлтээр, “*******” ХХК-ийн нэмэлт ажил хийх явцад цэцэрлэгийн барилгын үүдэнд асфальт зам шинээр тавьж, 9 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэснийг хүлээж аваагүй байсан. Үүнийг хасаж, илүү олгогдсон санхүүжилтэд 78 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Бид чанаргүй хийсэн ажлыг гүйцэтгээд буцааж хэвийн байдалд нь оруулах ажлыг тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн. Уг ажлыг өөрсдөө хийх саналыг тавьж байсан боловч ******* аймгийн ******* даргаас “танайх орж ажиллахгүй” гэсэн мэдэгдлийг албан ёсоор 2015 оны 08 дугаар 11-нд ирүүлсэн ба үүнээс хойш ямар нэгэн ажил хийвэл хүлээж авахгүй гэсэн учраас бид ямар нэгэн ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий зохицуулалтаар чанаргүй буюу доголдолтой хийгдсэн хэмжээнд ажлыг захиалагч талын шаардлагаар засан сайжруулах ёстой. Хэрвээ засан сайжруулах мэдэгдэл хүргүүлээд, түүнийг засан сайжруулаагүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, гарсан зардлаа гүйцэтгэгч талаас шаардаж авах эрхтэй хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл бидний өөрсдийн засан сайжруулалт хийе гэсэн саналыг хүлээж авалгүй, хааж хязгаарласан атлаа дараа нь өндөр дүн гарган нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээч нь манай талыг болон нэхэмжлэгч талыг байлцуулж, газар дээр үзлэг хийхэд 50 см радустай цоорхой байхад түүнийг 1 м.кв талбайг чанаргүй хийгдсэн гэж тооцсон, цоороогүй, суулт өгсөн эсхүл ус тогтсон хэсгүүдийг чанаргүй хийгдсэн ажил гэж үзэн хэмжиж 129 603 598 төгрөгийн тооцоог гаргасан юм. Гэтэл бодит газар дээр нь очиж үзвэл энэ ажлыг маш бага хэмжээний мөнгөөр хийж гүйцэтгэх боломжтой. Тийм учраас бидэнд хохиролтой байх тул энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад торгуулийг нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд тодруулж, 375 220 000 төгрөгийг алдангид нэхэмжилсэн, үүнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд заасан анзын зохицуулалт хуульд нийцээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл саатуулсан хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,1 хувийн тогууль оногдуулна гэж заасан. Торгууль гэдэг нь нэг удаагийн шинжтэй байх ёстой. Гэтэл хоног тутам гээд алдангийн зохицуулалтыг оруулж ирсэн байна. Хэрвээ гэрээгээр торгууль оногдуулах ёстой гэж үзвэл гэрээний үнийн дүнгийн 0,1 хувиар, нэг удаагийн шинжтэй торгууль оногдох ёстой. Харин алданги гэж үзэж байгаа бол торгууль гэсэн заалт байх ёсгүй. Тиймээс Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4.-т заасны дагуу хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй байгаа хэлцлийг хийгдээгүй гэж үзнэ. Тэгэхээр энэ нь торгууль болон алданги гэдэг нь аль аль нь харагдахгүй байгаа юм. Манай компани чанаргүй хийсэн ажлаа зассан, мөн огт хийгдээгүй ажлыг тасалж, 78 хувийн гүйцэтгэлээс хойш 335 000 000 төгрөгийн төсөв үлдсэн байхад “******* азза” ХХК-иар 288 220 000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн. Манай компанийн хийсэн ажилд огт гар хүрээгүй бөгөөд уг ажил нь одоог хүртэл хийгдээгүй байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 2015 онд хийгдсэн нэмэлт ажлын хэмжээг 62 966 685 төгрөг гэж тодорхойлсон. Бид шинжээчийн дүгнэлт, дахин нэмэлтээр гаргасан дүгнэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ажил гүйцэтгэх гэрээ гэж Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.-т заасныг үндэслэж байгаа. Уг заалтад захиалагч шаардлага гаргах эрхүүд байгаа, тэр нь нотлогдохгүй байна. Бид доголдолтой хийсэн ажлыг дахин хийсэн, гэхдээ хугацааны хувьд удааширсан нь үнэн. Нэгэнт чанаргүй хийгдсэн ажлыг дахин гүйцэтгүүлээгүй байж гарсан зардлаа нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 78 449 048 төгрөгт холбогдох хэсгээс бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* дарга нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд болон хугацаа хэтрүүлсний алдангид 949 882 316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гарган, хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад 359 221 532 төгрөгөөр багасган нэхэмжилжээ.
