Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0057/З |
Дугаар | 390 |
Огноо | 2019-06-19 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 390
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, гэрч Э.С нарыг оролцуулан “Ж.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.О.А.Ж.С холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: “Ж.Э” ХХК
Хариуцагч: Б.О.А.Ж.С
Нэхэмжлэлийн шаардлага: “Б.О.А.Ж.Сын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дүгээр тушаалыг хүчингүй болгох, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох.”
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ж.Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ “Ж.Э" ХХК нь Байгаль орчны сайдын 2002 оны 182 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн амд нийт 2,0 га талбайг “Аялал жуулчлалын төв” байгуулах зориулалтаар 5 жил ашиглах 1/78 тоот гэрчилгээг авсан.
Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 тоот тушаалаар манай компанийн ашиглаж буй 2,0 га газрын 1,2 га газрыг хэсэгчлэн цуцалсан нь хуульд заасан журмын дагуу газрыг зориулалтын дагуу ашиглаж, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан манай компанийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн тул Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь маргаан бүхий захиргааны хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Шүүхээс тогтоосон 6 сарын хугацааг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 05/7522 дугаартай албан бичиг ирүүлж, Б.О.А.Ж.Сын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 тоот тушаал гаргасан байх бөгөөд тус тушаалаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын “Ж.Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон атлаа дахин манай 1/78 тоот гэрчилгээнд авагдсан 2,0 га газрын 1,2 га газрын ашиглах эрхийг гэрчилгээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр хэсэгчлэн дуусгавар болгосон байна.
Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “иргэн, хуулийн этгээд гомдлыг захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад гаргана", 93.2 дэх хэсэгт “энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргана” гэж заасны дагуу уг тушаалыг гаргасан байгууллага болох Б.О.А.Ж.С уг тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч Б.О.А.Ж.Сын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/8934 тоот албан бичгээр “гомдлыг хүлээж авах боломжгүй” гэсэн хариу өгсөн.
Иймд Б.О.А.Ж.Сын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 тоот тушаал нь дараах үндэслэлүүдээр хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.
Нэг. Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг газрын хувьд хэсэгчлэн дуусгавар болгосон нь хууль бус болох тухай.
“Ж.Э” ХХК нь 2004 оны 07 дугаар сарын 26-ны 1/78 тоот “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ”-ний үндсэн дээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулсын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн ам нэртэй газар 2,0 га талбай бүхий газрыг ашиглахаар болсон нь “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурван талт гэрээ” болон 2,0 га газрын байрлал, хилийн зааг болон газрын төлбөр төлж байсан баримтуудаар тодорхойлогддог.
Гэтэл Б.О.А.Ж.Сын А/401 тоот тушаал нь 2,0 га газар ашиглах эрхтэй гэрчилгээний 1,2 га-д холбогдох хэсгийн гэрчилгээний хугацааг хэсэгчлэн дуусгавар болгож байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэсэн заалтыг зөрчиж байна. Үүнээс үндэслэн А/401 тоот тушаал нь “Ж.Э ХХК-ийн 1,2 га талбайн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг дуусгавар болгосон гэж үзвэл үлдсэн 0,8 га газар нь 1/78 тоот гэрчилгээгээр хүчинтэй хэвээр гэж үзэх үндэслэлийг бүрдүүлээд байна.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах", 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор ... газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана" гэсэн заалтуудыг үндэслэвэл газрын гэрчилгээг сунгах, дуусгавар болгох нь газрын эрхийн гэрчилгээний хувьд бүхэлд нь яригдахаас бус 1,2 га газар гэх зэргээр хэсэгчлэн яригдах боломжгүй байдаг. Гэтэл А/401 тоот тушаал нь 2,0 га газрын “1,2 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгосугай” хэмээсэн нь дээрх хуулийн заалтуудтай зөрчилдөж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 1,2 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй" гэсэн заалтыг үндэслэсэн байна. Үүнээс үзвэл 1/78 тоот гэрчилгээнд байх 2,0 га газрын 0,8 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулж байсан нөхцөл байдал бий болж байгаа бөгөөд 1 газар эзэмших эрхийн гэрчилгээн дэх газрын тодорхой хэсгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулсан, нөгөө хэсгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулаагүй байна гэж үзэж байгаа нь тус А/401 тоот захиргааны актыг үндэслэлгүй гаргасан гэх нөхцөл байдлыг бүрдүүлээд байна. Хэрэв 2,0 га газрын 0,8 га газарт халдах хууль зүйн үндэслэл байгаагүй юм бол 1,2 га газарт хамаарах хэсэгт халдах хуульд заасан үндэслэл байгаа эсэхийг тайлбарлах шаардлагатай байна.
