| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0183/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/203 |
| Огноо | 2021-08-03 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүгдэгч Д. Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дын Бт холбогдох эрүүгийн 2138000000187 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтаар яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч Д.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгойн 10 дугаар багийн 13 дугаар гудамжны 3 тоотод хамтран амьдрагч н.Цг бусадтай хардсаны улмаас иргэн Н.Аийн толгойн тус газар нь сандлаар 2 удаа цохиж хүнд хохирол санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарах бөгөөд шүүхээс ялтанд оногдуулсан ялаас 2 жилийг өршөөн хасна гэж заасан байх тул өршөөн хасах ялын санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд нөхөн төлж, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж, улсын яллагчийн санал болгосон 2 жилийн хугацаагаар хорих ялыг хүлээн зөвшөөрч, Өршөөл үзүүлэх туххай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг хасч тооцуулах саналыг гаргасан байна.
Эрүүгийн 2138000000187 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хөх толгойн 13-2 тоотод Б.Цг бусадтай хардсаны улмаас Э.Аийн бие эрх чөлөөнд халдан толгой руу нь сандлаар цохисны улмаас Э.Аийн биед баруун талын зулай ясанд цөмөрсөн хугарал, баруун талын дагз ясны зөрөөгүй хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт хамар ясны хугарал, таславчын муруйлт, дух дагзны хэсгийн хуйханд шарх, хамрын нуруунд зулгаралт, нуруу баруун дээд зовхинд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-12 тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 1314 тал/,
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 14 дугаартай “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол / хх 16-17 тал/,
Хохирогч Э.Аийн өгсөн: “...2021 оны 04 сард хэдэн гэдгийг нь би сайн санахгүй байна би орой 20 цагийн үед ажлаа тараад найз Бгийн төрсөн өдөр дээр очоод тэнд жоохон найзуудтайгаа нийлээд 2 шил Соёрхол гэдэг нэртэй архи хувааж уусан. Тэгээд шөнийн 01-02 цагийн үед тарцгаасан байх би тухайн үед Бгийн найзаар нь гэртээ хүргүүлсэн юм. Тухайн үед би нэлээн муудсан байсан тэгээд гэртээ орох гэхээр аав, ээжээс айгаад байхаар нь төрлийнхөө хүн болох Ц руу залгаад танайд ороод унтчих уу гэхэд тэг тэг гэсэн. Цгийнх манай хашааны хажууд байдаг айл юм. Тэгээд би Цгийн гэрт нь ороод барьж ирсэн 1 том пиво ууж байгаад унтаад өгсөн юм. Тэгээд л нэг мэдсэн чинь би эмнэлэг дээр байсан. Би тухайн үед цохиулснаа ч мэдээгүй. Намайг эмнэлэг дээр ухаан ороход ээж А нь Цгийн нөхөр нь чамайг сандлаар цохисон байна гэж хэлсэн. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх 21-22 тал/,
Гэрч Б.Цгийн өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 30-нд 05 цагийн орчим намайг гэртээ унтаж байхад манай хаалгыг нэг хүн тогшоод байх шиг байсан. Тэгэхээр нь би үүдээ онгойлгосон чинь манай хөрш айлын залуу болох А нь байсан. А нь манайд орж ирээд надад аав ээжээсээ айгаад байна найз нь танайд хоноё гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэг тэг гэж хариулсан. Тэгээд А нь манайд орж ирээд нэг том пиво ганцаараа уусан. Би тухайн үед орон дотроо унтаагүй хэвтэж байсан. Тэгээд А нь ууж байсан пиво дуусгаад миний араар ороод хэвтсэн. Манайх гэртээ ганцхан ортой бас хөнжил гудас муу байдаг юм. Тухайн үед миний араар А орж хэвтэхдээ гутлаа тайлаад өмд цамцтайгаа хэвтсэн. Тэгээд бид хоёр унтаад өгсөн байсан. Унтаад өглөөний 07 цаг болж байхад манай хаалгыг дахиад нэг хүн тогшоод байх шиг байсан. Тэгэхээр нь би хэн юм бол гэж бодоод гэрийнхээ цонхыг онгойлгоод харахад манай нөхөр Б байсан. Тэгэхээр нь би хүүе миний хайр ирсэн юм уу гэж хэлээд Хг дуудах гээд ор луугаа явж байсан чинь миний хажуугаар Б гараад орны хажууд байсан шар өнгийн сандал аваад Хгийн толгой хэсэг рүү хоёр удаа цохисон. Тухайн үед би Хг Б нь цохиж байх үед нь хүүе болохгүй гэж хэлээд Быг татаад авахад барьж байсан сандап нь хойшоо савагдахдаа намайг ирээд миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Б нь Хг сандлаар цохисныхоо дараа Хг дуудсан чинь Х дугарахгүй байсан. Хг дугарахгүй байхаар нь Б нь гэрээс гараад гэрийн гадаа байх шиг байсан. Тэгсэн чинь Х сэрээд би яачваа гээд босоод гэр лүүгээ яваад өгсөн. Удалгүй Хгийн ээж А нь манайд орж ирээд эмнэлэг явъя гэж хэлсэн. Тэгээд Хгийн аав Э нь Х бид хоёрыг эмнэлэгт хүргэж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх 25 тал/,
Гэрч Г.Агийн өгсөн: 2021 оны 04 сарын 30-ны өглөөний 07 цаг өнгөрч байхад манай хүүхэд болох А нь гэртээ цус нь гоожсон орж ирсэн. Орж ирээд А надад Цэвэлээ цус нь гоожоод болохоо байлаа орооч ээж гэж хэлэхээр нь би хажуу талын айл болох Цэвлээгийнд орсон. Цэвэлээ гэдэг нь манай хажуу хөрш айл байгаа юм. Тухайн шөнө манай хүү А нь Цэвлээгийнд хоносон юм шиг байсан. Тэгээд би Цэвлээгийн гэрт орох гэж явтал гэрээс нь Цгийн нөхөр болох Б нь гарж ирсэн. Б нь гарж ирээд муу пиздаг ах эгчид нь очиж хэлнэ гээд машинаа унаад яваад өгсөн юм. Тухайн үед би Бын ардаас нь чи цусыг нь гоожуулж хаячхаад ядаж чи түргэн дуудах сэтгэл алга уу гэж орилоод үлдсэн. Тэгээд би Цгийн гэрт нь ороход Ц цустайгаа холилдсон толгойноос нь цус гоожоод байж байсан. Тэгэхээр нь би толгой дээр нь ус асгаад угааж өгөхөд цус нь тогтохгүй байсан. Тэгээд бүүр болохгүй болохоор нь гар нүүрийн алчуураар толгойг нь дараад 103, цагдаа дуудсан. Тэгээд манай нөхөр Эрдэнэ-Уул бид хоёр Ц, А хоёрыг 103-т хүргэж өгсөн. Тэгээд 103-д очоод Ц нь 1 оёдол тавиулсан. Харин А нь 3 газар оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх 27-28 тал/
Шүүгдэгч Д.Бын гэрчээр өгсөн: “...2021 оны 04 сарын 30-нд өглөө 06 цагийн үед Арбулагт суманд байх хөдөө гэрээсээ Мөрөн сум руу орж ирсэн. Орж ирээд шууд би Мөрөнд байдаг гэр болох хөх толгойн 13-2 тоотод байх гэртээ очсон. Тэгээд би гэртээ очоод байшингийнхаа хаалгыг татахад түгжээтэй байсан. Хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь би цонхоо тогшсон. Тэгэхэд манай эхнэр Ц нь сэрээд цонхоо онгойлгож өсгөн. Манай цонх том онгойдог юм. Ц нь цонхоо онгойлгоод өгөхөөр нь би цонхоороо гэртээ орсон. Тухайн үед би цонх тогших гэж байхдаа цонхоороо харж байхад Ц нь Х гэх хүнтэй өвөртөлсөн унтаж байсан. Х гэдэг нь манай хамар хашааны залуу байгаа юм. Намайг гэрт ороход орны урт нэг том пиво орны урд тавьсан талын уусан байсан. Тэгээд би тухайн үед уур хүрээд орны урд байсан шар өнгийн модон сандлыг аваад Хг 2 удаа толгой хэсэг рүү цохисон. Үүний дараа би Цг толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би уурласандаа гэрээсээ гараад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг / хх 29 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 сарын 06-ны өдрийн 206 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Э.Аийн биед баруун талын зулай ясанд цөмөрсөн хугарал, баруун талын дагз ясны зөрөөгүй хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт хамар ясны хугарал, таславчын муруйлт, дух дагзны хэсгийн хуйханд шарх, хамрын нуруунд зулгаралт, нуруу баруун дээд зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Э.Аийн биед үүссэн гавал тархины гэмтэл нь гэмтэл тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархи доргилт, хамар ясны хугарал, таславчын муруйлт, дух дагзны хэсгийн хуйханд шарх бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хэсгийн зулгаралт, цус хуралт нь гэмтлийн тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх 33-34 тал/,
Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Ат гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэгтээ би хэргийн талаар тодорхой ярьсан байгаа учир нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 48 тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Аийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон бөгөөд хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх ба энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Бын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Б нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд түүнийг цохих явцад бие, эрхтэнийг гэмтээж хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Быг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хөх толгойн 13-2 тоотод Б.Цг бусадтай хардсаны улмаас Э.Аийн бие эрх чөлөөнд халдаж, Э.Аийн биед баруун талын зулай ясанд цөмөрсөн хугарал, баруун талын дагз ясны зөрөөгүй хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт хамар ясны хугарал, таславчын муруйлт, дух дагзны хэсгийн хуйханд шарх, хамрын нуруунд зулгаралт, нуруу баруун дээд зовхинд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба түүний эмчилгээ, оношилгоо болон ажилгүй байсан үеийн цалинг мөрдөн шалгах ажиллагааны шатанд 6.000.000 төгрөгийг нэхэмжлэл гаргасан байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан боловч хохирогч Э.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн “Хүслэн” автозасварын газрын газрын тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл “Хүслэн” автозасварын газрын тодорхойлолтоор нэг өдрийн орлого тодорхойгүй, уг өдрийн орлогыг давхар нотлох баримт буюу банкны дансны хуулга болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт хавсаргагдаагүй, түүнчлэн хохирогч Э.Аийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр хэрэгт авагдаагүй байна.
Хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотойгоор цалин хөлс, орлогогүй болсон бол хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нэхэмжлэх эрхтэй тул хохирогч цаашид гарах эмчигээний зардал болон хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийддвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдаанаас өмнө 2.600.000 төгрөгийг төлснөөр хохирогчид учирсан хохирлыг төлсөн байх ба, цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн хэмжээгээр төлөхөө шүүхэд ирлэрхийлсэн болно.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 53-59, 63-67 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоол, иргэний үнэмлэхний лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багийн засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Б нь ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багт амьдардаг, өрх толгойлсон эцэг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хор уршиг шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн хэмжээгээр төлөхөө илэрхийлсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улсын их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг заасан бөгөөд энэ зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна.
Шүүгдэгч Д.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа ба энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл/, ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” хэмээн заажээ.
Иймд шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялаас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Дын Быг "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дын Быг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хассугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн мөрдөн сандлыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Ханбүргэдэд даалгасугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Б нь гэм хорын хохиролд 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Эрдэнэ-Уулын А /РД: РФ88052976/ нь шүүхийн хэлэлцээгүй орхисон иргэний нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН