Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00607

 

  Н ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/01988 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2499 дүгээр магадлалтай,

Н ын нэхэмжлэлтэй,

“Ж ” ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 5,989,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдөрт шилжих шөнө 03-04 цагийн орчимд Говь-Алтай аймгаас 22 км-ийн зайд, төв засмал зам дээр баригдаж байгаа байгууламжаас 50-100 метрийн зайд хаалт харагдсан. Өмнөөс Приус маркийн машин ирж байсан. Уг хаалт нь газраас дээш 1 м орчим өндөртэй байсан. Би тухайн ирж байгаа машинд цааш нь харуулсан тэмдэг нь үйлчлэх юм байна, тэмдгийн дагуу зүүн тийш салсан шороон замаар салах юм байна гэж бодоод хаалтад тулаад очтол ирж явсан Приус маркийн машины жолооч тэр чигээрээ ирж мөргөсөн. Иймд зам тээврийн осол гарах болсон гол буруутан Ж  ХХК гэж үзэж байна. Учир нь тус компани зам дээр шинээр байгууламж барих ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд замын хаалт, заах тэмдэг, тэмдэглэгээг зохих журмын нь дагуу байрлуулаагүйн улмаас тээврийн хэрэгсэл хоорондоо мөргөлдөж, зам тээврийн осол гарч, эд хөрөнгөнд 5.754.000 төгрөгийн хохирол учирсан. Ж  ХХК нь замын хоёр талдаа авто машин орох боломжгүйгээр хаалт хийн засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах баруун тийш эргэх заах тэмдэг, энэ тэмдэгний дээр нь зогсоолын тэмдэг тавьсан. Энэ хаалтан дээр зогсоолын тэмдэг тавигдахгүй. Баруун гар тийш эргэх чигийг заасан тэмдэг нь тухайн арал хашилт болон тусгаарлах зурвасын эхлэл дээр зорчих хэсгээс гаргаж байрлуулна. Уг байрлуулах газарт дотроосоо гэрэлтүүлэгтэй суурь байвал тэмдгийг түүн дээр байрлуулна гэж заасан заалтыг зөрчсөн гэсэн. Иймд хариуцагч Ж  ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гарсан гэж үзсэн тул авто машинд учирсан хохирол 5.754.000 төгрөг, үнэлгээний хөлс 235.000 төгрөг, нийт 5.989.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.                                   Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан тайлбарт: Ж  ХХК нь Говь-Алтай аймгийн Алтай хотын Сайн байна уу хаалгыг шинээр барих ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн. Дээрх хаалганы барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд улсын чанартай авто замыг тодорхой хугацаагаар хаах, түр зам гаргах, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлыг хийлгэх хүсэлтийг Говь-Алтай аймгийн авто замыг хариуцсан компаниас зөвшөөрөл хүссэн. Тухайн компаниас олгосон зөвшөөрөлтэйгээр замын зорчих хэсгийг түр хааж, тэмдэг тэмдэглэгээг байршуулан замыг хаасан хэсэгт засмал замаас доош буух, буцаж засмал зам руу гарах, зориулалттай шороон замыг засаж, зохих ёсны тэмдэг байршуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллаж, ажлаа хийж гүйцэтгэж байхад 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдөрт шилжих шөнө осол болсон байсан. Говь-Алтай аймаг дахь Замын цагдаагийн хэлтэс зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэсэн. Дээрх ажлыг хийж байгаатай холбоотойгоор асфальтан замыг хаасан байсан бөгөөд уг осол нь замын зүүн талын шороон хаалтан дээр болсон байдаг. Н ын талаас тэмдэгтэй хаалт харагдаж байгаа. Тэрээр овоолсон шороогоор бууж, шороон зам руу орж, дараагийн тэмдэг тэмдэглэгээ буюу замын тусгаарлах зурвас хүрээгүй, асфалтан зам руу буцаж гарсан. Н  нь замын тэмдэг тэмдэглэгээг үл ойшоож оруулахыг хориглосон овоолсон шороог давж, засмал зам руу урсгал сөрж, цаанаас нь чигээр явж байгаа машинтай мөргөлдөн, зам тээврийн осол гарсан байгаа. Иймд тухайн зам тээврийн осолд Ж  ХХК буруугүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/01988 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.774 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2499 