Б.О.А.Ж.Сын А/401 тоот тушаал нь “Ж.Э” ХХК-ийн ашиглалтад байх 2,0 га газрын 1,2 га газрын хувьд хамаарч байх боловч эрхийн гэрчилгээ нь дуусгавар болгосон гэх 1,2 га газар нь 2,0 газрын аль хэсэгт хамаарч байгаа талаар газрын байрлал, хилийн зааг зэргээр мэдэх эрхийг хангаж өгөөгүй бөгөөд тушаалыг хэрэгжүүлэхдээ 2,0 га газрын аль хэсэгт хамаарах 1,2 га газар гэж ойлгож актыг хэрэгжүүлэх эсэх зэрэг тушаалыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй үндэслэлийг үүсгээд байна.
Хоёр. Шүүхийн шийдвэрийн анхаарах шаардлагатай асуудлуудыг үл хайхарч тушаал гаргасан талаар.
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд тодорхой асуудлуудыг хариуцагч тал болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам анхаарах шаардлагатай хэмээн үндэслэх хэсэгтээ тодорхойлсон. Үүнд “Ж.Э” ХХК-ийн ашиглах эрх бүхий 2,0 га газрын аль хэсгийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж ямар шалтгааны улмаар буруутгаж 1,2 га талбай бүхий газрын эрхийг хэсэгчлэн цуцалсан нь ойлгомжгүй” хэмээн шүүх тодорхойлсон байдаг. Гэтэл А/401 тоот тушаал нь яг адил байдлаар буюу 2,0 га газрын 1,2 га газрын аль хэсгийн гэрчилгээний хугацааг сунгаагүй гэж буруутгаж 1,2 га талбай бүхий газрын эрхийг хэсэгчлэн дуусгавар болгосон нь ойлгомжгүй байна. Үүнийг үндэслэвэл Б.О.А.Ж.Сын А/401 тоот тушаал нь өмнөх захиргааны актын алдааг засах бус давтах аргаар гаргасан мөн шүүхийн шийдвэрийн анхаарах шаардлагатай асуудлыг анхааралгүй гаргасан гэж үзэх үндэстэй байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шийдвэрийн үндэслэл болсон 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалт нь (шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх) захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх, алдааг нь өөрөөр нь зөвтгүүлэх агуулга бүхий зохицуулалт бөгөөд энэ зохицуулалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ашиглаж алдаагаа залруулаагүй нь шүүхийн хууль ёсны шийдвэрийг үл биелүүлсэн байна гэх үндэслэлийг тогтоож байна.” гэжээ.
Нэхэмжлэгч “Ж.Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.О.А.Ж.С энэхүү тушаалыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”, 39.2-т “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.4-т “байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.3-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Энэ хуулийн 9.10-т зааснаас бусад төрлийн төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тус сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг жил бүр тайлагнана.” гэж заасныг болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0265 дугаартай шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1397 тоот санал зэргийг үндэслэсэн.
Шүүхээс 6 сарын хугацаанд шинээр захиргааны акт гаргахыг яаманд даалгасан байдаг. Мөн хамгаалалтын захиргааны албан бичигт нэхэмжлэгчийг газрын төлбөрийг Хан-Уул дүүргийн газрын албанд төлж байгаагүй, газар ашиглах эрхийг зөвшөөрөлгүй дур мэдэн “С к” ХХК-д шилжүүлж барилга барьсан зэрэг зөрчлүүдийг дурдсан байдаг.
Иймд хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж байсан зөрчлүүд болон шүүхийн шийдвэрийг үндэслэн газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхээр хянагдаж буй “Ж.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь Байгаль орчны сайдын 2002 оны 182 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан Уулын дархан цаазат газар нутаг, нүхтийн ам гэх нэртэй газар 2 га талбайг ашиглах эрхийг анх олж авсан гэх боловч хэрэгт цугларсан баримтаас үзвэл 2004 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын байгаль орчны яам Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 1\78 дугаар гэрчилгээг авч, мөн оны 06 дугаар сарын 25-ны өдөр 115 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 043 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар “...Гурвалсан гэрээний хугацаа дуусаж байгаа тул зохих журмын дагуу гэрээг сунгаж бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү...” гэх хүсэлтийг гаргасныг Тусгай хамгаалалттай нутгийн удирдах газрын 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийн дагуу гэрээг сунгаж, 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2009/1-78 тоот Газар ашиглах гэрээг мөн 5 жилийн хугацаатай байгуулсан байна. Гэрээний 8 дугаар зүйлийн б-д заасны дагуу газар ашиглах эрхийн хугацаа 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон байна.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах үүрэгтэй. Гэтэл “Ж.Э” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хорооны нутаг Богдхан Уулын дархан цаазат газар Нүхтийн аманд 2,0 газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй болох нь тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0265 шийдвэрээр тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь газар ашиглаж байх хугацаандаа Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиуд болон Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга нартай байгуулсан газар ашиглах гэрээгээ удаа дараа зөрчиж байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
А. Газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй
Газар эзэмших, ашиглах эрх бүхий иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 37 дугаар зүйлийн 37.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2, Газар ашиглах гэрээний нэг дэх хэсгийн 7-д тус тус заасны дагуу газрын төлбөрийг Хан-Уул дүүргийн газрын албанд улирал бүр тэнцүү хэмжээгээр төлөх үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно.
Нэхэмжлэгчийн гаргасан энэхүү үйлдэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газар ашиглах эрхийг цуцлах хангалттай үндэслэл бүрдсэн болохыг дурдах нь зүйтэй.
Нэгэнт нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан хугацаанд газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргаагүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг дуусгавар болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Газар эзэмших, ашиглах эрх бүхий иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 38 дугаар зүйлийн 2, 39 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус зөрчиж аялал жуучлалын зориулалтаар ашиглалгүйгээр Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К С түүний компани болох “С к” ХХК-д Монгол Улсынхаа газрыг дур мэдэн ашиглуулж байсныг дурдах хэрэгтэй.
Хариуцагч нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0265 шийдвэрт заасан хугацаанд шинээр захиргааны акт гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нэхэмжлэгч болон миний үйлчлүүлэгч “Б” ХХК-д сонсгох ажиллагааг явуулж холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дугаар тушаалыг гаргасан байна.
Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Б.О.А.Ж.Сын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дугаар актыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ж.Э” ХХК-иас “Б.О.А.Ж.Сын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дүгээр тушаалыг хүчингүй болгох, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Маргаан бүхий Б.О.А.Ж.Сын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дүгээр тушаалаар холбогдох хуулийн заалт, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 265 дугаар шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1397 тоот санал зэргийг тус тус үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын “Ж.Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 1,2 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгосон байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 265 дугаар шийдвэрээр “... Ж-Э ХХК-ийн ашиглах эрх бүхий 2,0 га газрын аль хэсгийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж ямар шалтгааны улмаас буруутгаж 1,2 га талбай бүхий газрын эрхийг хэсэгчлэн цуцалсан нь ойлгомжгүй ...” гэж тодорхойлсон байхад хариуцагчаас дахин маргаан бүхий А/401 тоот тушаалыг гаргахдаа яг адил байдлаар буюу 2,0 га газрын 1,2 га газрын аль хэсгийн гэрчилгээний хугацааг сунгаагүй гэж буруутгаж 1,2 га талбай бүхий газрын эрхийг хэсэгчлэн дуусгавар болгосон нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Ж.Э” ХХК нь 2004 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 115 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, 2004 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчны яамнаас Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 1/78 дугаар гэрчилгээг авсан. Улмаар Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт тус гурвалсан гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасныг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр гэрээг 5 жилээр байгуулснаар гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж талууд маргадаггүй, нэгэнт уг гэрээний хугацааг сунгаж, дахин гэрээ байгуулж баталгаажуулаагүй байхад чухам ямар хууль зүйн үндэслэлээр үлдэх 1,2 га газрыг ашиглах эрхтэй хэвээр үлдээсэн нь ойлгомжгүй хэвээр буюу хариуцагч дахин шинэ акт гаргахдаа дээрх шүүхийн 2018 оны 265 дугаар шийдвэрт заагдсан ажиллагааг хийлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл бий болгоод зогсохгүй шүүхийн шийдвэр зохих ёсоор биелэгдээгүй байна.
Хэрэгт авагдсан баримт болон шүүхийн өмнөх 265 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчээс гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад хуульд заасан хугацаанд гаргаагүй болох нь “Ж.Э” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 тоот албан бичгээр хугацаа сунгуулах хүсэлтийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлснээр, хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 10/7596 тоот албан бичигт ...2009/1-78 тоот гэрээ сунгагдаагүй гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Хэдийгээр нэхэмжлэгч хуулийн хугацаанд гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ гаргаагүй шалтгааныг Богдхан уулын дархан цаазат газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот Зөрчил арилгах тухай албан шаардлага, шийтгэврийн хуудас бичигдсэн үйл баримттай холбон тайлбарлах боловч тус албан шаардлагын дагуу нэхэмжлэгч зөрчил дутагдлаа арилгаж, ногдуулсан торгуулийг 15 хоногийн дотор төлж, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор хариу ирүүлэх ёстой байсан нь газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас 5 сарын өмнөх үйл баримт байх тул үүнийг гэрээний хугацааг сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй.
Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”, Газар ашиглах 2004 оны 115, 2009 оны 2009/1-78 тоот гэрээнүүдийн нэг дэх хэсгийн 6-д газрын төлбөр бүгд 5280000.0 төгрөг, 7-д улирал бүр тэнцүү хэмжээгээр улиралд 1320000.0 төгрөг төлнө гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийг нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Газрын албанд 2004 оноос хойш улирал бүр тэнцүү хэмжээгээр төлөх үүрэгтэй.
Шүүхээс нэхэмжлэгч компани нь маргаан бүхий газрын төлбөрийг хэзээ, хэрхэн төлсөн талаар тодруулахаар Хан-Уул дүүргийн Газрын албанд үзлэг хийж, үүнтэй холбоотой албан ёсны тайлбарыг эцсийн байдлаар шаардсан ч Хан-Уул дүүргийн Газрын албаны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 16/2286 тоот албан бичгээр ирүүлсэн баримтаар нэхэмжлэгчийн маргаан бүхий газрын төлбөрийг бүрэн төлсөн эсэх нь тогтоогдохгүй байна.
Хариуцагч шүүхийн өмнөх 265 дугаар шийдвэрт заасны дагуу Хан-Уул дүүргийн Газрын албаны тодорхойлолтод дурдагдсан төлбөр нь “Ж.Э” ХХК-ийн ашиглах эрх бүхий 2,0 га газрын төлбөр мөн эсэх, чухам ямар гэрээний дагуу эзэмшдэг аль газрын төлбөрийг хэн, хэзээ, хэрхэн төлсөн талаар бүрэн тодруулаагүй, энэ талаарх нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь ойлгомжгүй, газар ашиглах эрх бүхий 2,0 га газрыг бүхэлд нь зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн хирнээ чухам аль хэсгийн 1,2 га газрын газар ашиглах эрхийг чухам ямар хууль зүйн үүднээс цуцалсан нь тодорхойгүй, /шүүхийн газрын үзлэгийн үеэр талууд газрын байршлыг ойролцоогоор заасан/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад “кадастрын зурган дээр цуцлагдсан хэсэг нь шараар харагдаж байгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаан дээр очиж гэрээ, гэрчилгээгээ хураалгаад шинэ гэрчилгээгээ бичүүлж авах ёстой” гэж тайлбарлах хэдий ч үүгээр маргааныг бүрэн шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй юм.
Товчхон дүгнэвэл, нэхэмжлэгчээс маргаан бүхий 2 га газар дээр аливаа байдлаар зөрчил гаргасан, түүнийг залруулж, торгуулиа төлсөн, улсын байцаагчийн акттай холбоотойгоор газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй, 2012 оноос хойш газрын төлбөрийг төлөөгүй, маргаан бүхий 401 дүгээр тушаалыг гаргахаас өмнө хариуцагч байгууллагад хандаж аливаа тайлбар гаргах эрх нь нээлттэй байхад тайлбараа гаргаж өгөөгүй зэрэг үйл баримтыг үгүйсгэж мэтгэлцээгүй, мөн хариуцагчаас газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэх асуудал 2 га газрын талбайд бүхэлд нь хамаарна, гэвч тодорхой талбайд барилга барьсан тул хүн чанарын үүднээс газар ашиглах эрхийг цуцлалгүй үлдээсэн гэж тайлбарлаж байгаа нь захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд үнэлэлт өгснөөр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна. Тодруулбал, хариуцагч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын бичгийн болон шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбар, маргааны бодит нөхцөл байдал зэргийг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасны дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Б.О.А.Ж.Сын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дүгээр тушаал, мөн хариуцагчийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг 2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, тус хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тооцохоор шийдвэрлэв.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд газар ашиглуулах тухай шийдвэрийг хэрхэн гаргахыг тусгайлан зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 1 дэх заалтад “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасныг анхаарах нь зүйтэй.
Түүнчлэн тус шүүхийн шийдвэрийн дагуу захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл зөрчигдөж болзошгүй аливаа шийдвэр гаргахаас өмнө нөхцөл байдлыг нарийвчлан судалж, тодорхой баримтуудын хүрээнд үнэлэлт өгч, хууль зүйн үндэслэлтэй, бодит байдалд хэрэгжих боломжтой байдлаар маргааныг нэг мөр шийдвэрлэх замаар дахин шинэ акт гаргасныг шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэхийг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус үндэслэл болгон ТОГТООХ НЬ:
1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.О.А.Ж.Саас хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах, дахин шинэ акт гаргах хүртэл Б.О.А.Ж.Сын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дүгээр тушаал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тус хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тооцсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинэ акт гаргаагүй бол Б.О.А.Ж.Сын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дүгээр тушаал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.Д