Хариуцагч “*******” ХХК нь дээрх нэхэмжлэлийн зарим хэсэг болох 78 449 048 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ чанаргүй хийсэн ажлыг бид өөрсдөө дахин хийх санал тавьсан боловч хүлээн аваагүй, 2015 оны 08 дугаар сарын 11-нд мэдэгдэл өгснөөс хойш манайхыг ажиллах боломжгүй болгосон, чанаргүй хийсэн гэх ажлыг өөр байгууллагаар хийлгэж тэр зардлаа нэхэх боломжтой, ингэж тогтоосон баримт байхгүй, гэрээнд зааснаар саатуулсан хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувиар буруутай талд торгууль ноогдуулна гэж заасан нь алданги тооцох хуулийн заалтыг зөрчсөн учраас алданги төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч “*******” ХХК, нэхэмжлэгч ******* аймгийн ******* дарга нар нь харилцан тохиролцож, ******* аймгийн Баян-Өндөр сумын, 5 дугаар хороололын доторх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийхээр 2014 оны 06 дугаар сарын 05-нд БЗА 40/14 тоот “5 дугаар хороололын доторхи авто замын өргөлтгөл, шинэчлэлт хийх ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч “*******” ХХК нь дээрх ажлыг гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу гүйцэтгэн зөрчил, доголдлыг арилгах, 2014 оны 08 дугаар сарын 10-ны дотор хийж гүйцэтгэхээр, захиалагч нь гэрээний дагуу хийх ажил болон зөрчил доголдлыг арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаа 2014 оны 08 дугаар сарын 10-нд дуусахад гэрээний талууд гэрээг үргэлжлүүлсэн ба нэхэмжлэгчээс хамгийн сүүлд гэрээний төлбөрт 27 870 607 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 28-нд хариуцагчид шилжүүлж байсан, түүнчлэн үүнээс хойш 2015 оны 03 дугаар сарын 27-нд 1/474 тоот албан бичгээр гэрээг цуцлах тухай мэдэгдсэн, түүнээс хойш дутуу ажлыг 2015 оны 06 дугаар сарын 01-ний дотор гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч зөвшөөрч байсан зэргээр талуудын хоорондох ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 01-нийг сунгагдсан буюу Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2.-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч “*******” ХХК-д гэрээний үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна.
3.Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.5-д зааснаар гэрээний санхүүжигдэх үнийн дүнг 1 236 410 131 төгрөгөөр тохирсон байх ба нэхэмжлэгчээс 2014 оны 07 дугаар сарын 03-наас 2014 оны 08 дугаар сарын 10-ны хооронд нийт 979 410 131 төгрөгийг шилжүүлсэн нь ******* аймгийн ******* ******* Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн дансны хуулга, 2014 оны 06 дугаар сарын 05-нд БЗА 40/14 тоот талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, түүний хавсралт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон ба дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
4. Гэрээний төлбөрт шилжүүлсэн 979 410 131 төгрөгөөс 141 415 738 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс илүү олгосон талаар хариуцагч зөвшөөрсөн ба энэ нь шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 657 тоот шинжээчийн дүгнэлт, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 171 тоот нэмэлт шинжээчийн дүгнэлт зэрэгт тодорхойлогдсон байна.
Мөн хариуцагч “*******” ХХК нь 2014 онд 837 994 398 төгрөгийн ажил, 2015 онд 62 966 685 төгрөгийн нэмэлт ажил, нийт 900 961 083 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байх ба энэ нь нийт гүйцэтгэх ёстой ажлын 72,9 хувийг гүйцэтгэн, 335 449 048 төгрөгийн дүн бүхий ажлыг гүйцэтгээгүй байна.
Хариуцагч компани нь энэ хугацаанд 146 884 854 төгрөгийн ажлыг чанаргүй хийж дахин гүйцэтгэх шаардлагатай болсон ба үүнээс 17 281 256 төгрөгийн ажлыг дахин гүйцэтгэснийг захиалагч байгууллага хүлээн авч, 129 603 598 төгрөгийн дахин гүйцэтгэх ажил үлдсэн байна.
