Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1650

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Энхбулган, А.Энхнаран, Г.Удвал, И.Галбаатар нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01378 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Энхбулган, А.Энхнаран, Г.Удвал, И.Галбаатар нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Байгаль эх лицей ахлах сургууль, экологийн боловсролын төв нарт холбогдох,

Монгол Улсын Их сургуулийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн захирлын №А/58 дугаар тушаал, аттестатчиллын түр журам, аттестатчиллын дүн зэргийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Энхбулган, Г.Удвал, И.Ганбаатар,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Мөнхтуяа, Э.Гэрэл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, Ц.Батцэцэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Баасан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид МУИС-ийн харьяа тус сургуульд 2007 оноос 2011 онд ажилд орцгоосон, Англи хэл, Нийгмийн ухаан, Монгол хэлний багшийн албан тушаал хашдаг. Манай сургуульд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 04 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд МУИС-ийн захирлын А58 тушаалыг үндэслэн Байгаль эх лицей сургуулийн удирдах зөвлөлийн даргын баталсан түр журмаар багш нарт аттестатчилал явуулж 6 дугаар сарын 10-нд дүнг танилцуулсан. Дүнгээс үзэхэд аттестатчилал бодитой биш, шударга бус явагдсан тул аттестатчиллыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна.

Үүнд: Бидний ажиллаж буй сургууль Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр МУИС-ийн дэргэд байгуулагдсан тусдаа тамга тэмдэг бүхий байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай төрийн өмчийн Ерөнхий боговсролын сургууль юм. Багш нарын мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг, цол авах ажлыг Нийслэлийн боловсролын газар хариуцаж ирсэн. А/58 дугаар тушаал, түүний хавсралтаар баталсан комиссын гишүүдэд болон аттестатчиллын дүн үнэлгээнд тодорхой албан тушаалтнууд нөлөөлсөн, улмаар шударга багш нарыг хоморголон унагасан баримт байгаа нь хүчингүй болгох үндэслэл болно.

МУИС-ийн дотоод журамд заагдсан аттестатчиллын талаархи заалтуудыг үндэслэл болгосон ч эрх бүхий этгээд аттестатчиллын түр журам баталж гаргаагүй. Аттестатчиллын ажлын хэсэг нь багш нарын ажлыг шалгах материалын жагсаалт гаргаж өгсөн хэрнээ түүний дагуу шалгаж үнэлээгүй, багш бүрийг харилцан адилгүй шалгуураар өөр өөр хэлбэрээр, ялгаатай шаардлага тавьж үнэлж, дүгнэсэн ба ил тод, шударга байдлыг хангаж ажиллаагүй, удирдлагын буруу ташаа мэдээлэл, хуурамч, хууль бус бичгүүд үндэслэн дүгнэлт гаргасан. Удирдлагуудын үнэлгээ илт шударга бус, багшийн мэргэжлийн хувьд шууд үнэлгээ өгөх эрх, үүрэггүй этгээдүүд оролцсон, судалгаанд нэг этгээд олон удаа оролцож үнэлсэн.

Дээрхээс гадна аттестатчиллын асуулга, явц дүгнэсэн байдлаас үзэхэд мэргэжлийн шалгалтад бүх багш ижил түвшний үнэлгээтэй байхад манай удирдлага “Багшийн ажлын хариуцлага, ёс зүй”-г үнэлж дүгнэхдээ бодлого үйл ажиллагаанд зарчмын асуудал ярьж, болохгүй нь засаж залруулан хамтран ажиллахыг хичээдэг, санал бодлоо илэрхийлдэг багш нараа ялгаварлан гадуурхсан байдлаар хандаж дүнг эрс ялгаатай болгосон. Үүнд захирал Ч.Батцэцэг сонирхлын зөрчилт байдлаар эрх мэдэл албан тушаал, танил талын хүрээгээ ашиглан шууд ба шууд бусаар нөлөөлсөн байж болзошгүй нөхцлийг бүрдүүлсэн. Мөн аттестатчиллын комиссын нарийн бичгийн дарга Т.Амартунгалаг тушаал гарч батлагдаагүй сахилгын шийтгэлийг оногдуулж байгаа тухай бидэнд мэдэгдэж байгаа нь ёс зүйгүй, хэт яарч, дарамталсан үйлдэл хэмээн үзэж байна.

