Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0510

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“О” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, хариуцагч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Ц, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, түүний өмгөөлөгч Д.Н, хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цу

Нэхэмжлэгч “О” ХХК

Хариуцагч “Э” ХК

Хариуцагч “Э” ХК-ийн тендерийн үнэлгээний хороо

Хариуцагч Сангийн яам

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 519 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Э.Э, хариуцагч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Н.Ц, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0762/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “О” ХХК-иас

-“Э” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 01/631 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах,

-“Э” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 01/631 тоот мэдэгдэл гарах үндэслэл болсон 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулах,

-“О” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох,

-“О” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу үнэлгээ хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах,

-“Э” ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЭТТХ/202302001 дугаартай "Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах,

-Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн "Гомдол хянасан тухай 11/2466 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгуулах,

-Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "Гомдол хянасан тухай" 11/2968 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, -

-Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" 11/2992 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20.000.000 /хорин сая/ төгрөгийг буцаан гаргуулах” тус тус маргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 519 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, 30.1.1 дэх заалт, 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэг, 55.3.2, 55.3.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан гомдол гаргагч "О " ХХК-ийн гомдлын шаардлагад дурдсан "Э" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/631 тоот мэдэгдэл, “Э” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны 05 дугаар тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтыг тус тус хариуцагч “Э” ХК, “Э” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж, гомдлын шаардлагуудын зарим хэсэг болох "Э” ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЭТТХ/202302001 дугаартай "Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "Гомдол хянасан тухай" 11/2968 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" 11/2992 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлагыг тус тус хангаж, "Эрдэнэс тавантолгой ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЭТТХ/202302001 дугаартай "Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгож, Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "Гомдол хянасан тухай" 11/2968 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" 11/2992 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20 000 000 /хорин сая/ төгрөгийг хариуцагч Сангийн яамнаас буцаан гаргуулан гомдол гаргагч Овоот толгой ресурсес ХХК-д олгож, гомдлын шаардлагын үлдэх хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Э " ХК болон Э ХК-ийн Тендерийн үнэлгээний хороо шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.44-т заасан ажиллагааг хийж, шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаж буй захиргааны актууд хүчингүй болохыг тогтоож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “О” ХХК-ийн төлөөлөгч Б.Бл дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “Э” ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/631 тоот мэдэгдэл гарах үндэслэл болсон тус компанийн Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийн “Шийдвэрлэсэн” хэсгийн 4 дэх заалтыг тус тус хариуцагч “Э” ХК болон “Э” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

3.2. Анхан шатны шүүх дээрх гомдлын шаардлагад холбогдуулан “...Тендерийн үнэлгээний хороо нь Сангийн яамнаас даалгасан “М” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөртэй эсэхийг нягталж үзэх ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдож байна. Иймд дээрх ажиллагааг хийгээгүй атлаа 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэлийн “шийдвэрлэсэн” хэсгийн 4 дэх заалтаар гомдол гаргагч “О” ХХК-ийн тендерээс татгалзсан нь хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ” гэж маргааны үйл баримтад зөв дүгнэлтийг хийсэн атлаа дээрх актуудыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр боллоо.

3.3. Учир нь шүүх захиргааны байгууллагад хуулиар олгогдсон бүрэн эрхийг нөхөн хэрэгжүүлэх эрхгүй, боломжгүй нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэхээр зохицуулсан.

3.4. Харин захиргааны байгууллагын гаргасан акт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэхээр зохицуулжээ. Гэвч анхан шатны шүүх гомдол гаргагч “О” ХХК-ийн тендерээс татгалзсан нь хуульд нийцээгүй, эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн болохыг нь тогтоож, дүгнэсэн атлаа шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж дүгнэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байдлыг бий болголоо.