Дээрх үйл баримтууд нь шинжээчийн дүгнэлтүүд, түүний хавсралтууд, нэхэмжлэгч талаас гаргасан 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн болон 02 тоот хурлын тэмдэглэл, 2015 оны 08 дугаар сарын 04 тоот ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, ******* аймгийн Аудитын газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн акт, ******* аймгийн Хот байгуулалт барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын төсөвчний “5-р хороололын доторхи авто змын өргөтгөл, шинэчлэлт хийх ажлын чанаргүй хийгдсэн ажлын төсөв”, “5-р хороололд чанаргүйгээс хийгдсэн ажил /2015.06.01-нээс хойш/, төсөвт өртгийн товчоо”, ******* аймгийн Баян-Өндөр сум, 5 дугаар хороололын байршлын зураг, ******* аймгийн ******* ******* 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1/1850 тоот “*******” ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Эрдэнэт хотын хорооллын доторхи болон гэр хороооллын замын засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажлын чанарт хийгдсэн хөндлөнгийн лабораторийн дүгнэлт, Стандарт хэмжил зүйн газрын Хяналт судалгаа, шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтүүд зэрэг баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдсон.
5. Хариуцагч “*******” ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1.-д заасан гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6.-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 350.1.7.-д заасны дагуу ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах буюу гэрээний дагуу дахин гүйцэтгэх ажлын зардалд 129 603 598 төгрөгийг хариуцах үүрэгтэй.
6.Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д заасны дагуу хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буюу 335 449 048 төгрөгийн ажлыг огт гүйцэтгээгүй, 129 603 598 төгрөгийн ажлыг чанаргүй гүйцэтгэсэн бөгөөд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэж үзэн мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1., 355.2.-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээг цуцлан учирсан хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй.
7. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5.3-т “Захиалагч болон гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл хийх ёстой ажлаа хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол саатуулсан хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувиар буруутай талд торгууль ноогдуулна. Торгууль нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй” гэж заасан байх ба үүний дагуу нэхэмжлэгч нь 2014 оны 08 дугаар сарын 01-нээс 2016 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаагаар тооцон 734 382 532 төгрөгийг гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангид нэхэмжлэн, шүүх хуралдааны явцад 359 221 532 төгрөгөөр багасган, 375 161 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д “Хууль болон гэрээнд хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай гэрээний дээрх заалт нийцэхгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаар алданги тооцон төлүүлэх боломжгүй байна.
8.Талууд шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, дутуу ажлын хэмжээ, дахин гүйцэтгэсэн болон гүйцэтгэх ажлын хэмжээ, нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын хэмжээ зэргийг тодорхойлсон шинжээчийн 657, 171 тоот дүгнэлтүүдийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч талаас хэрэгт баримтаар гаргасан “Орон сууцны 5-р хороололын доторхи авто замын өргөтгөл, шинэчлэлт ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, нээлттэй тендерийн үнэлгээний тайлан, түүнтэй холбоотой баримтууд, ******* аймгийн ******* ******* 2015 оны 04 дүгэр сарын 03-ны өдрийн 1/539 тоот, ******* аймгийн Хот байгуулалт барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын2014 оны 586, 2015 оны 287 тоот албан бичгүүд, “*******” ХХК-ийн боловсруулсан барилгын ажлын гүйцэтгэлийн төсвийн талаарх баримтууд, далд ажлын актууд зэрэг баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэх боломжгүй, нэхэмжлэгч болон “******* АЗЗА” ТӨХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой баримтууд, талуудын хооронд ажил дүгнэсэн тухай 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн болон 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн хариуцагч “*******” ХХК-ийн нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээг 900 961 083 төгрөгөөр тооцон, нэхэмжлэгчээс илүү олгосон санхүүжилтийн үлдэгдэл болох 78 449 048 төгрөг, чанаргүй хийсэн буюу дахин гүйцэтгэх шаардлагатай ажил болох 129 603 598 төгрөгийг хохиролд тооцон бүгд 208 052 646 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 647 дүгээр захирамжаар томилогдсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 215 тоот нэхэмжлэх хэрэгт авагдсан ба шинжээчийн ажлын хөлс болох 2 200 000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.4.-т заасны дагуу зохигчдоор нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдан, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 198 213 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 352 дугаар зүйлийн 352.2.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 208 052 646 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* аймгийн ******* дарга /******* ******* Тамгын газар/-д олгож, нэхэмжлэлээс 741 769 670 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.4.-т заасны дагуу нэхэмжлэгч ******* аймгийн ******* дарга /******* ******* Тамгын газар/-с 1 716 000 төгрөгийг, хариуцагч “*******” ХХК-иас 484 000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдан, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 198 213 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 4938 дугаар захирамжаар авсан хариуцагч “*******” ХХК-ийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 949 822 316 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.