Нэхэмжпэгч нар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 27-нд нэхэмжлэл гаргасан боловч шийдэгдэхгүй байсаар 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээж авах боломжгүй гэх захирамж гардуулсан. Иймд Иргэний хэргийн шүүхэд хугацаа алдан нэхэмжлэл гаргасан тул МУИС-ийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн захирлын A/58-p дугаартай тушаал, түүнд уламжлан гаргасан аттестатчиллын түр журам, аттестатчиллын дүн зэргийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол Улсын Их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

1. МУИС нь Байгаль эх лицей ахлах сургуулийн сургалтын бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авсаар ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд энэ ажлын хүрээнд МУИС-ийн Захирлын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/47 дугаар тушаал, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/106 дугаар тушаал, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/58 дугаар тушаалууд батлагдан мөрдөгдөж ирсэн. МУИС-ийн Захирлын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/106 дугаар Байгаль эх лицей ахлах сургуулийн талаар авах арга хэмжээг Ч.Батцэцэг, сургалтын албаны дарга Ч.Ундрам нарт үүрэг болгосон ба эдгээрээс ... БЭЛАС-ийн багш нарыг аттестатчлах ажлыг зохион байгуулах, багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхэд МУИС-ийн багш профессоруудыг татан оролцуулах үүрэг өгсөн байдаг. Энэ тушаалын залгамжаар МУИС-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/58 дугаар тушаал гарч Байгаль эх лицей ахлах сургуулийг үндэсний хэмжээний шилдэг ахлах сургууль болгон хөгжүүлэх ажлын хүрээнд тус сургуулийн багш нар тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгааг тогтоож, мэргэжлийн онол арга зүйн мэдлэг, ур чадварын түвшинд шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт гаргах” зорилготой хийгдсэн болно.

Байгаль эх лицей ахлах сургуулийн багш нарын ажлыг үнэлэх, ажлын байранд тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгааг дүгнэх асуудал нь 2015 оноос хойш үүсгэн байгуулагчийн удирдлагын түвшинд шийдвэрлэгдсэн залгамж чанартай ажиллагаа юм.

2. Ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хуулиар олгосон эрхийн хүрээнд дүгнэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй” гэж заасан.

МУИС-ийн дэргэдэх Байгаль эх лицей ахлах сургуулийн багш нарын ажлыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны Журам батлах тухай А/293 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журамд заасны дагуу үнэлдэг. Уг журмын “1.3. Багшийн ажлыг үнэлэх үнэлгээ нь түүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажлыг үнэлэх, хөдөлмөрийн гэрээний биелэлтийг тооцох, мөн улирлын ажлын үр дүнгийн урамшил, ур чадварын нэмэгдлийг тооцон олгох үндэслэл болно” гэж заасан. Тус сургуулийн багшийн ажлыг энэ журмын шалгуур үзүүлэлтүүдээр улирал бүр үнэлж, гүйцэтгэлийн дүнгээр cap бүр ур чадварын нэмэгдэл /30 хувь/, улирлын мөнгөн урамшуулал /45 хувь/ олгодог.

Харин аттестатчлал нь дээрх журмын заалтын дагуу багш нарын ажлын байранд тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгааг тогтоож мэргэжлийн арга зүйн мэдлэг, ур чадварын түвшинд шинжилгээ үнэлгээ хийхэд чиглэгдсэн юм. Хөдөлмөрийн гэрээний 2.2.2-т заасан “ажилтны ажил үүргийн гүйцэтгэл, үр дүн, явц, чанар, хөдөлмөрийн болон сахилга хариуцлагын байдалд хяналт тавьж, үнэлэлт өгч, шагнаж урамшуулах, ... арга хэмжээ авах” эрхийн дагуу ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан багшийн ёс зүйг сахих, суралцагчдын шинэ мэдлэг эзэмших үйл ажиллагааг удирдах, дэмжих, бие даан ажиллуулах, хүүхэд бүрийн оролцоог хангах, арга, хэрэглэгдэхүүнийг сонгох, үнэлэх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн гүйцэтгэж байгаа, ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага болох мэргэжил, гадаад хэлээр харилцах, мэдээллийн хэрэгслийн техник ашиглах чадварыг үнэлэхэд чиглэгдсэн юм.

3. Гомдол гаргасан нэр бүхий багш нарын цалинд ямар нэг өөрчлөлт ороогүй бөгөөд ажлаас халсан буюу сахилгын шийтгэл ногдуулсан тухай Захиргааны шийдвэр огт гараагүй. Байгаль эх лицей ахлах сургуулийн хувьд МУИС-ийг түшиглэн сургалтын үйл ажиллагааг явуулдаг тул их сургуулийн эрдэмтэн багш нар сургалтын явцад оролцож, чадвартай төгсөгчдийг төгсгөж, тэр хэмжээгээр элсэхийг хүсэгчид их байдаг тул сургуульд ажиллаж буй багш нарын мэдлэг чадвар, заах арга зүйг үнэлэх нь зайлшгүй шаардлага бөгөөд цаашид улам боловсронгуй болгон нээлттэй, ил тод явуулах арга замыг сонгон хэрэгжүүлэх нь МУИС-ийн баримтлах бодлогын нэг юм.

Байгаль эх лицей ахлах сургуулийн багшийн ажлын үнэлгээний /аттестатчиллын/ түр журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үлгэрчилсэн журмын хүрээнд боловсруулсан ба уг журмыг МУИС-ийн Захирлын тушаалаар байгуулагдсан аттестатчиллын ажлын хэсгийн бүрэлдэхүүн хэлэлцэн, ажлын хэсгийн ахлагч, тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга баталсан болно. Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11.1-д Удирдах зөвлөл “...холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсролын байгууллагыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дүрмийг батлах, өөрчлөх..." гэж заасны дагуу Удирдах зөвлөлийн дарга нь баталсан.

4. Гомдол гаргасан багш нар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр захирал Р.Бат-Эрдэнэтэй уулзаж өөрсдийн гомдлын үндэслэл, шалтгааныг хэлсэн бөгөөд МУИС-ийн захирлын зүгээс дээрх нөхцөл байдлыг бичгээр ирүүлэхийг хүсээд дахин хөндлөнгийн комисс томилуулан ажлыг шалгах болно гэдгийг багш нарт мэдэгдсэн нь уг асуудал эцэслэн шийдэгдээгүй багш нарын эрх ашиг хохирсон, цалинд өөрчлөлт орсон зүйлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 9427 дугаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол Улсын их сургуулийн дэргэдэх Байгаль эх лицей ахлах сургууль, экологийн боловсролын төвийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариуцагч Монгол Улсын Их сургуулийн хариу тайлбарыг дэмжиж, ... БЭЛАС-ийн 15 багшийн ажлыг үнэлэхэд 1 багш “В”, 6 багш “С”, 8 багш “D” үнэлгээ авсан. Нэхэмжлэл гаргаж буй багш нар “D” үнэлгээ авсан 8 багшийн 3 нь юм. Ажлын хэсгийн дүнг МУИС-ийн Захиргааны хурлаар хэлэлцэн, гаргасан шийдвэрээ МУИС-ийн цахим сүлжээнд тавьсан /Хавсралт 14/ бөгөөд ажлын хэсгээс /нарийн бичгийн дарга Т.Амартунгалаг/ багш тус бүрийн цахим хаягаар үнэлгээний дүн, МУИС-ийн Захиргааны хурлын шийдвэрийг илгээсэн. Энэхүү шийдвэрээр “В”, “С” үнэлэгдсэн багш нарын цалинг нэмэх, хангалтгүй “D” үнэлгээ авсан 8 багшийн цалингийн нэмэгдлийг бууруулан олгох, даалгавар өгч дахин үнэлэх гэсэн байсан. Гэвч 5 багш МУИС-ийн захиргаанд улмаар Захиргааны хэргийн шүүхэд, тэдгээрээс 3 нь иргэний шүүхэд аттестатчиллын талаар гомдол гаргасан тул МУИС-ийн Захирал одоогоор шийдвэр тушаал гаргаагүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар “Ажил олгогч ... нь ... ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна" гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч нарын бичсэнээр сахилгын шийтгэл ногдуулсан захирлын тушаал гараагүй тул ажлын хэсгээс /нарийн бичгийн дарга Т.Амартунгалаг/ багш тус бүрийн цахим хаягаар сахилгын шийтгэл бус БЭЛАС-ийн багш нарын ажлын нэгдсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэн гаргасан МУИС-ийн Захиргааны хурлын шийдвэрийг илгээсэн байна. Х.Энхбулган нараас МУИС-ийн Захирлын А/58 тушаал, Багшийн ажлыг үнэлэх түр журам,Үнэлгээний дүнг хүчингүй болгуулах шаардлагаар гаргасан нэхэмжлэл бол Иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх харьяалалын маргаан биш бөгөөд Иргэний болон хөдөлмөрийн хууль, бусад хуульд аттестатчилалтай холбоотой асуудлыг иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх тухай ямар ч зохицуулалт байхгүй болно.

МУИС-ийн удирдлага хөдөлмөрийн гэрээ дэх эрхийнхээ дагуу өөрийн харьяа БЭЛАС-ийн багш нарын ажлыг багшийн ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан ажил үүргийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэхээр гаргасан МУИС-ийн захирлын А/58 тушаал, үнэлгээний түр журам, үнэлгээний дүн нь хууль эрх зүйн актыг зөрчөөгүй болно. Үнэлгээний ажлын дүнд авах арга хэмжээний талаар МУИС-ийн Захирлын тушаал эцэслэн гараагүй байна. Иймээс Х.Энхбулган нарын нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар хүлээн авахаас татгалзах эсхүл холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гарган өгнө үү.

Нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 07-нд МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцсэн үеэс 6 сарын дараа Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д зааснаар нэхэмжлэгч А.Энхнаран, Х.Энхбулган, Б.Цэрэнлхам, Г.Удвал, И.Галбаатар нарын Монгол Улсын их сургууль, Байгаль эх лицей ахлах сургууль нарт холбогдуулан гаргасан Монгол Улсын их сургуулийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн захирлын А/58 дугаар тушаал, аттестатчиллын түр журам, аттестатчиллын дүн зэргийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх “... Монгол Улсын Их сургууль өөрийн харьяа Байгаль эх лицей ахлах сургуулийн багш нарын мэргэжил, ур чадварын тувшинг тогтоосон байдлыг ажилтны эрхийг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн харилцаагаар хамгаалагдсан эрх зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгч нарт зөрчигдсөн эрхээ сэргээлэхээр шаардах эрх үүсээгүй байна. Учир нь нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн харилцааны өмнөх нөхцөл байдал болох ажлын байр, хөдөлмөрийи нөхцөл, цалин хөлс, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг зэрэг нь тушаал, журам, үнэлгээ гаргаснаар өөрчлөгдөөгүй хэвээрээ байна” гээд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Үүнд:

1. Нэхэмжлэгч багш нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2-ийн Ж-д Багш ажилтнуудын ажлыг үнэлж дүгнэхэд хангалтгүй үнэлгээ авсан бол ноцтой зөрчилд тооцон, хөделмөрийн гэрээг шууд цуцлахаар тусгасан. Аттестатчиллын дүнг үндэслэн нэхэмжлэгч багш нарыг сахилгын зөрчил гаргасанд тооцож, сахилгын шийтгэл оногдуулж байгаа тухай аттестатчиллын комиссын нарийн бичгийн дарга 2016 оны 06 дугаар сарын 09-ээс 10-нд МУИС-ийн дотоод сүлжээгээр болон сургууль дээр ирж мэдэгдсэн тул холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж, эцэст нь шүүхэд хандсан. Бид шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ажил олгогч нь бидний ажил үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, ажлын байранд өөрчлөлт ороогүй, байгааг шүүх нэхэмжлэгч багш нарын эрх зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шүүхээс МУИС-ийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/58 дугаар Байгаль эх лицей ахлах сургуулийн багш нарыг аттестатчилах тухай тушаал, Байгаль эх лицей ахлах сургуулийн багшийн ажлын үнэлгээний /аттестатчиллын/ түр журам, аттестатчилалын үнэлгээний нэгдсэн дүн зэргийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэсэнд гомдолтой. Учир нь эрхгүй этгээдийн гаргасан тушаалыг үндэслэн, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй журмаар аттестатчлалыг шударгаар, бодитой, сонирхлын зөрчил, субьектив нөлөөллөөс ангид байдлаар зохион байгуулаагүй ажил олгогчийн үйлдлийн улмаас бид хангалтгүй үнэлэгдсэн зөрчлийг шүүх анхаарч үзсэнгүй.

2. Байгал эх лицей сургууль нь ерөнхий боловсролын сургууль. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.22-т “цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролыг байгууллагын багш, ажилтныг үнэлэх, дүгнэх, багшлах эрх олгох, арга зүйч, багш, сургалтын менежерийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг батлах...” бүрэн эрхийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эдлэхээр зохицуулсны дагуу Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны Журам батлах тухай А/293 дугаар тушаалын 1-р хавсралтаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам батлагдсан. Үүний дагуу нэхэмжлэгч багш нарын ажлыг үнэлж дүгнээгүй, харин Байгаль эх лицей ахлах сургуулийн багшийн ажлын үнэлгээний /аттестатчиллын/ түр журмыг тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Ундрам баталж дүгнэсэн. Дээрх тушаалаар дүгнэсэн бол нэхэмжлэгч нарын шударгаар үнэлүүлэх эрх зөрчигдөхгүй, уг шалгалтанд D буюу хангалтгүй үнэлгээ авахгүй байсан.

3. МУИС-ийн захирал Байгаль эх лицей сургуулийн багш нарыг аттестатчилалд хамруулах түр журмыг гаргах, аттестатчлалыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилох шийдвэрийг гаргах эрхгүй этгээд. Боловсролын тухай хуулийн 34.1-д “Боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг ... төрийн өмчийн олон улсын хотөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль, улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуульд, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулсан боловсролын сургалтын байгууллагад удирдах зөвлөл тус тус хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 36 дугаар зүйлд “Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч, багш, суралцагч, төгсөгчдийн төлөөлөлтэй байна. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51-60 хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна” гэж заасан. МУИС-ийн харьяа Байгаль эх лицей ахлах сургуулийн дүрмийн 3.1.5-д БЭЛАС-ийн өөрийн удирдлагын зохион байгуулалтын үндсэн нэгж нь Удирдах зөвлөл, БЭЛАС-ийн захиргаа, Багш нарын зөвлөл байна гэжээ.

Байгаль эх лицей сургуулийн багш нарыг аттестатчилалд хамруулах түр журмыг гаргах, аттестатчлалыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилох шийдвэрийг тус ахлах сургуулийн Удирдах зөвлөл хэрэгжүүлэхээр заасан байна. Иймд МУИС-ийн захирал нь “Байгаль эх лицей сургуулийн багш нарыг аттестатчилах тухай” А/58 дугаар тушаал гаргаж, аттестатчиллыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт 1-ээр, удирдамжийг хавсралт 2-оор батлах эрх хэмжээгээ алга байна.

4. Хариуцагч Байгаль эх лицей ахлах сургуулийн багшийн ажлын үнэлгээний /аттестатчилсан/ түр журам нь А/293 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмын дагуу боловсруулсан гэж хариуцагч маргаж буй боловч үнэлгээний шалгуур үзүүлэлт, үнэлгээний үр дүнг тооцох арга өөр. А/293 дугаар тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмын зорилго нь багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авъяас чадварыг нээн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх, бүтээлч үйл ажиллагаагаар хүрсэн үр дүнг үнэлэхэд чиглэсэн бол Байгаль эх лицей ахлах сургуулийн багшийн ажлын үнэлгээний /аттестатчилсан/ түр журмын 4.1-д хариуцлага тооцох үндсэн шалгуур болгосон нь багш нарын эрхийг зөрчихөд хүргэсэн.

5. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журамд төлөвшил 20 оноо, хүүхэд нэг бүрийн эзэмшсэн мэдлэг, чадвар ахиц, амжилт 20 оноо, хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлсэн байдал 20 оноо, боловсролын үйлчилээний сэтгэл ханамж 20 оноо, эрүүл мэндийн байдал 20 оноо буюу нийт 100 оноогоор дүгнэх тул ажлын хариуцлага, багшийн ёс зүйн Б шалгуур гэх хэсэгт мэргэжил ур чадварыг тодорхойлох шалгуур үзуүлэлт болох үндэслэлгүй, багштай холбоотой гомдол, багшийн ёс зүйн талаар авсан судалгаа, ажил үүргийн биелэлт буюу журнал хөтлөлт, жилийн ажлын төлөвлөгөө, тасралт хоцролт, олимпиод, сурагчдын санал асуулга, ангид зохиосон ажил, ангийн эд хогшил, локер ашиглалт. “school policy”, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэх мэт өдөр тутмын ажил үүргийг хамруулсан байна. Энэхүү үнэлгээг 40 оноо байхаар журамласан нь багшийн ажлыг үнэлэх үндсэн зарчимтай зөрчилдсөн. А\293 дугаар журмын 2.1-д “шударга, бодитой, сонирхлын зөрчил, субьектив нөлөөллөос ангид байх” байх зарчмыг зөрчжээ.

6. Аттестатчлалыг шударга, зүй зохистой сонирхлын зөрчил, субьектив нөлөөллөөс ангид байдлаар зохион байгуулагаагүй нь дараах зөрчлөөр нотлогддог. Багш нарыг аттестатчлалд хамруулах талаар мэдэгдээгүй, шалгалт авах журамтай танилцуулаагүй, шалгалтанд бэлтгэх боломжит хугацаа тогтоогоогүй, шалгалтын материалыг ажлын хэсгийн комисс батлаагүй, шалгагч багш өөрөө боловсруулж, өөрөө дүгнэсэн нь субьектив нөлөөллөөс ангид байх зарчмыг зөрчсөн. Шалгалтын комисст бүролдэхүүнд ороогүй МУИС -ийн гадаад хэлний төвийн багш Ц.Баярмаа, С.Чимэд, Б.Бадамцэцэг, О.Ган-Энх. ХШУС-ын ахлах багш С.Оюунсүрэн, төгсөлтийн дараах сургууль, мэргэжлийн дидактикийн төвийн захирал Б.Отгонтөгс, НШУС-ийн багш Я.Отгонбаатар нар шалгалт авч, багшийг үнэлэх болон комиссын үйл ажиллагаанд оролцсон, багшийн үндсэн ажил үүрэгтэй шууд холбоогүй асуудлаар багшийн ур чадварыг дүгнэсэн. Багшийн ёс зүйг сургуулийн удирдлага үнэлэхээр аттестатчиллын шалгуур үзүүлэлтэд тусгасан нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийг зөрчиж байна. Уг ёс зүйн дүрэмд Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дэргэд “Багшийн ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий орон тооны бус “Ёс зүйн зөвлөл” ажилладаг, тухайн зөвлөл багшийн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар үнэлэлт дүгнэлт гаргах эрхтэй субьект юм. Түр журамд шалгалтанд хамрагдаагүй хүний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх зохицуулалт огт тусгаагүй атлаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хичээлээ заагаагүй А.Энхнаран багшийн Сургалт арга зүйн шалгалтын Дидактик сурганы оноог “0” гэж үнэлсэн, Удирдлага нь хуурамч өргөдөл, гомдлыг үндэслэн багшийг үнэлсэн. Англи хэлний багш Х.Энхбулганы шалгагч багшийн үнэлсэн оноо болон аттестатчлалын тайланд тусгасан оноо зөрүүтэй шалгалтын эх материал алга болсон, англи хэлний багш Х.Энхбулганы ажлыг аттестатчиллын комиссоос гаргасан удирдамжийн дагуу шалгаж үнэлээгүй. Нийгмийн ухааны багш Б.Цэрэнлхам болон Г.Удвалаас ажлын байрны тодорхойлолтод заагаагүй түүхийн мэргэжлийн багшийн шалгалт авч үнэлсэн ба тестийн шалгалт материал алга болсон, энэ шалгалтад амжилттай дүгнэгдсэн Г.Удвал багшийн шалгалтын үнэлгээг “түүний магистрын ажлыг нь удирдсан багш шалгасан” гэж хүчингүй болгосон зэрэг зөрчлүүд байгаа. Аттестатчиллын комисс нь ажиллах хугацаандаа 20-35.7 хувийн хангалтгүй ирцтэй хуралдаж аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэрүүд болон аттестатчиллын дүгнэлтийг гаргаж байсан. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01378 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Х.Энхбулган, А.Энхнаран, Б.Цэрэнлхам, Г.Удвал, И.Галбаатар нар нь хариуцагч Монгол Улсын Их сургууль, тус сургуулийн дэргэдэх Байгаль эх лицей ахлах сургууль, экологийн боловсролын төвд холбогдуулан Монгол Улсын Их сургуулийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн захирлын А/58 дугаар тушаал, аттестатчиллын түр журам, аттестатчиллын дүн зэргийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Байгаль эх лицей ахлах сургууль, экологийн боловсролын төвийн дүрмээс үзвэл тус ахлах сургууль нь Монгол Улсын Их сургуулийн үүсгэн байгуулсан харъяа сургууль болох нь тогтоогдож байна. /1-р хх 89-101/

 

Нэхэмжлэгч Х.Энхбулган, А.Энхнаран, Б.Цэрэнлхам, Г.Удвал, И.Галбаатар нар нь хариуцагч Байгаль эх лицей ахлах сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан тул тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм. /1-р хх 63-88/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Монгол Улсын Их сургуулийн дотоод журмын 2.3, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/106 тоот тушаалд үндэслэн тус сургуулийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/58 тоот тушаал түүний хавсралтад заасны дагуу Байгаль эх лицей ахлах сургуулийн багш нар тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгааг тогтоох зорилгоор аттестатчилалд хамруулах түр журам баталж, уг ажлыг зохион байгуулсан, улмаар үнэлгээний нэгдсэн дүн гарсан үйл баримт тогтоогдсон талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч нь ажил олгогчийн хувьд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхийн хүрээнд дээрх ажлыг зохион байгуулснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийх эсэх нь тухайн байгууллагын эрх хэмжээний хүрээнд хийгдэх ажиллагаа юм.

 

Иймд анхан шатны шүүх багшийн ажлын үнэлгээний түр журам, аттестатчиллын үнэлгээний нэгдсэн дүн зэргийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Харин шүүх нэхэмжлэгч нарыг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хууль болон гэрээнд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд тухайн этгээдийн эрх зөрчигдсөн эсэхэд шүүх дүгнэлт хийж шийдвэрлэх учиртай.

 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д заасныг үндэслэсэн байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй гэх талаарх маргаанд тухайн багш нарын гаргасан нэхэмжлэл хамаарч байх тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл хариуцагч нар нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой тэдний хууль ёсны эрх ашгийг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд дурдсан дурдсанаар шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Энхбулган, А.Энхнаран, Б.Цэрэнлхам, Г.Удвал, И.Галбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч нарын 210 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Т.ТУЯА