Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2017/01291

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2017/01116

    Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух,        дугаарын регистртэй, Б  овогт *******ийн *******ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоотод байрлах, “*******” ХХК-д холбогдох,

662 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.*******а, түний өмгөөлөгч Д.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал, өмгөөлөгч Ц.Майбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.                                                                                       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч Х.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Япон улсад, сурч ажиллахаар “*******” төвтэй 2016 оны 10 дугаар сарын 17-нд гэрээ байгуулсан. Анх гэрээ байгуулахдаа 3 000 иен өгч, “ N5” шалгалт өгвөл 2017 оны 01 дүгээр сард Япон улс руу явуулна гэсэн. Тэгээд би сургалтанд суусан ба 35 цагийн хичээл үзэхэд уг шалгалтанд нь яагаад ч тэнцэхгүй юм билээ. Надаас өмнө сургалтанд хамрагдсан хүмүүс өгсөн ч тэнцээгүй. 2016 оны 12 дугаар сарын 11-нд япон хэлний шалгалтанд орсон боловч тэнцээгүй, мөн жолооны ангиллын А үнэмлэхтэй байх ёстой гэсний дагуу үнэмлэхээ авсан. Тухайн байгууллагын надаас шаардсан бүх баримтуудыг би гаргаж өгсөн боловч яваагүй. Би 662 700 төгрөг буюу 3 000 иенийг захирал Нарантуяад өгч, гэрээ хийсэн. Бүх хүмүүсийн ар гэрийнхэнтэй нь уулзсан. Намайг Япон улсад сурч ажиллуулахаар явуулаагүй, явах ч боломжгүй болсон учир өгсөн мөнгөө нэхэмжилж байна. Ямар сургуультай биднийг зуучилсан нь тодорхойгүй байсан. Иймд би гэрээнээс татгалзаж байна. Мөн хэлний шалгалтанд зохих түвшний мэдлэг олгоно гэсэн үүргээ биелүүлээгүй. Зуучлалын үйл ажиллагаа явуулдаг гэсэн баримт байхгүй байна. Иймд надад хариуцагчаас 662 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргалаас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. “*******” япон хэлний сургалтын төв нь 2004 оноос эхлэн япон хэлний сургалт явуулах, япон хэлний тодорхой түвшний мэдлэгтэй хүмүүсийг Япон улсад хэлний бэлтгэл сургуульд /UJS Language institute, Tokyo kokusai chishiki gakuin Language institute зэрэг хэлний сургуулиудтай хамтран ажилладаг/ зуучлах гэсэн 2 төрлийн үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж байна. Япон улсад хэлний бэлтгэл сургуульд зуучлах үйл ажиллагааг 3 төрлөөр эрхлэн явуулдаг. Үүнд: 1/. Батлан даагч нь хөрөнгийн чадвартай хүмүүсийг сургалтын жилийн төлбөрөө 100 хувь Монголоос Япон улс дахь хэлний бэлтгэл сургуульд төлж сурах хөтөлбөр, 2/. Батлан даагч нь хөрөнгийн чадвар тааруу хүмүүсийг өөрөө сурах сонирхолтой, идэвхи чармайлттай байсан тохиолдолд эхний 6 сарын төлбөр болон бүртгэлийн хураамжийг Монголоос Япон дахь хэлний бэлтгэл сургуульд төлүүлж үндсэн сургалтын төлбөрийг “*******” сургалтын төв батлан дааж Япон улсад очоод цагийн ажил хийгээд 7 дахь сараас cap бүр сурагч өөрөө төлж сурах хөтөлбөр, 3/. Батлан даагч нь хөрөнгийн чадвар тааруу, гэвч сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг Япон улсын “Майничи шинбүн” гэх сонингийн компаниас тухайн суралцагчийн элсэн орсон хэлний бэлтгэлийн төлбөрийг 100 хувь япон хэлний сургуульд төлж /UJS Language institute, Tokyo kokusai chishiki gakuin Language institute зэрэг/ сонингийн ажлыг хийнгээ япон хэлийг сурах бас сургалтын төлбөрөөс гадна байрлах байраар үнэгүй хангагдаж, мөн cap бүр цалин тогтмол 80 000 иен /1 600 000 төгрөг / авч суралцах тэтгэлэгт хөтөлбөр юм. “*******” япон хэлний сургалтын төв нь бүх хүмүүстэй “зуучлалын гэрээ”-г хийдэг. Манай сургалтын төвтэй хамтран ажилладаг Япон улсын “Майничи шинбүн” компаниас манай төвөөр зуучлуулан монголоос ажилчин авах тохиолдолд 10-12 сарын өмнө мэдэгддэг ба тухайн хэлний сургуулийн зүгээс хэд хэдэн шаардлага тавьдгийг бид хөтөлбөрийг сонгож буй суралцагч нартаа танилцуулснаар тэд зөвшөөрөн зуучлалын гэрээг байгуулдаг. Үүнд: Тухайн суралцагчийн зүгээс элсэн суралцах хүсэлт, хувийн анкет, сүүлд төгссөн сургуулийн дүнгийн жагсаалт, япон хэлний түвшин тогтоох шалгалтын “******* TEST сертификат”, жолооны А ангиллын үнэмлэх зэрэг бичиг баримтууд болно. Х.*******ын хувьд сонингийн тэтгэлэгт хөтөлбөрт суралцахаар сонингийн компаний шаардлагуудыг тогтоосон хугацаанд нь биелүүлнэ гэж амлалт өгч гэрээг байгуулсан. 2017 оны 04 сарын элсэлтэнд орох боломжтой байсан ч өөрийнхөө зүгээс материалуудыг бэлтгэж чадаагүйгээс 04 дүгээр сарын элсэлтээс хойшилсон. Учир нь  мотоциклийн А ангиллын үнэмлэхээ япон улсын сургуулиуд 2017 оны 04 дүгээр сарын элсэгчдийн материалыг хүлээн авах үеэр буюу 2016 оны 10 дугаар сарын 15-нд албан ёсоор аваагүй байсан учир түүний  хугацаа шууд хойшилсон. Сонингийн тэтгэлгийг аваад ажиллахын тулд мотоциклийн үнэмлэх зайлшгүй хэрэгцээтэй байдаг ба хэрвээ тухайн элсэгч мотоциклийн үнэмлэхээ өөрийн материалуудын хамт сургууль руугаа явуулж амжаагүй тохиолдолд япон улсад мотоциклийн үнэмлэх авах шалгалтанд орох боломжгүй байдаг буюу тухайн элсэгч тэрхүү сонингийн тэтгэлгийг авч чадахгүй гэсэн үг юм. Энэ тухай нэхэмжлэгч өөрөө маш сайн мэдэж байсан. Нэхэмжлэгч Х.*******а нь 2016 оны 10 дугаар сараас манай сургалтын төвд япон хэлийг суралцсан боловч “******* TEST N5” түвшинд шалгалт огт өгөөгүй ба энэ нь материалыг Япон улсад хэлний бэлтгэл сургууль руу явуулах боломжгүй болсон нэг шалтгаан юм. Өөрөө материалаа дутуу бүрдүүлж өгсөн, хайнга хандсанд манай байгууллагыг буруутгах үндэслэлгүй. 30 000 иен бол бүртгэлийн хураамж ба гэрээний 1.5-д “Зуучлуулагч тал гэрээ байгуулснаас хойш зуучлагч талаас үл хамааран гэрээг цуцлах болон сунгах тохиолдолд зуучлалын хөлсийг эгүүлэн олгох боломжгүй” гэж заасны дагуу бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй юм. Үүнийг ч нэхэмжлэгч мөн мэдэж байсан. “Майничи шинбүн” компаниас тэтгэлэг авах боломж, цаг хугацаагаа өөрийн хариуцлагагүй байдлаас болж хойшлуулсныг манай сургалтын төвийн үйл жиллагаатай холбож, байгууллагын нэр хүндэд халдаж байна гэж үзэж байна. Өнгөрсөн 2016 онд гэхэд 25 суралцагч манай төвөөр дамжуулан япон зуучлуулан амжилттай суралцаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэг, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад          

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Х.*******а нь хариуцагч “*******” ХХК-нд холбогдуулан зуучлалын гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 30 000 иен буюу 662 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

            Дээрх нэхэмжлэлийг хариуцагч компани нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ “өөрийн зүгээс материалаа бүрдүүлж чадаагүйгээс 04 дүгээр сарын элсэлтээс хойшлогдсон, мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхээ элсэлтийн материалыг Япон улс руу явуулах үед албан ёсоор аваагүй байснаас япон хэлний бэлтгэлд элсэн орох хугацаа хойшилсон, япон хэлний түвшин тогтоох шалгалтын “******* TEST N5” түвшний шалгалтаа огт өгөөгүй, 30 000 иен нь бүртгэлийн хураамж бөгөөд гэрээний 1.5-д зуучлалын хөлсийг эргүүлж олгохгүй гэж заасан, нэхэмжлэгч үүнийг өөрөө мэдэж байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тодорхойлон маргасан.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            1.Нэхэмжлэгч Х.*******а, хариуцагч “*******” ХХК-ийн “*******” япон хэлний сургалтын төв харилцан тохиролцож, зуучлуулагч буюу нэхэмжлэгчийг “Сонингийн тэтгэлэг”-т хөтөлбөрт хамруулан Япон улсад сурч, ажиллахад зуучлах үүргийг “*******” ХХК, зуучлалын хөлсөнд нийт 130 000  иен, түүнээс 30 000 иенийг гэрээ байгуулахаас өмнө урьдчилгаанд төлөх үүргийг нэхэмжлэгч Х.*******а хүлээн 2016 оны 10 дугаар сарын 17-нд 03 тоот “Зуучлалын гэрээ”-г талууд байгуулжээ.

            Уг гэрээний 1.3-т “Зуучлуулагч тал зуучлалын хөлс болох 130 000 иенээс 30 000 иенийг урьдчилгаа болгон төлснөөр уг гэрээ байгуулагдана” гэж заасан байх ба үүний дагуу нэхэмжлэгч Х.*******аас 30 000 иенийг хариуцагчид шилжүүлсэн нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 001069 тоот “*******” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, 03 тоот зуучлалын гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдож, талууд энэ талаар маргаагүй байна.

             Түүнчлэн  талуудын хооронд байгуулсан зуучлалын гэрээнд зуучлагч тал буюу “*******” ХХК-ийн тамга дарагдсан боловч тус компанийг төлөөлж уг гэрээг нэхэмжлэгчтэй хэн байгуулсан нь тодорхойгүй, гарын үсэг зурагдаагүй байх боловч зохигчид зуучлалын гэрээ байгуулсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

            2. Хэрэгт авагдсан 730628 дугаартай, Х.*******ын жолоочийн үнэмлэхийг 2016 оны 12 дугаар сарын 09-нд буюу талуудын хооронд гэрээ байгуулснаас хойш олгогдсон байх ба талуудын хооронд байгуулсан дээрх 03 тоот зуучлалын гэрээнд зуучлуулагчаас бүрдүүлэх бичиг баримт буюу А ангиллын мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээдтэй гэрээг байгуулах шаардлагын талаар заагаагүй ч энэ талаар болон япон хэлний түвшин тогтоох шалгалтын “******* TEST сертификат”-тай байх шаардлагын талаар хариуцагчаас нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

            3.Дээрхээс үзэхэд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д зааснаар талууд хэлцлийн гол нөхцлийн талаар гэрээний 1.1, 1.2, 1.3-т зааж тохиролцон, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д заасан зуучлалын гэрээг байгуулсан байна.

            4.Талуудын хооронд байгуулсан зуучлалын гэрээний дагуу нэхэмжлэгчээс 30 000 иенийг гэрээг байгуулсан өдөр хариуцагчид шилжүүлэн үүргээ биелүүлсэн байх ба харин хариуцагч тал гэрээнд болон хуульд заасан зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, хэлцэл хийх нөхцлийг бүрдүүлж өгөх үндсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч буюу зуучлуулагчийг, түүний хэлцэл хийх этгээдтэй /ямар байгууллага, сургуультай/ холбож өгсөн нь тодорхойгүй, хариуцагчийн тайлбарт дурдсан Япон улсын “UJS Language institute”, “Tokyo kokusai chishiki gakuin Language institute” зэрэг хэлний сургуулиудын талаар болон уг сургуулиудтай гадаад иргэдийг суралцуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан эсэх талаар ямар нэгэн баримтгүй байна.

            Нөгөөтэйгүүр хариуцагч нь гэрээ байгуулах үед нэхэмжлэгчийг А ангиллын мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг гэрээний 2.1-д заасны дагуу хянаж шалгаагүй, уг жолооны үнэмлэхгүй нөхцөлд хэдийд бүрдүүлэх, бэлэн байлгах талаар тодорхой тохиролцсон зүйлгүй, 2.2-т заасан шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь хүргэх,  2.4-т заасан зуучлуулагч нь тус төвийн хэлний сургалтанд суралцаж байгаа үед зуучлагч тал тухайн хүнд зориулсан хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, хуваарийн дагуу эзэмшүүлж зохих түвшинд хүргэх гэсэн үүргүүдийг хэрхэн биелүүлсэн нь тодорхойгүй, дээрх үүргүүдээ биелүүлснийг нотлох баримтгүй байна.

            5.Хэрэгт авагдсан хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “*******” ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагааг “Гадаад худалдаа” гэж  тодорхойлсон бөгөөд япон хэлний сургалт явуулах, япон хэлний тодорхой түвшний мэдлэгтэй хүмүүсийг Япон улсад хэлний бэлтгэл сургуульд зуучлах 2 төрлийн үйл ажиллагааг заагаагүйн дээр эдгээр үйл ажиллагааг эрхлэх талаар эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн талаар хэрэгт баримт авагдаагүй байх боловч нэхэмжлэгч тал нь хариуцагчийн 2004 оноос хойш дээрх 2 төрлийн үйл ажиллагааг тасралтгүй эрхэлсэн, “UJS Language institute”, “Tokyo kokusai chishiki gakuin Language institute” зэрэг хэлний сургуулиудтай хамтран ажилладаг гэсэн тайлбарыг баримтаар үгүйсгээгүй болно.

            6.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д “Талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж,  205 дугаар зүйлийн 205.1.-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнэс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь...харилцан буцаан өгөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан зуучлалын гэрээнээс татгалзан хариуцагчид  урьдчилгаа төлбөр гэж шилжүүлсэн 30 000 иен буюу 662 700 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

            7.Талуудын хоорондохь 03 тоот “Зуучлалын гэрээ”-ний 3.4-т “Хичээл шалтгаангүйгээр таслах, багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлээгүйгээс япон хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцээгүй тохиолдолд сургалтын төв хариуцлага хүлээхгүй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний энэ заалтын дагуу дээрх шалтгааны улмаас япон хэлний түвшин тогтоох “******* TEST N5” шалгалтад тэнцээгүй талаар хэрэгт баримт авагдаагүй байх боловч нэхэмжлэгч Х.*******а нь япон хэлний түвшин тогтоох “******* TEST N5” шалгалтад тэнцээгүй талаар маргаагүй, зөвшөөрсөн байна.

            Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч зуучлалын зуучлалын гэрээний үндсэн үүргээ зөрчсөн, гэрээний 1.5-д заасан зуучлуулагч тал гэрээ байгуулснаас хойш зуучлагч талаас үл хамааран гэрээг цуцлах болон сунгах тохиолдолд зуучлалын хөлсийг эргүүлэн олгохгүй байх үндэслэл тогтоогдоогүй,  хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрсөн тайлбар, татгалзал үндэслэлгүйн дээр “UJS бичиг баримтын бүрдүүлэлт” гэх баримт нь хариуцагчийн татгалзлыг нотлох үндэслэл болохгүй байх тул хариуцагч “*******” ХХК-иас 662 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийг ханган  шийдвэрлэлээ.    

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 460 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 20 460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 662 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******ад олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 460 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 20 460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******ад олгосугай.

 

  1. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                

  1.                  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.