3.5. “О” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох, “О” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу үнэлгээ хийхийг “Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.6. Анхан шатны шүүх тус шаардлагыг шийдвэрлэхдээ “...хариуцагч нарын тайлбарласан” тендерийг анх үнэлэхдээ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн” гэх тайлбар няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй. Тиймээс хариуцагч “Э” ХК, түүний Тендерийн үнэлгээний хороо нь анхнаасаа тендерийг үнэлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж үнэлсэн атлаа 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/631 тоот мэдэгдэлдээ “О” ХХК-ийн тендерийг 5 үндэслэлээр шаардлага хангаагүй гэж үзсэн нь буруу байна” гэж маргаанд хамаарах үйл явдал, хууль зүйн дүгнэлтийг оновчтой зөв дүгнэсэн. Гэсэн хэдий ч “...О” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоох, “О” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу үнэлгээ хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах хууль зүйн хувьд боломжгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Сангийн яамны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11/2466 тоот албан бичигт зааснаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтын дагуу “М” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөртэй эсэхийг тогтоох чиг үүрэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж зааснаар хариуцагч “Э” ХК-д байх тул энэ ажиллагаа хийгдээгүй энэ нөхцөлд шүүх уг хоёр шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй” гэж өмнөх дүгнэлтээсээ эсрэг, зөрүүтэй дүгнэлтийг дахин хийж тус шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.7. Тодруулбал, гомдол гаргагч “О” ХХК-иас “М” ХХК-ийг Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөртэй эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд харин “М” ХХК зөрчилтэй байхад тус компанийн тендерийг шалгаруулсан нь хууль бус гэж Төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан байхад гомдлын хүрээнд асуудлыг шийдвэрлэхгүй манай “О” ХХК-ийн тендерийг дахин үнэлэхээр шийдвэрлэж байгаа нь илт хууль бус гэж маргасан байхад дээрх дүгнэлтийг хийж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцсэнгүй.

3.8. Сангийн яамны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/2466 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэхдээ “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн онолд “ne ultra petita” буюу “гомдол гаргагчийн гомдлын хүрээнд хянах” зарчим үйлчилдэг. Энэхүү зарчим нь Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 6.1-д “Сангийн яам нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана...” гэсний “...гомдлын хүрээнд хянан үзэх...” гэх хэсгээр бэхэжжээ” гэж мөн л онолын болон хууль, журамд нийцсэн тайлбар бүхий дүгнэлт хийсэн. Гэвч дээрх онолын болон хууль, журмын зохицуулалтыг маргааны үйл баримтад хамааруулан хэрэглэхдээ “...Гэвч гомдол гаргагч “О” ХХК нь анх 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 23/88 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргахдаа 1 үндэслэлээр бус, 6 үндэслэлээр гомдол гаргасан байх тул Сангийн яамнаас 2023 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн 11/2466 тоот албан бичигтээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтаас гадна 55.3.2 дахь заалтыг хэрэглэснийг шууд буруутгах үндэслэлгүй байна. “М” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөртэй эсэх асуудлыг нягталж үзэхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдэж байна...” гэсэн нь гомдол гаргагчаас гаргасан гомдлын хүрээнд шийдвэрлэсэн байх төдийгүй тухайн гомдлыг хангаж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй гэж буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.9. Зүй нь “О” ХХК-иас “Моннис майнинг” ХХК-ийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч Сангийн яам 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/2466 тоот албан мэдэгдлийг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т “тухайн асуудалд хуулийн ямар заалтыг хэрэглэхийг заах”, Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 6.1-д “...гомдлын хүрээнд хянан үзэх...” гэснийг зөрчиж “тухайн асуудалд” хуулийн ямар заалт хэрэглэхийг заахгүйгээр “... тус багцад ирүүлсэн тендерүүдийг” бүхэлд нь хянан үзсэний үндсэн дээр тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

3.10. Тодруулбал “О” ХХК-иас “М” ХХК-ийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байхад гомдлын хүрээнээс хальж “О” ХХК-ийн тендерийг ч дахин үнэлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус гэж маргаж байхад анхан шатны шүүх маргааны үйл баримт, үндэслэлийг оновчтой, зөв тодорхойлохгүй гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэж байгаа нь хууль болон журмын зохицуулалтыг буруу тайлбарла хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.11. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагч “О” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Ц нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “Э” ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/631 тоот мэдэгдлийн тухайд:

4.1.1. Сангийн яамны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11/2466 дугаар “Гомдлыг хянасан тухай” албан бичгийн дагуу Үнэлгээний хорооноос гаргасан 2023.04.21-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл болон зөвлөмж, холбогдох баримттай танилцаж, Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж дээрх мэдэгдлийг тендерт оролцогч нарт хүргүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Сангийн яамны 2023 оны 11/2466 дугаар албан бичгийг үндэслэлтэй гэж үзсэн.

4.1.2. Тус албан бичигт “... захиалагч хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан шалгуур үзүүлэлтийг удирдлага болгон “О”, “М” ХХК-ийн ирүүлсэн тендерүүдийг тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд заасан заалт бүрээр шалгаж, шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн нь үндэслэлтэй байна. “М” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөртэй эсэх асуудлыг нягталж үзэхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдэж байна. Түүнчлэн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2 дахь заалтыг үндэслэн төлбөр шалгаруулалтын тус багцад ирүүлсэн тендерүүдийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзсэний үндсэн дээр тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлнэ үү...” гэж мэдэгдсэн.

4.1.3. Компанийн Үнэлгээний хороо 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин хуралдан Сангийн яамнаас ирүүлсэн гомдлын хариутай танилцан, ирүүлсэн тендерүүдийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзэж, Сангийн яамны албан бичигт дурдсан асуудлыг орхигдуулахгүйгээр, бүхэлд нь хянан үзэж холбогдох шийдвэрийг гаргасан байдаг. “М” ХХК-ийн тендерийн хувьд хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дугаар хэсэгт заасны дагуу хянан үзэж, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн хэдий ч хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг үндэслэн хянан үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4 дэх заалт, тендерийн баримт бичгийн 17.6.2, 17.6.3 дахь заалтад заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзсэн.

4.1.4. Мөн “М” ХХК-ийг Монгол Улсын Хөгжлийн банканд зээл, зээлийн хүүгийн өр, төлбөртэй эсэх асуудлыг нягталж үзэхийг мэдэгдсэний дагуу Үнэлгээний хороо нийтэд ил тод тавигдсан мэдээллүүдээс нягтлан үзсэн бөгөөд уг асуудлаас гадна тендерт оролцогчийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4 дэх заалт, тендерийн баримт бичгийн 17.6.2, 17.6.3 дахь заалтын шаардлагыг нэгэнт хангахгүй байсан.

4.1.5. “О” ХХК-ийн тендерийн хувьд хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дугаар хэсэгт заасны дагуу хянан үзэж, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн хэдий ч хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг үндэслэн хянан үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4 дэх заалт, тендерийн баримт бичгийн 17.6.2, 17.6.3, 17.8, 17.9 дэх заалтад заасны дагуу шаардлагад нийцэхгүй гэж үзсэн. Иймд 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байсан тул хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын дагуу бүх тендерээс татгалзан шалгараагүй мэдэгдлийг тендерт оролцогчдод хүргүүлсэн.

4.1.6. Гэтэл анхан шатны шүүхээс Сангийн яамны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11/2466 дугаар “Гомдлыг хянасан тухай” албан бичиг буюу “ТБОНӨХБАҮХАтХуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу хянан үзэх тохиолдолд Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, гэвч “М” ХХК-ийн өр төлбөрийн асуудал яригдаж байгаа тул тендерт оролцогч нарын ирүүлсэн тендерийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасны дагуу хянан үзэхийг даалгасан” албан бичгийг үндэслэлтэй гэж хэвээр үлдээсэн атлаа шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.27-д “...тендерийг анх үнэлэхдээ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн” гэх тайлбар няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. “М” ХХК-д анх гэрээ байгуулах эрх олгосон боловч “О” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас дахин хянаж үзэхийг даалгасан бөгөөд тендерт оролцсон 2 компанийг аль аль нь хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангахгүй байгаа тул бүх тендерээс татгалзаж байгааг мэдэгдсэн. Гэтэл шүүх “О” ХХК-ийн тендерийг тендерт оролцогчийн ирүүлсэн тендерээс гадна шүүхэд нэмэлтээр ирүүлсэн баримтуудад тулгуурлаж, хуулийн 27.1-д заасан “шаардлага хангаж байна” гэж шууд дүгнэж, шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 1.43-т “...хариуцагч нараас дахин шинэ акт гаргахдаа шаардлага хангаагүй гэх 5 асуудлыг дахин авч үзэх агуулгаар шийдвэрлээгүй...”, 1.44-т “...дахин шинэ акт гаргахдаа зөвхөн “М” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөртэй эсэхийг нягталж үзэх” ажиллагааг хийх байдлаар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүл...” гэж шууд шийдлийг зааж, Үнэлгээний хороо болон захиалагчаас ямар шийдвэр гаргахыг тулгаж байгаа нь бусдын хэргийн оролцогч биш этгээдүүдийн эрх ашгийг шууд хөндсөн, хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг зөрчсөн, мөн Үнэлгээний хорооны хуулиар тусгайлан олгосон тендерийг хянан үзэх, үнэлэх, дүгнэлт өгөх, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид өгөх зэрэг нь хуулиар тусгайлан олгогдсон Үнэлгээний хорооны эрх хэмжээ байхад уг эрх хэмжээг хязгаарласан бөгөөд “О” ХХК-д давуу байдлыг үндэслэлгүйгээр бий болгосон гэж үзэхээр байна.

4.3. Анхан шатны шүүхээс “Э” ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/631 тоот мэдэгдлийг дахин шинэ акт гартал 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор “Э” ХК-иас 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зарласан ЭТТХК/202302001 дугаартай “Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцыг зарласан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

4.3.1. Гэтэл хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана”, 28 дугаар зүйлийн 28.2-т “Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт хугацаанд багтааж аль болох богино хугацаанд  хийнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтаж гэрээ байгуулна” гэж заасан ба шүүхээс дахин шинэ акт гаргахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтуудтай зөрчилдсөн, хуульд заасан тендерт оролцогчийн өөрийн тендерт тодорхойлж ирүүлсэн тендерийн хүчинтэй хугацаа дууссан, тендер нээснээс хойш хуульд заасан гэрээ байгуулах эрх олгох боломжит хугацаа дууссан энэ тохиолдолд дээрх хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байна.

4.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 519 дүгээр шийдвэр нь үндэслэлгүй тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “Э” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, өмгөөлөгч Д.Н нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1. шүүхийн шийдвэрийн “Тодорхойлох” хэсгийн 1.7-д заасан “Сангийн яамны 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 11/2992 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгуулж, тендерийн баталгааны 20 сая төгрөгийг буцаан гаргуулах” шаардлагуудыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсгийг үндэслэн, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

5.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэн хэсгийн 5.5-д “...Сангийн яамны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11/2466 тоот албан бичигт заасан “М” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкинд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөртэй эсэх асуудлыг нягталж үзэх ажиллагааг захиалагч хийгээгүй байхад дахин үнэлгээг хуульд нийцүүлж хийсэн мэтээр дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад нийцээгүй” гэснийг үндэслэн тус яаманд холбогдуулан гаргасан “О” ХХК-ийн нэхэмжлэлийн “Сангийн яамны 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/2968 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах”, Сангийн яамны 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 11/2992 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгуулж, тендерийн баталгааны 20 сая төгрөгийг буцаан гаргуулах” шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

5.3. “О” ХХК-аас Сангийн яаманд 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 23/94 тоот албан бичгээр гаргасан гомдолд тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хэрхэн зөвшөөрөхгүй байгаа талаар огт дурдаагүй, өмнө гаргасан буюу 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 23/88 тоот албан бичгээр гаргасан “М” ХХК-ийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байхад тус компанийн тендерийг шалгаруулаагүй нь хууль бус гээд 1. “Э” ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний 01/631 тоот мэдэгдлийг хүчингүй болгож, 2. “О” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоож, 3. “О” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу үнэлгээ хийхийг тендерийн үнэлгээний хороонд даалгаж өгнө үү” гэж гомдол ирүүлсэн.

5.4. Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 4.1-д “Тендерт оролцогч нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан асуудлаа үндэслэл бүхий гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “Сангийн яам” гэх/-д гаргана” гэж заасан бөгөөд “О” ХХК-иас өөрийн гаргасан гомдлын дээр дурдсан шаардлагыг дэмжих үндэслэл, тайлбар ирүүлээгүй. Тодруулбал, тус компанийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хууль, тендерийн баримт бичигт заасан 5 шаардлагад нийцээгүй гэж тендерээс татгалзсан захиалагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/631 тоот мэдэгдлийг яагаад хүчингүй болгох ёстой талаар үндэслэл, тайлбар дурдаагүй байдаг. Энэ нь яагаад тус компанийн ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэх тендер үнэлгээ хийх асуудлыг тус яам хянан үзэх урьдчилсан нөхцөл байхад энэ талаар үндэслэл, тайлбар дурдаагүй.

5.5. Иймд Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 6.1-д “Сангийн яам нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу “О” ХХК-аас гаргасан гомдлын дагуу хууль, журамд заасны дагуу хянан үзэж, захиалагч үнэлгээ дахин хийсэн нь үндэслэлтэй гэж тус яам хянан шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр нь тендерт оролцогчид эрх зүйн үр дагавар үүсгээгүй буюу эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй буюу эрх зүйн шууд үр дагавар үүсгэх зохицуулалт агуулаагүй шийдвэр байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн шинжилж судлалгүй, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан.

5.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Сангийн яаманд холбогдуулан гаргасан “О” ХХК-ийн нэхэмжлэлийн “Сангийн яамны 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/2968 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах”, Сангийн яамны 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 11/2992 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгуулж, тендерийн баталгааны 20 сая төгрөгийг буцаан гаргуулах” шаардлагуудыг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өгөхийг хүсье.

 

6. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч “Э” ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

6.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны эрх хэмжээнд халдсан дүгнэлт хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (цаашид “ТБОНӨХБАҮХАтХ” гэх) 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсгийг маргааны үйл баримтад буруу тайлбарлаж хэрэглэсэн. Үүнд:

6.2. “Э” ХК нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Цанхийн уурхайд “Хөрс хуулах, олборлолт”-ын ЭТТХ/202302001 дугаартай тендерийн 2-р багцад “М” ХХК, “О” ХХК-иуд тендер ирүүлснийг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27 дугаар зүйлд зааснаар хянасан. Улмаар “О” ХХК нь шаардлагад нийцээгүй буюу Хөгжлийн банканд өртэй компанийг шалгаруулсан гэх агуулга бүхий гомдлыг Сангийн яаманд гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хянаад мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2, 55.3.3-д заасан шийдвэр гаргаж, багцад ирүүлсэн тендерүүдийг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар хянан үзэж, шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэх талаар 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11/2466 тоотоор ирүүлсэн.

6.3. Үнэлгээний хороо 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хурлаар асуудлыг бүхэлд нь хэлэлцэн өмнө нь хянахдаа тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтэд заагаагүй ажлын даалгаварт тусгагдсан зөрүүтэй ойлголтуудыг залруулж тендерт оролцогчдыг шаардлага хангасан гэж үзсэнийг зөвшөөрөхгүй гомдол гаргасан. Сангийн яам дахин хянах бичиг ирүүлсэн тул тендерт оролцогч нийт 5 аж ахуй нэгжийн материалыг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27.1-д зааснаар тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн дагуу дахин хянан үзэж, тендерүүдийг татгалзсан.

6.4. “М” ХХК-ийн Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн асуудлыг Улсын Их Хурлын чуулган, байнгын хорооны хурал дээр нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн хөндөж гаргасан мөн сошиалд өртэй компанийг шалгарууллаа гэсэн мэдээллүүд цацагдсан. Бид тендерийн баримт бичигт Хөгжлийн банкны тодорхойлолт гэж нарийвчилсан заалт тусгаагүй. Монгол улсад жилд 25.000 гаруй тендер шалгаруулалт зохион байгуулагддагаас Хөгжлийн банкнаас тодорхойлолт шаарддаг нэг ч тендер байдаггүй.

6.5. “М” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд зээлийн хүүгийн өр төлбөртэй эсэхийг нягталж үзсэн ч ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн дагуу хянан үзэж, шаардлагад нийцээгүй гэж үзсэн Үнэлгээний хорооны “М” ХХК-иас татгалзсан шийдвэрт нөлөө үзүүлэхгүй.

6.6. Тус шүүхийн шийдвэрийн 1.35-д “Тендер шалгаруулалтын зааварчилгааны 12.1-д “Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл шаардана” гээд, “Машин механизм нэр: Усны машин, Хүчин чадал: 60тн” гэсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, усны машины нийт жинг илэрхийлсэн эсэх, эсхүл ус ачиж тээвэрлэх даацыг илэрхийлсэн эсэх нь тодорхой” гэж дурдсан байна. Ажлын даалгаварт 3-с доошгүй 60 тн-с багагүй даацтай усалгааны машинтай байх гэж тодорхой тусгасан байтал тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтэд дурдсан хүчин чадал гэдэг нэршилд нийт машины даац гэж ойлгоно гэж байгаа нэхэмжлэгчийн шаардлага нь ажлын даалгаврыг үгүйсгэж байна.

6.7. Хэрэв ажлын даалгаварт тусгагдсан даацын хэмжээг үгүйсгэж байгаа тохиолдолд ажлын даалгаврын 2.3.2-т “Бусад үндсэн машин механизм, тоног төхөөрөмжийг худалдаж авах тохиолдолд байгуулсан гэрээнд заагдсан дагуу эхний төлбөр төлсөн баримт хавсаргах, ажил эхлэх хугацаа буюу гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор Монгол Улсад орж ирэх боломжтой байх” гэсэн заалтын дагуу “О” ХХК-ийн худалдан авах гэрээ ирүүлсэн 14 ширхэг автосамосвал, 1 ширхэг галын машин, 2 ширхэг автогрейдерийг үнэлгээнд хянан үзэх шаардлагагүй. Ирүүлээгүйд тооцохоор байна.

6.8. Шүүхийн шийдвэрийн “Үндэслэл нь” хэсгийн 1.36-д “Тендер шалгаруулалтын зааварчилгааны ТШ3 17.6.2-т “Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл: Шаардана” гээд, мэргэжлээрээ ажилласан жилийн туршлага: Уул уурхайн салбарт 3 болон түүнээс дээш жил, Мэргэжил: Уул уурхайн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй гэж зааснаас үзвэл уул уурхайн чиглэлээр бакалавр зэрэг авснаас хойш 3 болон түүнээс дээш жил ажилласан байх гэж заагаагүй байна” 1.37-т “гэтэл хариуцагч нь “О” ХХК-иас ээлжийн мастераар санал болгосон Ч.А-гийн уул уурхайн салбарт бакалаврын зэрэг авсан 2020 оноос хойш туршлагыг тооцсон нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт ажилласан жилийг 3 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилсан шалгуурт хүрэхгүй байгааг шүүхийн шийдвэр хуульд нийцэхгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

6.9. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэсгийн 1.38-т “Мөн Тендер шалгаруулалтын зааварчилгааны ТШ3 17.6.2-Т инженер, техникийн ажилтнуудын 60% нь тухайн хуулийн этгээдэд ажилладаг үндсэн ажилтан байх шаардлагатай гэж заасан байгаа тул үндсэн 40% нь гэрээт ажилчид байх боломжтой гэж ойлгохоор байна.”. 1.39-т “Гомдол гаргагчийн тухайд тендерийн ажил гүйцэтгэх инженер, техникийн ажилтнуудын 21 нь буюу 70% нь “О” ХХК-ийн үндсэн ажилтнууд,  9 нь буюу 30% нь ажиллах хүчээр хангах гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээтэй байх бөгөөд “О” ХХК нь “Ю” ХХК-тай “Ажиллах хүчээр хангах-Аутсорсын үйлчилгээний гэрээ байгуулж, ашиглалтын инженер Г.Ц, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн Т.А, засварын механик Б.М нарын 3 ажилтныг 36 сарын хугацаагаар ажиллуулахаар тохиролцсон болох нь тогтоогдож байна.” гэсэн байна. Үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлд “... Ю” ХХК буюу аж ахуй нэгжтэй 3 хүн ажиллуулахаар аутсорсын үйлчилгээний гэрээ байгуулан ирүүлсэн байна. Энэ нь дээр дурдсанчлан Сангийн сайдын баталсан журам холбогдох жишиг баримт бичигт тусгагдсан шаардлага ТШ3 17.6.2-т заагдсаны дагуу ТШ3 17.8-д тусгагдсан түншлэлийн гишүүд ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийг хамтад нь хангана гэсэн заалтыг тус тус зөрчиж байна” гэж тэмдэглэгдсэн ба 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/336 дугаарт “Тендерт оролцогчдод тодруулга хүргүүлэх тухай” албан бичгийн 3 дугаарт “Түншлэл нь ТШ3-ны 17.2, 17.6-д заасан доод шалгуур үзүүлэлт, шаардлагыг гишүүдийн тооноос үл хамааран хамтдаа бүрэн хангасан байна. ТШЗ-ны 17.2-т борлуулалтын орлого, гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ, ТШЗ-ны 17.6.4-д ижил төстэй гэрээний үнийн дүнгийн шалгуур үзүүлэлтийг тус тус заасан бол төлөөлөх эрх бүхий гишүүн уг шалгуур үзүүлэлтийн 40 ба түүнээс дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна. ТШЗ-ны 17.6.1-т ажил гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, 17.6.2-т гэрээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл, 17.6.3-д гэрээг хэрэгжүүлэхэд ашиглагдах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, 17.6.5-д техникийн чадавх болон туршлагын талаар ТШЗ-ны 17.6-д заасан шалгуур үзүүлэл, шаардлагыг хангаж буй нотлох ТӨХ-д заасан бусад баримтыг түншлэлийн гишүүд хамтдаа бүрэн хангасан байна”, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Тендерийн өмнөх уулзалтын хурлын тэмдэглэлд “...ТШ3 17.8-д Туслан гүйцэтгэгч, ТШ3 17.9-д түншлэлийн гишүүдэд тавигдах шаарлагыг оруулсан байгаа.Туслан гүйцэтгэгчийн хувьд гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувь байна.Түншлэл нь ТШ3-ны 17.2, 17.6-д заасан доод шалгуур үзүүлэлт, шаардлагыг гишүүдийн тооноос үл хамааран хамтдаа бүрэн хангасан байна. ТШЗ-ны 17.2-т борлуулалтын орлого, гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ, ТШЗ-ны 17.6-д ижил төстэй гэрээний үнийн дүнгийн шалгуур үзүүлэлтийг тус тус заасан бол төлөөлөх эрх бүхий гишүүн уг шалгуур үзүүлэлтийн 40 ба түүнээс дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байх шаардлагатай.”, “...Мөн түншлэлтэй холбоотой нэмэлт мэдээлэл өгөхөд санхүүгийн буюу борлуулалтын орлого, түргэн хөрвөх чадвартай хөрөнгө буюу гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн нийлээд 100 хувь төлөөлөх эрх бүхий этгээд 40 хувь, гишүүн компани нь 25 хувийг хангасан байх шаардлагатай. Бусад чадавхын шаардлага техник, хүний нөөц, тоног төхөөрөмж, ижил төстэй ажлын туршлага гэх мэт мэдээллийг нэмэгдүүлж тооцдог...” гэж тендер шалгаруулалтын нээлт хийхээс өмнө тендерт оролцохыг сонирхогч этгээдүүдэд тодруулгаар болон тендерийн өмнөх уулзалт дээр ч ахин дахин мэдээллийг өсөн байтал аж ахуй нэгжээс хүний нөөц бүрдүүлэхээр гэрээ байгуулан ирүүлсэн. Энэ нь Сангийн сайдын баталсан журам холбогдох жишиг баримт бичигт тусгагдсан шаардлага ТШ3 17.6.2-т заагдсаны дагуу ТШ3 17.8-д тусгагдсан түншлэлийн гишүүд ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийг хамтад нь хангана гэсэн заалтыг тус тус зөрчиж байгааг тухайн ажилтантай тохиролцсон гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

6.10. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 519 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх хэргийн зарим үйл баримтыг дутуу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгчийн “тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох, тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу үнэлгээ хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах, Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн "Гомдол хянасан тухай 11/2466 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлагуудын тухайд:

3. Нэхэмжлэгч “О” ХХК нь “Э” ХК-иас 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зарлагдсан “Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” ЭТТХК/202302001 дугаартай тендер шалгаруулалтын 2 дугаар багцад оролцсон байна.

4. Тендерийн үнэлгээний хорооноос “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2 дахь заалтад заасны дагуу хянан үзэхэд дээрх хуулийн заалтуудад заасан шаардлагад нийцсэн болох нь “Э” ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/495 тоот албан бичгээр нотлогдож байна.

5. Гэвч нэхэмжлэгчээс ирүүлсэн үнийн санал нь тус тендер шалгаруулалтад оролцсон “М” ХХК-ийн ирүүлсэн үнийн саналаас өндөр байсан үндэслэлээр үнэлгээний хороо хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дахь заалтад “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулаагүй байна.

6. Тус шийдвэрийг “О” ХХК-иас эс зөвшөөрч “М” ХХК-ийн тендер «хамгийн сайн» үнэлэгдсэн тухай гаргасан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар хуульд заасан хугацааны дотор буюу 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23/88 тоот гомдлыг Сангийн яаманд гаргасныг тус яамны зүгээс хянаад 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/2466 тоот албан мэдэгдлээр хариу хүргүүлэхдээ “хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын тус багцад ирүүлсэн тендерүүдийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзсэний үндсэн дээр тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлнэ үү” гэж шийдвэрлэсэн байна.

7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл нь Тендерийг хянан үзэх талаар зохицуулсан хэм хэмжээ бөгөөд уг хуулийн дагуу тендерт оролцогчдын ирүүлсэн тендер нь захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн шаардлагад нийцсэн эсэхийг үнэлгээний хороо хянан үзэж, тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2 дахь заалтуудад заасан шаардлагад нийцээгүй бол 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзахаар байна.

8. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх шаардлагуудыг хангасан бол 27.3 дахь заалтад “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу захиалагчийн тендерийн баримт бичигт нийцсэн тендер гэж үзнэ.

9. Тодруулбал, Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэж захиалагч хуулийн 27.4 дэх заалтад заасны дагуу “О” ХХК-ийн тендерээс татгалзаагүй тохиолдолд 28 дугаар зүйлд заасны дагуу тендерийн баримт бичгийн шаардлагад нийцсэн тендерүүдэд үнэлгээ хийх бөгөөд үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байхаар хуульчилжээ.

10. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын зүгээс шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд энэхүү маргааны хувьд Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 6.1-д зааснаар “О” ХХК-ийн гомдлын хүрээнд буюу зөвхөн “М” ХХК-ийн тендерийг хууль, захиалагчийн тендерийн баримт бичигт нийцсэн эсэхийг хянаж, тухайн асуудалд ямар хуулийн заалт хэрэглэхийг Сангийн яам шийдвэрлэх байжээ. Нэгэнт тендерийн үнэлгээний хороо өөрийн хуулиар олгогдсон “О” ХХК-ийн тендерийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2 дахь заалтуудад заасан шаардлагад нийцсэн гэж үзсэн атлаа дахин хянаж тус хуулийн заалтуудад нийцээгүй гэж эсрэг шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

11. Маргаан бүхий акт болох “Э” ХК-д хүргүүлсэн Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/2466 тоот албан мэдэгдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2 дахь заалтад “тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах” гэж заасныг баримталсан атлаа тус компанийн гомдолд үл хамаарах асуудлыг хянаж тендерийг дахин хянах үүргийг захиалагч, үнэлгээний хороонд үүрэг болгосон нь буруу, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

12. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

13. “Э” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 01/631 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, уг мэдэгдэл гарах үндэслэл болсон тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулах” шаардлагуудын тухайд:

14. Маргаан бүхий дээрх актуудаар “О” ХХК-ийн тендерээс татгалзсан нь хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх боловч хариуцагч “Э” ХК, “Э” ХК-ийн тендерийн үнэлгээний хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

15. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...дээрх ажиллагааг хийгээгүй атлаа 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтаар гомдол гаргагч “О” ХХК-ийн тендерээс татгалзсан нь хуульд нийцээгүй байна...” гэх дүгнэлт нь үндэслэлтэй бөгөөд энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.11-1.15, 1.28 дахь хэсгүүдээр тогтоогдож байна.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан, энэ хэргийн тухайд “хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай” гэх урьдчилсан нөхцөл үүсээгүй буюу дахин нэмж тодруулах үйл баримт байхгүй, хариуцагч “Э” ХК, “Э” ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэр гомдол гаргагчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа бол зөрчигдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх нь шүүхийн үүрэг бөгөөд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй болно.

17. Нэгэнт давж заалдах шатны шүүхээс Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн "Гомдол хянасан тухай 11/2466 тоот захиргааны актыг хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул тус актыг биелүүлж гарсан “Э” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 01/631 тоот мэдэгдэл, тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

18. Анхан шатны шүүх хариуцагчийн зүгээс нягтлан шалгах ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд энэхүү үйл баримт нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтрээгүй болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй байна.

19. “Э” ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЭТТХ/202302001 дугаартай "Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "Гомдол хянасан тухай" 11/2968 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" 11/2992 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20.000.000 /хорин сая/ төгрөгийг буцаан гаргуулах” шаардлагуудын тухайд:

20. Нэхэмжлэгчийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу үнэлгээ хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэсэн тохиолдолд тендер шалгаруулалтыг дахин зарлах нь хуульд нийцэхгүй.

21. Анхан шатны шүүх “...энэ тохиолдолд хариуцагч “Э” ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЭТТХ/202302001 дугаартай "Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер сонгон шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэхгүй...” гэж агуулгын хувьд зөв дүгнэлт хийсэн, энэ талаарх хариуцагч нарын гомдол үндэслэлгүй.

22. Мөн нэхэмжлэгчийн Сангийн яаманд гаргасан гомдол, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэл бүхий байгаа тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.9 дахь заалтад “Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно” гэж заасны дагуу "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" 11/2992 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20.000.000 /хорин сая/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь үндэслэлтэй.

23. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0519 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, 30.1.1 дэх заалт, 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэг, 55.3.2, 55.3.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/631 тоот мэдэгдэл, тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалт, “Э” ХК-иас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зарласан ЭТТХК/202302001 дугаартай “Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцыг зарласан шийдвэр, Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/2466 тоот, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/2968, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 11/2992 тоот албан мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, “О” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоож, “О” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу үнэлгээ хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгаж, тендерийн баталгааны 20.000.000 /хорин сая/ төгрөгийг Сангийн яамнаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хассан өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хулуийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нар давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

            ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

           

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН