Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам,

улсын яллагч Б.Тогтох,

хохирогч Н.Батбаяр,

шүүгдэгч Л.Бямбарагчаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Лхагвасүрэнгийн Бямбарагчаад холбогдох 2016 0108 0248 дугаартай эрүүгийн хэргийг 2016  оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, Алтгана 3 дугаар гудамж 01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ШЖ84060211 дугаартай, Боржигин овогт Лхагвасүрэнгийн Бямбарагчаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчим Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Батбаяртай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж хүзүү тус газар нь өшиглөсний улмаас түүний бие махбодид хүндэвтэр зэргийн бамбай мөгөөрсийн хугарал, хамар ясны хугарал гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Бямбарагчаа нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Алтгана 3 дугаар гудамж, 01 тоот өөрийн гэртээ Н.Батбаярын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа эхнэр Х.Долгорсүрэнтэй архи уулаа гэх шалтгаанаар маргалдан “ах хүүхэд хоёроо аваад яв” гэж гэрээсээ хөөж, тэднийг Өндөртолгой орчим алхаж явахад нь араас нь гүйцэн очиж Н.Батбаярыг заамдан газар унаган толгой, хоолой тус газар нь хөлөөрөө өшиглөж бамбай мөгөөрсийн хугарал, хамар ясны хугарал зэрэг гэмтлийг үүсгэн бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Л.Бямбарагчаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй.” гэх, 

Хохирогч Н.Батбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 05 сарын 23-ны өдөр Багахангайд ажил хийх гэж Л.Бямбарагчаагийн гэрт нь очсон. Тэр өдрийн орой нь би Боргио пиво авч талыг нь ганцаараа уугаад унтсан. Өглөө нь Л.Бямбарагчаа бид 2 үлдсэн пивоо хувааж уусан. Тэгсэн Л.Бямбарагчаа дэлгүүр орж Ерөөл нэртэй 0,75 литрийн архи авчирч хувааж уусан. Нэг мэдэхэд бид 2 барилцаж авсан байсан. Гэхдээ яг юу болсныг санахгүй байна. Л.Бямбарагчаа миний хоолой руу өшиглөсөн.” гэх,

Шүүгдэгч Л.Бямбарагчаагийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Би 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байтал манай эхнэр Х.Долгорсүрэнгийн төрсөн ах Улаанбаатар хотоос ганцаараа ирсэн. Манайд ирээд надад “манай эхнэр Тунгалаг амьгүй хүүхэд тээж байгаа мөнгөний хэрэг байна, туслаач надад ажил олдохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би хадам ахдаа хэлсэн “манай энд алт гарч байгаа газар цагдаа нар ирээд хүн оруулахгүй байгаа хэд хоногоос албан ёсны зөвшөөрөл гарна. Тэр болтол манай эгчийн байшинд хоёулаа тоосго өрнө” гэж хэлсэн. Тэгээд манай гэрт 2016 оны 5 дугаар сарын 23-ны оройноо хоноод 2016 оны 5 дугаар сарын 24-ний орой Н.Батбаяр өөрөө мөнгө гаргаад манай эхнэр Х.Долгорсүрэнг дэлгүүр явуулж 2,5 литрийн хэмжээтэй бор савтай “Боргио” нэртэй пиво авч ирж өөрөө ганцаараа талд ортол уугаад унтсан. Намайг “уу” гээд байхаар нь би уугаагүй. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 25-ны өглөө тэр урьд шөнө үлдээсэн тал пивыг би Батбаяр ахтай хувааж уусан. Тэгээд хадам ахдаа яаж хоосон байх вэ гээд би өөрөө дэлгүүр явж 0,75 литрийн хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи аваад өөрийн гэртээ хадам ах Батбаярынх хамт хувааж уугаад дахин 0,5 литрийн хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи аваад хувааж уусан. Тэгээд ухаан санаа тасарсан. Тэгээд юунаас болж хэрүүл маргаан үүссэн, хэнтэй хаана маргалдсанаа санахгүй байна. Маргааш өглөө нь батбаяр ахын эхнэр Тунгалаг нь миний 80996252 дугаарын утса руу залгаад “чи Батбаяр ахыгаа өшиглөсөн байна шүү дээ” гэж хэлсэн. Би өөрөө юу болсон талаар санахгүй байгаа. ...Надад сонсгож байгаа ял болон хүний бие махбодид гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 38-43 дугаар тал/