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/01988 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэг” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 110.774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 182/ШШ2018/01988 дугаар бүхий шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2499 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Хариуцагч “Жи Ти Кэй” ХХК нь нь Говь-Алтай аймгийн Алтай хотын “Сайн байна уу” хаалганы барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр Говь-Алтай аймгийн авто зам засвар “Арчлалт” ХК-иар тухайн улсын чанартай авто замыг түр хаах, тэмдэг тэмдэглэлийг байрлуулан, тээврийн хөдөлгөөн нэвтрүүлэх түр замыг гаргаж, барилгын ажлыг гүйцэтгэж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, “Жи Ти Кэй” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 49 тоот албан бичиг, Говь-Алтай авто зам засвар “Арчлалт” ХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 39 тоот албан бичиг зэргээр тогтоогдоно. Замын тэмдэг, тэмдэглэгээг хийх, түүнд хяналт тавих газар нь Засаг дарга, Төрийн захиргааны төв байгууллага гэдэгтэй мөн нэхэмжлэгч Монгол Улсын Замын хөдөлгөөний Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасан заалтыг зөрчсөн гэх нэгэнт тогтоогдсон эрх зүйн актын талаар нэхэмжлэгч шүүхэд маргаагүй. Харин Засаг дарга, Төрийн захиргааны төв байгууллагын хийж, стандарт шаардлага хангаж байгаа эсэхийг хянаад үйлдвэрлээд бэлэн болгож ашигладаг тэмдэг, тэмдэглэгээг хариуцагч замын ажил гүйцэтгэхдээ шаардлагатай зам, замын уулзвар бүрт, стандарт шаардлага хангасан хэлбэрээр зохих журмын дагуу байрлуулах үүрэг нь хариуцагчид байсан гэж маргасан. Хариуцагч тухайн осол болсон газарт замын ажил гүйцэтгэхдээ хаалганаас цааш үргэлжлэх замд төв зам руу орсон болон цааш үргэлжилсэн шороон хучилттай салаа замын уулзварт замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг чигээрээ явахыг анхааруулж заасан, эсхүл баруун тийш төв зам руу орохыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээг зохих журмын нь дагуу байрлуулаагүй байсан. Мөн урсгал сөрж орохыг хориглосон гэх тэмдэг, тэмдэглэгээ болох овоолсон шороо нь стандартын дагуу тавигдаагүй, тухайн шороон дээгүүр нь өдөржин, шөнөжин машин зорчиж байсны улмаас тэрхүү овоолсон шороо нь элэгдэж төв замтайгаа өндрийн хэмжээний хувьд чацуу болсон учраас Н  энэхүү шороон хаалтыг шөнийн цагаар давж гарах үйлдэл хийсэн нь урсгал зөрсөн гэж үзэхэд хүргэсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд овоолсон шороогоор замын тэмдэг, тэмдэглэгээ тавина гэсэн заалт байхгүй бөгөөд ийнхүү шороо овоолсон гэж хариуцагч өөрийгөө зөвтгөж байгаа нь стандартын дагуу тэмдэг, тэмдэглэгээг тавьсанд тооцогдох боломжгүй юм. Техникийн шинжээчийн дүгнэлтийн 3-р заалтаар Зам дээр шинээр байгууламж барьж байгаа “Ж ” ХХК нь замын хоёр талдаа автомашин орох боломжгүйгээр хаалт хийн засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах баруун гар тийш эргэх заах тэмдэг. энэ тэмдгийн дээр нь зогсоолын тэмдэг тавьсан. Энэ заалтан дээр зогсоолын тэмдэг тавигдахгүй. Баруун гар тийш эргэх чигийг заасан тэмдэг нъ тухайн арал, хашилт болон тусгаарлах зурвасын эхлэл дээр, зорчих хэсгээс гаргаж байрлуулна. Уг байрлуулах газарт дотроосоо гэрэлтүүлэгтэй суурь /тумба/ байвал тэмдгийг түүн дээр байрлуулна” гэж заасныг зөрчсөн гэж буруутгагдсан. Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэг дэх заалтуудыг хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н  нь хариуцагч “Ж ” ХХК-д холбогдуулан зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол болох 5,989,000.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч  эс зөвшөөрч,  зам тээврийн осол гарахад  гэм буруугүй гэж маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.  

Нэхэмжлэгч Н  нь 2017 оны 07 дугаар сарын 06-аас 2017 оны 07 дугаар сарын 07-ны шилжих шөнө 03-04 цагийн орчим Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 42-47 ДАХ улсын дугаартай “Клугер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг, 77-61 ДАХ улсын дугаартай “Приус” маркийн авто машиныг жолоодож явсан С.Галбадрах мөн дүрмийн 15 дугаар зүйлийн 15..1.а ... Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих хэсгийн баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг   зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан, гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Дээрх зам тээврийн осолд “...Ж ” ХХК нь тухайн зам дээр шинээр байгууламж барих ажлыг гүйцэтгэж байхдаа замын хаалт, тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлалыг зохих журмын нь дагуу байрлуулаагүйгээс хоёр машин хоорондоо мөргөлдөж, хохирол учруулсан гэм буруутай” гэж нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон байна.

Хариуцагч  “Ж ” ХХК нь нэхэмжлэгч Н  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэж заасан заалтыг зөрчсөн ... өөрөө буруутай гэжээ.

Анхан шатны шүүх  “...хариуцагч “Ж ” ХХК нь Алтай хотын “Сайн байна уу” хаалганы барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан боловч  тухайн  осол гарахад  хариуцагчийн  буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ. 

 Хариуцагч “Ж ” ХХК нь Говь-Алтай аймгийн Алтай хотын “Сайн байна уу”  хаалганы барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр  тээврийн хөдөлгөөн  нэвтрүүлэх түр замыг гаргуулж, барилгын ажлыг гүйцэтгэж байсан болох нь зохигчдын тайлбар, “Ж ” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 49 тоот албан бичиг, Говь-Алтай авто зам засвар “Арчлалт” ХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 39 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н  нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа тухайн замыг түр хаасан хэсэгт байршуулсан тэмдэглэгээгээр засмал замаас доош бууж, шороон зам руу орж, дараагийн тэмдэглэгээг хүргэхгүйгээр төв засмал замд орж, зам тээврийн осол гаргасан нь жолоочийн хувьд замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн буруутай байна.

Гэвч хэрэгт хавсарган ирүүлсэн “Зөрчлийн хэргийг шалгасан материал”-аас үзэхэд замын зорчих хэсгийг  шороо овоолж хязгаарласан боловч тухайн овоолгыг өөр бусад тээврийн хэрэгслүүд дайран гарсаар дагтаршсан байдалтай харагдаж байх бөгөөд түүнчлэн “Шинжээчийн дүгнэлт”-ийн 3-т  “...“Ж ” ХХК нь зам хаахдаа зогсоолын тэмдгийг зохих журмаар байрлуулаагүй  гэснээс  үзэхэд  тухайн осол гарахад замын зорчих хэсгийг хааж, ...хаалганы засвар үйлчилгээний  ажлыг  гүйцэтгэж байсан “Ж ” ХХК-ийн буруутай байдал нөлөөлсөн гэж үндэслэлтэй байна.

Зөрчлийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “зам дээр, түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй” байдлыг зөрчил гэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тодорхойлсон байх бөгөөд хариуцагчийг 13 дугаар зүйлийн 13.2.4-т “зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” үүргээ зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Н  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан буруутай боловч хариуцагч “...“Ж ” ХХК  нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс осол гарах шалтгаанд хамааралтай буюу нэхэмжлэгчийн өмнө тодорхой хариуцлага  хүлээх  нь зөрчлийн улмаас үүсэх  үүргийн  эрх зүйн  зохицуулалтад  нийцнэ.

Иймээс Н ын нэхэмжилсэн гэм хорын хохирлын  30 хувь буюу 1,796,700.00 төгрөгийг  хариуцагч  “Ж ” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2499 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/01988 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж ” ХХК-аас 1,796,700.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,192,300.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагчаас 43,697 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Н ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 110,774.00 /нэг зуун арван мянга долоон зуун далан дөрөв/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН