| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00015/Э |
| Дугаар | 154/2021/00012 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 154/2021/00012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2137000000016 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл * /эхнэр, * хүүхдийн хамт / Ховд аймгийн Булган сумын Д** багг оршин суух, урьд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн албадан ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар тус тус шийтгүүлж байсан, А овогт Б ын Б РД: ./Уугий/
Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн эхнэр болох Э.Дэлгэрмаатай хэрүүл маргаан үүсгэж, нүдэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...”Манай эхнэр айлд цай уухаар явчихсан байсан. Би дүүгээсээ асуухад Цэгмэд ахынх руу цай уухаар явчихлаа гэхээр нь араас нь очоод чи яахаараа надаас зугатаад байдаг юм бэ гээд хэрүүл маргаан үүсгэж нэг удаа цохьсон. Миний буруу би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж эхнэрээ зодож цохихгүй байж чадна.Хуулийн байгууллагаас хүлээлгэж байгаа ял шийтгэлийг ойлгож байна гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...“2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дүүрэнбилэг эгч надруу залгаад ирж цай уу гэхээр нь би тэднийд очоод байж байтал араас нөхөр орж ирээд чи яагаад надаас зугтаад байгаа юм бэ гээд надтай хэрүүл хийж байгаад миний нүүр лүү өшиглөчихсөн юм. Тэгээд би Жаргалмааг хүрээд ир гэж утсаар дуудсан. Урьд өмнө манай нөхөр гэртээ согтуу ирдэг байсан боловч намайг зодож цохиж байгаагүй. Манай нөхөр архи уусан үедээ надтай хэрүүл хийгээд маргалдаад байдаг. Бодвол намайг хардаад байдаг юм шиг байна лээ. Би сайн ойлгохгүй байгаа. Гэмт хэргийн улмаас миний зүүн нүд улайж нүдэнд хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Хэрэг явдал болсны дараа манай нөхөр надад 50000 төгрөг бэлнээр өгөөд эм тариа аваарай гэсэн. Би уг мөнгөөр нь нүдэндээ эмийн сангаас тос, дусаалга авч нудэндээ түрхэж дусаагаад одоо нүд маань зүгээр болсон. Нүд маань зүгээр болчихсон болохоор надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг,
А.Дүүрэнбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн”...2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дэлгэрмаа руу утсаар ярьж цай уу гэж дуудсан юм. Тэгээд тэр өдөр Дэлгэрмаа манайд ирэхээр нь цай хийж өгчихөөд гадаа гараад аргал авч байхад Дэлгэрмаагийн нөхөр Б манай гэр лүү орж байсан. Тэгээд би гадна амбаарт галаа түлчихээд ороод ирэхэд Б.Б , Э.Дэлгэрмаа нар хоорондоо хэрэлдсэн байдалтай сууж байсан.
Тухайн үед манай гэрт маргалдах үед нь би гадна байсан болохоор юу ч хараагүй сонсоогүй. Гэхдээ намайг гэрт орж ирсэний дараа Дэлгэрмаа нь нүд рүү цохьчихлоо гэж байсан гэх мэдүүлэг,
Э.Жаргалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн ... Дэлгэрмаа эгч Цэгмэд ахынх руу цай уухаар явсан Дэлгэрмаа эгчийг айл руу явсныг Б ах мэдээгүй байсан. Тэгээд эгч чинь яасан гээд надаас асуухаар нь би Цэгмэд ахынх руу цай уухаар явсан гэдгийг нь хэлсэн чинь ах нь очоод дагуулаад ирий гээд араас нь явсан. Тэгээд нэг их удаагүй Дэлгэрмаа эгч надруу залгаад хүрээд ир Б намайг зодоод байна гэсэн.
Намайг яваад очиход эгчийн зүүн нүд хөхөрсөн байсан. Би тухайн үед Б ахад та уучлалт гуйчихаа ингэж болохгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгээд бас л эвлэрээд гэртээ ирцгээсэн Б.Б ах Дэлгэрмаа эгчийг оройтож гэрт ирлээ гээд хардаад байдаг юм шиг байна лээ. Тэгээд архи уусан үедээ эгчтэй хэрүүл хийгээд байдаг...” гэх мэдүүлэг
Ү.Цэгмэдийн гэрчээр өгсөн “..,2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр миний эхнэр Дүүрэнбилэг дүү Дэлгэрмааг ирж цай уу гэж дуудсан юм. Тэгээд тэр өдөр Дэлгэрмаа манайд ирээд цай уугаад сууж байтал гаднаас нөхөр нь орж ирээд чи хааш яваад алга болчихдог юм бэ гээд эхнэртэйгээ хэрэлдэж байгаад Б нь эхнэр Дэлгэрмаагийн нүүр лүү нэг удаа өшиглөөд авахаар нь би болиулж салгасан Би тухайн үед тэр хоёрт манай гэрт битгий хэрэлдэж зодолд гэж хэлсэн. Тэгээд Б нь эхнэрээсээ уучлалт гуйгаад тэр хоёр эвлэрээд манай гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг
2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 233 дугаартай “...Э.Дэлгэрмаагийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн талын нүдний алимны дотор салстад цус хуралт, зүүн шанаанд хаван, хавдар, эмзэглэл зэрэг гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
Э.Дэлгэрмаагийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг болно.
Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх ба энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс үнэллээ.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б ийг Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт эхнэр Э.Дэлгэрмаагийн нүүрэн тус газар өшиглөж хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б ийн үйлдсэн гэмт хэрэг нь гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн ....Э.Дэлгэрмаагийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн талын нүдний алимны дотор салстад цус хуралт, зүүн шанаанд хаван хавдар эмзэглэлтэй, уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, эдгээр гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 2021 оны 04 сарын 20-ны өдрийн 233 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Б ын Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б өөс 500.000 төгрөгний торгох ялыг 5 /Тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б өд тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б.Б өд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6..Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