Хохирогч Н.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Багахангай дүүрэгт өөрийн дүү Долгорсүрэнгийн гэрт ирсэн юм. Энд барилгын ажил байна гэхээр нь хэдэн төгрөг олчих санаатай ирсэн. Тэгээд 2016 оны 5 дугаар сарын 24-ний орой би дэлгүүрээс 2,5 литрийн хэмжээтэй “Боргио” нэртэй пиво хүргэн Бямбарагчаадаа авч өгсөн. Тэгсэн манай хүргэн гараа түлсэн байсан учир уугаагүй би талыг нь уугаад үлдсэн пивыг маргааш ууна гээд орхисон байсан. Тэгээд маргааш өглөө нь ажилтай гадуур явж байгаад 12 цагийн үед хүргэн Бямбарагчаагийн гэрт ирээд үлдсэн пивог Бямбарагчаагийн хамт хувааж уусан. Тэгээд тэрийгээ ууж дуусгаад Бямбарагчаа ахдаа гээд надад нэг 0,75 литрийн хэмжээтэй “Улаанбаатар” нэртэй архи авч өгсөн. Тэр архиа Бямбарагчаа бид хоёр хувааж уугаад дахин 0,5 литрийн хэмжээтэй “Улаанбаатар” нэртэй архи аваад хувааж уусан. Бид хоёр их согтуу байсан. Тэгж байтал Бямбарагчаа өөрийн эхнэр болох миний төрсөн дүү Долгорсүрэнтэй архи уулаа гэх шалтгаанаар маргалдаад эхэлсэн. Тэгээд Бямбарагчаа Долгорсүрэнд хандаж “чи тэгвэл ах хүүхэд хоёроо аваад яв” гээд Долгорсүрэнг гэрээсээ хөөгөөд эхэлсэн. Тэр үед би дүүгээ дагуулаад “хөөгдөн хөөгдөн энд байх ямар шаардлагатай юм явъя” гээд төрсөн дүүгээ хүүхэдтэй нь хамт аваад явсан. Тэгээд тэдний гэрээс алхаад Өндөртолгойн харалдаа явж байтал араас Бямбарагчаа ирсэн. Тэгээд бууж ирээд эхнэртэйгээ хэрэлдээд нүүр рүү нь 2, 3 удаа алгадаад авсан. Эхнэр нь газар унах үед би татаж босгох гээд тонгойж авах гэтэл Бямбарагчаа намайг заамдаж, аваад газар унагасан. Тэгээд л намайг газар хэвтэж байхад хажуунаас толгой тус газар нэг удаа өшиглөсөн. Тэр үед миний хоолой шууд таг амьсгалах үед хэцүү сөөгөөд эхэлсэн. Тэгээд цустай бөөлжиж эхэлсэн. Тэр үед манай дүү Долгорсүрэн цагдаа дуудсан. Тэгээд би дүүргийн эмнэлэгт үзүүлээд шууд хот явж дахин эмнэлэгт үзүүлж гэмтлийн эмнэлэг дээр нэг хоносон. Тэгээд 3 дугаар эмнэлэгт 10 хоног эмчлүүлсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 16 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №7607 дугаар:

  1. Батбаярын биед бамбай мөгөөрсийн хугарал, хамар ясны хугарал биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна." гэх дүгнэлт,

/хх-ийн 25 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 44 дүгээр тал/

Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт,

/хх-ийн 45 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Л.Бямбарагчаад Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Бямбарагчаа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Батбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт  “...Эмчилгээний зардалд 500,000 төгрөг төлсөн. Гомдол саналгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Бямбарагчаа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-44/ тогтоогдсон болно.

Шүүгдэгч Л.Бямбарагчаад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Лхагвасүрэнгийн Бямбарагчааг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Л.Бямбарагчаад 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг ялтан Л.Бямбарагчаад мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Бямбарагчаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЧИНЗОРИГ